• Монгол хүн оюун санаа, сэтгэл зүрх, тархи толгой доторх энэ муухай хог, хир буртагнаасаа үтэр түргэн салах цаг болсон байна
  • Эдний амжилт, ашиг нь улстөрчдийн балайр ашиг сонирхол, шуналыг хөдөлгөчихөөд байна. Ц.Элбэгдорж нь ямар ч хамаагүй гэдгээ хэлчихсэн атал хамаатай болгох гэж дайрцгаагаад л...
  • Өнөөдөр 20 тэрбум төгрөг гаргаад Монголд анх удаа өвлийн спортын ордон барьчих хамт олон хэд байдаг юм бол!
  • Эрдэнэтэд ийм нэг биш хоёр биш, бүр 12 байдаг юм билээ. тэгээд атаархаж хонзогнож, адлаж байхаар тэр овоолгуудыг "ачит ихт"-ийнхэн шиг ашиглаач дээ
  • 190 гаруй тэрбум төгрөг төсөвт оруулж, 200 гаруй ажлын байр бий болгон мянга гаруй хүний амьдралд гэрэл гэгээ татуулан авч явж байгаа нь монгол хүн бүрт БАХАРХАЛ яагаад биш гэж

Эгдүү хүрээд ерөөсөө болдоггүй ээ. Нэг танил минь саяхан над руу утасдаад “Ачит Ихт” компанийн тухай бичсэн тэмдэглэлийг чинь уншлаа. Монгол Улсад маш мундаг компани мэндэлжээ хэмээн талархан баясаж байсан юм. Гэтэл новш гэж. Энэ чинь Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын компани байсан байна ш дээ” хэмээн агсарч байна. Цааш нь сонстол баахан улстөржиж бухимдаад, эцэст нь энэ баяжаад байгаа “п”-нууд үхвэл таарна гэж ирээд хараалыг ч ёстой нэг урсгаж байна аа. Би түүнд тайлбарлалаа. Тэгээд ойлгох ямар ч хүсэлгүй шинжтэй болохоор нь “Хэнийх нь ч байсан ер нь чи бид хоёрт ямар хамаа байна. Монгол Улсад, монголчуудад илт ашигтай нэг компани байгуулагдаад, төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулаад, 200 гаруй хүнийг ажлын байртай болгон, мянга гаруй хүний ар амьдралыг дааж яваа нь үнэн байхад бусад нь тийм чухал уу! Тэр компанийн өндөр үр ашигтай ажиллаж байгаа нь чи бид хоёрт тэгээд гай болоод байгаа юм уу. Чи юундаа үхчих гээд бархираад байгаа юм бэ” гэж хариу чангарч, түүнээсээ болоод баахан бухимдчихдаг юм. Түүнийг ингэтлээ тавгүйтэн, өөрийнх нь хэлснээр цус харвачих шахаад байгааг нь бодлоо. Өөрийнхөө бухимдсаныг ч бодлоо. Надад ингэж бухимдах шалтгаан ер нь өдөр болгон шахуу гарч ирээд байдаг болж. Манай энэ улс оронд болж бүтэж байгаа юм ерөөсөө нэг ч алга болохоор тэр үү! Өнөөдөр Монголын нийгэм, хүмүүсийн амьдралыг өөлөх өөгүй, харлах сүүдэргүй гэж хэлэхгүй ч, бид өөрсдөө амьсгалах амьсгалынхаа тоогоор шахам тэр хар сүүдэр, өө сэвийг тодотгон харж, сэтгэлдээ ургуулан бодож, улмаар томруулан, тэрхүү “бүтээсэн” хиймэл бухимдалдаа бухимдсаар сүүлдээ бүр зовлонт дүрдээ итгэх болоо юу! Эрхгүй ингэж бодон эргэцүүллээ. Надтай бодол санал нийлж байна уу, үгүй юү гэдгээ эрхэм уншигч абугай та ч тунгаагаад нэг үзээрэй. Монголчууд бид язгуурын ийм шинжтэй эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэддэг монгол хүний зан араншин, сэтгэл зүйд өнөөдөр маш том өөрчлөлт оржээ. Би өөрийгөө ч