“Сайн аавын үр, сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхэм гурвуулаа сайн хүний үр болоод л гурван сая монголчуудаасаа 50-аас дээш хувийн санал авахаар олон түмэн дэмжигчээр уухайлуулан, угтуулан эх орноо бүтэн тойрлоо.

Монголчууд ганцхан өдөр ёстой л “Нэг өдрийн хаан” болж хүсэн хүлээсэн тав дахь Ерөнхийлөгч хэн нь байхыг шийдэх эрхээ эдэлнэ. Гурван нэр дэвшигч өөр өөрийн онцлогоо харуулж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүү Х.Баттулгын “дүү нар”-ын “хар пиар” үр дүнгээ өгсөн, өгөөгүй цахиур хагалсан. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ. Нэр дэвшигч нь юу яриад яваагаас илүү өрсөлдөгч нь яадаг намын, ямар удмын, хэн бэ гэдгийг гэрэл сүүдэр, аудио эвлүүлгийн арга технологи ашиглан муу муухайгаар үзүүлэх гэж овоо хэдэн эвлүүлэг үйлдвэрлэлээ. Гэвч монголчууд ийм занганд олноороо гүйж орж саналаа өгч сурсан билүү. Тэр өдрийн тэнгэр мэдэг!

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үнэхээрийн хуучинсаг аргаар пиараа явуулж байгаа харагдана. Өнөөх л “хэдэн бор сонгогчид”-оо тойруулж суулгачихаад мөрийн хөтөлбөрөө яриад байгаа юм. Тэртэй тэргүй “Энхболд бол алуурчин” гэсэн ч итгэхгүй өөрийг нь сонгох дэмжигчидтэй, “МАН төрийг зарж байна” гэхэд “Тийм юм гэж хаа байсан юм бэ” гэсэн МАН-д итгэдэг, мэдлэг боловсролтой, төрийн талаар зөв ойлголттой сонгогчид нь жигшиж сууна.

Учир нь тэд хэн төрөө бараг ломбардад тавьчихаад түүнийхээ өрийг иргэдийн нуруун дээр ачсаныг, бас хэн энэ алдааг засах гэж явааг мэднэ. Төрийн эрх мэдэл төвлөрнө гэдгээр ихээхэн айлгаж байна. Юу юугүй Үндсэн хуулиа өөрчилж бичээд л, түүнийг нь ярсхийтэл гар өргөж дэмжээд диктатур тогтоочих юм гэнэ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг намаас сонгогдсон л бол ингэж болдог юм бол өнгөрсөн дөрвөн жилд тийм диктатур яагаад тогтоогүй юм бэ? Ардчилсан намынхан учраас уу? Үгүй дээ, УИХ-ын дарга нь намын даргынхаа албан тушаалаараа ааглаж нэг Засгийн газрыг огцруулаад, дараагийн Ерөнхий сайдын хурууг ч хөдөлгөхгүй, урдуур нь орж ажлыг нь хийгээд, эгээ л Ерөнхийлөгчийн өмнөөс зарлиг гаргах нь холгүй сэм дайсагналцаад л ард түмний элэг доог болж байлаа шүү дээ.

Тэдний ярьж байгаа нь “Энэ сонгуулиар төрөө цэвэрлэж авна” гэнэ. Хэн завааруулсан юм бэ. Өнгөрсөн дөрвөн жилд юугаа хийж байсан юм бэ. Төрд хамгийн их хагарал үүсгэж, хамгийн их хэмжээний хөрөнгө шамшигдуулсаныгаа АН-ынхан шалгаруулаад Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болж Төрийн хамгийн өндөр эрх мэдлийг эдэл гэж шагналаа. Тэр шагналыг хүртсэн хүн нь Х.Баттулга юм.

“Энэ бууны ноходтой юу ярьдаг юм” хэмээн бусдыг эрлийзээр нь ихэд ялгаварладаг, сэрэмжлүүлдэг түүний гадаад эхнэр, хар тамхи хэрэглэдэг, мансуурагчдыг гэртээ цуглуулж дарвиж байгаад хүний амины хэрэгт холбогдоод байгаа тухайд “Гэр бүлийг нь хүндэтгээд бүү дуугар” гэсэн.

