Эрдэнэ гуайн амьдралыг өнөө үеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг. Хэнтийн буриад, арав орчим насандаа эцгээсээ өнчирсөн, тухайн үеийн их хядлагын золиос төдийгүй амьд гэрч, багадаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан, дараа нь МУИС-ын анагаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерийн сургуульд байхын шүлэг оролдож эхэлсэн, тавиад оны сүүлчээс богино өгүүллэг бичих болж энэ төрөл дээрээ шууд л нэг дүгээр ангилалд багтсан. Шинэ үеийн утга зохиолын монгол хэл буй болоход голлон нөлөө үзүүлсэн хэдхэн хүний нэг. Тэрээр нүдээр үзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зүйрлэшгүй урнаар дүрслэн үзүүлдэг байлаа. Ийм л учраас түүний амьдралыг хүмүүс цээжээрээ мэддэг болсон хэрэг.

Бичлэг болгон их хөдөлмөр, авъяас шаарддаг. Томрох тусмаа илүү хөдөлмөр, богиносох тумсаа илүү авъяас нэхнэ. Онигоо, афоризм, дөрвөн мөрт, богино өгүүллэг бол юун түрүүн авъяасаас л хамааралтай. Тиймдээ ч богино өгүүллэгийн түүхэнд төрсөн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов “богино бичлэг гэдэг авъяасын дүү нь” (краткость – это сестрица таланта) гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу! Богино бичлэг бол авъяасаас төрөн гарч буй үр хөврөл нь мэт. Өөрөөр хэлбэл Авъяасын хүүхэд нь богино бичлэг! Эрдэнэ гуай богино бичдэг байсан. Тэрхүү богино бичлэгт нь бүхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхон нүүр өгүүлэлд нь Библи, Коран, Дармапад гурвуулаа багтана. Түүний баатрын ганц харцанд төрөх үхэхийн хоорон дахь орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хүн төрлөхтний бүхий л түүх, амьдралын хамаг л утга учир агуулаатай.

Зөвхөн шинэ юм л аугаа байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оригынхоо дээр гарахгүй. Өнөөдөр Хамлет, Макбэтийг илүү урнаар, илүү сэтгэл татмаар урлах хүн бишгүй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирүүдийг хэн ч санадаггүй юм. Эрдэнэ гуай давтагдашгүй шинэ бүтээл хийсэн учраас хэзээ ч мартагдахгүй. Магадгүй тэрээр Монголын утга зохиолд төрсөн цорын ганц ориг ч байж магадгүй. Бид үндэсний юмаа магтан дуулах дуртай. Хоёр зууны өмнө амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг. Яахав үндэсний бахархал. Гэхдээ тэрээр мянган жилийн өмнө лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хонь хариулж яваа нүүдэлчний хувьд бол гайхамшиг, гэхдээ тоондоо онц сайн хүүхдийг өдгөө дэлхийн математикийн түүхэнд орлоо гэдэггүй шүү дээ. Харин Эрдэнэ гуай бол од. Огторгуйд олон мянган од бий ч од болох хувь заяа бичиглээч болгонд олддоггүй. Ингэж од болоход ийм болж төрөх хэрэгтэй. Эрдэнэ гуай ингэж төрсөн ажгуу.

Эрдэнэ гуай өөрийн амьдрал, мэдрэмжээ зураглахад нэг сэдэв үргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын түүхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ өөрөө энэ хядлагыг туулан гарсан. Үүнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. “Хрущевийн уярал” хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөөн нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эргээд энэ бүтээл нь хаагдсан боловч үзэл санаа галд шатдаггүй аж. Ерэн он харанхуй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодоггүй байсан сэдвээ дахин хөндлөө. Аль дал наяад оны үед зориг гарган хэвлүүлсэн Сэрүүн дуганы мөхөл дэлгэцэнд шилжлээ. Удалгүй их хядагын тухай түүний роман хэвлэгдэв.

Хойд насандаа уулзая бол түүний сүүлчийн, цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан омогорхол багтаж ядан чихэлдэх аж. Энэ бүхнийг хоёр хуудсанд багтаах боломжгүй, учир нь зохиолч хүний эмгэнэлээс гадна түүхэн учир шалтгааныг нь гаргах гэж хичээжээ.

Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. 9-р сарын 10-нд болно. Үнэндээ ийм нэршил ч хэлмэгдүүлэлт юм. Хэлмэгдүүлэх гэдэг нь хэн нэгнийг эндүүрээд юм уу хэтрүүлээд шийтгэчихийг хэлдэг. Гэтэл энэхүү сүүлийн хориод жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдүүлэлт биш, цуст аллага юм. Оросууд үүнийг репрессия гэнэ. Ийм төрлийн хувьсгалт аллага анх хийсний хувьд францчууд grand pourge гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн үг. Энэхүү хядлагад Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн тав тутмын нэг нь амиа зольсон. Үүнийг гадаад хэлээр геноцит гэнэ. Энэ нь үр үндсээр нь хүйс тэмтрэнэ гэсэн үг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз?

