Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах уу. Гарын үсгээ зурсан 30 ухрахад хүрэх үү. Одоогоор Ц.Нямдорж тэргүүтэй “30 тэмцэгч жаал” очиж очиж УИХ-ын дэд даргад АН-ын бүлгээс сонгогдсон Я.Санжмятавын хэлсэн ганцхан өгүүлбэрт “бут цохигдож” тун эвгүй байдалд оров.

УИХ-ын дарга, МАН-ын даргаа гадаадад явааг мэдсээр байж “толгойлогчдоо” өргөн барих эвгүй санагдаад сөрөг хүчнээс сонгогдсон дэд дарга Я.Санжмятавт “Манай намын Засгийн газрыг огцруулж өгөөч. Бидний томилсон Засгийн газар муухай байна” гэсэн боловч төрийн хүний ноён нуруутай, улстөрчдийн хорыг дэндүү олон жил ажиглаж холхон явдаг  тэрбээр зангараг, занга аль алины завсраар асуудалд хандсан нь “огцруулагчдын”  урмыг хугалчих шиг боллоо.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “МАН-ын 65 гишүүний 30 нь гарын үсгээ зуржээ. Манай бүлэг энэ асуудлаар хуралдаагүй байна. Би цаг үеийн хүнд байгаа энэ үед жудагийн хувьд ч, төрд олон жил ажиллаж байгаа хүний хувьд ч Засгийн газрыг муулж сайлж дүгнэлт өгөх нь илүүц гэж бодож байна” гэжээ.

У.Хүрэлсүх ээ, шинэчлэгч залуу улстөрч та Я.Санжмятаваас ичээч ээ. Олон жил АН-ыг боорлосон Ц.Нямдорж, улс төрийн тайзыг эзэгнэн ард түмнийг уйдтал тоглолт хийхдээ ингэж цөөн үгээр олон оноо авч үзсэн үү. Яншаад л байдаг, яг цаанаа хувийн эрх ашиг чинь л байдаг шүү дээ. Гэтэл сөрөг хүчин ямар үед сөрдөг, хэний тоглоом болдог, болдоггүйн голч байр суурь, холч хараа ямар байдгийг харж аваарай. Энд Я.Санжмятавыг магтаад түүнд баярлаад байхдаа гол нь биш зөв цагт зөв үг дуугарлаа. Харин “Манайхныг бидэнтэй нийлээд огцруулаад өгөөч. Шагналд нь танайхыг уриад шинэ Засгийн газар байгуулъя” гэж яваа сураг дуулдаад эхэлсэн шүү.

Өмнөх дөрвөн жилд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “заналтайгаар” гарын үсэг зурж огцруулсан хүн Ерөнхийлөгч болчихоод хуруу,хумсных нь үзүүрт зарагдсан У.Хүрэлсүхэд яаж “заналтайгаар зурж” огцруулж болдгийг зааж өгсөн бололтой. “Зануулж” огцорсон Н.Алтанхуяг нь өнөөх “заналтай зурдаг” хүнийг Ерөнхийлөгч болчихоор нь улс төрийн бодлогын зөвлөх болж байх юм. Харин намын бусад нөхдөө сонгуульдаа зүтгүүлчихээд гудамжинд хаячихаад орон тооны бусуудаа сонгосон байдал нь АН-ынханд тэгтлээ таалагдахгүй л байгаа юм билээ. Тэр тусмаа дүүргийн Засаг даргыг “чирдэг нь” ч юу билээ. Өнөөх нь удаа дараа ялалт байгуулсан эрч хүчтэй, хийсэн ажилтай, бас алдаатай ч татаас түлхээсгүй өөрийгөө аваад явж байтал Нийслэлийн нэг том дүүргийг Засаг даргагүй болгочихов. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Н.Алтанхуяг бол АН-ын түүхэнд хамгийн удаан буюу 819 хоног Засгийн эрх барьж найзуудынхаа хоронд хордож огцорсон Ерөнхий сайд. Тэр үед АН-35, МАН-26, “Шударга ёс” эвсэл-10, бие даагч-2 гишүүнтэй байхад 66 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож 36-ийнх нь саналаар огцруулж, оронд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихоод МАН-ын Бага хурал дээр захиа бичиж Засгийн газартаа урьж байв. Харин Н.Алтанхуяг энэ гашуун түүх, ингэж “заналтай зуруулсан” Засгийн газар яаж бужигнадаг, хаана, хэнд ханддагийг одоо зөвлөж суугаа биз ээ. Түүний Засгийн газар олон сайн ажил хийсэн. Гэхдээ үүнийг нэг настай Засгийн газартай харьцуулах хэрэггүй. Бас “Нэг настай” Засгийн газар нь “өндөр настныхаа” тарьсан алдаа гэмийг засахад чамгүй хугацаа, хөдөлмөр зарцуулж байгаа ч түүнийгээ улстөржүүлж ярихгүй байгаа шүү.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны 10 дугаар сарын 26-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан” /худалдан авсан/ гэх асуудлыг хэлэлцэхэд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоныг дагуулан очиж шинэ парламентын гишүүдийн тавьсан бүх асуултад бүрэн хариулсан. Хамгийн их дайрч давшилсан асуулт тавьсан, тэр нь бараг байцаалт болж хувирсан нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байлаа. Мөн “гол дүр” УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Арилжааны банк Монгол төрийн дээр гарчихлаа”, “Орхон Та яагаад томроод байгаа юм бэ” хэмээн мөнөөх “худалдан авалтыг” шүүмжилж байв. Тэднийхээр бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг Монголын талд авчирсан нь дур мэдсэн хэрэг, буруу үйлдэл байсан бололтой.  

Одоо “гарын үсэг зурсан 30” гишүүн дараагийн Засгийн газарт сайд болохгүй гэцгээж байгаа. Тэгвэл “Чи миний гавьяагаар сайд болсон” гэж дарамталж болох төлөөллөө дараагийн Засгийн газарт оруулах бололтой. Тэр тусмаа 65 суудалтай МАН, 10 хүрэхгүй суудалтай АН-ыг “Хамтарсан Засгийн газарт урих магадлалтай” байгаа нь ч “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын асуудалтай холбоотой байж мэднэ.

Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 30 нь Ерөнхий сайдыг огцруулахаар саналаа өргөн бариад байна. Тэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бол Засгийн газар муу ажиллаж байгаагийн илрэл” гэж, концессийн гэрээ байгуулах эрх олгож УИХ-ын бүрэн эрхэд халдлаа гэж, хүүхдийн мөнгийг “ялгаварлан гадуурхахгүй олголоо” гэж огцруулахаар саналаа өргөн барилаа.

УИХ-ын дарга, МАН-ын даргаа эзгүйчилж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг алгасаж сөрөг хүчний удирдлагад өргөн барьсны учир юу болох, үр дүн хаашаа эргэх вэ гэдгийг харж л байя. Гэхдээ 65 суудал авсан үедээ АН-ынханд “Хамтаръя” гэсэн санал тавибал, бас ямар нэг тийм амлалтаасаа буцвал, тэдгээрээс өмнө 30 гишүүнээс чинь зарим нь кноп дарахдаа бодлоо өөрчилбөл тун сонирхолтой кэйсийг түүхэнд үлдээнэ.