МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. Энэ үеэр У.Хүрэлсүхийн сүржигнэл, өөрийн булхайг илчилсэн бухимдал заналхийлэл бүхий хурал хаялт гол үзэгдэл нь болов. Тэмцэгч чанартай гэх “Топор”-ыг санасандаа хүрэхгүй болохоор “Салаад өгье” гэдэг эхнэр, гомдож тунихдаа “Үхээд өгье” гэж айлгадаг эмгэнээс ялгагдамгүй тийм имижтэй гэж мэдсэнгүй. Яг л “Энэ бууны ноходтой юугаа ярьдаг юм бэ” гээд гардаг Х.Баттулгын дүрийг хулгайлах мэт байлаа. Зөв үү, “Найруулагч аа”.

Шадар сайд У.Хүрэлсүхийг  Ерөнхийлөгч Х.Баттулгатай түймэр унтраалцаж явахад намаасаа урвах нэгэн шинэ түймэрийг өрдчихөөд зугтаж буй нь мэдрэгдэж байсан. Тиймээс ч “Намын дарга, Ерөнхий сайдаа огцруулахдаа заналтайгаар гарын үсгээ зурсан” хэмээж суусан Х.Баттулгын “өвчин” У.Хүрэлсүхэд айхавтар халдварлаж Засгийн газраа толгой түрүүгүй буруутган танхимын гишүүн биш мэт, бүр МАН-ын гишүүн ч биш мэт санагдуулж орхив. Түүний хурал дээр хэлсэн үгсийг уншин “загнуулж” суухдаа “Засгийн газраас болж Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуульд ялагдана” гэж байдгийг анх удаа сонсдог юм байна. Учир нь намын нүүр царай, нэр дэвшигчийн имиж чухал гэж улс төрийн ухаанд сурталддаг юм л даа.

Ингээд зогсохгүй У.Хүрэлсүх өөрийнх нь ярианы бичлэг дэлгэгдсэнд цочирдсон дүр үзүүлэхгүй байх бэлтгэлтэй байлаа. Мэтгэлцээний үеэр хүчээр инээгээд л байсан Х.Баттулга нэр дэвшигч шиг. Улмаар бичлэгийг хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч, “түүний найруулагч” Б.Баатар нартай цаашид ч уулзана гэдгээ тунхаглаж тэдний итгэлийг олохын тулд эцсээ хүртэл зүтгэхээ харуулав. “Эвлүүлдэг, эвдрэлцүүлдэг, элэгддэг” гурав хамтдаа ясаа цайтал зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэх нь. Түүн дээр өнөөх “сүүлчийн ганц цамцаа” хайрладаггүй эрхэм нэмэгдчихсэн “Тагнах, чагнах ажиллагаа хэрээс хэтэрлээ” гээд загнаж байх аж. Өөрөө С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг илрүүлсэн үйл явдлын дараахан уртаас урт жагсаалт дэлгээд гар утсаар бичилцсэн дурын мессежийг уншаад хэвлэлийн бага хурал хийлгэж байсан нь саяхан санагдана. Ямартай ч У.Хүрэлсүхийн энэ алхам түүнд тааламжтай, ашигтай байгаа бололтой юм. Гэхдээ л “Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Ц.Нямдорж хаахна байхсан бол” гэж бодохгүй байж чадсангүй. У.Хүрэлсүхийн хувьд өнөөх цагдаа дүү тагнах чагнасан бичлэг авчирч өгсөн барьсан талаар бол хурал дээр тоохгүй ярьж байна гэнэ шүү. 

Харин “М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг” гэж цагдаа, шүүх мэт авирлах нь У.Хүрэлсүхэд ахадна. “Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг” гэдэг ч түүний шийдэх асуудал биш. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газрыг 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн  үр дүнгээс шалтгаалж, тийм зохион байгуулалт, хууль дүрмээр огцруулдаггүй юм. Хэрэв У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Ерөнхийлөгчийн сонгуульд намынх нь нэр дэвшигч ялагдаад У.Хүрэлсүхээс боллоо гэвэл тэр хүлээж авах хүн мөн үү.

