Бид нэг хэмжээст хүний амьдралаар амьдарч ирсэн. Одоо гурван хэмжээст амьдралаар амьдрах хэрэгтэй. Энэ нь ухамсар, хайр энэрэл, бүтээлч чанар гурав юм.
                                                                                      
Ошо Ражниш
 

 
Нэг хэмжээст амьдрал гэдэг бол дээрх гурван чанар дутуу, ядуу, хөшингө, өөр өнцгөөр харж чаддаггүй нийгмийн ихэнхийг бүрдүүлдэг хэвшмэл хэв шинжит чанарууд билээ.

Нэг хэмжээст олонх удирдагчийг дагаж явдаг буюу нийтээр зөв гэснийг дуурайж, зөв хэмээн ойлгодог, буруу гэснийг буруу хэмээн ойлгох бол уран бүтээлчид аливааг  олон талаас нь  харж өргөн  сэтгэдэг ажээ. Бүтээлчдэд ухамсар, хайр энэрэл , бүтээлч чанар гурвуулаа байдаг болохоор тэр.

Монголын ардчилсан хувьсгалч гэсэн “Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөгөөн” дээрээс үүссэн нь тохиолдол бус жам ёсны хэрэг байжээ.

Аливаа зүйл органик буюу механик хоёр шинжийг агуулж байдаг.

Жишээ нь бидний унадаг машиныг энд тэндээс хэсэг олж механикаар нийлүүлж босгож болно, радио хүлээн авагч гэхэд өч төчнөөн эд ангиас бүрдсэн механик нэгдэл бөгөөд тэр олон деталь, эд ангиуд дангаараа дуугарч чадахгүй, нийлж байж хүлээн авагч болох бөгөөд  аль нэгийг нь салгавал огт ажиллахүйн дээр  хэврэг байдаг. (Хүний бүтээсэн зүйлс ихэнхдээ ийм механик нэгдлүүд байдаг ч үүнийг бүтээгчид нь аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг хүмүүс  байдаг аж)

Харин байгаль дэлхий бол өөрөө бүтсэн шинжтэй байх ажээ. Жишээ нь мод, цэцэг хөрсөнд үр боловсроод өөрөө ургаж том болдог  органик үйл явц буюу органик нэгдэл бөгөөд тэр өчүүхэн үрэнд ямар хэмжээтэй ямар хэлбэртэй мод ургах нь бичээстэй байдаг гэхээр энэ хорвоог тайлах арга үгүй мэт.

Яг үүн шиг  ардчилсан хувьсгал бол өөрөө цаг нь болоод үр нь боловсорч ургасан, ургах ургахдаа  уран бүтээлчдийн дундаас ургасан ургамал юм.

Гэхдээ энэ эрх чөлөөг олж авсан даруйд өөрийгөө хайрлах би гэсэн эго маш хүчтэй томрон ургаж амь амиа бодсоор хоорондын зөрчил үүсэж эхэлсэн. Хүн бүр эрх чөлөөтэй болсон болохоор юу дуртайгаа хийх гэж эрмэлзэх бөгөөд тэр их хүслийг гүйцэлдүүлэгч нь мөнгө учир мөнгө хэмээх бурхантай болсон хэрэг. Тэгээд ч бидний зорьж байгаа бололтой капитализм би гэх эго дээр суурилсан нийгэм билээ.

Харин одоо бол нийтээрээ  хүн бүр дотроо эмх цэгц, дэг журмыг хүсэх болжээ. Товчоор бол удирдагч хайгаад байна.

Бид уламжлалаасаа  хаант засаглалтай, сүүл үе рүүгээ Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал дарга нар, ах дүүгийн найрамдалт ЗХУ-ын дарга нарыг дээдлэн, энхрий хайрт МАХН ын бодлогыг бурхан шиг шүтэж өнөөг хүрсэн болохоор одоо болтол дагуулаад явчих хувь хүн улс төрч лидер, үлгэрлэн дуураймаар  хүнийг битүү дотроо хайсаар ажээ.

