Ерөнхий сайд ажлаа өгөх нэг хэрэг, харин түүнийг залгамжлагч хэн бэ гэдэг нь илүү чухал асуудал юм. Ерөнхий сайдын бие муу байгаа тухай, ажлаа өгөх гэж байгаа тухай цуурхал аль эрт буюу нөхөн сонгуулийн өмнө л тарж эхэлсэн юм. Хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга ажлаа өгнө гэдэг улстөрийн том эргэлтийн шинж мөн л дөө. Гэвч өгөх өгөхгүйн заагийг өнөөдөр давна.
Цагтаа ЗХУКН удирдлагаа сэлгэхдээ Л.И.Брежневийн дараа Ю.В.Андропов, К.У.Черненко нарын өвгөчүүлээр жийрэг хийж эцэст нь залуу бөгөөд хэт шийдэмгий М.С.Горбачёвыг гаргаж ирснээр ХХ зууны хамгийн аугаа гүрэн задран унасан түүхтэй. Монголдоо ЗХУ болсон МАХН-д яг ийм зүй тогтол ажиглагдаад байгааг ахин давтан бичээд байгаа нь санамсаргүй юм биш. Гэхдээ нэг л байр солигдчихож, ЗХУ-ын социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, номхон томоотой К.Черненко нь хашир КГБ-чин, хатуу  Ю.Андроповынхаа ард орчихсон юм. Социализмын үед урамшуулал бол одон медаль, харин капиталист нийгэмд ашиг байдаг. К.У.Черненкод одон медаль хангалтай байсан ба ЗХУ-ын түүхэнд социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар 16 төрсний нэг нь тэр. Нөгөөдүүл нь алдарт зохион бүтээгч Туполев, Ильюшин, Зөвлөлтийн цөмийн эцэг Курчатов зэрэг аваргууд, улстөрийнхнөөс өнөөгийн Казахстаны эцэг, академич Динмухаммед Ахмедижанович Кунаев, бас Н.С.Хрушев. Тэрс үзэлтнүүдээс академич Сахаров байдаг. Өгүүлэлтэй холбож, ашгаар нь дүйцүүлбэл М.Энхболд Монгол хэмжүүрээр Черненкод ойртож очно.
Б.Ганчимэг нийтлэлчийн бичдэг үнэн л дээ. С.Баяр бол МАХН-ын “нөгөөдүүлээсээ”  тэс өөр хүн, албан тушаалын сэнтийнээс  үхэн зуурахын оронд өөрийнх нь хэлдгээр “хөнгөн сууж” чадах хүн. Бас тэр энэ албыг гуйж биш, гуядаж, олон нийтийн хүлээлтээр авсан хүн. Хэрэв надаас “Чи Баярыг ажлаа өгөх тухайд ямар бодолтой байна вэ?” гэж асуувал “өгчихөөсэй” гэж хэлнэ. Яагаад гэвэл  үнс нурам болсон МАХН энэ хүний эрүүл мэндийг сорон  эргэн сэхэж байгааг хараад суух үнэндээ сайхан ажил биш юм. Лав л миний нүдэнд үхдэл амилж, ороолон босч байгаа мэт харагдаад байна. Сүүлчийн шархныхаа цусыг цувируулсан энэ нам эрчээрээ дайраад 2012 онд үнэмлэхүй ялалт байгуулбал улс орон ахиад гацаанд орно. Үүний гол шалтгаан нь С.Баяр. Түүний ажлын сайн мууг үнэлэх маны ажил биш л дээ, ер нь тайлбарлахдаа тулбал яаж ч тайлбарлаж болно.
