Парламентын гишүүн, ноён Ө.Энхтүвшин Та маш буруу ярьж байна. ЗГ-ын асуудлыг, Ерөнхий сайдын асуудлыг бид нам дотроо л ярьчих ёстой, олон нийтэд хамаагүй гэнэ. Олон нийтийн мэдээллийн хэрэсглээр шүү! Үүнийгээ ихээхэн ухаалаг, зарчимтай ярилаа гэж бодож байгаа нь царайнаас нь илт. Гэтэл энэ хүн МАН-ын шилдэг сэхээтнүүдийн нэг шүү дээ!

Үгүй юм аа, ЗГ-ын асуудал бол ард түмэнд хамгийн их хамаатай бөгөөд тэр тусмаа танай намын 2016 онд дэвшүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг гардан хийх хүнийг сонгоход олон нийт анхаарч, ардчилсан ёсоор нөлөөлөх эрхтэй төдийгүй үүрэгтэй! Гэхдээ танай намын хөтөлбөрийг ард түмэнд тустай хэрэгжүүлэх ёстой болохоос танай намын “элитүүдэд” тустай хэрэгжүүлэгч байх ёсгүй юм. Танай нам элитүүдийн клуб, бусад нь бүдүүлэг масс хамжлага биш, энэ нийгэм ч Таны хамгийн сайн мэддэг формацийн нийгмийн хөгжлийн онолоор “феодализм” биш!

Тэр тусмаа намын дотоод эв нэгдэл гэдэг хуйвалдаан биш юм. Та бүхэн л хуйвалдаан болгох гэж хичээж байгаагаас... Түүнийг ядаж нуух ч үгүй, бүр ил тод зарлан тунхаглаж байгаа нь харин ардчилал уу, эсбөгөөс олон нийтийг үл тоомсорлосон хэрэг үү гэдгийг тайлбарлах болох нь. Ийм тайлбар нэхэхийг улстөр гэдэг! Ард түмэн танай намынхан дотроо хуйвалдаад өөрсдийн эрх ашгийг хангасан хүүхэлдэйгээ ЗГ-т тавьчих вий гэж нүд цавчилгүй хянаж, эрүү хамхилгүй шүүмжлэх төдийгүй, түлхэн унагах эрхтэй! Танай нам ард ардтүмний дотор байгаа нэг институц болохоос тусдаа “Шамбалын орон” биш!

МАН-ын бага хурал Ерөнхий сайдыг шийддэг газар мөн үү? Хэн тэдэнд ийм эрх өгсөн юм? Тэд ингэхэд ер нь хэн юм бэ? Ямар ч хуулинд ингэж заагаагүй! Ерөнхий сайдыг дэвшүүлэх, сонгон томилох эрх зөвхөн УИХ-д бий. Тэр эрхийг сонгуулийн насанд хүрсэн бүх ард түмний оролцсон сонгуулиар УИХ-д олгосон болохоос 200 мянган гишүүнтэй байлаа ч хүн амын 10 хувьд ч хүрэхгүй нийтлэгийг хамарсан улстөрийн олон нийтийн байгууллагад олгоогүй юм. Эрх барьсан эсэхээс үл хамаарч нам бол нам. Монголд ийм байгууллага 30 шахам бий!

Хэрэв Ерөнхий сайдыг нам шийддэг юм бол логикоор Засгийн газар унах эсэхийг танай бага хуралд шийдэх ёстой байжээ? Томилох огцруулах хоёр бол нэг процессийн хоёр тал, УИХ-аас Ерөнхий сайдыг  унагахаар зөрөөд намын бага хурлаас нь томилдог байж таарах уу? Ямар гээч бантан хутгаж байгаагаа МАН-ынхан ойлгож байна уу? Хэрэв бага хурал бүхнийг шийддэг юм бол УИХ-ын чуулганаар биш намын бага хурлаараа ЗГ-ийг огцруулах эсэхийг шийдэхгүй яасан юм? Яг өнөөдөр МАН-ын жирийн гишүүд бага хурлыг улаан хоолой, их хурлыг бүдүүн гэдэс гэж л харж байна даа.

