Жэнко ялсан уу, Жүдогийн холбооны ерөнхийлөгч ялсан уу, Халтмаагийн Баттулга ялсан уу, С.Эрдэнэ ялсан уу, З.Энхболд ялсан уу, Ардчилсан Нам ялсан уу, Монголын Ардчилсан Холбоо ялсан уу, Монгол ялсан уу? Хэлэхэд дэндүү эрт ч хэзээд ялагчийн зөв. Хэн ялагдав? Газрын наймаачин уу, УИХ-ын спикер үү, МАН-ын дарга уу, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч үү, Миеэгомбын Энхболд уу, Мантуу юу, Мэргэжлийн Засгийн Газар уу, МАН-ын бүлэг үү, Монгол Ардын Нам уу эсвэл Ж.Туяацэцэгийн нөхөр үү?

ЭВЛЭЭГҮЙ ЭВЛҮҮЛЭГ

МАН-аас мөнгөө авч чадаагүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Улсын баатар” цол хүртэх “нигуртай” Г.Доржзодовын хэрэг явдал. Төрийн албыг үнэлээд, шохоорхож буй гишүүддээ урьдчилан зарж сонгуулийн хөрөнгө босгох санааг Г.Доржзодов боловсруулж Ц.Сандуй, А.Ганбаатар хоёроор дамжуулан М.Энхболдод танилцуулжээ. Энэхүү шидэт сүлжээг эрх мэдэл, мөнгө хоёртоо эрдсэн АН тоохгүй. МАХН-д мөнгө байлаа ч гишүүдийнх нь тоо төрийн албаны сандлыг давхарлаж суугаад ч хүрэхгүй хойно цорын ганц худалдан авагч нь МАН л байлаа. “Хашир мэргэжилтэн” Г.Доржзодов сүлжээгээ танилцуулахдаа далдуур бичлэг хийжээ. МАН буюу А.Ганбаатар мөнгөн дээрээ унжихаар нь Г.Доржзодов бичлэгийн хэсгээс УИХ-ын сонгуулийн өмнөхөн ил гаргасан. Сандарсан Ц.Сандуй мөнөөх бичлэгийг “эвлүүлэг” гэсхийгээд шинээр олдсон сандал ширээ рүүгээ гүйсэн. Эвлүүлгийн тухай яриа Эрдэнэтийн дуулианд дарагдаад сонгогчид ойшоогоогүй байх. Г.Доржзодовоос бусдыг гартаа оруулсан сандуйтангууд цаг гучин минутад юу бурснаа таг мартжээ. Бичлэг бүтнээрээ задрахад хөндлөнгийн мань мэт байтугай МАН-ын гишүүд ч гомдмоор зүйлс ил болов. “Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах”, бусад гишүүдээ “хөлийг нь тасдсан аалз болгох” г.м. У.Хүрэлсүх албан тушаалаа ашиглан “Наадмаар эрлийз морь уралдуулахгүй” гэж Монгол Улсын бүх морины даргад хариуг нь барьж харагдсан. Хөлөө тасдуулсан аалз шиг бөндийж хэвтэхийг хүсээгүй хэн боловч сонгуульд оролцоогүй нь түмэн зөв. УИХ, Засгийн газрын гишүүд түүн дотроо аль байдгаараа зүтгэх учиртай Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр; Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын барааг сар гаруй хэн ч харсангүй. Ерэн минутийн “эвлүүлэг” жирийн гишүүдээ ч жигшээснийг сонгуулийн дүн нотолчихлоо.

ОЛХИОГҮЙ ОЛОНХ

Ноднин өдийд сандал ширээгээ олохгүй явсан МАН-ын 65 гишүүн бүтэн жил өнгөрсөн ч төрийн түшээ болж төлөвшсөнгүй. Суудлаа хайн согтуу гуйвж явснаа удалгүй хурхирч унтаад, сэрмэгцээ боорцог идээд араас нь бохь зажилж, овоо сэргээд ирэхээрээ ам мэдэн цуурч сууснаа хүний кноп дарж гүйгээд, ажил тарсан ч харихгүй айлд агтавчаа мартчихаад өглөө чуулганы танхимд цөөхөн нь л цуглаж байлаа. Ирсэн хэд нь ч гийгүүлсэн юмгүй. Шударга эх орончийн дүр бүтээх уралдаандаа халуурч намынхаа гишүүдийг хайр найргүй балбана. Эсвэл өөрийнх нь булхайг дэлгэсэн хэвлэл мэдээллийнхний амыг үдэхээр тэчьяадан гийнана. Энэ бүхнээ МАН-ын 65 нуухыг хичээдэг ч О.Баасанхүү бидэнд нүд чих болж байлаа. Өмнөх УИХ-аар АН-ын баталсан, санаачилсан олон хуулийг бахтайгаар баллаж сохолсон. Хамтын тэтгэврийн хуулийг эргүүлэн татаж, хосын нэг нь нөгөөгийнхөө тэтгэврийг өвлөх зохицуулалтыг үгүй хийсэн. Тэгэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний санаанд оромгүй үндэслэл гаргаж билээ. “Сайн” нэртэй бүх хөтөлбөрийг цуцалсан. Оффшорын эсрэг хуулийг хэрэгжих боломжгүйгээр баталсан. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг буцаан татаж үзсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөн барьсан “Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль”-ийг хэлэлцэж батлаагүй. Төрийн албаны тухай хуулийг хэлэлцсэн боловч баталж чадаагүй. Ингэж иргэдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэснийхээ горыг УИХ-ын дарга М.Энхболд өөрөө сая амслаа.

