1921 оны үеийн Монголын улс төрийг өгүүлсэн баримтат ном эх хэл дээр орчуулагдан гараад удаагүй байгаа билээ.
Монголыг Хятадаас чөлөөлсөн Барон Унгерн гэгч “дайсан”-тай хамт ажиллаж байсан хурандаа Г.Торновский хожим дурдтгалаа бичжээ. Тэр үед хүрээнд ажиллаж байсан түүх зохиолд олонтай нэр гардаг эрхэм С.Лавровтой Торновский гэр бүлийн андууд явжээ. Эдний хүүхдүүд дэлхийн II дайны жилүүдэд Америкт цагаачлан гарч хоёр эцгийнхээ гар бичмэлийг зохих газарт нь өгснөөр Монголын тухай нэгэн сонирхолтой баримт олны хүртээл болсон аж.
“Халх Монгол дахь 1920-21оны…” үйл явдлыг Торновский үзэл суртал, ямар нэгэн эрх ашигт баригдалгүйгээр цэргийн хүний ёсоор шулуухан бичсэн нь маш үнэмшилтэй санагдана. Түүний бичсэнийг товчлон найруулж толилуулж байна.
…Ф.Оссендовски нар Барон Унгерний талаар янз бүрийн ном бичиж хэвлэгдээд байхаар нь миний бие үйл явдлын амьд гэрчийн хувьд бодит байдлыг хэлэх нь зүйтэй гэж үзлээ…гэж уг дурсамж эхэлдэг. Нөхөр Торновский Колчакийн армид байхдаа удирдлагаа алагдсаныг дуулаад цэргийн хэргээ түр орхин Улаан-Үд дэх гэр орноо орхин Хүрээнд орж иржээ. Энд ирээд наймаа арилжаа хийн, ууланд түлээ бэлтгэх, улмаар уурхай ч нээх санаа төрж овоо хэдэн төгрөгтэй болоод авав. Тэгээд Монголын хойд хилд тулаад ирсэн улаан армийн дарга нарыг хахуульдан авгай хүүхдэдээ тусгай комиссар гэдэг бичиг үйлдүүлэн Хүрээнд татаж чаджээ.
1920 он гэхэд Монгол орон хоёр сая хүнтэй байсан, үүний 800 мянга нь Ар Монголд амьдардаг. 7,6 сая малтай. Их л ядуу орон харагддаг байлаа. Өргөө хот гурван хэсгээс бүрддэг. 65 мянга орчим хүнтэй байсан болов уу. Үүний тал нь хятад цэрэг, иргэд байсандаг. Монгол хүмүүсийн дийлэнх нь лам нар агаад мянга гаруй оросууд амьдардаг.
Ийн аж төрж суутал төмөр замын Дагуур өртөөн дээр “Нармай Монгол” улс байгуулагдаж, Нэйс гэгээн засгийн газар байгуулж монгол гаралтай атаман Семенов ерөнхийд нь алс дорнодыг мэдэлдээ авдаг. Семеновын дотнын найз Барон “Азийн морин дивиз” гээчийг эмхлэн байгуулж, Халх Монголыг чөлөөлж хүрээгээ тэлэхээр Онон мөрний эхээр орж ирсэн юм. Урьд нь Семенов, Унгерн хоёр цагаан хааны цэрэг байхдаа Монголын Ховдын хязгаарт офицерээр алба хашиж байсан найзууд билээ. Тийм ч учраас эд Монголыг сайн мэддэг байсан юм. Унгерний цэрэг Хүрээ рүү Сэлбэ Улиастай голын дундуур одоогийн Цагаан даваагаар даван ирж Хятадын армитай тулалдаад ихэд ялагдан буцсан. Энэ үед Хүрээн дэхь оросуудын байдал хүндэрч хувьсгалч үзэлтэй Кучеренко нар биднийг гамин цэрэгт ховлосноос болж олон хүн шоронд орсон юм. Барон 1921 он гармагц хоёрдугаар сард дахин довтолж өөрөөсөө хэд дахин олон хүнтэй Хятадын байнгийн армийг бутцохисон. Тэр үед маш их цуу явж байсан. Хятадын талд үнэн очдоггүй байсан болохоор олон мянган цэрэгтэй арми ирчихэж гэж сэтгэлээр унаад ялагдсан байх талтай. Хятадууд Бээжингээс нэмэлт хүч татах хүсэлт гаргасан байсан. Түүний түрүүчийг Барон өөрөө мордон Чойр орчимд хиар цохисон юм. Үүнээс хойш хятадууд Монголд Бароныг дийлэхгүй юм байна гэж ойлгоод дахиж нааш нь цэрэг цуух хөдөлгөөгүй. Бароны дивизид өмнө хамт цэрэгт байсан танил Резухин маань ирсэн тул тэрээр намайг “Өвөө”-д танилцуулж улмаар би “Азийн морин дивиз”-ийн штабын даргаар томилогдсон билээ. Резухин бид хоёр хороо командлан гамин ба улаантантай олон удаа тулалдаанд орж явлаа.