Үндсэн хуулиар Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. УИХ-ын бүрэн эрхийг дурын байгууллага булаан авч хэрэгжүүлэх эрхийг өөртөө олгож байна, тэр тусмаа тэр “дурын” байгууллага нь төрийн эрхийг хууль бусаар, мөнгөөр худалдан авсан, төрийн албан тушаалыг үнэлж зарсан, авилгын сүлжээ байгуулсан ял тулгуулсан бүлэглэлийн эрхшээлд байна. Шулуухан хэлэхэд энэ бүлэглэлийн толгойд Үндсэн хуулинд заасан “уугуул”-ын хоригийг тайлбарлаж чадалгүй унасан ургийн бүлэглэл оршин байна. Ах дүү хамаатан саднаараа төрийн эрхийг зайдалдаг “стан” маягийн завхралыг огт зөвшөөрөхгүй гэж Монголчууд хэлсэн. Тэр тусмаа ургийн бүлэглэл нь Монгол хэмээх “nation state” буюу Монгол үндэсний төр улсын иргэдийн шалгуураас гадуур дур доргоор авирлахыг, тэр бүлэглэлийн хүсэл зоргоо тулгах оролдлогыг ард түмэн “Үндсэн хуульд заасан” эрхийн дагуу зөвшөөрөөгүй! Яг тэр шалтгаанаар УИХ “МАНтуу” бүлэглэлд хариуцлага тооцож ЗГ-ыг огцруулсан, яагаад гэвэл ард түмний хүсэл зорилгод нийцээгүй учраас...

Нэг намын бага хурал ямар учраас, ямар хуулийн заалтаар төрийн хэрэгт хутгалдан оролцох эрх авснаа урьдчилж тайлбарлах ёстой! Хууль зөрчиж аливаа асуудлыг шийдчихээд араас нь тайлбарлах замаар хуйвалдаанаа хаацайлдаг ёс ардчилсан дэг журамд байхгүй юм. Тэгвэл энэ чинь ардчилал биш. Чухамдаа 60 тэрбумын асуудал хамгийн ойрын жишээ бөгөөд хууль зөрчиж төрийн эрхийг авчихаад хожим түүнийгээ төрийн эрх мэдлээр дамжуулан хаацайлж байгаа нь өнөөгийн энэ төрийн хямралын гол шалтгаан болсоор байна.

Нөгөө талаас УИХ-ын 65 гишүүн ямар учраас өөрийн онцгой бүрэн эрхийг олон нийтийн байгууллагад найр тавин өгч байгаагаа ч тайлбарлах ёстой! Хүүхэн хүчиндэх, түүнийгээ бүрэн эрхээрээ хаацайлах, төрийн албан тушаал наймаалцахаа бүрэн эрх гэж ойлгоод онцын ач холбогдолгүй энэ мэт эрхээ намдаа найр тавьж байгаа юм уу? Та нар тэр эрхээ өгье гэж шийдсэн байлаа ч хуулийн үндэслэлээр тайлбарлах ёстой! Гэхдээ яаж тайлбаралсан хуульд заагаагүй бол өгөхийг чинь ч зөвшөөрдөггүй юм аа, малууд аа! Хэрэв УИХ-ын гишүүд ЗГ-ыг томилох өөрийн онцгой бүрэн эрхээс татгалзаж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ ч татгалзах ёстой гэдэг юм! Та нар хэн ч биш. Та нар ердөө л 65 МАНгуу болж хувирлаа.

Ард түмний хүлээн зөвшөөрөөгүй эсэргүүцэж байгаа бүхнийг үл тоомсорлон цөөн хүний эрхшээлд орсон олон нийтийн байгууллагад хүчээр эрх өгч, хуйвалдах замаар өөрсдийн авилгын болоод ургийн тогтолцоогоо хамгаалж үлдэх гэж байгаа бол энэ байгууллагыг ардчилсан дэглэм ба Үндсэн хуулиас гадуур дураар авирласных нь төлөө хориглож, төрийн эрхийг хуйвалдааны замаар авах гэж оролдсон үндэслэлээр татан буулгах ёстой! Энэ байгууллага бол 1990 оны ардчилсан хувьсгалаар бий болсон дэг журмын дотор намуудын тухай хуулиар зөвшөөрч бүртгэсэн нэг л олон нийтийн байгууллага төдий юм. Үхсэн хатсаны нь 100 жил! Тэр коммунизм чинь устаж мөхөөд 30 жил болж байна.


Харин уламжлал ярьж тогтож үлдэх хүсэлтэй бол 1990 оноос өмнө Коминтернийн, хожим ЗХУКН-ын хавсарга байсан энэ нам яг тэр уламжлалаараа ХКН-ын хавсарга болох эрмэлзлээ нуухгүй болсонд Монголчууд дургүйцэж байгаа юм. Үндсэндээ ЗГ-ын Ерөнхий сайдыг томилох асуудалд хуйвалдааныг зохион байгуулагч “МАНтуу” нарын энэ бүлэглэл ба эрх мэдлээ тавьж туусан “МАНгуу” нарын мунгинаан бантан хутгаж байна.

