Владивостокд өнгөрсөн долоо хоногт, гурав дахь жилдээ болсон Дорнын Эдийн Засгийн Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төр, бизнесийн төлөөлөгчид оролцов. Чуулга уулзалтын үеэр Монголын Ерөнхийлөгч Оросын Ерөнхийлөгч В.В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай уулзав.

Чуулганд Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын 70 компани, нийт 55 орны 700 гаруй төр засаг, бизнесийн мэргэжилтнүүд ирлээ гэж Investopress мэдээлжээ. Алс Дорнодын Холбооны Дүүргийг хариуцсан Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Ю.Трютнев тус чуулганы үеэр 2.5 их наяд рублийн (44 тэрбум доллар) нийт дүн бүхий 217 гэрээнд гарын үсэг зурсан, ер нь бол сүүлийн гурван жилд энэ бүс нутагт нийт 38 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон гэжээ.

Дорнын Эдийн Засгийн Чуулга уулзалтаас үзэл баримтлал, стратеги болон үйл ажиллагаа явуулах түвшинд ямар дүгнэлт хийж болох тухай хувийн саналаа хуваалцахыг энд зорилоо. 

Үзэл баримтлалын түвшинд

Монгол улсын хувьд хоёр хөршийнхөө санаачилсан эдийн засгийн холбоонд бол нэгдэх, гэхдээ улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын холбоо болох ШХАБ-д ажиглагч хэвээрээ үлдэж, улмаар “гуравдагч” хөршүүдтэйгээ чөлөөтэй хамтарч ажиллах боломжтой. 

Хойд хөрш маань алс дорнодын бүс нутгаа эхлээд тодорхой хот, бүсийг сонгож “илүү хурдацтай хөгжүүлэх” (территорий опережающего экономического развития – ТОР) улмаар тэр төвүүдийг дагаад бусдыг нь хөгжүүлэх бодлого явуулж байна. Тус чуулган дээр энэхүү хурдацтай хөгжлийн бүсүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх, Владивостокийн чөлөөт боомтууд, дэд бүтэц байгуулалтын явц, иргэддээ үнэгүй өгч буй нэг га газрын хөтөлбөр, загасны аж ахуй, алт болон очир-эрдэнийн олборлолт, модны аж ахуй болон тээврийн салбаруудын асуудлууд, гадаадын хөрөнгө оруулалт татах тухай ярилцлаа.

Ерөнхийлөгч Путин энэ чуулган дээр Алс Дорнодод хамтран ажиллахыг Номхон далайн хоёр эргийн улсуудад уриалав. Барууны эдийн засгийн хоригтой уялдуулан Евразийн эдийн засгийн интеграцийн тухай санаачилгаа Оросууд бүх талаар идэвхжүүлж байна.

ОХУ, Беларусь, Казакстан анх байгуулсан “Гаалийн Холбооноос” эхлэлтэй Евразийн эдийн засгийн холбоонд эдүгээ Армян, Киргизстан хоёр нэгджээ.

Энэ холбооны гишүүн орнууд хоорондоо бараа үйлчилгээ, хөрөнгө мөнгө болон ажиллах хүчний чөлөөт урсгалыг бий болгож, эдийн засгийн салбарт нэгдсэн, харилцан тохиролцсон бодлого явуулах ажээ. Энэ холбооны аппарат болох Евразийн эдийн засгийн комисстой монголчууд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай Монгол-Оросын бизнесийн чуулган дээр Оросын Байгалийн нөөцийн сайд С.Е.Донской дурдав.

Ноднин Ташкентэд байгуулсан Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгил байгуулах гурван талын гэрээ, мөн Оросын Холбооны Улсаар дамжуулах ачаа тээврийн гэрээний хэрэгжилт цаашдаа энэ Евразийн Холбоонд орох эсэхээс хамаарах бололтой.

Урд хөршийн “Бүс ба зам санаачилга” нь хоёр тивийн 65 орон хамрагдсан, олон их наяд долларын том төсөл. Монгол улсаар дамжуулан төмөр болон авто замын томоохон корридор барих төслүүд нь одоо хүртэл эхлээгүй байна.