“Хүмүүс чиний тухай ярьж байгаа нь хэрэг дээрээ өөрсдийнхөө тухай яриа байдаг” гэсэн мэргэн үг байдаг.
 
Өмнөх дөрвөн ерөнхийлөгчийн хэн нь бүтээлч байв?
 
Өөрсдийнхөө тухай ярихаас өмнө АНУ ын ерөнхийлөгчдийн тухай хэдэн жишээ хэлье. Роналд Рейган мэргэжлийн жүжигчин байсныг бол бүгд мэднэ байх. Тэр 40 гаруй кинонд дүр бүтээсэн хүн. Тэгвэл Дуайт Эйзэнхаур зураач хүн байсан. Тэрээр амьдралынхаа сүүлийн хорин жилд 300 бүтээл туурвиж үлдээжээ. Барак Обама дуулдаг байсан, Клинтон саксафон тоглодог байсан, Фраклин Рузвельт сайн зохиолч байсан төдийгүй түүний зохиолоор кино хүртэл хийсэн байдаг. Түүний зохиол бүтээл олон ботиор хэвлэгдсэн, Ричард Никсон хөгжимчин, телевизийн шоунд оролцдог санаа оноо өгөхийн зэрэгцээ санхүүжүүлдэг, кино урлагийг дэмждэг, маш бүтээлч ерөнхийлөгч байсан. Никсон саксафонч, кларнет, баян хуур, хийл, болон төгөлдөр хуур чадварлаг тоглодог, тэр ч байтугай өөрийн бичсэн  зохиолоороо шоу нэвтрүүлэг хийж байсан тухай олон жишээ бичиж болно.

Абрахам Линкольн, Хэнри Кессинжер,Томас Жефферсон нарын агуу бүтээлч чанарын тухай олон ч ном гарсан. Гурван хэмжээст хүмүүн гэдэг бол маш товчдоо бүтээлч сэтгэлгээтэй хүнийг л хэлдэг.

Тэгвэл манай анхны ерөнхийлөгч П.Очирбат “хээгүй” ерөнхийлөгч гэсэн нэр алдартай буцсан. Түүний тухай бодоход цагаан дээл дээрээ газрын хар тос түрхэж бар улс болох замдаа гарлаа гэсэн итгэл найдварын дүрс зураг эхлээд орж ирэх биз, хэн ч хэзээ ч мартахгүй.

Гэтэл энэ явдлаас хойш хорин хэдэн жил өнгөрсөн ч өнөөх газрын тосноос ашиг олж  бар улс болоогүйгээр үл барам Дайчин тамсаг хэмээх  нэр өнөөг хүртэл Хятадын л нэг түүхий газрын тосны бааз хэвээр бөгөөд өдөр бүр шахуу нүүр номоор нэг хятад нэг монголыг зодсон үр хүүхэдтэй нь хядсан мэдээг хараад цочихоо ч байгаад сууж байна.

Алт хөтөлбөр гэж мөн эхлүүлсэн ч Бороо гоулд мэтэд хэдэн арван тонноор  нь татваргүй алдчихсан тухай түүхэн үнэтэй л үлдсэн. Өмнө огт байгаагүй нижаа гэгч гарч ирж , там болж үлдсэн газар дэлхийн тухай яриа одоо ч хөвөрсөөр л …
        
Мэдээж тэр цагт тэжээгчээ алдчихсан ядуу зүдүү, ямар ч туршлагагүй байсан болохоор өчнөөн алдсан, хууртсан ямар сайндаа л Холландаас ирсэн Жерар Майерс гэх цэргийн офицер, зэрлэг нугас, күнфүгийн дугуйлангийн багш явсан эр Монгол ЗХУ-ын харьяанаас гарсныг дуулаад, Алтан ургийн Жаргалан Хаан байна хэмээн ирж, Монголын хаан болохыг хүсэж түүнд нь итгэж байхав дээ. Харьд үйлчилж мэргэшсэн номенклатура ч дороо бөхөлзөн хөл алдаж, улсын ерөнхийлөгч хүртэл гутлыг нь өмсүүлж өгөн, хоёр өндөрлөг маань дундаа суулган төрийн тэргүүний зиндаанд дээдэлж байсан.