Борис Петрович Резухин бол тухайн үед хошууч генерал цолтой, маш цэвэр цэмцгэр, моринд гарамгай, ухаалаг, үүрэг даалгаварыг биелүүлэхдээ алдаа гаргадаггүй, хүмүүсийг өөртөө татах чадвартай нэгэн байсан юм.
Барон бол дунд зэргийн нуруутай, унжсан ширвээ сахалтай, язгууртан гаралтай боловч тийм шинж огт байхгүй, хувцас хунар нь хир даг болчихсон, цэргүүдийн нийтийн хоолноос иддэг, хээр гадаа хаана ч хамаагүй унтаад өгдөг, байлдаан болгонд цэргүүдийн өмнө гарч тулалдаанд ордог, нэг тулалдаанд дор хаяж хоёроос гурван морь бахардуулан хаядаг, барагтай бол суманд өртдөггүй сонин хүн байж билээ. Дэлхийн I дайнаас эхлээд тоймгүй олон тулаанд орсон тул түүн дээр шарх, шагнал хоёр ёстой асгардаг байсан гэдэг.  Би штабын ажлыг өдөр бүр алга дарам цаасан дээр маш товчхон илтгэдэг байсан. Аж ахуйн талын мэдээлэл удаан хэлбэл маш их уурлаж загнах тул бушуухан гарахын түүс болдог.
Хүрээг чөлөөлсөнд Богд хаан их ёслол үйлдэж Баронд засгийн эрхийг өгөн цол хэргэм хайрлан, гоёмсог шар тэрлэгээр шагналаа. Дээлний мөрөн дээрээ генералын мөрдэсээ хадаад ордноос гарч ирсэн бөгөөд түүнээс хойш насан эцэстлээ уг дээлнээсээ салаагүй юмдаг. Барон Хүрээнд байхад Оросын хувьсгалаас дүрвэн ирсэн олон хүн түүний цэрэгт элсэн түүний дивиз армийн хэмжээнд хүртлээ хүчирхэгжиж, монгол цэргүүдээ Магсаржавт хариуцуулсан. Харин Магсаржав Улиастай явж тэндхийн байдлыг тохинуулах гэж яваад урвачихаж билээ. Барон  Өргөөг эзэлснийг тухайн үед Улиастай дахь Хятад эрх баригчид огт мэдээгүй байсан ба Чүлтэм сайд эвээр зохицуулан нутаг руу нь  буцаахаар болоод байсан. Тэнд мөн л улаантан, цагаантан, гамингууд аль аль нь ил далд үйл ажиллагаа явуулж байлаа. Улиастайг хятадаас чөлөөлөх  Бароноос тушаал авсан Доможиров нар удирдлагаас гарч дураар авирлан тэнд маш бүдүүлэг алхам хийсэн юм. Үргэлж согтуурхан балмад авирладаг Безродный гэдэг офицер мөрөөрөө нутаг руугаа гарч явсан хятадуудыг араас нь хөөж гэнэдүүлэн устгаж, дараа нь найран дээр Чүлтэм бэйсийг багалзуурдан алсан байв. Тэрээр гэмгүй олон хүнийг хэлмэгдүүлэн улааны туршуул хэмээн сэрдэж үүн дотор надтай холбоотой матаасыг хүртэл олж ирсэн байдаг. Дотно анд Резухин байгаагүй бол би ч ялгаагүй Баронд алуулах байлаа. Харин яагаад ч юм польш хүн Оссендовки л ганцаараа буруугүй болж улс төрийн хэрэгт хутгалдан яваад байсныг одоо хүртэл гайхдаг.