Гэтэл түүнийг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхад БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслийн зүтгүүрийн вагон авах дэд төслийн зээлийн хэлэлцээрийг баталсан байдаг. Юу юу гээч төмрийн хог авчирсан хаана байгааг нь баримтаар дурдаж байсан. Хамгийн гол нь тэдгээрийг огт ашиглаагүй. Ашиглах нь байтугай Толгойт өртөөн дэх сахиул өвгөнд 120 гаруй сая ам.долларын үнэ бүхий тоног, төхөөрөмж Засгийн тогтоол уншиж хүлээлгэж өгсөн байдаг юм. Энэ зээлийг Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сараас төлж эхлэх ёстой байсан ч хугацаа хэтэрсэн зээл болчихоод байна. Энэ хүн Ерөнхийлөгч болж гадаад айлчлал хийхдээ “нууц гэрээ” ажиллагаа үргэлжлүүлээд л байх уу. Х.Баттулга төрийн ямар ч өндөр албан тушаалд очсон “ясны бизнемэн” сэтгэхүйгээ өөрчилж чадах уу. Дээр нь аймшигтай хонзогногч чанар нь талцуулж хагаралдуулах зорилгыг агуулсаар ирсэн. Түүнийг сонгогдоход намынхан нь дургүйд хүчгүй” гэгчээр зугтан зүтгэж явна. Тэр ч байтугай хэрвээ Х.Баттулга сонгогдвол хэрхэн хонзонгоо тайлахыг сайн мэдэж буй гол “бай”-нууд нь хэдийнэ хилийн чинадад оджээ. Намаа гэх үү, яллагдагч нэр дэвшигчээ гэх үү, хэцүү л дээ.

Үндэстэн дамнасан гайхамшигт бизнесийн сүлжээ, мөнгө угаалтыг нь хэн шүүх вэ. Х.Баттулгын томилсон шүүгчид шүүх үү. Өөрөөс нь болж хилийн чанадад зугтаад интерполоор хайгаад ч ирэхгүй байгаа хоёр залууг “Битгий ир”гээд байсан. Одоо Ерөнхийлөгч болохоороо “Айлтгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд дуудах биз.

Хамгийн түрүүнд эдгээр хэргүүд, түүнийг шалгасан хуулийн байгууллагынхны үүргийн дагуу хөдөлмөрлөсөн бүхэн шууд хогийн саванд орно. Ямар “Тэр үед Х.Баттулга Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдаар ажиллаж байгаагүй” гэлтэй биш. Эсвэл “Улсад онц их хэмжээний хохирол учраагүй” гэсэн дүгнэлт гаргах уу. Энэ бүхнийг тодотгохын тулд түүнд холбогдох хавтаст хэргүүдээс эш татахдаа би хууль, прокурорын байгууллагынхантай хамт “уная”. Харин эдгээрийг бичээгүй бол, энэ талаар мэдээлэлгүйгээр саналаа өгч буй сонгогчдын өмнө өөрийгөө буруутгах байлаа.

Хавтаст хэрэг-1: /201701000067/

 “....Х.Баттулга нь Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяатай бүлэглэн албан тушаалынхаа байдлыг урвуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, ажлыг батлагдсан төсөв, зураггүйгээр төмөр замын хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлсэн” гэх, мөн ““Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа, Зам Тээврийн Сайдын зөвлөх Ч.Ганбат нартай бүлэглэн “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2011.03.01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд ТЭЗҮ хийх багаар “McKinsey & Company” компанийг шууд сонгож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 37,38,39-р дүгээр зүйлд заасан “Зөвлөх сонгох журам, арга”-уудыг зөрчин шууд сонгож хууль бус шийдвэрийг гаргасан байна. Улмаар Төрийн өмчийн хорооны 2011.03.17-ны өдрийн 107 дугаар тогтоолоор зөвшөөрөл авч, Ч.Батзаяагийн удирдаж байсан “МТЗ” ТӨХК-ийн эзэмшилд байдаг гурван зүтгүүрийг Хаан банкинд 1 жилийн хугацаатай барьцаалан зээл авч, төлбөрийн 4.000.000 ам долларыг төслийн ерөнхий зөвлөх “McKinsey & Consulting Company”-д, 750.000 ам долларыг туслан гүйцэтгэгч “Pillsbury” компанид, 100.000 ам долларыг “BNP Paribas” компанид, 800.000 ам долларыг “Liberty partners” ХХК-д тус бүр “МТЗ” ТӨХК-ний Хаан банкны 5022693265 тоот данснаас шилжүүлэг хийсэн байна.

