-Монголчууд бие биедээ яагаад итгэдэггүй вэ?
-Бие биенээ сайн мэддэг болоод л тэр  биз‼


Зохиогчоос: Саяны сонгууль үнэн хэрэгтээ “Фэншү”-гийн сонгууль боллоо. Түүнд тараах мөнгө, өөрийн намын мянга мянган гишүүн гэж үгүй, бас  тууштай дэмжих хэвлэл мэдээлэл, олны танил дэмжигч гэж байгаагүй. Гэхдээ нийт сонгогчдийн гуравны нэгийн саналыг өлхөөн авч чадсан нь нэгийг өгүүлэх мэт. Монголын сонгогчид Фэнгшү шүтсэндээ, эсвэл түүний ард байгаа Намбар Вань-ыг хайрласандаа ч С.Ганбаатарыг дэмжээгүй. Хамгийн гол нь монголчууд улс төрийн голлох хоёр нам болох МАН, АН хоёрт үзүүлсэн эсэргүүцэл байлаа. Ийм үзэгдэл гарч байгааг ажиглан, ноднин өвөл бичсэн нийтлэлээ дахин толилуулж байна.

Нэг. ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Хорвоо тохуутай. Үзэн ядсан  зүйлээ зөнгөөрөө дууриах, устгахыг эрмэлзсэн юмаа өөртөө хуулан үлдээх энүүхэнд.  Харин эсэргүүцсэн бүхнээ дууриасан,  арилгасан болгоноо хуулснаа тэр бүрий анзаардаггүй.

Түүх ингэж эхэлсэн юм. 1980-аад оны сүүлээр дангаараа ноёрхдог МАХН-д тогтсон нэг хүний буюу түүгээр удирдуулсан үнэмлэхүй эрхт фракци болох Улс төрийн товчооны дарангуйллыг эсэргүүцсэн үзэл санаа, хөдөлгөөн өрнөсөн юм. (МАХН дангаараа ноёрхохын эсрэг бус МАХН дотор дангаараа ноёрхохын эсрэг) Энэ нь цаад утгаараа зөвхөн “зөвлөлтийн зөвшөөрөлтэй зүйлс” л оршин тогтнох эрх эдэлдэг социалист системийг  эсэргүүцсэн хөдөлгөөн байлаа.  1968 оны “Прагын хавар”-тай агаар нэг зүйл. Нийтийн дуунд “Оройтсон бороо” хэмээн гардаг шиг Зүүн европоос  гучаад жилээр хоцорсон “Улаанбаатарын оройтсон хавар” байлаа.

БНМАУ-д зөвшөөрөгдсөн зүйлсийг эсэргүүцэх нь  хар аяандаа л “Зөвлөлтийн эсрэг” хэрэг болно гэдгийг шинэчлэгчид зөнгөөрөө мэдэрч байлаа. Гэвч Зөвлөлтөд өрнөсөн Перестройка (Perestroika ) буюу “Өөрчлөн байгуулалт” нь  улс төрийн тогтолцоогоо “өвтгөхгүйгээр зодох” хэмжээний урам зориг хайрласан байв. Ийм болохоор 1990 оны ардчилсан хувьсгалын үр хөврөл нь эхэн үедээ “3өвлөлтийн зөвшөөрөлтэйгээр Зөвлөлтийг эсэргүүцэх” алхам байлаа.

Ердөө л өчигдөрхөн малчин нүүдэлчин явсан монголчууд хувь хүний эрх, улс төрийн эрх чөлөөний мэдрэмжтэй болохоосоо өмнө “эх орон”, “ эх орны эрх чөлөө”-ний тухай мэдрэмжтэй фанатууд болсон байлаа. Чухам иймээс, 1990-ээд оны ардчилсан хувьсгал нь эхэндээ “хүн нь  хар толгойгоо мэддэг” болох тухайд биш, харин “улс нь толгойгоо мэддэг” болохын төлөөх тэмцэл байсан бололтой.

Зөвлөлтөд өрнөсөн “Өөрчлөн байгуулалт”-ыг дагуулан өрнүүлсэн монголын ардчиллын үйл явцыг дэлхий дахины өөр нэг үйл явдал орвонгоор нь эргүүлээ. Энэ бол социалист систем өөрөө ганхан нурж эхэлсэн явдал байлаа.