хамааруулж байна. Илт ажиглагдаж байгаагаар бид бүр адгийн гэмээр атаач жөтөөч ард түмэн болжээ. Өөрсдөө хийж бүтээхгүй мөртлөө бусдыг хийж бүтээсэнгүй гэж хараана. Хийсэн бүтээсэн, өнгөтэй өөдтэй яваа нэгнээ бол бүр нэг нүдээр үзэхгүй шүү. Өөдөө нар харуулнаа гонж! Баян чинээлэг амьдарч байх юм бол бүр дуусаа! Байнгын доромжлол, хараал зүхэл, заналхийлэл, хардалтыг мэдэрч, дарамт дор амьдрах болно. Тэгсэн атлаа бүгд баян чинээлэг болохыг хүсэн мөрөөднө. Энэ шинж байдал, эмгэг хот, хөдөө гэлтгүй хил хязгаараа тэлж, эр, эм хар, шар гэлтгүйгээр монгол хүн бүрээс илэрдэг юм. Хараад ажаад байгаарай. Өөрт чинь байгаа эмгэгийн эл шинж эргэн тойрныхноос чинь бараг л бүгдээс нь анзаарагдана. Бидний улс орон өөдөлж, өндийдөггүйн хамгийн том шалт гаан энд байгаад байх шиг байна. Бүхнийг муугаар бодож, харж, үнэлж, үгүйсгэсээр байгаад даслаа шүү дээ, бид! Болж бүтэхгүй байгаа бүхний шалтгааныг өөрөөсөө биш бусдаас хайна. Магадгүй энэ дэлхий дээрх хамгийн ухаан муутай амьдарч байгаа үндэстэн байж мэдэх ч, бидний өөрсдийн онгирч байдгаар бол энэ орчлон дээр бид шиг УХААНТАЙ хүмүүс алга бололтой байдаг. Амьдралыг аймаар мэддэг, бөөн туршлага, цэцэн мэргэн ухааны туйлууд, баахан л бусдыг  сургасан, өөрөөсөө бусдыг муулсан ард түмэн. Ажил хийж, амьдралаа додомдохын оронд эр, эмийн ямар ч ялгаагүй ховбазаж, бусдад ямагт жөтөөрхөнө. Ийм байгаад байхаар чинь яаж бидний сэтгэлд гэрэл гэгээ тусах юм бэ? Дээр дурдсан танил маань Ц.Элбэгдорж, П.Цагаан хэмээх хоёр хүний тухай нарьгүй дээрээ юу мэдэх юм. Мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй атлаа бухимдаж хараахын учир байна уу? Зүгээр л бидний нөгөө “би чадна”, “бид хамгийн ухаантай” хэмээх эмгэгийнхээ нөлөөнөөс болж аймаар мэдэмхийрч над руу утасдсан байна. Нөгөөтэйгээр түүний эргэн тойронд энэ хүмүүсийг хараадаг муулдаг, атаархдаг, жөтөөрхдөг, харлуулдаг атмосфер байна. Надад тохиолдсон жишээг энд татан тодотгож байна л даа. Миний тэр танил Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн Ц.Элбэгдорж гэдэг хүнд атаархсан, хонзогносон үгэнд зүгээр л итгэж. Би ч Ерөнхий сайд асны хэлж ярьж байгааг нь сонссон. Цэвэр атаархал гэхээсээ хувь хүмүүсийн хонзогнол түүний хэлж ярьж байгаагаас нь мэдрэгдэж, мэдэгдэж байсан. Нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр эрхэм. Тэгээд хоорондоо зөрчилдөх болсон хоёр. “Шударга бусын хонгил” гэдэг нэр томъёо энэ хоёрын зөрчилдөөн дундаас л анх гарч ирсэн. Улстөрчид угаасаа увай муутай хэдий ч нэгэн цагт энэ улсын хувь заяаг атгаж явсан эрхмүүд ингэж эрээ цээрээ алдах үнэхээр муухай харагдсан. Хамгийн гол нь энэ хоёр хүний хоорондын харилцаанаас болж улс орноороо улам муухай харагдаад байгаа нь хэцүү байна л даа. Бусдыг хохироож, гомдоож бүр хэлмэгдүүлэх шахаж байна ш дээ. 