Жаргалан хаан гэдэг зальтай эрд хөл алдаж хууртаж байсан төдийгүй Америкт очиж Рой Чэпмэн Эндрюсын тухай кино хийнэ, олон сая доллар авч ирнэ гэж ярьсан 90 саяын Гансүхэд хуурагдаж мөнгө цохож өгсөн  гэх мэт зүйлс  өч төчнөөн буй ч ард олон нэг их тоогоогүй хээгүй эр дээ гээд өнгөрсөн.

Харин хожим ерөнхийлөгчөөс буусан хойноо ард олны барьж өгсөн байрыг MCS компанид зарчихсанд маш олон хүн гомдож нэр нь хугарсан явдал гарсан. Тэрээр үнэхээр ганц хэмжээст уул уурхайн инженер л хүн байсан юмаа. Маш товчоор өчүүхэн ч бүтээлч чанаргүй нэг хэмжээст хүмүүн байсан.

Дараагийн ерөнхийлөгч Н.Багабанди “хийгүй” гэсэн нэртэйгээр гэртээ хариад “Титэм үг” хэлж суудаг болсон. Түүний үед маш хүчтэй улс төр эдийн засаг хэвлэл мэдээллийг атгасан “трио” байсан нь сэтгүүлч Ц.Балдорж агсан, Ш.Отгонбилэг агсан, Н.Багабанди гурав билээ. 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгчээр ажилсанаас хойш улс төрийн албан тушаал хашсан ёстой нэг хэмжээст улс төрч хүн боловч тэрээр нийгмийн байдлыг маш хурдан тусгаж өөртөө ийм хоёр “хэмжээс” нэмсэн хэрэг.

Хэдийгээр хүмүүс мартах шахсан боловч түүний үед маш олон хэрэг түвэг гарч байсан байдаг. Энэ үеэс Шогийн бүлэг гэж МАХН дотор хүчтэй бүлэг бий болсон бөгөөд түүнийг дагасан олон ч бизнесийн бүлэглэл гарч ирсэн байдаг. Өрөө нэг хэмжээст хүн гэдгээ сайтар ухаарч өөр хэмжээснүүдийг тойрон бий болгосон хүн.

Гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаяр “авилгын загалмайлсан эцэг” гэсэн нэртэй буцсан ч одоо болтол тэмцэл зөрчил үргэлжилсээр байгаа. Түүний  үед МАХН  дотор жинхэнээсээ улс төрийн бүр том бүлэглэл үүсч, нэг хүнийг тахин шүтэх байдал ил болж, хэвлэл мэдээлэл, санхүү улс төр тэр чигтээ нэг гарт төвлөрч эхэлсэн байдаг.

Оросын өрийг тэглэсэн, мянганы зам тавьсан… гэх мэт өмнөх хоёртой зүйрлэхгүй  хийсэн бүтээсэн зүйлс их гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр маш харизматик удирдагч бөгөөд бараг тухайн үедээ үндэсний удирдагч гарч ирлээ, Хэнтий аймгаас шинээр Чингис хаан төрлөө гэх нь холгүй зүйл болж байсан ч төгсгөл нь маш хачин орон шорон өлсгөлөнгөөр өрнөж найман жил үргэлжилсэн тэмцэл одоо ч үргэлжлэн  явж байгааг  хүмүүс мэдэж байгаа.Үүнийг бас одоо ч дуусаагүй үргэлжлэх Худалдаа хөгжлийн банктай холбон эхэлсэн гэж өөрөө ярьсан ч удаатай.

Тэрээр уран зохиол чиглэлийн орчуулагч мэргэжилтэй, өмнөх хоёрт байхгүй гол чанар нь тэрээр яах аргагүй  гурван хэмжээст чанар бүхий бүтээлч ерөнхийлөгч байсан юм.
        
Дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ардчилсан” гэж нэртэй гарч ирээд өнөөдөр буухдаа өнөөх гурваасаа ч муу нэртэй буух гэж байна.   Тэрээр “Ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байна” “ Монгол улсын төлөө зүтгэе” гэх мэт сүржин уриа олныг хэлсэн ч тэр бүр ямархуу байдлаар хэрэгжиж “бүтээл” болсныг хүн бүр одоо бол мэднэ.