Нэг газар удаан байх дургүй адгуу Барон Өргөөд тухалж, бүтээн байгуулалт хийхийг хүссэнгүй. Тэрээр Монголын хилийг давж Оросын нутагт ээлжит аян дайн хийн большевизмтэй тэмцэхээр боллоо. Байгалын цаадах нутаг улаантнуудыг үзэн ядах нь ойлгомжтой, тийм тул энд дэмжлэг олно гэж тэрээр найдаж байсан нь талаар болсон билээ. Бид Галуут нуур хүртэл явж олон удаагийн тулаан хийж улаантнуудыг ёстой бут ниргэж байсан. Нутгийн буриадууд их дэмжиж байсан боловч сайн дураараа цэрэгт орох хүн олдоогүй. Хэрэв та нар хүчээр дайчлавал явна гэцгээж байсан. Харин энэ хоорондуур Шетинкин тэргүүтэй “селесерь”-үүдээс бүрдсэн улаан арми Сүхбаатарын хамт Монгол руу нэвтэрч Их хүрээнд төвхнөөд лам Бодоо засгийн газрын тэргүүн болчихсон байв. Хаа сайгүй улааны суртал нэвтрүүлгэ газар авч манай анги байрлал дээр хүртэл тэдний хөөргөсөн бөмбөлөг өглөө бүр унаж суртал ухуулга цацаж байлаа.  
Ийнхүү Барон Хятадаас булаан авсан боловсорсон алим шиг амттай Монголыг улаантнуудад зүв зүгээр бэлэглээд орхчихжээ.
Яваандаа цэргүүд цалингаа нэхэж, учир утгагүй дайнаас залхаж эхэлсэн юм. Хамгийн сүүлчийн хангалтыг зураач Рерих надад авчирч өгөөд Халх руу буцлаа.
Азийн морин дивизийн  Орост хийсэн байлдаанд 200 гаран цэрэг алагдсан бол улаантнууд 2500 цэргээ алдсан тоо байдаг. Орост хийх дайнд Казагранди явахаас татгалзсан тул түүнийг араас нь очиж цаазалсан. Мөн Резухиний анги Сэлэнгэ мөрний нөгөө эргээр харалдаа явж байсан боловч холбоо тасарсан. Байгаль нуур орчмоор улаантан улам идэвхижсэн тул Барон Унгерн Монгол руу буцсан юм. Монголд иртэл байдал мөн л бүтэлгүй талаараа эргэж хамгийн түрүүнд буриадууд зөнгөөрөө мэдэрч цэргээс оргож эхэлсэн.(Бичигч Ардын журамт цэрэг Алтанбулаг, Хиагтыг хэрхэн чөлөөлсөн байлдааныг маш тодорхой нөгөө талаас нь бичжээ. …Монгол Оросын хил дээр Троицкосавк, Хиагт, Маймаачин гэх зэргэлдээ гурван хот байсан. Тэнд улаантны Стерений 750 цэрэг, нэг их бууны батерей, найман пулёмот,Сүхбаатарын удирдсан байлдааны муу бэлтгэлтэй мөн 700 орчим монгол цэрэг нийт 1600 орчим хүч байрлаж байсан. Тэгвэл манайд генерал Резухины бригад ирээгүй байсан боловч Унгерний байнгийн бэлтгэлтэй 2000 гаран хүнтэй бригад, үүн дотор түвд, хятадын хороо ч багтаж байсан. Ингээд зургаан сарын тавны үүрээр 12 км өргөн фронтоор Троицкосавск руу довтлон орсон. Эхний өдөр тулалдаан амжилттай болж гол гол обьектуудыг эзлээд буцаж ирэн цэргүүдээ амраан нэг хоносон. Бодвол