МАХН-ын Улс төрийн товчоог солихыг шаардаж, (намыг солих биш харин намын удирдлагыг багцаар нь солих замаар өөрчлөхийг шаардаж) байсан тэмцлийн зорилго өөр боллоо. Одоо олон намын тогтоц, чөлөөт сонгууль, ардчилсан тогтоц, жам ёсны зах зээлийг шаардах боломжтой боломж бүрдэв. Хувьсал нь хувьсгал болов. Ингээд олон нам, анхны чөлөөт сонгууль гээд бидний сайн мэдэх, хараахан түүх болж амжаагүй дурсамжууд бүтээгдэн үлджээ.  (Түүх болоогүй гэдэг нь ийм учиртай. Болсон явдалд тэндээс төрсөн сэтгэгдлээрээ хандахаа больж, хөндлөнгөөс харах чадвар бүрдсэн цагт л үйл явдал “түүх” болон хувирдаг)

Монголд олон  жил дангаараа ноёрхсон МАХН-ын ноёрхлыг устгах, тийм тогтоцыг алга болгохын төлөө тэмцэхээр олон шинэ нам байгуулагдлаа. Шинэ нам бүгд МАХН-ыг эсэргүүцсэн байдлаараа ижилсэнэ. Ийм учраас олон түмэн тэднийг “МАХН ба ардчилсан хүчнүүд” хэмээн хоёр хувааж харна. Дангаараа нэг тал болсон МАХН үргэлж хүчтэй. “Ардчилсан хүчнүүд” гэдэг ганц дээвэр дор орсон намууд нэгдвэл ялж, салбал ялагдана. Ард түмэн саналаа ерөнхийд нь хоёр хувааж талыг нь МАХН-д талыг нь “ардчилсан хүчин”-д өгдөг байснаас тэр.

Манай оронд олон нам байгуулах ямар ч туршлага байсангүй. Байсан ганц нам нь МАХН. Бүгд л тэрийгээ дууриан бүтцийг нь хууллаа. Дүрмийг нь ч, гишүүн элсүүлж батлах олгодог, намаас хөөдөг тэр хэвээр нь дууриав. Бүгд л Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл гэхчлэн өөр өөрийн Улс төрийн товчоотой болов. МАХН-ын төв хорооны Бүгд хурал, бүгд хурлын гишүүдийн хуулбар нь АН-ын Удирдах зөвлөл ба түүний хурал байх жишээний.

1921 оны  хувьсгалд оролцсон хүмүүсийг партизан хэмээн нэрлэж, тусгай тэтгэвэр тогтоон орон сууцаар эхний ээлжинд хангадаг байлаа. Ингэдэг л учиртай гэж итгэсэн монголчууд ардчилсан хувьсгалд оролцогчдоо партизан хэмээн авгайлж, хувь хувьсгалын боломжоороо байр сууцаар хангахыг хичээх болов.  Ардын хувьсгалын ойгоор медаль гаргадаг уламжлал ёсоор ардчилсан хувьсгалын ойн медаль ч бас гаргалаа.

Бүтцийг нь дууриасан төдийгүй түүхийг нь ч дууриалаа. МАХН анх байгуулагдаад   Коминтернд элсэн Зөвлөлтөөс тусламж гуйж байсан аж. Энэ жишгээр Социал демократууд Социнтернд, Ардчилсан холбоо Дэлхийн ардчилсан холбоонд элсэн “начингаа бататгав” гэгчээр намын дайтай нам болохоо харуулж, олшруулагч машин, комьпютер мэтийн тусламж авчирлаа. Ардын хувьсгалын араас коминтерний төлөөлөгч нар ирж хичээл зааж байсан бол ардчилсан хувьсгалын мөрөөр зах зээлийн багш, “шинэ цагийн Маркс, Энгельс” болсон профессор Хироно, Азийн сангийн зөвлөх Севернхауз, Наар нар ирлээ.

МАХН  нь “Үнэн” хэмээх төв хэвлэлтэй байсан учраас МСДН-ын “ҮГ”, МҮДН-ын “Эрх чөлөө”, МоАН-ын “Ардчилал” зэрэг өөр өөрийн “үнэн”-гүүд төрөв.

Ийнхүү, монгол оронд ардчилал хөгжүүлэх, зах зээлийн эдийн засаг хөгжүүлэх үүргийг МАХН болон өөр өөр нэртэй “МАХН” бүтэцтай намууд нуруундаа үүрлээ.

Энэ бүхэн зүй тогтол юм аа гэхэд, зүй тогтолтой байж боломгүй түүх хүртэл ижилсэх нь сонин. МАХН-ын хийсэн ардын хувьсгал өөрийн эцэг Д.Сүхбаатараа хувьсгалын дайсны гарт алдсан гэдэг бол  ардчилсан хувьсгал хийсэн АН өөрийн эцэг С.Зоригоо “нэр үл мэдэгдэх дайсан”-ы гарт алдсан байдаг.

