Фельетон

Улаанбаатар угаасаа байлдаан тэмцлийн нэртэй хот. Улаан шороон дунд баатарлагаар амьдарч байгаа эр зоригтнуудын өлгий. Дайны үед бүслэлтэнд байсан хотод оросууд баатар цол олгон мандуулсан билээ. Тэгэхэд манай нийслэл жилийн жилд, эргэх дөрвөн улиралд бүх төрлийн бүслэлт, довтолгоон дунд байна. Улаанбаатарын шинэ иргэн төрөхийн шалан дээр гудиггүй төрж, агаараар биш угаараар хээвнэг амьсгалан хүн болохын төлөө тулаан хийнэ. Гадаадын тусгайгийнхан, тэнгисийн явган цэрэг ч ийм утаан хөшгөнд муужирч унана. Монгол эмээ өвс идсэн өөдгүй золигнууд гэчихсээн эгнээгээрээ давхарлаад ойчсон харь цэргийн дундуур үглээд тууж явна л гэж мэд. Францад болсон эмх замбараагүй байдлын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч, амьсгал боогч хийн сум хэрэглэхэд Улаанбаатараас дүрвэн очсон монголчууд зүв зүгээр явж байсныг Парисын сонинд гайхашран бичжээ. Ленинградын сая сая хүн талхны талонтай тулдаа өлсгөлөнг тэсч гарсан бол Улаанбаатарын олон мянган иргэн огт талонгүйгээр юм олж идэж байна. Билетгүйгээр зорчиж, халаасандаа 500 төгрөггүй мөртлөө дэлхийн явдлыг шүүн хэлэлцдэг юм. Нийслэлийн нэг хүнд сүмогийн лагс хүнд бөх Миябияматай тэнцэх хорт бодис ноогдоно. Улаанбаатарын мөлхөө жаал ч Миябиямагийн морь болох тэнхээтэй, тэнгэрлэг хүмүүс.
    Улаанбаатарт бүх юм түгжирнэ. Өдөр алдаж шөнө гэгчээр зун хийх засварыг ид намар зам хаан хийнэ. Замын түгжрээнд зогсох зуураа англи хэл сурцгааж, автобусанд зогсоогоороо унтаж, залуус хайр сэтгэлтэйгээ учирна. Гадаадынхан хайж хайж олдог бартаат зам Улаанбаатар дотор л байна. Бартаат замын олон улсын раллид Завханаас нүүж ирсэн залуу “Эксель”-тэйгээ л торолгүй түрүүлнэ. Тэд бөөн тоног хэрэгсэл нэмж байж жийпээр давхиснаа сүр болгоно. Харин манайхан эрэг боолт ч үгүй хөнгөн тэргээр бүр огт замгүй газраар давхина. Солонгосоос задалж жиргэн оруулж ирсэн бух “Эксель”-ийг эргүүлж угсрахад наймын хувин дүүрэн эрэг боолт хаана орох нь мэдэгдэхгүй илүү гардаг гэж байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгчөө дагаж ирсэн орос сэтгүүлчдийн хочилсноор Улаанбаатар  гацаа тосгон маягтай нь үнэн л дээ. Байхгүй болчихсон өр нэхэж байгаад, ураныг маань авахаар болчихоод, дээр нь нэмж баахан түгжрээ үүсгэчихээд явахдаа “гацаа” гэж нэрлэснийг нь бодохоор дургүй хүрмээр ч гэлээ үнэн юмыг яая гэх вэ. Улаанбаатар хөдөөжөөд л байна. Ногоон гэрэл, гарц, зогсоол, зохицуулагчийн шүгэл мэтгүйгээр морь унаж, мотоцикл хөлөглөөд сурчихсан нүүдэлчин эр хотод мотортой адууны жолоо барихдаа огт анзаарахгүй туудаг юм. Явган зорчигч нь ч ялгаагүй төмөр хүлэгтэй хав барилцах нь холгүй зам хөндлөн гарна. Махлаг хижээл хүн сандарлаа гэхэд машины урдуур огцом хурдлах нь Ямайкийн Усайн Болтоос 20 метрт бол огт дутахгүй. Осол болохын даваан дээр мултарсан явган зорчигч маасайтлаа инээх нь эр зориг биш өөр юу байх вэ. Машин, автобусыг угаана гэж байхгүй. Зуны үерээр харин ойрын жилд угаагаагаагүйгээр угааж авцгаалаа. Лондон, Тайбэйд бол өдөр бүхэн орж байдаг бороо ороход хот усанд автлаа. Эцсийн мөчид иргэдийнхээ эрэмгий шаламгай чанарт л найдсандаа арван хэдэн хүний алтан амиар хэмжигдсэн гарз хохирол учирсан. Говиос нүүж ирсэн, горхийг мөрөн, шалбаагийг далай гэж нэрлэдэг атлаа яг үерийн аман дээр буучихна. Хаана, өвөлжиж, намаржиж, хаваржиж, зусахаа хэнээр ч заалгахгүй гэх нүүдэлчин сэтгэхүйгээрээ хотод амьдарч байгаа нь энэ. Барилгын яс чанар байгальдаа ойр дөхөм монголчууддаа зориулагдана. Бороо ороход дээврээс нь ус асгарч, унтлагын өрөө рүүгээ монгол маягийн нохой самардах сэлэлтээр самардаж хүрцгээнэ. Хөгжилтэй оронд ханаар нь ус урсаж буй мэт интерьер дизайн бодож олон, холдсон байгальдаа ойртох гэж ядаж байхад монгол барилга архитектурын шийдэл угаасаа л дээшээ харахд нар, саран мэлтийж, тэнгэрийн хур бууж, завсар зайгаар нь салхи шуурга сийгэх бөлгөө.  