дайныг мэргэлдэг лам нар нь нөгөөдөр байлдвал ялна гэж мэргэ төлөг буулгасан юм шиг байгаа юм. Энэ нь давшилтийг хэзээ ч бүү зогсоо гэдэг дайны зарчмыг зөрчсөн бүдүүлэг алдаа байлаа. Тэр хооронд нь улаан цэрэг нэмэлт хүчээ араас татан ирж биднээс хавьгүй олон болсон хойно дахин довтлоод амжилт олоогүй. Унгерн өөрөө хажууханд нь хийх ажилгүй зүгээр явж байсан Резухины бригадад хэл хүргээгүй. Уг нь Резухин Хиагтын яг ар талд нь явж байсан бөгөөд улаантнууд ч мэдэж байсан тул маш их сандарч байсан юм билээ. Энэ байлдааныг Унгерн маш муу удирдаж хий дэмий л галын шугаман дундуур улаан галзуу амьтан давхиад л байсан. Тэгээд дийлэхгүй нь тодорхой болмогц цэргээ татаж, хүнс, эм хангамжийн их нөөц бүхий Троицкосавскийг орхин явсан. Замдаа Ивцэг харуул орчим Сүхбаатарын цэргийг нэг сайн цохиж өгөөд Орос руу хийх дайнаа цааш үргэлжлүүлсэн. Энэ хооронд Сүхбаатар Унгернийг ялсан мэдээ хоногт 200 км түгэн тархаж “Дайны бурхан” Унгерний нэр хүнд олон түмэн дунд навс унаж байсныг хожим мэдсэн гэжээ.) Барон сайн цагийг иртэл аль нэг газарт хэсэг байзнах зорилгоор Хөвсгөлөөр дамжин Тувад оргонохоор боллоо. Тэнд очиж улаантнуудаас холдон цэрэг зэвсгээ базааж байгаад эргэж дайрах төлөвлөгөөг дээд офицерүүд нь эрс дургүйцэж үймээн гарлаа. Эхлээд Резухиныг ятгаж анги командлахыг хүссэн боловч тэрээр татгалзсан. Тэгмэгц шөнө нь түүнийг 18 удаа буудаж хөнөөсөн. Найзыг минь устгасан мэдээ сонсоод гуниж суутал офицерүүд над дээр ирж дивиз командлахыг санал болгосон билээ. Би хариуд нь саналаа хэлж дахиж байлдаан хийлгүйгээр Монгол орныг хөндлөн туулж Өргөөгийн хойгуур Батсүмбэрээр дамжин Халх гол орон улмаар Манжуур луу гарцгаая гэснийг тэд зөвшөөрлөө.
Голын нөгөө эрэгт мөн л хуйвалдаан болж Бароныг гэнэдүүлэн буудсан боловч азтай энэ сонин хүн суманд өртөлгүй Машка нэрт мориндоо мордон алга болсон. Дивиз бас л Манжуур луу хөлгийн жолоо эргүүллээ. Гэтэл Барон гэнэт зам дээр гарч ирэн буцацгаа хэмээн хашгирхад бараг ихэнх нь айсандаа өмдөндөө шээс дусаасан байх. Тэр ч бүтэлтэй юм болоогүй бөгөөд генерал Монгол цэргүүдээ бараадсан. Нэгэнт байдал буруу тал руугаа эргэснийг Бишрэлт гүн Сундуй аль хэдий нь мэдэрсэн болохоор Бароныг явдал дунд нь барьж хүлээд майхан босгон тэнд орхин гүнээ залбиран орхисон. Улаантны толгойн анги Баронийг ийн хэвтэж байх юм гэж огт санаагүй тул маш ихэд баярлалдан авч явсан бөгөөд Новониколаевск хотноо цаазаар авсан.