Хоёр. МАХН үхсэн ч МАХН мөнх


Ардчилсан алхам, шинэчлэл ба хуучин арга барилын зөрчил эндээс эхэлсэн. Үзэл суртал нь бүтээн байгуулалтаас хол түрүүлж явдаг арга барилд дассан ард түмэндээ намууд үзэл суртлаар л бэлэг барина. Зам тавьсан намаас илүү замыг шүүмжилсэн намд саналаа өгдөг ард түмэн байхад өөр яах билээ.  МАХН-ын улс төрийн технологи хуулбарлагдав. Намын үзэл суртлын ажил нь нэрээ сольж ПИАР гээч болов.

Ингээд зогссонгүй. Төрийн албанд шургахын тулд эрх баригч (юмуу, эрх барихын даваан дээр байгаа) Намд элсдэг, намын  удирдах бүрэлдэхүүнд нэг багтаад авбал хэрэг бүтдэг, намын удирдагч ба түүнийг тойрон хүрээлсэн Улс төрийн товчооныхны сэтгэлд юм хийчихгүй л бол тогтоод байдаг  тогтоц аажмаар сэргэлээ. Чухам ийм байдлаас сэргийлэхээр дүрэмдээ суулгасан фракци жигүүрийн тогтолцоо нь харинч сөргөөр нөлөөлж, намын удирдлагаа шантаажлан, “Улс төрийн товчоо”-нд багтах, нутагших арга хэрэгслэл болов.

Намын ардчилал аандаа арилж, хуучин МАХН-ы үеийн “намын сахилга бат” сэргэж эхлэв. Намын удирдагчийн хувь заяа гишүүдээс хамаарах нь улам бүр багасч, харин ч гишүүдийн хувь заяа(төрийн алба хашихаас эхлээд бизнесээ аюулгүй хөтлөх хүртэл) дарга удирдагчийн үзэмжээс хамаарч эхлэв.

...Ардчиллын “Үлгэр жишээ үлээвэр найрал” болсон АН ч гэсэн их хурлаа хийхээ больж, бүр ротациа ч зогслоо. Яг ХХ зууны МАХН-ын Улс төрийн товчоонд хэдэн нөхөд орж ирээд насаа бардаг байснаас ялгарах юмгүй болох тийшээ хэлбийв. Юу өөр болсон юм бэ?

...Социализмын үед МАХН-ын удирдагч нарт таалагдан намын Их хурлын төлөөлөгчөөр сонгогчвол  албан тушаал дэвших, орон сууц авахаас эхлээд олон боломж олж байв. Одоо намын их хурлын төлөөлөгч болчихоод саналаа маналаа эвтэйхан борлуулж чадвал орон сууц авахаа байг гэхэд  орон сууцны зээлээсээ төлөх боломж бүрдэнэ. Юу өөр болсон юм бэ?

Ардчилсан хувьсгалаар төрсөн намууд МАХН-тай гучаад жил тэмцэхдээ өөр түүнээс дутахгүй МАХН болон хувирчээ.  Одоогоос гучаад жилийн тэртээ гудамжинд гарч, улс оронд дангаар ноёрхсон МАХН-ын улс төрийн товчоотой үзэж тарж байсан ардчилагчид өнөөдөр мөн л хөхөө өвлийн хүйтнээр өөрийн намд нь ноёрхлоо тогтоосон “Улс төрийн товчоо”-той үзэж тарж байна. “Бид юу хийчих нь энэ вэ” хэмээх гүн ухааны асуултыг бие биедээ тавилаа. Одоо яах вэ, намын даргын хувь заяа гишүүдээсээ хамаардаг ардчилал руу явсаар байгаад, намын гишүүдийн заяа төөрөг намын даргаасаа хамаатай системд хүрчээ. Энэ систем байгаа цагт хэнийг ч сонгоод амжилт олохгүй.

Гурав. ТЭР НАМ ҮХЖЭЭ

Асуултынхаа хариуг ардчилагчид эрж, намын даргаа сонгох сунгаа аяныг зарлажээ... Харамсалтай нь энэ алхам, өнгөц төдий засвар л болохоос биш шийдвэрлэх өөрчлөлт болж чадахгүй.  Харин ч бүх гишүүдээс сонгогдсон, буулгаж хаяхын аргагүй “намтөрийн дарга” ба “улс төрийн товчоо”-той болж мэднэ. “Намайг их хурлаар л сонгосон учраас их хурлаар л солино” гэж хэлчихээд хурлыг нь хийлгэхгүйгээр хичнээн ч удаан тэссэн болно.