Намын бага хурлаас “тодруулсан” Ерөнхий сайдыг хүлээн авч томилбол УИХ өөрийн онцгой бүрэн эрхээ хууль бусаар бусдад шилжүүлсэн үндэслэлээр тарах ёстой. Чухамдаа намын бага хурал хэмээх хошин марзан байгууллага, хошин шогийн тоглолт болдог тайзнаасаа Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг томилох юм бол УИХ гэж байх ямар ч хэрэг байхгүй. Энэ бол яг коммунизм, хэрэв намын бага хурлын гишүүд хуучин МАХН-ын Төв хорооны эрх мэдлийг өөртөө наах эрхтэй гэж бодож байгаа бол тэр коммунизмынхаа булш руу очиж түүхэн шог гараагаа тоглох хэрэгтэй.

“Хэрэв бид буруу хийсэн бол 2020 онд хариуцлага тооцно биз ээ” гэж маазраад өнгөрөх юм бодож суугаа бол МАНтуу нар аа! Коммунизмаас өөр нь энэ ардчилсан дэглэмийн гол тулгуур зарчим нь хариуцлагыг яг одоо, цаг алдалгүй тооцож болдогт оршдог юм шүү дээ! Чухамдаа энэ л зарчмыг хуйвалдан хөсөрдүүлсэн учраас МАНАН бий болсон, олон нийт МАНАН-гаас салахыг хүсэн тэчъяадаж буй энэ цагт Та нарын энэ марзан жүжиг хувьсгалын шалтаг болно шүү!

Хэрэв 100 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө үздэг бол МАНгуу, МАНтуу нар аа! Та нарт би яг коммунист онолоор чинь тайлбарлаад өгье! Доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй болж, дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй болж хувьсгалын тохироо бүрдсэн байна. Энэ бол хувьсгалын шалтгаан нь юм. Люмпэн мантуу нар урагш гүйлдэхдээ заасныг нь шанцайтайгаа холиод маотайгаар даруулаад баагаад, бөөлжчихсөн бол одоо шалтгаан нь бүрдсэн ба шалтаг хайж байна. Чухам шалтаг нь Та нарын энэ тэнэг жүжиг байх болно.

Ард түмэн юу хүсэх нь хамаагүй, ”Төр бол би” гэж танай унасан дарга чинь хэлж биднийг басамжлан доромжилж байгааг харж л байна. Уг нь ард түмэн “Чи төрд хэрэггүй” гэж ойлгомжтой хэлсэн. Дараа нь Ерөнхий сайдад нь бас давтан хэлсэн. Дараа нь хотын ИТХ-ын даргад нь хэлсэн. Шивэр үнэртүүлж байгаад шүү! Гэтэл тэр дарга нараа “ард олон салаавч үзүүлж байгаад” аврахын тулд, бүр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг золионд гаргахдаа тулсан бол энэ бүх асуудлыг намын бага хурал гэгч ламдаж бөөддөг хүй нэгдлийнхэн, авилгадаж худалддаг гобсекууд, үзэл санаа болоод цусны эрлийзүүд, ашиг завшаан хайгч, ижил хүйстэн, бөгс долоогчдод төрийн эрхийг хууль бусаар өгч байгаа бол МАН цаашид оршин байх эрхгүй!

Ард түмэн юу гэж үзэх хамаагүй, намын ирээдүйг бодох ёстой гэж их хурлын идэр, намын бүлгийн хурал, хэвлэлийн хурал, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улайм цайм ярьж байгаа нь ичгүүр сонжуураа алдсан хэрэг биш үү? Эсвэл үүнийгээ ерөөсөө ойлгохоо больчихоод, энэ балиар заваан намаг дотроо юу ч гэж ваагласан хамаагүй, чанга л вааглах ёстой юм байна гэж боддог болсон уу? Эцсийн дүндээ “Тэгээд асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бэ?” гэхэд “Авилгаар” гээд удтал уухай хашгиран, алга нижигнүүлэн таших гэж байгааг нь хараад бөөлжис цутгах юм.

Үүнийг Та нарт АН-ынхан хэлж чадахгүй! Яагаад гэвэл тэд л “Ардчиллыг янхан болгож, та нар бахаа ханатал шааж байгаа” учраас... Яг ийм алдаа гаргасан учраас тэд өнөөдөр “чацга царайлаад”, зарим нь ЗГ-ыг огцруулахад санал өгөхгүй зугтаад алийгаа алдаад сууцгааж байгаа юм. Тиймээс тэдэнтэй барьцах ч хэрэггүй!