Түүний ерөнхийлөгч хийсэн найман жилийг хожим харахад  Энхбаяртай хийсэн тулаан хэмээх “бүтээл” нь авилгатай тэмцсэн гэх нэрээр  тод харагдах ажгуу. За тэгээд Н.Алтанхуяг түүний баг  Лу.Гансүх, дараа нь өөрийнх нь “амин найз” хэмээн ярьдаг Х.Баттулганыхаа  эргэн тойрныг толгой дараалан барьж хорьж асан хэрүүл тэмцэл ... эцэстээ Эрдэнэтийн дөчин есөн хувь, Асем гэх нэг том уулзалт  …энэ тэр гэсэн бүтээл л үлдээгээд өнгөрч байгаа бөгөөд гол бүтээл нь найман жил үргэлжилсэн эвдрэл, тэмцэл байлаа.
 
Одоо нэр дэвшээд байгаа гурвын тухайд
 
М.Энхболд газар зохион байгуулагч, эдийн засагч мэргэжилтэй хүн бөгөөд түүнийг Улаанбаатарын газрыг зарж баяжсан л гэж олон түмэн ярьдаг. Ямар ч бизнесгүй гэж саяхан зурагтаар өөрөө ярьсан. А.Ганбаатарын тухайд бол бүр суугаад ч ярьж чаддаггүй босож ярьдаг эготой нэгэн. Дээрх гурван хүнд ухамсар, хайр энэрэл , бүтээлч чанарын аль нь байгаа аль нь байхгүйг төвөггүй харж болно.

Х.Баттулгыг бол бүтээлч эсэх тухай ямар ч маргаан байхгүй. Чингис хааны морьт хөшөөнөөс эхлээд түүнийг уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй байх.  Саяхан нэг сайт дээр доорх зүйл гарлаа.

2017.06.03


СОНГОХ, СОНГОХГҮЙ ШАЛТГААН
 
Зүгээр л баталгаатай хэдэн баримт хэлье. Энэ бол элдэв хар цагаан “Пи Ар” биш. Сэтгэл хөдлөлд авталгүй эрүүл саруулаар тунгаагаад, харьцуулж үзээд сонголтоо хийнэ биз.

1.Баяжсан шалтгаан?

М.Э:
 Насаараа төрийн албанд ажилласан. Нэг ч удаа бизнес хийгээгүй. 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. /Эх сурвалж: АТГ-аас 2016 онд гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэг/ Баяжсан шалтгаан тодорхойгүй. Баяжсан шалтгаанаа огт тайлбарладаггүй.
Х.Б: Хар багаасаа бизнес хийсэн. Улс төрд 2004 оноос хөл тавьсан. 839.9 сая төгрөгийн хөрөнгөтэй. /Эх сурвалж: АТГ-аас 2016 онд гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэг/ Баяжсан шалтгаан тодорхой. Хэрхэн бизнесээ эхэлж, яаж онож алдаж явсан тухайгаа байнга тайлбарладаг. Олон арван ном, хэвлэлийн материал бий.

2.Байгуулсан гавьяа?

М.Э:
·    Түүхэнд тэмдэглэгдэх томоохон гавьяа гэж байхгүй. Өөрийн санаачилга, хөрөнгөөр нэг ч дорвитой бүтээн байгуулалт хийгээгүй. Улсын төсвөөр хийсэн ажилд л тууз хайчилсан нь олон.