Өнөөдөр өрнөж буй намыг  шинэчлэх хөдөлгөөн нь  “улс төрийн товчоо”-г төрүүлдэг МАХН маягийн бүтцийг өөрчлөхийн төлөө чиглэсэн цагт сая амжилт олно. Гэхдээ нэн амаргүй.

Яагаад амаргүй байна вэ гэхээр, зөвхөн АН биш,  МАХН-аас уламжлалтай монголын улс төрийн намуудын тогтоц өөрөө хямарсан юм. МАХН маягийн тогтоц бүтэц нь яаж ч ардчилаад эцсийн дүндээ “улс төрийн товчоо” л бүтээдэг аж. Энэ хямрал  нь манайд МАХН жинхэнэ утгаараа бие барж байгаагийн шинж. МАХН болон түүний өв, туршлагыг бид нам гэж ойлгож ирсэн ба өнөөдөр тэр нь нам үхжээ.

Одоо л монголд ХХ зуун дуусч байгаа нь энэ бололтой.  Монголын улс төрийн олон нам, ардчиллын түүх дөнгөж эхлэх гэж байгаа нь энэ. Гэхдээ энэ түүхийг МАН-ын оролцоогүйгээр эхлэх арга байхгүй. Зөвхөн АН-ын хямрал ч бус,  ардчиллын үе шатанд зохицан ажилласан  МАХН-ын үр хөврөл ба түүний ардчилсан хуулбаруудын нийтлэг хямрал юм. МАН хэнээс ч дутахгүй хямралтай байгаа бөгөөд “улс төрийн товчоо” руугаа тэлүүлсэн бүлэглэлүүдийн дажинд туйлдан байгаа. Ийм учраас намыг шинэчлэхийн төлөө бус нам хэмээх сүлжээний бизнесийн оройд гарахын төлөө л тэмцэхээс өөр гарц ч харагдахаа байсан байна.

Тийм учраас улс төрийн тогтолцооны шавар намгаас хамтаараа л гарах байх.  Яг нарийндаа бид л хоёр тусгай юм болгож хараад байгаагаас биш АН, МАН нэг юмны хоёр үзүүр болсон. Ер нь, улс төр бизнесний томоохон бүлэглэлүүд энэ хоёр намын алин ч ялсан “манай тал ялсан” байхаар хүчний хуваарилалт хийсэн нь ч нууц биш. (Ингэхэд, Зүүн Герман олон намтай байсан, одоогийн Хойд Солонгос олон намтай, бүр БНАСАУ-ын Социал демократ нам гэж хүртэл байдгийг мэдэх үү? Кк)

Дөрөв. ТҮҮХ ИНГЭЖ ДУУСЧ БАЙНА

Нам үхэж байна. Үнэн хэрэг дээрээ намын тухай бидний  хуучин ойлголт сүйрч байна. Нарийвчлан хэлбэл “МАХН-нан нам” үхэж байгаа юм. МАХН ч юу байхав ийм тогтоц дуусч байна. Дуусахдаа өөрийг нь хуулсан бүхэнтэй хамт ялзарч байна.

Монголчуудын ХХ зуун 1900 оны 1 сарын 1-нд эхлээд 1999 оны 12 сарын 29-нд календарийн утгаараа дууссан байх. Харин нийгэм, улс төрийн утгаараа 1907 онд эхлээд 2020-иод онд дуусч байгаа бололтой. 1907 онд болсон Орос-Японы нууц гэрээгээр өнөөгийн манай улсын нутаг дэвсгэр, болон улс төрийн хувьд хэнээс хараат  байх асуудал үндсэндээ зурагдсан юм. 1911 оны ба 1921 оны хувьсгал, МАХН болон МАХН бүтэцтэй олон намын тогтоц, тусгаар тогтнол чухам түүний мөрөөр өрнөсөн. Хэдийгээр 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Зөвлөлтийн нөлөөнөөс өнгөн талаасаа гарсан боловч МАХН маягийн улс төрийн намын тогтоц, тэр үед тогтсон нам ба улс төрийн хүмүүжил, ганц хөршийн олон хамаарал бараг хэвээрээ явж ирлээ.