Гүйцэтгэгч тал буюу “McKinsey & Company” компанийн зүгээс энэхүү өртөг өндөртэй захиалгын ажлынхаа тайланг “Энэхүү техник эдийн засгийн үндэслэлийг “МТЗ” ТӨХК-ийн дотоод хэрэгцээнд зориулан боловсруулсан бөгөөд...2011 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс хойш 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, санал зөвлөмжийг агуулсан болно” гэдэг ойлгомжгүй халхавчлах гэж оролдсон үгсээр эхэлсэн байдаг. Мөн монгол мөнгөөр 11 тэрбум төгрөгийн “зөвлөх үйлчилгээ” үзүүлэх эрхийг шууд авчихаад, “Энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно...Энэхүү тайланд тусгагдсан зөвлөх багийн техникийн зөвлөмжийг шууд хэрэгжүүлэх ёсгүй бөгөөд техникийн зөвлөхөөр дахин нягталж баталгаажуулах шаардлагатай” гэж хуурамч ажлынхаа алдаа, дутагдлыг бараг илчилчихсэн байгаа юм.

Гүйцэтгэгч талыг ийн хүнд ойлгомжгүй үгээр бараг л хоосон маягт бөглөөд 8 сард өгөхөд нь, “МТЗ” ТӨХК-аас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “McKinsey & Company”-ний боловсруулсан ТЭЗҮ-ийг хүлээн авах “Ажлын хэсэг байгуулах тухай” гүйцэтгэх захирал Б.Батзаяа тушаал гарган хүлээж авахдаа, тухай үед төслийн ажлын хэсэгт эдийн засагчаар ажлласан Н.Мөнхдөлийн гарын үсгийн хуурамчаар дуурайлган үйлдэж хүлээн авсан актанд оруулсан нь нотлогдсон байна.

Үүнээс өмнөх үйл явдлын өрнөл БНХАУ дахь “McKinsey&Company” компаниас Ч.Ганбат захиралтай “Либерти Партнерс” ХХК-ний Голомт банкны дансанд, 2011.4-р сараас 2012.4-р сар хүртлэх хугацаанд 3 удаагийн сэжигтэй гүйлгээгээр 124.000 ам доллар шилжүүлснээр үргэлжлэв. Зүй нь “МТЗ” ТӨХК нь зөвхөн “McKinsey&Company” компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал нөгөөдүүл нь мөнгө хөлсөө бүрэн авахын тул Ч.Ганбатын өөрийн “Либерти партнерс” компанийг 2011.04.07-ны өдөр гэрээнд оролцогч тал болгож, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “Тендерт оролцогч нь бараа, ажил үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон баримт бичгийг бэлтгэсэн, эсвэл гэрээний хэрэгжилтийг хянах зөвлөх үйлчилгээ үзүүлэх...” -ийг ил цагаан зөрчиж нэг дор захиалагч бас гүйцэтгэгч болсон байна. Гэтэл бүр жилийн хойно нэг шилжүүлэг хийгдсэн байгаа биз. “МТЗ” ТӨХК-иас “McKinsey&Company” компанид ТЭЗҮ хийсэн ажлын гүйцэтгэлийн төлбөр шилжүүлсэн БНХАУ-ын Бээжин хот дахь “China Merchants” банкны данснаас Монгол улсын “Бизнес Инвест Девелопмент” банк бус санхүүгийн байгууллагад 2012.09.24-ны өдөр 200,000 ам доллар шилжүүлсэн бөгөөд үүнийгээ “McKinsey & Company” компаний ажилтан Жонн Хэнигин гэгч тус “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-аас зээл авсан мөнгөний буцаан төлөлт гэж тайлбарласан боловч зээл аваагүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Энэ бүхнийг АН-ын сонгуулийн штабаас сонгогчдод итгүүлэх гэж баригдан барин зүтгэж буй 60 тэрбум төгрөгийн дэргэд юу биш.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-НИЙ данснаас

Нэг. Pillsbury Winthrop shaw pittman-ы АНУ-д төвтэй JP Morgan, chase bank 2000028308009 дансанд:

 2011.04.11-нд 300,000 $,

 2011.06.15-нд 150,000 $ 2011.07.18-нд 90,000 $

 2011.12.06-нд 8000 $

Нийт: 548.000 $ доллар шилжүүлж, уг данснаас LIBERTY PARTNERS LLC буюу Ч.Ганбатын дансанд 2014.08.12-нд 49.983.0 $ буцаан шилжүүлжээ.