Хэрэв МАН-ын бага хурлаас ард түмний хүсэл зоргод нийцэхгүй хүн дэвшүүлж, түүнийг нь УИХ хүлээн авч томилох юм бол яг тэр цагаас тэр УИХ-ын бүрэн эрх байхгүй болно! Ихээхэн буулт хийлээ гэхэд намын (намын шүү!) бага (бага шүү!) хурал Улсын (улсын шүү!) Их (их шүү!) хуралд зөвлөх л төдий эрх бий, тэр зөвлөгөөг хүлээн авах эсэх нь Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдэл, тэнд АН-ын бүлэг байгаа нь ч Та нарт падлийгүй, чухамдаа тэднийг сонгосон ард түмний эрх мэдэл! Ямар нэг хурлаар хэлэлцэхээр л ардчилсан болдог юм биш, тогтсон дэг журам алдагдаж, асуудлыг хуулиар эрх олгосон байгууллагаас өөр байгууллага шийдээд эхэлбэл ”дүр эсгэсэн” ардчилал болдог ба дарангуйллаас ч аюултайг бид бүгд харж байна. Хэнээс ч үл хамаарч, тэр тусмаа хурал удирдахаас өөр нэмэлт саналын эрхгүй даргаасаа үл хамаарч, УИХурлаас дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэж, УИХ-аар томилбол энэ хууль ёсны ЗГ, хэрэв өөр замаар томилбол “хууль бус” Засгийн газар. Хууль бус төрийг хүлээн зөвшөөрөх үүрэг иргэдэд, бидэнд олгогдоогүй!

Чухам бага хурал гэгч энэ балиар юмнаас нь болж ЗГ-гүй удаж байна, ЗГ-аа хурдан томил гэхээр “Бага хурал мэдэж байна, ажил хэвийн явж байна” гэж хариулдаг нь наад зах нь бүдүүлэг, муйхарын шинж! Тэгээд хуйвалдаанаар нэг хүүхэлдэй гаргамагцаа ард түмний хүсэл зоргод нийцэхгүй гэж хоригловол “ЗГ-гүй бол хэцүүдлээ, өвөл хаяанд ирлээ” гэж гонгинох нь л дээ! Ө.Энхтүвшин ч тэгж байна билээ, түүнийгээ телевизээр биш УИХ дээр эртхэн хэлж байхгүй яасан юм? Нэг бол их хурлын гишүүний, нэг болохоор бага хурлын гишүүний дүрд тоглож хоёр нүүр гаргах нь тийм таатай л юм байх даа! Бага хурлын байр суурь нь чухал юм бол Их хурлаасаа татгалзаач дээ! Оронд нь очих боов, бохинд дуртай хүмүүс байж л байгаа.  Ийм хоёр нүүр, хоёр стандарт, хоёр хурал, хоёр төр байж болохгүй.

Хэрэв МАН-ын бага хурлын шийдвэр ард түмний захиалгад нийцэхгүй бол түүнийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх гэж оролдох нь 1990 оны 12 сарын хэрэг явдлыг дахин давтах шалтаг болно, тиймээс УИХ, УИХ дахь МАН-ын бүлэг дангаар хэлэлцээд Ерөнхий сайдыг дэвшүүлж томилох эрхээ шууд хэрэгжүүлэхийг уриалж байна!

МАН төртэй зэрэгцэн төр болж, их хурлыг бага хурлаар орлуулж, бүхий л эрх мэдлийг өөртөө, даргадаа төвлөрүүлж “двойной власть” буюу давхар засаглал тогтоож байгаагаараа “Үндсэн хууль”-ийн зарчим, ардчилсан дэглэмийг завхруулж байгаа шүү! Зарчим хоёрдвол завхрал болдог! Хэрэв үүнийгээ хууль ёсны болгох гэж муйхарлавал ийм нам ч Монголд хэрэггүй! Татан буулгаад ахиад хууль ёсыг сахидаг МАН гэдэг нам байгуулчихаж болно. Нам төрийг салгаад, намын дээр төр байна гэж тогтоод 30 жил болж байгааг санахад илүүдэхгүй л болов уу! Ер нь өнөөдөр аливаа асуудал нам хутгалдахаар л юу ч биш болж байгааг МАН гэлтгүй цэгцлэх цаг болсон байна. Намтай хийсэн “100 жилийн дайн” гэж түүхэнд бичигдэх нь дээ...