Жишээ нь атрын гуравдугаар аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо улаан буудайн хэрэгцээний 80 хувийг хангадаг болсон нь С.Баярын мундгийг харуулж байна гэж бичиж байна. Тийм ээ, гэвч цагтаа гүн Дракулаас ч аймшигтай дарангуйлагч Н.Чаушеску унахынхаа өмнөхөн яг ийм аяныг амжилттай хэрэгжүүлж, Румыны газар тариаланг бусад коммунист орноос хавьгүй сайн хөгжүүлж, лав л бусдаас гуйхгүй болж чадсан юм. Тэгж яривал Монгол ч гэсэн тэр үед дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад илүүг нь ахдаа өгдөг байсан. Гэвч Чау, Цэдэнбал хоёр явсан. Асуудлыг атраар хэмжих боломжгүй л дээ.
Оюу толгойн гэрээг зүтгүүлсээр батлуулсан нь бас л сайн, сайхан хэрэг. Хэрэв ингээгүй бол өдийд “нөгөөдүүл нь” улсад биш өөртөө 34 хувийг авчихаж мэдэх байв. Эсбөгөөс илүү ойр, хамтран ажиллахад амраар нь “Чайналко”-той “Рио Тинто”-той байгуулснаас хавьгүй ашигтай нөхцлөөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулчихаж чадах байсан юм. Монголчууд барууны империалистуудын мөлжлөгөөс ард түмнээ аварсан ачийг нь бас л магтах байсан. Харин одоо АН-ынхан асуу, бид юу хийсэн юм бэ? гэж. АН-ынхныг их бодож янхандсан л гэж байна. Олон нийт ингэж бодож байгаа учраас Д.Зоригтод 60, Р.Бурмаад 30 хувийн санал өгч байна. Гэрээ байгуулсан нь АН-д ёстой падлийгүй юм байна.
Эрхбиш Ерөнхийлөгчтэй учраас 30 хувийн санал авлаа, Үнэндээ АН МАХН-тай өрсөлдөх улстөрийн хүчин биш болчихсон байна. Монгол Улс ганц намтай, тэр нам нь бүтээн байгуулагч, хөрөнгө оруулагч, коммунизмын үед зөв зүйтэй улс орныг залж жолоодож байснаар барахгүй цаашдаа ч зөв замаар ард түмнээ удирдан жолоодох чадамжтай юм байна гэж ард түмэн маань бодож байна.
Өнөөдөр С.Баярыг сөрж дуугардаг чөлөөт хэвлэл алга болжээ. Энхбаярынхан бол ойлгомжтой, ардчилалд хайртай ингээгүй, яагаад гэвэл урд нь тэд өөр хүнд хайртай байсан. Бусад нь бүгд л магтаж, сайшааж байна. Зөвхөн энэ л нэг юм хэлээд байна. Тахин шүтэж эхэлж байна уу, хаашаа юм? Яагаад сүүлийн үед ийм болчихов оо? Энэ улс орныг хэн ийм болгоод байна вэ? Цаашид ингээд яваад байх уу? Засгийн газарт буруу юм алга уу?
Үүнийг олон хүн анзаардаггүй юм, Жишээ нь монголчууд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгочихлоо, одоо тэр УИХ, Засгийн газраа хянаад байж чадна гэж бодож байгаа. Гэтэл цагтаа Н.Багабандийг Н.Энхбаяр яаж буланд нь шахаж байсныг санаж байгаа хүн алга. Н.Багабанди сүрхий сөргөлдөж байсан шиг л ойлгож байгаа, гэвч тэр ердөө 2003 оноос л идэвхжиж эхэлсэн, сөрөг хүчнүүд нэгдсэний дараа л зориг орсон. Тэгэхэд ерөнхийлөгчтэй, ерөнхийлөгчгүй улс оронд Н.Энхбаярын хаанчлал тогтчихсон байсныг хэн ч мэдээгүй. Яг өнөөдрийнх шиг баярлаж байсан. Мянганы зам тавигдаж байна гэж баярлаж байсан,  Бороогийн ордод 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт орлоо гэж тамшаалцгааж байсан, төсөв ашигтай гарлаа гэж, ДНБ жилийн 10 хувь өсөж байна гэж баярлаж байсан, ахиад нэмэхэд их өр тэглэгдчихлээ гэж нус баастайгаа холилдож байсан. Өнөөдөр харин бүгд эргээд энэ бүхнээ уралдан нулимсаар ам нь хатчихсан байгаа биз. Тэгсэн мөртлөө Засгийн газраа магтацгаагаад л... Ер нь Монголчууд хуучин сайхан цагаа мартаагүй л юм шиг, болдог юм болдгоороо болж “стан” болох уу.