Хожим сураг сонсоход Богд гэгээн тусгай маарамба илгээн сэхээн амьдруулж Түвд рүү гаргасан гэдэг бөгөөд үнэмшихэд  бас бэрх. Гэхдээ Баронтой маш адилхан хүний зургийг хожим би Шанхайд явж байхдаа харсан юм. Яг л мөн дөө. Түүнээс гадна Хятадын хааны охинтой хэсэг хугацаанд сууж нэгэн хүү төрүүлсөн бөгөөд эхнэр хүү хоёр нь Пү И хааны ордонд амьдарч байсан юм. Сүүлд дүрвэж ирсэн улаантнууд ярихдаа Бароныг улаан армид дээгүүр алба хашихыг санал болгож байсан боловч тэрээр эрс эсэргүүцсэн гэцгээж байлаа.
Харин би Резухины ангийг аван зүүн зүгийг барин явж замдаа Монгол цэргүүдийг гэрт тарааж, бас нэлээн тооны хятадуудаасаа ч салсан. Манай түвдийн хороо Богд хаанаа бараадан дэмжлэг авч нутаг буцахаар шийдэж  үлдсэн цэргүүд маань Орхон гол дахь Нарны сүм дээр очин хамба ламтай наймаа хийн эцсэн морьдоо сольж , хүнсэнд хэрэглэх бүх малаа төхөөрөн давсалж шуузлаад маш хөнгөн ачаатай болж авсан. Хоёр хүний дунд нэг хөтөлгөө морь бэлдэж, ачаа тэргээ эвдэн их бууныхаа замгийг аван задлаад хавцал руу нисгэж орхисон. Тэгээд нэгэн газарч лам олон нууц замаар Хэнтийн Бэрээвэнгийн хийдээр дайран олон мянган цэргийг зургаахан хүний гарзтайгаар Манжуур хүргээд тус тусын замаа хөөсүгэй хэмээн тарааж орхисон билээ. Замд миний нэг нөхөр улаантантай партизанчлана гээд Хараа голд үлсэн. Тэгээд сураг тасарсан. Бароны анги бидний замаар нэлээд хожуу Манжуурт орж ирсэн бөгөөд тэднийг Островский удирсан юм билээ. Тэд замдаа Сэлэнгэ мөрөн дээр сүүлчийн тулаанаа хийж дахиж араас мөрдөх аргагүй болтол нь цохиод зүүн Монголд буун дуу гаргаагүй…(Зэлтэрийн гацаа гэж кинон дээр гардаг. Үнэндээ бол Островскийн удирдсан анги улаантнуудыг хавцал руу хуурч оруулаад бүгдийг нь хядсан тухай уг номонд гарах юм. Мөн цагаантнууд зүүн хязгаар луу гарахдаа дахиж байлдаан хийгээгүй тул зүүн хязгаарыг тохинуулах Бумцэндийн анги хаана хэнтэй тулалдсан нь бас худлаа болох гээд байгаа юм. Сурв. )
Г.Торновский дараа нь Харбин руу эхнэр хүүхдээ татаж чадсан бөгөөд Шанхайд цагаантны төлөө хөдөлгөөний идэвхтэй гишүүн явж байжээ. Удалгүй дэлхийн II дайн эхлэхэд Орос хүний зангаар хэдий коммунистуудад дургүй ч цагаантны бүх хөдөлгөөнөөс татгалзаж эх орныхоо төлөө хилийн чанадаас тусалж эхэлсэн байна. Дайн дуусч  гадаадад байгаа Оросууддаа уучлах үеэр эх орондоо очсон. Очоод энгийн аж төрж суутал баривчлагдан 25 жилийн ял авчээ. Гэхдээ  түүнийг Бароны штабын дарга байсан гэдгийг зөвлөлтүүд мэдээгүй. Мэдсэн бол өчиггүй цаазлуулах байв.Торновский энэхүү дурсамжаа 1941 онд бичээд баримтжуулаад үлдээсэн байсныг нь саявтар АНУ-ын цэргийн архиваас олж хэвлэлтэд гаргажээ. Манай авьяаслаг зохиолч , орчуулагч Ж.Нэргүй бээр уг дурсамжийг бүрэн эхээр нь Монгол хэлнээ дуун хөврүүлж “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ” нэрээр гаргасан юм.
Уг номыг уншихад манай тэр үеийн байдлын эрс өөр ойлголт төрөх бөгөөд аливаад зөвхөн нэг талаас сурталдах хожим ямар уршигтайг мэдрүүлэх бөлгөө.