Монголыг монголчууд л өөрсдөө мөхөөнө өө гэж Баабар мөн ч их бичсэн дээ. Эрх барьж байгаа намуудын хийж буй үйлдэл үүнийг улам л батлаад байх. Намуудын гэсэн учир нь ийм үйлдэл анх удаагаа болж буй бишид юм.

Одоогоос гурван жилийн өмнө парламентад хамгийн олон суудалтай АН-ын Засгийн газрыг АН-ын гишүүд өөрсдөө огцруулж байлаа. Тэдний нэг нь өнөөдөр Ерөнхийлөгчийн сэнтийд заларч буй. Тэгэхээр урвах мөн чанар “хамгийн хамгийн” монгол хүний ч яс, цусанд байдаг бололтой юм. Одоо парламентын 76 суудлаас 65-ыг нь дангаараа эзэлсэн МАН дотроосоо Засгийн газраа нураагаад АН-тай хамтарч засаг байгуулах гэнэ. Огцруулах шаардлагад гарын үсэг зурсан МАН гишүүдийн тоо 30 хүрээд зогссон тул сөрөг намаасаа дэмжлэг авахын Засгийн газарт урьжээ. Есөн жилийн өмнө, 2008 оны сонгуулийн дараа парламентад 45 суудалтай МАН-ын дарга С.Баяр 25 суудалтай АН-ыг Засгийн газартаа урьсан нь долдугаар сарын 1-нд болсон эмгэнэлт явдлын үр дагаврыг зөөллөх гэсэн санаа байв. Харин өнөөдөр...

Жилийн өмнө АН-ын дотоодын тэмцлээс болж онцын хүч заралгүйгээр үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д үнэ төлбөргүй олдсон “хоол” нь эргээд хор болж эхэллээ л дээ. Засгийн газрын нэг гишүүн нь танхимаа нураахаар намаа сандааж, их хурлын даргын эзгүйд АН-ын бүлгийн дарга Я.Санжмятавд /УИХ-ын дэд дарга/ огцруулах шаардлагаа гардуулсан гэнэ. АН-ын бүлэг тэдний шаардлагыг дэмжвэл МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо хүрч, МАНАН-гийн шинэ эвсэл төр барина гэсэн үг. АН ядаж ийм зүйлд бүү оролцоосой л гэж найдахаас, МАН хэргээ бүтээж аваад эргээд гудамжинд хөөж гаргах нь алга урвуулахын төдий.

Хэрэвзээ энэ Засгийн газар унавал хамгийн наад зах нь М.Энхболдын багийнхны амласан Үндсэн хуулийн шинэчлэл дахиад дөрвөн жилээр ухарна. Одоо олон нийтийн хэлэлцүүлэгт ороод байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл 100 хувь зөв зүйтэй гэдэгтээ ч биш, буруу зөв ч бай ярьж эхэлсэн нь хамгийн чухал. Өргөн баригдсан төсөлд хуулийн хэрэгжилтийг тэртэй тэргүй 2021 оноос гээж заачихсан, дараачийн парламент хэрэгжүүлж эхлэх учраас дахиад гурван жил хэлэлцэх, буруу зөвөө ярих цаг хугацаа хангалттай байна. ОУВС-тай тохирсон гэрээ хэлцэл, хөтөлбөрийн хэрэгжилтэд ч хэн хариуцлага хүлээх билээ. Намаа шинэчлэх нэг хэрэг. Харин засгаа нураах, Монголын төрөөр тоглох чинь огт өөр хэрэг шүү, МАН-ынхаан! Сонгосон түмэн чинь та нараас ял асуух өдөр ирэхдээ л нэг ирнэ.

Тиймээс 65 суудалтай МАН ядаж энэ үедээ хариуцлагаа бүрэн дүүрэн хүлээдэг улс төрийн наад захын соёлд суралцаж, сөрөг хүчин ч бас тэр соёлыг эрх барьж байгаа намаасаа шаарддаг болмоор байна. Хаалгаар гаргахаар тооноор ороод ирэв гэгчээр ард түмний сонгуулиар, хуулиар олгоогүй эрх мэдлийг хуйвалдаанаар эргүүлж авна гэвэл Засгийн газар нь ч, тэнд багтсан намууд нь ч олон нийтийн жигшлийг төрүүлэхээс хэтрэхгүй. Ингэвэл дөрвөн жилд нэг удаа явуулдаг сонгуулийн ч хэрэг алга. Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн хугацаанд эрх барьж байгаа хоёр нам маань өмнөх хорин жилд бүтээсэн ардчилсан засаглалын өнгөтэй өөдтэй болгоныг нураах, муу муухайг нь өргөмжлөхөд л хүчин зүтгэлээ. МАН байхад дайснаар ч яах юм...