Залгамжлагч хэн бэ?
МАХН-д идэвхжиж байгаа цэл залуу үеийнхний төлөөлөл намын даргаар тодрох болов уу. Ажиглагчдын нэр дэвшүүлсэн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, М.Энхболд тэр тусмаа Н.Энхбаярт ямар ч боломж байхгүй. Хэн ч байж болно, тэр нь Горбачёв байна. Шинэчлэлийн уриагүй бол хол явахгүй учраас үүнийг л барьж авна.
Жа.Энхбаяр тэргүүлж байгаа мэт харагдаж байгаа бүлэглэлд УИХ-ын гишүүн Бямбацогт, Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Занданшатар, сайд Отгонбаяр, шинэ гишүүн Зоригт, дунд нь Загджав холилдчихсон тууж явна, алба авч үзээгүйгээрээ залуу болдоггүй юм бол тэр юуны залуу байхав. Ер нь бол 2008 оны сонгуулиар УИХ-д орж ирсэн залуус. Тэдний ард МАХН-ын залуучуудын байгууллага бий. Хэдийгээр У.Хүрэлсүх өнөөгийн байдалдаа сэтгэл ханасандаа МАСЗХ, Зүүний хүчний холбоог идэвхтэй ажиллуулахгүй байж чадах авч цаадуул нь “хуц ухна тавьчихсан биш, яахаараа дандаа “хөгшчүүл” эрх мэдлийг атгаж байх ёстой юм” гэж араа шүдээ хавирч байгаа юм. Тэд хуучуулынхаа бошгыг халах гэж байна.
Ердөө “Оюу толгойн” гэрээг батлахын өмнөхөн МАХН-ын бүлгийн дотор эвгүй хөдөлгөөн ажиглагдсаныг бичиж байсан. Гэрээгээр далимдуулж Засгийн газрыг унагахын тулд Н.Энхбаяр МАХН-ын бүлгийн залуусыг өөртөө татахыг оролдсон. Ингэснээр С.Баярын Засгийн газар бүлэг дотроо цөөнхийн дэмжлэгтэй болох шахсан тул буулт хийв. Тодорхой хэлбэл нөгөө талд дөчин хэдэн гишүүнийх нь 25 нь гарчих шахсан юм.
Хоёр том буулт хийсний нэг нь М.Энхболдын бүлэглэлийн амыг хаахын тулд 4000 айлын орон сууцыг төсвийн мөнгөөр худалдан авч төрийн албан хаагчиддаа бэлэглэх шийдвэр гаргасан юм. Хямралд нэрвэгдсэн, төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн, Оюу толгойн урьдчилгаа 100 сая ам.долларыг тарааж өгөхөөр төлөвлөсөн учраас дэлхийн банкнаас авахаар тохирсон 200 гаруй сая ам.долларыг үүнд зарцуулах болов. Засгийн газар  Монголын банкуудынхаас хамаагүй бага хүүтэй энэ зээлээр төрийн албан хаагчиддаа орон сууц авч өгөх тохиролцоонд бараг хүрч байна. Гайтай нь ам.метрыг нь 650 мянган төгрөгөөс доош үнээр авах тухайгаа зарлатал нөгөө шуналтнууд нь хямд байна гэж голоод бэлэн зэхээний  ашиглалтанд орсон 4000 орон сууц байхгүй маягийн юм ярьж эхэлсэн. Сарын өмнө 4000 сууцыг авахгүй бол бид өр бөөсөндөө таталдаж үхлээ гэлцэж байсан шүү дээ. Үнэндээ орон сууцны ам.метрийг нь гүйцэтгэгч компани ашгаа тооцоод 230 орчим ам.долларт барьж өгдөг. 350 орчим мянган төгрөг. Гэтэл төрд шахагч захиалагчид ам.метр бүрээс олох 300 мянган төгрөгөө чамлаж байна. Барилга барихын тулд зуруулдаг 1450 гарын үсэг, хотынхноос өндөр үнээр худалдаж авсан газрын үнэ зэргээ тооцоод ашиг олохгүй гэж боджээ янз нь. Үүний цаанаас газраа үнэгүй авсан, хууль бум эмиссэр бага хүүтэй зээл авсан хотынхны компаниуд хатгаж байгаа. Ингээд ирэхээрээ асуудал чимээгүй болж, ханцуйны наймаа явдаг даа, яг тэр үе эхэлж байна. М.Энхболд дөрөв дэхь социалист хөдөлмөрийн баатраа нэхэж байна.