Мөн BNP Paribas corporate&investment-ын АНУ-д төвтэй Wachovia bank nostro 200-10094800155 дансанд

 2014.04.11-нд – 40.000 $

 2011.06.15-нд – 20.000 $

 2011.07.18-нд – 12.000 $

Нийт: 72.000 $ шилжүүлсэн байна.

Харин ТЭЗҮ-гийн захиалгын хамгийн том гүйцэтгэгч Mckinsey & Consulting company-ны БНХАУ-д төвтэй China merchants bank-ны 862380956310001 дансанд

 2011.04.11-нд – 1,600,000 $

 2011.06.15-нд – 800,000 $

 2011.07.18-нд – 480,000 $

 2011.12.06-нд – 320,000 $

Нийт: 3.200.000 $ доллар шилүүлж, тус данснаас эргүүлэн 2012.09.21-нд “Бизнес инвест девелопмент” ББСБ-ын “Худалдаа хөгжлийн банк”-ны дансанд 200.000 ам доллар шилжүүлж, харин “LIBERTY PARTNERS” ХХК-руу

 2011.07.08-нд 37.174.60$

 2011.12.14-нд 49.036.47$

 2012.04.13-нд 37.814.98$ буюу нийт: 124.026 долларыг 3 хуваан эргүүлэн шилжүүлжээ. Үүн дээр анхлан МТЗ ТӨХК-аас “LIBERTY PARTNERS” руу шилжүүлсэн 800.000 долларыг нэмээд нийтдээ 1.197.000 доллар буюу 2.400.000.000 төгрөг нь лав “эх оронч”-дын гарт илээр оржээ.

“Энэхүү тайлан нь судалгааны хугацаанд мэгдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй ба хөндлөнгийн этгээдээр хянан баталгаажуулаагүй болно. Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу?” гэсэн бас л ухаж ойлгох аргагүй тайлбартай 11 тэрбум төгрөгөөр 4-хөн сар боловсруулсан гэх ТЭЗҮ гэгч нь эдүгээ онц их хэмжээний хохирлын бай болоод байна.

Хавтаст хэрэг-2 /201701000120/:

“Монголын төмөр зам” ТӨХК-аас Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар шалгарсан Франц улсын BHP Paribas болон АНУ-ын Guggenheim International компаниудын хамтарсан түншлэлтэй хийсэн гэрээнд “Шинээр зөвлөх гишүүн авах” гэсэн заалт оруулан улмаар “LIBERTY PARTNERS” ХХК-д санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж Хөгжлийн банкнаас Санхүүгийн зөвлөх үйлчилгээний төлбөрт 7222.381 ам.долларыг шилжүүлсэн авсан гэх үндэслэлүүдээр Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт...Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 201601000055 дугаартай “...Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга болон тус яамны эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалын ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааг хийлгээгүй, хяналт тавиагүйгээс улсад 4.439.779.079.26 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан гэх хэрэгт Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх хэргүүдэд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Харин эрүүгийн 201701000067 дугаартай, Х.Баттулга нарт холбогдох хэргээс эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 69 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба хэрэг одоогоор шүүхийн шатанд хянагдаж байгаа аж. Тэгэхээр Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2017 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.48, 1661 дүгээр зүйлийн 1661, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201701000120 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагагаа явуулж байгаа аж.

Ийнхүү мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр байтугай яллагдагчаар татагдаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, ямар ч үнэ цэн, ямар ч аргаар хамаагүй нам дотроо ялалт байгуулж одоо шүүх эрх мэдлийг эзэгнэхийн төлөө улайрч байна. Энэ нь түүний хавтаст хэргүүдээсээ салах, гаваа тайлуулах цорын ганц боломж. Түүний хөлд чирэгдсэн анд нөхөд нь, хүний нутагт дарга нь байсан хүнийхээ даалгавраар амьдарч, интерполоор хайгдаж байгаа, манай урдаа барьдаг өндөр боловсролтой, зөвхөн Х.Баттулгад л итгэж өндөр цалинтай боломжийн нөхцөлтэй дэлхийн хэмжээний компанид ажиллаж байгаад торны цаана суухад хүрсэн тэр залуус, тэдний гэр бүлийнхэн Х.Баттулга Ерөнхийлөгч болоосой гэхээсээ илүү өөрийнхөө татаж оруулсан энэ хар замаас хамт гарах болов уу гэж горьдож сууна. Яагаад Х.Баттулгыг сонгож болохгүйн шалтгаан энэ! Хэрхэхийг сонгогчид мэднэ.