-М.Энхболд гэдэг хүн яагаад ялагдсан тухай ярихын оронд хэн түүний суудлыг эзлэх вэ гэдэг “өв залгамжлагчдын” тэмцэл л МАН-д өрнөж байна. У.Хүрэлсүх яарах хэрэггүй л байлаа...-

МАН-ын дарга М.Энхболд ирэх есдүгээр сард болох намын бага хурлаараа намын даргын албан тушаалаа өгөхөөр болжээ. Болсон гэнэ. Гэхдээ Бага хурлаас МАН-ын даргыг бус, намын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийг томилж, түүнийгээ намын Их хурлаар жинхэлүүлэхээр болсон юм байх. Их хурал нь хуралдатлаа дахиад хоёр сар...

Орлон гүйцэтгэгчийн “сонгон шалгаруулалттай” зэрэгцээд /наймдугаар сарын 2-нд/ Шадар сайд У.Хүрэлсүх нэгэн ноцтой мэдээллийг нийтэд дэлгэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар МАН-ын байрны хамгаалалтын албаны залуус түүнийг мөрдөн мөшгиж, амь насанд нь халдах оролдлого хийсэн тухай. Мэдээлэгч тал л өөрөө “амь насанд халдах гэлээ” гэж сүржигнээд байгаа болохоос биш “Цаадахдаа ганц шанаадуулаад хэдэн төгрөг авчих аа, бид ар талыг нь даая” л гэсэн утгатай ярианы бичлэг л сошиал орчинд явах аж. Гэхдээ “гэрч”-ээр сонгогдсон нөхрийн яриа бол айхтар нигууртай. “С.Зоригийн аллага шиг зүйл болох вий гэж сэргийлсний улмаас би вээр мөрдлөгөөс татгалзаж, сайн дураараа хэргийг илчлэв. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын харьяалдаг ТЕГ энэ хэргийг шалгахгүй байна” гэх. Саяхан болсон сонгуулиар “манай” Доржзодовын задалсан мэдээлэлтэй тун төстэй.

Яг үнэндээ М.Энхболд гэдэг хүн төрийн албыг тэр чигээр нь 60 тэрбумаар үнэлээд зарчихсан юм биш л дээ. Төрийн эрх мэдэл атгасан нам ашиг хонжоо хайхаа хүрвэл тэр байтугайг нугалах хэмжээний юм төсөвт эргэлдэг гэдгийг бид мэддэг болсон. Нэг сайн дурын уран сайханч орж ирээд тасарцан стратеги /яг үнэндээ ийм сүлжээний бизнесийг Н.Энхбаяр анх хэрэгжүүлж, хожим түүгээрээ шалгагдсан ч шал өөр хэргээр ял авсан санагдана/ танилцуулангуут түүнийг нь тэрбумаар үнэлээд худалдаад авчихдаг улс төрийн нам ч гэж хаа байхав. Үнэ тохироогүйн улмаас энэ мэдээлэл задарсан уу, эсвэл зүгээр л эвлүүлсэн бичлэгээр шаантажлан тэр мөнгийг нэхсэн үү? 

Яг үнэндээ тухайн үед нь /2016 оны УЙХ-ын сонгуулийн өмнө/ АН-ынхан МАН-ыг буруутгасан бол аль хэдийн М.Энхболд нарыг шалгуулаад байр байранд нь тавьчих байлаа. Гэвч тэд хэрэгтэй цаг мөчийг хүлээсэн. Тэр нь М.Энхболдын нэр дэвших Ерөнхийлөгчийн сонгууль байв. У.Хүрэлсүх ч бас яг энэ замаар явж байх шиг... Сонгуулийн өмнө тавдугаар сарын 7-нд үүрэг өгөгдөж, 17-нд цуцлагдсан мөрдлөгийн талаар бараг хоёр сар хагасын дараа наймдугаар сарын сарын 2-нд олон нийтэд мэдээлжээ. Мөрдлөгөд оролцсон этгээдийн мэдээллийг задалсан тэр үед /тавдугаар сарын 17/ М.Энхболд сонгуульд ялах эсэх нь тодорхойгүй байсан учраас ажиллагааг хойшлуулаад М.Энхболд ялагдсаны дараа эхлүүлэв. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудлын талаар ямар ч мэдээлэлгүй гэдгээ, УИХ-ын дарга М.Энхболд өөрийнх нь нэр холбогдсон асуудлыг хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдсэн байна.

Уг нь бол М.Энхболд энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсон ч бай, давсан ч бай У.Хүрэлсүх гэдэг хүн ямар ч өрсөлдөгчгүйгээр МАН-ын ирээдүйн дарга байв. Би биш юм гэхэд маш олон МАН-ын гишүүд ийм итгэл, хүлээлттэй байлаа. Гэвч М.Энхболд нь түүний тооцоолсон шиг тийм ч хурдхан “тахимаа өгөх” шинжгүй болоод ирэнгүүт У.Хүрэлсүх нь яарч эхлэв үү л гэж харагдаж байна. Ж.Эрдэнэбат гэдэг хүн тааруухан эдийн засагч, эсвэл сайн Засаг дарга байсан гэдэгт итгэж болох ч У.Хүрэлсүхийн эсрэг хувийн мөрдлөг, халдлага зохион байгуулсан гэхэд итгэх хүн гарахгүй нь юм үнэн юм. Уг хүнийх нь натур нэг тийм бодь талдаа, сэхээтэн дүртэй гэхүү дээ. Харин У.Хүрэлсүх бол өөр л дөө. Гал, уснаас буцахгүй... Хэрэвзээ Ерөнхий сайд хүн өрсөлдөгчийнхөө хөлд дөнгө тавихыг хүссэн бол МАН-тай гэрээтэй хувийн хамгаалалтын албыг хөлслөх ч биш, бүхэл бүтэн тагнуулын алба өмнө нь ёслоод зогсож байгаа шүү дээ. 

Уг нь энэ дайн өнөөдөр МАН-д биш, АН дотор өрнөж байх ёстой байсан юм. АН хаашаа явах вэ, яавал улс төрийн тавцанд тэсч үлдэх вэ гэж. Гэтэл нөгөөдүүл нь сонгуулийнхаа шокноос гарч чадаагүй хэвээр. Харин МАН-аас ялагдсан намын шүүлт биш, ялсан намын бах тав л ханхлаад байна. М.Энхболд гэдэг хүн яагаад ялагдсан тухай яриа биш, хэн түүний суудлыг эзлэх вэ гэдэг “өв залгамжлагчдын” тэмцэл, балчируудын зодоон... У.Хүрэлсүх яарах хэрэггүй л байлаа...