Хоёр дахь том буулт нь залуучуудыг талдаа татахын тулд миний л дуулснаар 11 дүгээр сард ажлаа өгөх талаар ярьсан юм билээ. Ярьсан ч юу байх вэ?  Наадуул нь тэгж ойлгосон байна, тэгээд баталгаажуулж авахын тулд цуурхлыг дор нь явуулж л дээ. Мэдээж түүнийг нь ичгүүр, доромжлол үзсээр галзуурах шахаж байгаа Н.Энхбаяр шүүрээд авалгүй яахав дээ. Гайхалтай нь нам, засаг хоёр буруутнаар нь Н.Энхбаярыг тодруулах гэж оролдох байх. Бодитой эсэх нь хамаагүй, дүүжлүүрт савлах хэн нэгэн байхад болно. Гэтэл асуудлын гол нь үнэндээ залуучуудад нь байгаа юм, “Үхсэндээ яараад байгаа бацаанууд вэ?”.
Уг нь МАХН-ынхан боловч эргэлт хийх гэж байгаа залуусыг үнэлж байна. Яагаад гэвэл Н.Энхбаяр нөхөнд дэвшиж, улстөрд буцаж ирэхийн тулд тэднийг ашиглах гэсэн ба тэдний хүчээр Засгийн газрыг унагаад шанд нь “том бялуу хүртээе” гэж гуйсан юм. Хариу нь “Бялууг та биш бид хуваана” гэсний хүчинд С.Баяр тогтож үлдсэн. Одоо бол Н.Энхбаяр зохион байгуулагч биш, дэмжигч болжээ. Тэр хуйвалдаанаас залуучууд нь хожиж гарсан байна. Н.Энхбаяр хөөрхий Р.Бурмааг дэмжсэнийхээ шанг хүртэнэ гэж айгаад өдийд хярчихаж, хөлснийхөн нь ажилгүй болж өөр хүмүүсийг царайчилж явна. Ингэхээр эргэлт залуучуудын хүчээр хийгдэх болно. Тэд АН-аас УИХ-д орсон залуучууд Баярсайхан, Тэмүжин, Батбаяр эд нараас хавьгүй зоригтой, хүчтэй байна. Хамгийн гол нь тэд шударгаар гомдож байна. Оюу толгойн гэрээ батлагдчихлаа, нөхөнд ялалт байгуулчихлаа, одоо бүх хэрэг бүтсэн бол та хэн юм бэ? гэвэл ямар ч залуу хүн шаралхсандаа босчихно.