Орос, Хятадын санаачилсан хоёр том төсөл нь агуулга, зорилгын хувьд ч, хөрөнгө оруулалтын хэмжээ, чиглэл, чадварын хувьд ч томоохон ялгаатай бөгөөд хэрэв давхцах бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) доор бий болох эдийн засгийн чөлөөт бүс гэж Nikkei Asia Review сэтгүүлд (17.09.05) бичжээ. Гэтэл саяхан хоорондоо зөрчилтэй, хилийн худалдааны өндөр тарифтай Энэтхэг, Пакистан хоёулаа ШХАБ-д нэгдэн орсон нь чөлөөт бүсийн үйл ажиллагааны эхлэлийг улам бүр хойшлуулна гэжээ.

Стратегийн түвшинд

Монгол улс Орос, Хятад хоёр хөрштэйгээ яг адилхан, тэнцвэртэй түвшинд харилцах, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх стратегийн бодлогоо үргэлжлүүлэх учиртай. Ерөнхийлөгчийн гадаадын хоёр дахь айлчлал нь манай хамгийн том худалдааны болон хөрөнгө оруулалтын түнш Өмнөд хөрш байх нь зохистой.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, юуны өмнө ОХУ-аас рублийн зээл авч хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д шинэчлэлт хийх, мөн Оросын нутгаар дамжуулах транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах санал тавьлаа. Мөн хоёр улсын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаанд хөдөө аж ахуйн салбарт эхлээд монгол малыг эрүүлжүүлэх, дэд бүтцийн салбарт транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, Улаанбаатар Төмөр Замын шинэчлэлд анхаарч ажиллахаа амлав.

Оросын нутгаар дамжин далайн боомтод хүрэх төмөр замын тээврийн тарифийг, Хятадын боомтод хүрэх үнэтэй адилхан байлгана гэсэн Оросын амлалт нь хэвээрээ байгаа нөхцөлд далайд гарах бас нэг сонголт нэмэгдэнэ. Гэхдээ ТТ-оос Сайншанд хүртэлх төмөр замыг барих хөрөнгө монголд одоогоор алга байна.

Урд хөрш рүүгээ нарийн төмөр замаар холбогдож адилхан хувь нийлүүлсэн хувьцаат компани байгуулж, хоёр өөр царигтай төмөр замуудын хоорондын ачааг монголын нутгийн гүнд юүлэх болбол хоёр гүрнийхээ ашиг сонирхлыг тэнцүүлэх бодлого болно. Энэ тухай “Монгол бол дараачийн Панам” нийтлэлээс минь харна уу.

Үйл ажиллагаа явуулах түвшинд

Монгол улс 2018 оны Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцох уу? Хэрэв оролцох бол ямар зорилготой, ямар хөрөнгө оруулалт энэ бүс нутагт хийх, хувийн хэвшилд ямар боломж байгааг одооноос таниулах, сайн бэлтгэх шаардлагатай.

Оросын Приморскийн хязгаар нутагт байгалийн баялаг ихтэй, Японы хойд нутаг шиг зөөлөн уур амьсгалтай, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан бизнесийн болон амьдралын тохьтой нөхцөл бий болгож байна.

Хэрэв Монгол улс өөрийн боомттой болно гэвэл хэзээ юунаас эхлэх, хувийн компаниуд хувьцааг нь эзэмшиж болох эсэх гэх мэт олон асуудлыг одооноос эхлэж хэлэлцэх шаардлагатай байна. Учир нь энэ чуулга уулзалтад төлөвлөгөө, мөрөөдөл ярихаас илүү тодорхой бизнес, хөрөнгө оруулалт ярьж гэрээгээ зурдаг юм байна.

Уг нь бол Монгол улс хоёр хөршийнхөө эсвэл аль нэг далайтай орны нутаг дээр өөрийн гэсэн боомт, эсвэл аралтай болох тухай бодох ёстой л доо.


2017.09.13