МАН-ын УИХ өчигдөр нэгдсэн чуулганаараа нэгэн сонирхолтой тогтоолыг баталжээ. Хоёр үндсэн заалт тус бүр дотроо таван зүйлтэй УИХ-ын тогтоолоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт дараах үүргийг өгсөн байна. Тухайлбал, 

-Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, УИХ-д танилцуулах,
-Монгол Улсын Эрдэнэсийн сан болон Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангийн гүйлгээг хуулийн байгууллагаар шалгуулах,
12012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах, 
-Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж батлуулах үүргийг Н.Баяртсайханд, мөн
-“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд гэрээнд заасан хариуцлага тооцох,
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч зарим аж ахуй нэгжийг хууль бусаар шалгаруулсан болон гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд холбогдох хууль заасан хариуцлага хүлээлгэх,
-Засгийн газар Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд аудит хийж, дүнг УИХ-д танилцуулахыг Үндэсний аудитын газарт /ҮАГ/, тогтоолын биелэлтийг ирэх дөрөвдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулахыг Ж.Эрдэнэбат, Н.Баяртсайхан нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын ЭЗБХ, ХЗБХ-нд даалгажээ. 

УИХ ажлаа хийж байгаа нь сайн хэрэг л дээ. Гэхдээ энд нэг “но” байна.

УИХ-ын гишүүн гэдэг бол сонгогчдын итгэл, дэмжлэгийг авсан жирийн нэг иргэн. Сонгогч гэдэг бас нэг иргэнд таалагдах аваас жирийн малчин ч бай, цуутай луйварчин ч бай сонгогдоод гараад ирдэг улс төрийн албан тушаал. Харин Монголбанк бол мэргэшсэн байгууллага. Тэгэхээр хэн нь хэнийгээ шалгах вэ гэдэг асуудал. Гэтэл тэр тусмаа банкны салбараар огт мэргэшээгүй УИХ-ын зургаан гишүүн /Т.Аюурсайхан, Б.Ундармаа, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Чинзориг/ Монголбанкийг шалгаад, “Монголбанк алдагдалтай ажилласан нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гэдэг хүний буруутай үйлдлээс болсон байна, энэ хүнээр Монголбанкны алдагдлыг нөхөн төлүүлнэ” гэдэг дүгнэлт гаргаад түүнийг нь 65-уулаа хүлээн зөвшөөрч УИХ-ын тогтоол гаргах нь үнэнд хэр зэрэг нийцэх вэ?

2016 оны санхүүгийн тайлангаас нь үзвэл Төв банк буюу Монголбанкны хөрөнгө 444 тэрбум төгрөгөөр өсч 7.6 их наяд төгрөг болжээ. Харин өр төлбөр нь хоёр их наядаар нэмэгдэж 10.6 их наяд төгрөг болсноор хуримтлагдсан алдагдал нь гурван их наяд төгрөг болсон мэдээтэй байна. Алдагдал гээд гурван их наяд төгрөг нь:

-Төгрөгийн ханш гурван жилийн дотор 600 төгрөгөөр сулрахад шатахууны үнийг өсгөлгүй барьж чадсан бодлогын зардал,
-Жил болгон 40 хувиар өсдөг байсан махны үнийн өсөлтийг сааруулж, махны инфляцийг тэглэсэн бодлогын зардал,
-Иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 2012 онд 14 хувь байсныг жил дараалан бууруулсаар 1-2 хувьд анх удаа аваачсан бодлогын зардал,
-Хямралын үед банкны салбараа тогтвортой авч гарсан бодлогын зардал,
-Уул уурхайн салбар уналтад ороход ажлын байрыг хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн салбарт хадгалж, олон зуун мянгаар тоологдох байсан ажилгүйчүүдийн эгнээг цөөлж, эрсдэлийг бууруулсан бодлогын зардал, 
-Гуравхан жилийн дотор шинээр 90 мянган өрх, 300-400 мянган иргэнийг орон сууцжуулсан бодлогын зардал,
-2013-2014 онд огцом уналтад орсон эдийн засгийн хямралыг нийгмийн хямрал болох эрсдэлээс сэргийлсэн бодлогын зардал байна. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэсэн шиг энэ мөнгө “салхинд хийсч, галд шатаагүй” гэсэн үг. Угаас аливаа улсын Төв банкны зорилт, зориулалт нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбараа эрүүл саруул авч явах, инфляцийг тогтворжуулах, хямралаас сэргийлэх, хямрал бий болбол түүний нөлөөллийг нь өөрт байгаа арга хэрэгслээрээ дамжуулан саармагжуулахад оршдог. Тиймээс хямралын үед Төв банк нь Засгийн газартайгаа хамтарч ажиллаж, хямралыг давж гарах бодлогыг бүхнээс урьтаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдийн засгийн гал хамгаалагч нь болж, эрсдэлийг хааж, иргэд, аж ахуйн нэгжүүд, банкуудад учрах алдагдлыг бууруулж, нийгэмд учрах хохирлыг багасгаж, эрсдэлийг өөр дээрээ авдаг байгууллага бол Төв банк. Арилжааны банкуудтай адил ашиг, алдагдал тоолоод сууж байдаг газар биш гэсэн үг.