Сүүлийн боломж
Нийгмийг шинэчлэхийн хүсэгчид С.Баяраас ганцхан зүйл хүлээж байсан. МАХН-ыг огт өөр нам болгохыг. МАХН-ыг мянга шинэчлээд яах юм. Их сайндаа л ХКН болно, тэр зүг рүүгээ ч явж байна. Суурь шинэчлэл эхлээгүй намд удирдагч солигдох нь Зян даргыг Ху даргаар сольсонтой адил бус уу? Ангич, хувьсгалч нэртэй энэ намын нэрийг л сольчихсон бол их том шинэчлэл байв. Зөвхөн энэ ангич нэрийнхээ улмаас Чингис хааны угсааныхныг нарийн бүртгэн хядсан ба үүний гайгаар өнөөдөр нэг нөхөр Чингисийн удмынх болчихсон тууж яваа. Үүнээс харахад л Чингис хааны нэр хүнд МАХН-ынхнаас арай дэндүү дор байгаа биз? Тэр нөхөр Сүхбаатарын удмын гэж хэлэхгүй байна.
Наад зах нь нэрийг нь сольсон бол тэсч үлдэх боломж намд нь байсан юм. Ямар ч нэр байсан яадаг юм, МАХН л биш бол. Судалгаагаар намын гишүүдийнх нь 8 хувь нь л нэр солихыг зөвшөөрсөн гэнэ. Тэр найм бол их өндөр тоо юм шүү дээ. Сольсны дараа МАХН-ын гишүүд гомдоод сүйд болно энэ тэр гэж юу байхав, хэзээний л хуарангийн цэрэг шиг хүмүүс. Гомдоод байвал тус бүр 20 мянгыг атгуулчихад л болоод явчихна. Энэ бол “мааз” биш үнэн.
Одоо бол МАХН цорын ганц тулгууртай байна, энэ бол С.Баяр. Чухам иймээс С.Баярыг огцруулбал энэ нам замдаа гарна. Ингэх шалтгаан бий. Эхлээд МАХН-ыг устгачихаад дараа нь хөгжлийн тухай ярихгүй бол Монгол “ардчилсан” гэсэн тодотгол бус “стан” гэсэн дагавар авах гэж зүтгээд байдаг болж. Үүнээс болж байшин шатааж, хүний амь үрж байна, хямрал ахиад удаан үргэлжилнэ. МАХН-ынхан өнөөдөр цэвэр ариун нэртэй болохын тулд Н.Энхбаярыг адлаж байна. Тэгээд л болоо юу? Унасан хойно нь өшиглөж байгааг нь харахаар бөөлжис цутгана. Назарбаевын хүргэний номыг “Загалмайлсан хадам эцэг” нэртэйгээр хагас сарын дотор захиалгаар орчуулуулаад нөхөн сонгуульд нэр дэвшигчийг сонгох намын бага хурал дээрээ тарааж байсан МАХН-ынхан “Авилгын загалмайлсан эцэг-Намбарбаеваас салах нь чухал” гэж ойлгуулах гэсэн болохоос “Дахин стан болохгүйн төлөө” яах вэ гэдгээ яриагүйгээр барахгүй, яг стан болгох алхамыг хийсэн юм.
Зарчмын хувьд буруу үйлийнх төлөө Н.Энхбаярыг шүүх нь зөв, тэр ч байтугай авилга, хээл хахууль, хууль бус орлогынх нь төлөө шоронд хэдэн ч жил хатааж болно. Гэхдээ түүнийг ийм болгосон цаад нам нь зүгээр өнгөрвөл энэ шударга явдал мөн үү? Н.Энхбаярыг шүүж хорьж, МАХН-ын нэр цэвэршиж байх завсар дараагийн Н.Энхбаярыг нууц лабораторидоо бүтээж байвал яахав. Тиймээс “Өглөө” ч бил үү, “Тэмцэл” ч бил үү  нэг кинонд “Буудсан хүнийг олсон” гэхэд “Биш ээ цаад эзнийг нь” гэдэг шиг харах хэрэгтэй юм.  