Өнөөдөр, манай оронд болоод дэлхий даяар болж байгаа үзэл санааны зөрөлдөөн тэмцэл нэг л эхтэй. Нэг нь шилдэг ардчилсан үзэл баримтлаад, нөгөө нь харгис дарангуйллын номлол дагаад байгаа мэт харагдавч уг шалтгаан өөр.  Үнэн хэрэгтээ ёс суртахууны янз бүрийн төвшингийн зөрөөнөөс үүдсэн тэмцэл л явж  байгаа, яг нарийндаа  мораль хоорондын дажин  болж байгаа гэж үзэж байна.  Манайд ч гэсэн МАН ба АН хоёрын хооронд ёс суртахууных нь үнэлэмжээс үүдсэн дайн хэсэг зуур болсон. Дайны явцад хоёр нам ижилдсээр байгаад  нам хоорондын дажин гэхээсээ илүү намын доторхи ёс суртахууны янз бүрийн үнэлэмжтэй бүлэглэлүүдийн дайнд хүргэсэн хувирсан.
   
Ингэхэд, АН-ын зовлонг хараад инээж байгаа МАН-ынхныг хараад инээд хүрэх юм. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд  хичнээн “муухай” ч гэсэн бас нэг ёс суртахууны зийтэй тулдаа  дор нь байгаа улс дураараа тонгочиж болоод байгаа ш дээ. За даа, мань хэн энэ тэрийн увайгүй гарууд  оройд нь гарахын цагт ч МАН-ын гишүүд майлна даа, майлна. (Хэдэн танхай залуус нь үзэж тарна гэж бодож байна уу, үгүй дээ. Нэгийнх нь хамраас цус гаргахад л бүгдийнх нь хулхи бууна. Монгол хүн даврамтгай боловч амархан хаширдаг, зүрх нь нэг л үхвэл хэдэн үеэрээ өмд нь чийгтэй явдаг юм)

Ийм нөхцөлд нэг нам ганцаараа сайжрах ямар ч бололцоогүй. Сайжирч гэмээнэ өөрөө мөхөх аюултай. Нарийн яривал, намуудын толгойд тусгүй хүмүүс гараад муу болгоод байгаа нь зөвхөн харагдах тал нь. Үнэндээ, үеэ өнгөрөөсөн муухай систем дотор тогтнохын тулд намууд муухай орчинд нь уусан нэгдэхээс ч аргагүй  байдалд ороод байна. Сонин байгаа биз, муу муухай байгаа нь оршин тогтнох арга болно гэдэг нь.

Юуны өмнө, улс  төрийн тоглоомын дүрмээ шинэчлэх ёстой. Гэхдээ, хуучин бүтцээрээ, янз бүрийн нэртэй “МАХН”-ан намуудтай хэвээрээ байвал тоглоомын дүрмээ шинэчлээд ч нэмэргүй. Угаасаа, МАХН маягийн намууд шинэчлэгдэх боломжоо шавхсан.  Намууд доторхи эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс тэндээс гарч шинэ нам байгуулах нь бүр ч аюултай. Учир нь, АН, МАН хэмээх хүчирхэг пирамидын толгойг зүй бусын этгээдүүдэд найр тавьснаас ялгаагүй хэрэг болно. Бас тэд нам  дотроо байх ч аюултай. “Улс төрийн товчоо” нь эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүсийг дайснаа гэж үзэн хяхах болно. Эрүүл саруул сэтгэлгээ, ёс суртахуунд орших зай алга байгаа биз. Ийм болохоор нам үхэж байгаа хэрэг.

Монголын улс төр, жинхэнэ утгаараа шинээр эхлэх ёстой. Шинээрээ эхлэхийн тулд бүгдэд шинэ гараа хэрэгтэй. Шинэ гараа бол намуудыг шинэчлэн бүртгэх. Хуучин нэрийг хэн ч өвлөхгүй.Өнгөрсөн үеийн давуу байдлыг хэнд ч найр тавихгүй. Чухам эндээс тоглоомын шинэ дүрмээ мөрдсөн  намууд дахин төрөх болно. Монголын улс төрийн хуучин түүх дуусч, шинэ түүх эхлэх боломж энд л бүрдэнэ. Нэг түүх дуусахгүйгээр нөгөө түүх эхлэх боломж гардаггүй билээ. Нам үхжээ. Нам төрнө.

Жич: Нэгэнт үеэ өнгөрөөсөн,  нурж байгаа тогтоцыг тулах гэж оролдох шиг аюултай юм байхгүй, жам ёсны хувьсалд тээг садаа садаа болоод зогсохгүй өөрөө дарагдаж үхдэг номтойг гүн ухаантнууд сануулсаар ирсэн дээ.

2016 оны 12 сарын 21 (Нар буцахын урьд өдөр таардаг нь ч юув дээ)