Заавал улс төрийн хариуцлага тооцох ёстой гэвэл намынхаа удирдлагуудтай хариуцлага тооц л доо. “Би сайн урвасан учраас М.Энхболд та ялагдлаа, намын даргын ажлаа өг”, “Амарбаясгалаан, ахыгаа уучлаарай, МАН-ын генсек нь чи учраас хариуцлага хүлээ” гээд явуулж чадах уу. Эс чадах тохироотой учраас л “Номхон тэмээг ноолоход амархан” гэгчээр ажлаа хэвийн хийж байгаа Ерөнхий сайд руу дайрч байна. Харамсалтай нь онцын ноцтой шалтгаан харагдахгүй байгаа болохоор “Чиний суудал л надад гоё харагдаад байна” гээд байгаа мэт шунал тачаал нь түүнийг адлаад байдаг эрлийз мориноос нь ч эвгүй байдалд оруулчихав уу даа. 

Харин Шадар сайдын суудлаа өгөх эсэх нь түүний л асуудал. Эхний ээлжинд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “эмтлэх”-ийн тулд тэртэй тэргүй сэтгэлд нь гологдоод байгаа, ажлын ачаалал ихтэй, нэр хүндэд халтай суудлаар сор залах их ухааныг өөр нам дахь зөвлөхүүд нь өгсөн бололтой. 

Тэр “М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз” гэж аархсан нь намынхнаа тэр чигт нь өөрийнхөө эсрэг чиглүүлчихлээ. Учир нь “Хэзээ ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, даган баясагчдаа сайд болгох юм билээ. Ер нь их эвгүй дүр зураг харуулчихлаа шүү” гэсэн яриа ч хуралдааны дараа дуулдаж байв. Нээрээ ч 70 гаруй насалчихаад төр түшилцэж байсан Д.Дэмбэрэл гуайг өнөөдөр хэрэв хуралд суусан бол зад загнаад “Одоо болно” гээд хөөж мэдэхээр сэтгэл нь хөдөлсөн, омогшсон байв. 

“Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээр суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна" гэсэн түүний үг намынхнаа шүүмжлэгчийг алдаг, эсвэл хилс хэргээр суулгадаг гэж гүтгэх мэт дуулдаж, хэчнээн улайрч, хэр зэрэг намдаа сэтгэл хөрснийг нь харуулав.

Уг нь тэр МАН-д ингэтлээ өшрөх эрхгүй баймаар. Намынхаа өмнө тэр анх удаа үнэмлэхүй ялагдал авчирч өгсөн гэмтэн. Чуулганы танхимын үүдэнд сөрөг хүчний гишүүнийг цохиж унагасан танхайрагч. Гэвч МАН түүний толгойг илж гэмийг өнгөрүүлж өхөөрдөн хүмүүжүүлсээр өнөөг хүрсэн. Засгийн газрын гишүүн хүн Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хөрөнгө оруулалтын толь гэж харж чадахгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдвэл хүүхдийн мөнгө олголт тасалдахгүйгээс эхлээд улс орны эдийн засагт хэрэгтэй гэдгийг У.Хүрэлсүх байтугай ухамсарт иргэн бүр мэднэ. Гэтэл энэ бүх эрх ашгийн өмнө Ерөнхий сайдын суудлыг онилж, түүний төлөө хэнтэй ч хамтарч, юуг ч хийхэд бэлэн яваа У.Хүрэлсүхийг Монголын төр өдий олон жил “тэжээхдээ” хүмүүжүүлж чадаагүй юм байна. Тэр бэлтгэгдсэн төрийн түшээ биш, цэргийн эргэлт хийхэд ч бэлэн, урвахад ч бэлэн тийм л цэрэг аж.  

У.Хүрэлсүхийн бэлтгэсэн жүжгээс бусдаар бол МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хэвийн үргэлжилж, Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулж, тэр ажлын хэсэг нь ирэх есдүгээр сард болох МАН-ын Бага хурлын үеэр ажлаа танилцуулж, шийдвэр гаргах учиртай. Намын ажил ингэж л явдаг. Харин “өнөө гурав”-ын ажил өөрөөр явах болж дээ. 

Эцэст нь үүнийг бичлээ гэж шүүмжлэх нь утгагүй. Яагаад гэвэл Шадар сайд Ерөнхий сайдаа гал руу түлхээд, голын цаана гарч байхад нэг яамны хэвлэлийн ажилтан Засгийн газрыг нь өмөөрсний төлөө ажлаа өгөхөд яах вэ дээ. Хавьгүй эрүүл үзэгдэл шүү дээ.