2012 оноос өмнө
Нөхөн сонгуулиар тунг нь хэтрүүлснийхээ төлөө МАХН баларч байгаад АН-ынхан нэг их баярлаад хэрэггүй л болов уу. МАХН-д үе солигдож байна, гэтэл АН-ынхан залучуудаа үл тоохоор барахгүй нэр дэвшигч болгоноо “Ардчилсан хувьсгалыг гардан хийгч” болгон хуучирсаар. Д.Зоригтоос “Та социалист намын гишүүн биз дээ, гэтэл сүрхий либерал алхам хийлээ?” гэхэд “Би эдийн засгийн хувьд либерал, улстөрийн хувьд социалист үзэлтэй хүн” гэж авдаг юм. Яг үүн шиг АН улстөрийн нэр нь либерал, бодлого нь социалист болчихож. Магадгүй хуучин соцдекүүд толгойд нь байгаа болохоор ингэж байгаа биз.
Хэрэв АН одоо л Засгийн газраас холдож, сөрөг хүчний байр сууринд очихгүй бол 2012 онд 30 хувийн санал авах нь. Үүнээсээ айгаад холимог системтэй сонгууль явуулах нэрээр 76 тойрогтой мажоритар систем рүүгээ буцах гэж оролдвол бүр нарим цохиулна. Намууд системээрээ оролдоод луйвраа хамгаалдгаас буруу замаар будаа тээж байна. АН эхлээд өртөө ашигтай хувилбар оруулдаг, МАХН эсэргүүцдэг тэгээд бөөн хэрүүл хараал болсны эцэст МАХН-д улам ашигтай хувилбар л батлагддаг. Залгаад өөр хувилбар оруулж ирж болохгүй учраас тэгээд л дуусаа. Ялангуяа хамтарсан үедээ системээрээ оролдвол МАХН-д ашигтай хувилбар л гарах магадлал өндөр. МАХН-ын 25-д шахагдсаар хуулиа өөрчилж, 2000 онд сонгогчдын саналын тэн хагасыг авчихаад ганцхан суудалтай үлдэж байснаа санахгүй бол одоо ахиад МАХН-ын урхинд орж 2012 онд гудамжинд гарах нь. Өнгөрсөн нөхөнгөөр Д.Зоригт ялагдсан бол МАХН-ын их хурлаас намын даргыг өөрчилж, Засгийн газар унах байлаа. Намаасаа илүү Засгийн газартаа хайртай АН-ын лидерүүд Засгийн газраа дэмжээд намаа гутамшиг болголоо.
Хэрэв ялагдлын төлөө МАХН-ын удирдлага огцрох ёстой байсан юм бол өнөөдөр АН-ын удирдлага ч бас огцрох ёстой. Тэр тусмаа өрсөлдөгч нам нь нугалсан саналаар илүүрхэн гутааж байгаа бол, Н.Энхбаяр дэмжээгүй бол үүнээс илүү гутамшиг үзэх байснаа тооцох юм бол энэ зүй ёсны алхам юм. 2012 оноос өмнө азаар “Эх орны хишиг” өгч чадахгүй, хэрэв өгдөг бол АН сонгуулиас юу ч горьдоод хэрэггүй байв.
Маргааш юу болох бол?
Дараах  төсөөлөл гарч байна. Энэ удаад С.Баяр тэсэж үлдэнэ. Залуучууд нь ямар ч хамаагүй аргаар ялахын тулд Н.Энхбаяртай нэгдэнэ. Намынхаа өсөрхлөөс айсан Н.Энхбаяр энэ удаад бялуу хуваагч болно гэж зүтгэхгүй, зүгээр л өс авахын тулд тэднийг дэмжинэ. Хэрэв залуучууд нь санасандаа хүрэхгүй бол 2012 онд дэвшиж чадахгүй хавчигдах тул хагарал ноцтой. Энэ завсраас хотын фракц мөнгөө саасаар байна. Тэд хаанаас мөнгө авахаа мэдэж байгаа нөхцөлд аюулгүй ч гэсэн хэтэрхий ховдог учраас төсөв улам муудсаар байх болно. Хотынхон бол улстөрчид биш аж ахуйхан, гэхдээ хоёр тал хүч тэнцсэн нөхцөлд аль аль талаас нь худалдаж авах замаар өөрийн хүнийг намын толгойд гаргах гэж оролдож болзошгүй юм. Тиймээс МАХН хагарах тусам хотынхонд ашигтай.