Гэтэл УИХ-ын дурын зургаан гишүүн давхиж очоод Төв банкиндаа шалгалт хийгээд, шалгалтынхаа дүнг УИХ-ын тогтоол болгож гаргаад одоо түүнийгээ мэргэжлийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх алхам руу явж байгааг хэн юу гэж тайлбарлах вэ? Зүй нь УИХ хэрвээ Монголбанкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцолгүй хараат бусаар шинжилж шалгуулья гэсэн  бол ядахдаа эхлээд аудитын байгууллагад хандах ёстой байлаа. Гэтэл өнөөдөр өөрсдөө шалгалт хийж дүгнэлт гаргаад түүнийгээ аудитын байгууллагаар баталгаажуулах оролдлого хийж байна. Үүнийг харин улстөржилт, жинхнээсээ “эрх мэдлээ урвуулах” гэдэг юм. 

Андуураагүй бол Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан Б.Жавхлан гэдэг хүн өнөөдөр амьд мэнд, энх тунх УИХ-д сууж л байна. Хариуцлага тооцдог бол тооцуулах ёстой хүмүүсийн нэг. Үүн дээр ч гэсэн МАН-ын 64 гишүүн үгээ хэлэх ёстой, хууль алаггүй гэдэг нь үнэн бол шүү дээ. Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Э.Батшугар ч бас аавынхаа ажил төрөлд туслаад явж байдаг юм гэсэн. Энэ хоёр хүн ч бас Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлд дөрвөн жил ажиллаж, Н.Золжаргалтай хамтарч шийдвэр гаргаж байсан хүмүүс. Алдаа, оноо байсан бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ямар ч байсан УИХ-ын зургаан гишүүний дэргэд туршлага хураасан, мэргэшсэн банкирууд. Улс орноо гэсэн сэтгэл байвал хашгираад босоод ирэх ёстой хүмүүсийн нэг. Гэтэл намаа бодсон уу, амиа бодсон уу таг чиг... Тэр ч байтугай Б.Жавхлан нь УИХ дээр “Би мөнгөний бодлогод огт оролцдоггүй, зөвхөн IT чиглэлээ л хариуцдаг байсан” гэж гөрдсөн гэнэ. Ажил хийвэл толгой цустана. Энэ цаг үеийн МАН-ын уриа ийм л болсон байна. 

Хэрвээ Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэн, эрх мэдлээ урвуулсан, албан тушаалаа ашигласан, танил талдаа зээл өгсөн баймааж нь Н.Баяртсайхан өөрөө үүнийг илчлээд, томилгоо хийснийх нь хувьд “Энэ хүнээ хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцуулж өгнө үү” гээд УИХ дээр орж ирнэ үү болохоос биш эрх барьсан нам гээд бөөн дурын шалгалт хийгээд, дүгнэлт гаргаад “Энэ нөхрийг ийм ийм хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаар шалгуул” гэдэг үүрэг даалгаврыг мэргэжлийн байгууллагад, Монголбанкинд өгдөггүй. Зээл авсан аж ахуй нэгжүүдийг ч гэсэн гэрээгээ биелүүлээгүй бол банкны байгууллага нь өөрөө хуулийн байгууллагад өгнө үү гэхээс УИХ “тэрийг, энийг шалгуул” гэж үүрэг өгдөг хэн бэ, хэдэн он бэ?

Дашрамд дуулгахад МАН-ынхны “Эх орноосоо зугтаж, Австрали улсын иргэн болсон” гэж зарлаад байгаа Монголбанкны экс ерөнхийлөгч ч гэсэн Монгол Улсын иргэн хэвээрээ, Харвардад доктор хамгаалахаар сурч байгаа /хуулиараа Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хэн ч байсан нэг жилийн дотор ямарваа ажил, албан тушаал хаших нь хориотой/ гэдэг мэдээллийг түүнтэй ойр эх сурвалжууд өгч байна. Тиймээс  УИХ түүнд ямар нэг гэм буруу тохох гэж байгаа бол өөрийг нь байлцуулан асуудлаа ярих нь зүйд нийцэх болов уу? Дамаар биш, сургаар биш. 

Сонгууль яах вэ, сарын дараа л дуусна. Дараа нь харин энэ их улс төржсөн, талцсан шийдвэрийнхээ хариуцлагыг МАН, МАН-ын УИХ яаж үүрэх вэ? гэдэг л сонин байна.