Х.Б:

·    Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин.
·    Эх орноосоо олимпын аварга төрүүлэх, Жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.
·    Монгол үндэстний бахархал, дэлхийд гайхагдах бүтээл Эзэн Чингис хааны морьт хөшөө, XIII зуун аялал жуулчлалын том цогцолбор байгуулсан.
·    Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдах Их Майдар цогцолбор, эко хотын бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа.
·    “Талх чихэр”, “Милл хаус” гэх мэт үндэсний хүнсний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж, улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг татвар төлөгч, олон зуун хүнийг ажлын байраар хангасан.
·    “Шинэ сум” төсөл санаачлан хэрэгжүүлж, гурван сумыг жишиг сум болгосон. Дахин 16 суманд хэрэгжиж эхлээд байсан төслийг 2016 оноос эрх баригчид зогсоосон.
·    Уул уурхайн стратегийн төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Улсаас мөнгийг нь гүйцээж өгөөгүй тул хувиасаа мөнгө гаргасан. Одоо 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
·    Монголчууд байгалийн баялгаа түүхийгээр нь гадагш худалдахыг зогсоож, дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулах, олон зуун ажлын байр бий болгож, монгол хүнээ ажилтай орлоготой болгох “Аж үйлдвэрийн парк” төслийг санаачлан боловсруулж бэлэн болгосон. Бүх тооцоо судалгаа, ТЭЗҮ хийгдсэн бэлэн төслийг төрөөс тодорхойгүй шалтгаанаар гацаасан.
Энэ мэтээр түүний эх орныхоо хөгжлийн төлөө хийсэн бүтээснийг дурдаад байвал барагдахгүй. Зах зухаасаа л ийм байна.

3.Тарьсан балаг?

М.Э:
·    1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахдаа хот төлөвлөлтийн бодлогыг бүрэн алдагдуулсан. Газрыг эмх замбараагүй олгож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн.
·    Хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэт төрийн өндөр эрх мэдэл, албан тушаалтай 20-иод жил ажиллахдаа улс орны хөгжлийг шинэ шатанд гаргаагүй. Иргэдийн амьжиргааг байнга дордуулсан. Гамшиг болсон утааг шийдэж чадаагүй.
·    Түүний удирдаж буй нам “Ардаа алагчлахгүй” хэмээн амлаж сонгуульд ялчихаад хүүхдийн мөнгийг зогсоосон. “2019 онд бөөнд нь өгнө” гэж одооноос 2020 оны сонгуульд нийгмийн халамжийг ашиглаж байгаа.
·    Татвар нэмэхгүй гэчхээд нэмсэн.
·    Иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон.
·    Улс оронд хэрэгтэй олон арван бүтээн байгуулалтыг зөвхөн намын эрх ашиг, улс төрийн шалтгаанаар гацааж, зогсоосон.
·    Хамгийн ноцтой нь төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийн автомат машиныг хакердах, иргэдийн үзэл бодлыг хянаж цагдах, төрийн албыг арилжаалж намаа санхүүжүүлэх, стратегийн ордуудыг гаднынханд ашигтайгаар хуйвалдан зарах тухай ярьдаг, тийм үйлдэл хийдэг нь тодорхой болсон. Өөрийнхөө дуу хоолойгоор тийм зүйл ярьж байгаа бичлэг нь олон нийтэд ил болж тараад байгаа. Ийм ноцтой хэргээ албан тушаал эрх мэдлээр хамгаалан торгоож байгаа. Энэ мэтээр яриад байвал барагдахгүй.

Х.Б:
·    Одоогоос 20 жилийн өмнө ах дүү, найз нөхөдтэйгээ наймаа хийх гэж 17 чингэлэг спирт оруулж ирсэн гэх хэрэгт холбогдож байсан. Энэ нь түүний улсад тарьсан балаг гэхээсээ өөрийнх нь өнөөгийн нэр хүндийг харлуулахад ашиглагддаг балаг гэхэд болно. Анхнаасаа бүтэлгүйтсэн учраас дахин архи, тамхитай холбоотой бизнес хийхгүй гэж ам гарсан. Хэлсэндээ хүрч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулж, спортыг хөгжүүлж, хор биш хоол үйлдвэрлэж яваа.

 Хоёр гол өрсөлдөгчийн талаар товчхон өгүүлэхэд ийм байна. Гурван хүн байхад яагаад хоёрыг нь бичсэн юм бэ гэвэл нөгөөх нь энэ хоёрын хажууд гай, гавьяагаараа хэн ч биш. Харьцуулах шаардлагагүй гэжээ.

2017 оны 6 сарын 6