Нөхөн сонгууль 2012 оны хээрийн сургууль болсон ба энэ сургуулиар АН тулалдаанд ялж чадахгүй нь тодорхой болсон тул удирдлагаа солихыг эрмэлзэх болно. АН-ын олонх үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа, тэр тусмаа сөрөг нөлөө нь хамаагүй давж тусч байгаа Засгийн газраас салж байж 2012 онд Засгийн эрхийг бүрэн авахаас өөр аргагүй гэдгийг  намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Б.Дэлгэрмаа ний нуугүй хэлсэн байна. Анхан шатны байгууллага муу ажилаагүй, яагаад гэвэл угаасаа нам нь ажиллуулаагүй юм чинь яаж дүн тавих юм, удирдлага муу ажилласан. Үнэндээ тэд санаатайгаар ажиллаагүй, гэхдээ тэд ажиллаагүй нь анхан шатны байгууллага ажиллаагүйгээс зарчмын ялгаатай.
Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл байхгүй ба эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдаа шахаж байгаа МАХН-ынхан шаардлагаа улам чангатгах нь зүйн хэрэг. 2012 онд амалснаа өгч чадахгүйгээ мэдэж байгаа нөхцөлд С.Баяр залуучуудад өгөх нөхцлөөр Засгийн газрын тэргүүнээс нэр цэвэр татгалзахдаа 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болзол тавих магадлалтай харагдаж байна. Энэ хувилбараар харвал 2013 онд МАХН-ын лидерүүдээс “насанд хүрсэн ба гарцаагүй ялах цорын ганц” нэр дэвшигч нь С.Баяр юм. 2012 онд МАХН ялагдлаа ч 2013 онд ялж болох юм. Харин АН дахь удирдлагын сэлгээ хурдан атлаа маш хүнд явагдаж болзошгүй юм. Энэ сэлгээнээс АН-ынхан бус МАХН-ынхан илүү айж байна.
Одоо МАХН АН-ын удирдлагуудыг тогтоохын төлөө ажиллах болов уу? Хэрэв АН-д эргэлт гарч, удирдлагыг тус нам дахь хамгийн нөлөө бүхий фракц МоАХ-ынхан авбал “Алтан гадас”-ынхан салж, Н.Энхбаяртай нийлээд улстөрийн том нам байгуулж болзошгүй юм. Сонгуулийн өмнөхөн Ан-аас салагчид буцаад намдаа орохыг бодож байлаа. Одоо яах бол? МоАХ намын удирдлагыг авахдаа тулбал намын дарга Э.Бат-Үүл байх болно. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс зөөлөн татгалзахдаа дараагийн намын дарга болох тохиролцоо хийснээ сануулах эрхтэй. Тэгээд ч АН-ын удирдлагуудыг Э.Бат-Үүлээс өөр хэн ч дийлэхгүй.
Харин “Энхбаяр ба Алтан гадас”-ын нэгдэл Монголын улстөрд ардчилсан социалист чиг баримжаатай буюу “социал демократ” нам байх болно. МАХН-ындарга, Ерөнхий сайд С.Баяр чухам үүнээс болгоомжилж байгаа тул Германы Социал демократуудыг ирэхэд намынхаа нэрийг “социал демократ” болгон өөрчлөх бодолтой байгаагаа хэлж, олон нийтэд дохио өгсөн юм. Хэрэв яарахгүй бол нэг талд МАХН цаашдаа үүрд коммунистаараа л үлдэх болно. Гэвч яахыг харж л байя.