Нөгөө талаас хэлмэгдүүлэл гэгч энэхүү үр үндсээр нь хядсан аллага 1937 оны 9-р сарын 10-нд эхэлсэн юм биш. Өч төчнөөн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ өдөр Монголын төрийн удирдагчдыг бөөнөөр нь баривчилж гарсан. Өөрөөр хэлбэл энэ өдөр Монголд өрнөсөн хядлага ид дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр “Саж ламын хэрэг” гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм. Далаад оны үед хот ороод ирсэн хөдөөний өвгөнөөс сонин юу байна гэж асуухад “Үхсэн оросын 100 жил, Үлдсэн хэдийн 50 жил, Өмч хураасны 10 жил гээд хөөрцгөлсөн амьтан л их байх шив” гэсэн гэдэг. Ингэхээр өдгөө хэдэн арван жил үргэлжилсэн “хэлмэгдүүллийн” дараа үлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болом.

Эрдэнэ гуайн роман хувьсгалын жилүүдийн ердийн нэгэн оныг хамрана. 1934 он. 1932 онд ард түмний бослогыг цус асгаруулан дарж, бороохой шийдмээр зэвсгэлсэн малчин ардын эсрэг аэроплон, их буу танк бүхий байнгын арми оруулан хядсанаас хоёр жилийн дараа. Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жил. Тэр жил буриад ястныг үр үндсээр нь хяджээ. “Улаанбаатарын”, “Хэнтийн”, Дорнодын” гэсэн гурван зохиомол хэрэг үүсгэж нийлүүлээд “Лхүмбийн хэрэг” гэж нэрлэсэн аж. Баривчлагсадыг дундад зууны инквизаторын аргаар эрүү шүүлтээр тамлан зовоож байв. Үй олон хүнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн төрсөн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон.

Хядлагын он жилүүд нийтдээ далаад жил үргэлжилсэн. Үүний сүүлийн дөчин жил нь магадгүй үнэхээр аллагын бус харин ердөө л хэлмэгдүүлэлтийн жилүүд байсан байх. Намын хурал дээр даргыг шүүмжилсэн хэрэгт нь буудан өгөлгүй ердөө 25 жил цөлж нийгмээс гадуурхана гэдэг аллага биш хэлмэгдүүлэлт л дээ. Ийм хар дарсан аймшигт урт удаан тамыг хүмүүс мартах учиргүй юм. Дахин давтагдуудахгүйн тулд мартахгүй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нүгэлт институци өдгөө бурхан буян суртчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ төлөө ард түмнээс уучлал гуйх байтугай өөрснийгөө хэлмэгдсэн гэсэншүү юм ярина. 1932 оноос Монголын хэрэгт огт оролцохоо больсон Коминтернийг буруутгана. Намын нэр хүндэд муу гэдэг шалтгаанаар энэ талаар гарсан судлагааны номыг “хэлмэгдүүлэлтийн 70 жилийн ойг” тохиолдуулан бөөнөөр нь шатаасан байх юм. Манай ард түмэн ч уужуу сайхан сэтгэлтэй юм болохоор хар буруу санадаггүй, харин хядуулсан өвөг дээдсийнх нь амь болгонд нэг сая төгрөг төлөхөд хэд хоног сайхан цадсан даа. Буудуулсан 20 мянган ламын хойд дүр болох өнөөгийн улаан шарыг хослуулагсад МАХН-ыг бурхны шашинд хамгийн ээлтэй улс төрийн хүчнээр шалгаруулсансан. Хамбын овооноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдэгийн урьд өдөр шүү. Хувь заяа мөн ч шоглоомтойёо!

Бузар хэргийг мартуулахгүй, өөрөөр хэлбэл давтагдуудахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сүүлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бүтээв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий, лав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арай ч салаавч үзүүлсэнгүй, гэхдээ үгүй л гэж дээ. Ийм киног санхүүжүүлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь түүх давтагдахгүй нөхцлийг бүрдүүлнэ шүү дээ. Ц.Доржготов “Үр ач танаа” нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай “Хойд насандаа уулзая” гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нүүр тахлаад дуусна. Ичмээр юм, үндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хүний гүндүүгүй сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Өнгөрснийг санахгүй, ирээдүйг төсөөлөхгүй, харин өнөөдрийн үмх махны төлөө биенээ ч барьж идэхэд бэлэн.

2007 оны 7 дугаар сар 30