     Тэр байтугай хаана морь харахаа, хэнтэй элдвийг хүүрнэнгээ хүндээр бие засан суух нь хот, дүүргийн дарга нарт падгүй хэрэг ээ гээд байгалийн бартаа нугалаа, барилгын булан тохойг “00” болгож ашиглана. Хогийг бол дуртай газраа тавина. Хаяна гэдэг үгнээс хавраас эхлэн татгалзсан юм. Юу гэвэл Ерөнхийлөгч болсон хүн хүртэл хэн нэг нь бохь өгөнгүүт нь юун ч гэнэн юм шууд аваад амандаа хийчихсэн. Тэгээд хуралд ямар бохьтой оролтой биш гээд газар тавьчихсанаас хойш хог хаях бус тавих гэдэг хэлц, хэллэг үүссэн юм. Есдүгээр сарын 1-нд гэнэн Ерөнхийлөгч дэлхийн дулаарал, хог хаягдлын сэдвээр сурагч, оюутнуудад хичээл заалаа. Хэвлэлийнхэн Ц.Элбэгдорж хог хаягдлын талаар хичээл заах биш хичээл заалгах байсныг андуурсан арга хэмжээ боллоо гэж шүүмжлээд өнгөрсөн.     
Намар бүхэн л өмнө нь тавьсан замаа хуулж дулааны шугам янзална. Хоргодох байр, бие халхлах окоп энд тэндгүй. Зам засвараас болоод зарим сургуулийн бага ангийнхны хичээл 07.30-д орж байна. Бяцхан сурагчид шөнө дунд босч, үүр цайгаагүй байхад гэрээсээ гарна. Өөр орны хүүхэд бол айж ичээд, шөрмөс нь татаад сүйд болно. Манай багш нар даалгавраар их шахдаг болохоор Гарьдмагнайн өргөдөг тэнгийн ачаа шиг юм үүрчихээд бяцхан сурагчид сургууль руугаа алхаж явна. Зарим нь дэвтэр ном дүүрсэн үүргэвчиндээ татагдан хойш унах боловч мөрөвчнөөс нь чөлөөт бөхийн техникээр сугарч гараад ганцхан шигшиж өргөөд шөрмөс заан алхана.          
Бөмбөгдөгч онгоцны довтолгоон болчихсон юм шиг ухсан нүх, траншейны амсар онгойх боловч харанхуйд ч гэлээ бүдрэхгүй гарах нь монгол хүний тусгай чадвар. Траншей бүхэн танк л гэсэн үг. Танкчдын толгой цухалзах нь Хувьсгалт монгол танкийн цувааны марш мэт үзэгдэнэ.
 Монгол морины туурай хүрэх газар дэлхийн талыг буулгаж явсан баатруудын үр хойч барагтай бол нүх мэтэнд унахгүй, уналаа гэхэд сүр бадруулахгүй. Европт бадриун чийрэг эр трамвайны хаалганы зөөлөн резинд гараа хавчуулчихаад ухаан алдаад уначихдаг юм билээ. Монгол эмэгтэй гурван хүүхэд тэвэрчихээд автобусны явуут дунд үсрэн сууж буух нь морьтны гайхамшиг бөгөөд нялх хүүхэд нь төмөр хаалганд толгойгоо хавчуулчихаад тоосон шинжгүй үнэгчилнэ.