ЗАСАЛ АВАХГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР

Мэргэжлийн, “дан дээлтэй” Засгийн газар нь дэд сайдгүй ажиллана гэсэн худлаа болсон. Томилгоог гаднаас нь харвал санаанд оромгүй болсон ч дотроо савандаа багтахгүй хагарлын үүдийг нээсэн юм. Радиогийн хөтлөгч Б.Цогтгэрэлийг дэд сайдаар залсан. Хүний “давхар дээл” хараад хөлөрч явсан Ж.Мөнхбат сайдын албан тушаал нэмж нөмөрчихөөд хөлс нь ч бурзайхгүй суугаа. Эдийн засаг хямарч байрны лизинг бараг зогссон ч барилгын бизнес эрхэлдэг Б.Чойжилсүрэнг яагаад Сангийн сайдаар томилсныг өөрөө ч ойлгодоггүй болов уу. Аварга Б.Бат-Эрдэнийн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд үзэх ирийг дарж Батлан хамгаалахын сайд болгосныг бид гадарласан. Мэргэжлийн хүнгүй Мэргэжлийн засгийн газар хямрал нэрээр долоон татвар нэмснийг бол харин хэзээ ч мартахгүй. Ядахад яр гэгчээр сайд нар нь дор бүрнээ л “хэрэгт” орооцолджээ. А.Цогцэцэг “Хүүхдийн нэмэлт тэжээлийн тухай хууль”-ийн төсөлд хувийн ашиг сонирхлоо шингээсэн нь ил болсон. П.Сэргэлэн Захиргааны шүүхийн шийдвэрийг үл тоож “Дүнжингарав” өвлийн уралдаан зохион, нээлтэд нь оролцсон ч байх шиг. Далай ламын айлчлалтай холбоотой Гадаад хэргийн сайдын эргэж буцсан мэдэгдэл гадны хэвлэлд шог зурагтай нийтлэгдсэн. Хоёр офицер нь энх цагт амиа алдахад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ надад хамаагүй гэж гудиггүй мэдэгдэх. Боловсролын салбарын тухай дурсахаас ч жихүүдэс хүрч байгаа тул орхиё. Д.Оюунхоролын дээл нь давхардаж, суудал өнцөгдсөн учир нэмж нэрмээд яах вэ. Энэ бүхнийг МАН-ын гишүүд л хэвлэл, сошл орчинд дэвэргэж байсныг харин заавал хэлэх ёстой. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог уламжлалыг эвдсэн Ж.Эрдэнэбат танхимынхаа “халтар” гишүүдээс өнгөлөг харагдах гэж түймрийн утаан дунд “гялалзсан” зураг даруулж ч үзлээ. Өөрөө хэдий “өнгөлөг” үзэгдэвч тэргүүлсэн Засгийн газар нь төрснөөсөө хойш гагцхүү өгссөн М.Энхболдын улстөрийн замналд том хар нух ухжээ.

УНДУЙ СУНДУЙ ХОТЫНХОН

Нийслэлийн ажил өнгөрсөн ганц жил ямархуу байсныг энэ гарчиг хэлээд өгнө. Харин 60 тэрбумын бичлэг дээр Ц.Сандуйгийн хоолойгоор “2016 онд ялчихаад, 2017 онд ялна гэсэн стратеги боловсруулсан... Нийслэлийг бид яаж ийгээд л үүрээд гарна” гэхчлэн ярьжээ. Сонгуулийн өмнө мань эр “Нийслэлийн 350 мянган санал миний гарт байгаа” хэмээн бичлэгт орсон дуу хоолойгоо нотолж. Ачир дээрээ М.Энхболд Нийслэлийн жижигхэн ганц дүүрэгт өрсөлдөгчөө мянган саналаар ялсан юм. Ундуй сундуй улаанбаатарынхан намын даргаа “төрсөн бууц” дээр нь тэрий хадаасан дууль товчхондоо ийм.

УЧИРГҮЙ ГУРВАН ТОЛГОЙ

МАН-ын сонгуулийн штабыг хэн удирдсаныг мэдэх амьтан байна уу? Тогтсон жишгээрээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үүрэг. Харин намын даргыгаа дэвшүүлэн зайлуулж Ерөнхий сайдын суудлаа бөхлөх санаатай Ж.Эрдэнэбат хамгийн ихээр хутгалджээ. Нөхөддөө итгээгүй М.Энхболд өөрөө ч бас оролцсон. Үүнийг мэтгэлцээн гэгчид бэлтгэж буй бичлэг нь нотолно. Сонгуулийн явцаас олон толгойтой штаб ажиллаж байгааг хялбархан ойлгосон. Өрсөлдөгчийнхөө эсрэг хийсэн алхмууд нь дэс дараагүй, стратеги муутай, огт концепцгүй байсан. Учиртай гурван толгой (анхны эх) ч үхээд дуусдаг хорвоод учиргүй гурван толгой ялагдах нь аргагүй. Ялагчийн уяа өдийд багш ламынх шиг дүүрэн. Ялагдагчийн гэрийн хэрүүл айл хотлоор цуурайтаж байна. Нэг нэр, хоёр хоч зүүж нүдний булай болж байхаар хэн хэн нь хариуцлагаа үүрвэл таарна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Нулимсаа арчиж, нусаа татаад урагшаа хараад алхсан нь дээр дээ...