Хотын төвийн траншейчид буюу танкийн цэргийнхэн ч атаархмаар чадвартай хүмүүс бол хотын орхигдсон хязгаар гэр хорооллынхон. Тэд цахилгаангүй, усгүй, бүр юу ч үгүйгээр амьдрах чадвартай. Оршуулгын газартай хаяа залгаж, өөд бологчидтой цуг амьдарч, хүүхдүүд нь цементэн шарил дээр бөх барилдаж, дээс тоглоно. Америк, солонгосууд нэг их ганган соёлтой сүнс, нүдийг нь ухчихсан хүүхэлдэй мэтийн хөгийн юмаар аймшгийн кино хийчихээд өөрсдөө учиргүй айж байгаад үзэх юм. Манайханд бол бараг инээдмийн кино л гэсэн үг. Оршуулгын газар дотор, бурхан болоочидтойгоо цуг амьдарч, өлсөхөөрөө тэднийгээ ч тонон дээрэмдэж чаддаг хүмүүст ямар элнцгийнх аймаар юм болох билээ дээ.  Хаяг нь хүртэл Даландавхар, цагаан чулуутай шарилын залгаа, боржин хөшөөтэй оршуулган дээрх шавар байшин гэдэг юм шүү. Ил тавьчихсан цогцосны хажууханд наранд шараад сууж байвал яахийм бэ, аан. Америкийн аймшгийн киноны нүдийг нь ухчихсан хүүхэлдэйнээс айх нь бүү хэл булаацалдаад тоглоно.
Гудамж гэрэлтүүлэхээр нүд сохолчих эд шив дээ гэж ундууцатлаа харанхуйд дасчихаад байна. Өршөөлийн хуулиар 2400 гаруй хоригдол суллагдаж, хүчин, дээрэм, хүн амины хэрэг дараалан гарч байгаа ч бүх нийтээрээ айгаад хохироод байгаа юм алга. Монгол эмэгтэйг хүчиндэх гээд өөрсдөө зодуулсан тохиолдол олонтаа гардаг юм. Бөлдөгдөх, үсдэх, цүнхээрээ савах, маажих зэрэг мэх техник сайтай монгол бүсгүйчүүд Жэки Чан мэтийн хулхины нударган зодоочны тоосыг гөвж орхино. Монголчууд нүдэлдэх, буудах, ноцолдох спортоор л олимп, дэлхийн дэвжээнд тодорч байгаа шүү дээ. Гадаадын цагдаа нар шүдээ хүртэл зэвсэглэж, манайд бол Ерөнхийлөгчийн унадаг машинаар явж байж нэг их соёлтой хулгайч нараа барьдаг юм билээ. Монгол цагдаа нар гар нүцгэн л үзнэ. “7 дугаар сарын 1”-нд дундаа нэг бороохойтой тасаг цагдаа оочерлож байгаад ээлжлэн барьж нүдээд л, жагсагчдын шидсэнийг буцааж нүүлгэн чулуугаар байлдаж билээ.
Улаанбаатар баатарлаг бөгөөд эротик хот. Дэлхийн хотуудад нэг, хоёр л улаан дэнлүүний гудамж байдаг бол манай нийслэл тэр чигээрээ тийм гудамж. Нэр нь хүртэл улаан юм чинь.
Намрын дараа өвөл болно. Зундаа хур бороо ихтэй байсан тул хөрсний хүйтрэл ихтэй байх гэнэ. Дулааны шугам хөлдөх аюул бий ч гэнэ. Өл хоол муутай, өглөөний цайгаа өөрсдөө биш Ерөнхийлөгч уухыг хараад ажил төрөлдөө гардаг олон мянган хүн бээрч бээвийснээс зомби маягийн хөдөлгөөнд орж, бүх юм удаан болно. Утаа угаарын дунд удаан алхах Улаанбаатарынхан зомби, муми хэлбэрт ордог юм. Энэ бүгдийг үндэслэвээс Монгол Улсын нийслэлийг баатар хот болох болзол нөхцлийг бүрнээ хангажээ. Баатарлаг нөхцөлд хүүхэд төрж, дэлхий, олимпийн аваргууд тодорч, хүмүүс амьдарч сурч, ажиллаж бүтээж байна. Шагнал эзнээ олох шиг сайхан зүйл хаа байхав ээ.