Description: https://lh4.googleusercontent.com/jcnMTLsYYIfLsJDhiiOJKbhUnEG0yjIgVaxeCGnThXsCaXlmW4im6fyC-AcEuVGokTo8FTOr3LGICF9PSct1ggSjIPw7QOCElfmJRyUPocXS8DAEL8lm0skKD8AwVeMt2g5MSvcQ

Н.Алтанхуягийн үеэл дүү нь “Ачит Ихт” компанийг байгуулалцаж яваад замаасаа гарч. Хожим энэ компани аймаар ашигтай ажиллаад эхэлмэгц эргэж очоод их мөнгө нэхсэн гэдэг. Улмаар Н.Алтанхуягийн нэр барьж хувьцаа эзэмших ёстой гэж хэрүүл хийгээд явдаг болсон тэр хүний нэрийг энд дурдсангүй. Ерөнхий сайд асан маань ч зүгээр байсангүй, “...Жилд Ц.Элбэгдорж энэ компаниас 400 тэрбум төгрөгийн ашиг авдаг” гээд хэлчихсэн. Хэдийгээр “Задгай цагаан” хэмээн ард түмэндээ алдаршсан нөхөр хэдий ч энэ удаагийнх арай ч хэтийдсэн задгайрал төдийгүй хүмүүсийн атаа жөтөө, хонзогнол, дургүйцлийг асар хөдөлгөж байгаагаараа хортой юм. Зориуд монголчуудын эмгэгийг хөдөлгөхийг хүсэж байна л даа. Энэ нь “Ачит Ихт” компанийн хамт олон, түүнийг үүсгэн байгуулагч П.Цагаан гэдэг нөхөрт чиглэх зорилготой. Зүгээрл нэгэн цагт Ц.Элбэгдоржийн багт ажиллаж байснаасаа болж П.Цагаан гэдэг хүн болон “Ачит Ихт”-ийн хамт олон бизнесээрээ, хөдөлмөрөөрөө, амьдралаараа, нэр төрөөрөө хохирч болохгүй шүү дээ. Эдний амжилт, ашиг нь улстөрчдийн балиар ашиг сонирхол, шуналыг хөдөлгөчихөөд байна. Ц.Элбэгдорж нь ямар ч хамаагүй гэдгээ хэлчихсэн атал хамаатай болгох гэж дайрцгаагаад л... Улс төрийн шалгарсан арга барил энэ мөн л дөө. Надтай утсаар ярьдаг нөхрийн уншсан “Ачит Ихт”-ийн тухай тэмдэглэлээ бичихийн тулд би эл компанийн үйл ажиллагааг очиж үзэж, олон зуун ажилтантай уулзаж, Эрдэнэтийн иргэд, удирдлагуудын үгийг сонссон билээ. Би ганцаараа биш надтай хамт төвийн бүхий л хэвлэл мэдээллийнхэн очсон. Очиж нүдээрээ харж, мэдэрсэн хэний ч бахархал эрхгүй төрөхөөр хамт олон, үйлдвэр, технологи тэнд жигдэрсэн байдаг юм. Эл үйлдвэрийн талаар энд дахин дурдаад баймааргүй байгаа ч, яагаад бүтээж босгож байгаа болгоныг үзэн ядаж, үгүйсгэн дарж, устгаж, унтрааж байж бидний бах ханах ёстойн учрыг ерөөсөө ойлгохгүй байгаа болохоор бичихээс өөр арга алга. Монголчууд 1974 оноос хойш ашиглах боломжгүй гэж овоолсон овоолгыг “Ачит Ихт” гэдэг компани маш сайн менежмент, маркетинг, хамгийн шилдэг технологи нэвтрүүлэн ашиглаж жилд 190 гаруй тэрбум төгрөг төсөвт оруулж, 200 гаруй ажлын байр бий болгон мянга гаруй хүний амьдралд гэрэл гэгээ татуулан авч явж байгаа нь монгол хүн бүрт БАХАРХАЛ яагаад биш гэж. Ийм боломж бусдад байна уу гэвэл байна. Эрдэнэтэд ийм овоолго нэг биш хоёр биш, бүр 12 байдаг юм билээ. Тэгээд атаархаж, хонзогнож, адлаж байхаар тэр овоолгуудыг “Ачит Ихт”-ийнхэн шиг ашиглаач дээ. Оролдож үзсэн нэг нь бусдыг хулхидаад, луйвардаад алга болцгоосон байдаг шүү дээ. “Ачит Ихт”-ийн талаар бичсэний дараа энэ “хулгайч” нарыг ингэж баяжаад байхаар атаа хөдлөөд байх юм байна ш дээ гэж олон хүн хэлэхийг сонслоо. Ийм юм сонсохоор хийж бүтээж байгаа нь бүү хэл гутдаг юм байна. Бид нээрээ ямар муухай болчихсон ард түмэн бэ гэж бодогдох. Ганц “Ачит Ихт” ч биш, ер нь амжилттай яваа компани, хамт олон, хувь хүн бүр ямар эрсдэл туулж, ямар бэрхшээлийг давж өнөөгийн амжилтад хүрч байгааг бид яагаад эргэцүүлдэггүй юм бол. Хов жив хөөцөлддөг хүн болгоны цаана атаа жөтөө дагалддаг нь хууль. Өнөөдөр 20 тэрбум төгрөг гаргаад Монголд өвлийн спортын ордон барьчих хамт олон хэд байдаг юм бол!

“Ачит Ихт” гэдэг компани ингэж чадаж байгаад нь яагаад бид баярлахгүй байна вэ? Баярлахгүй байх шалтгааныг би л лав олж харахгүй байна. Атаархал уг нь тийм ч муу зүйл биш л дээ. Сайхан өрсөлдөж, бусдын гаргасан шиг, бүр түүнээс давж гарсан амжилт гаргана. Илүү сайн сайхныг бүтээнэ, цогцлооно гэж атаархан хөдөлмөрлөдөг бол гайхамшигтай хөдөлгөгч хүч нөлөө үзүүлдэг тийм үү! Бусдын сайн сайханд ингэж л хандах хэрэгтэй байна шүү дээ. Бид бие биедээ дургүй бол бусад улс үндэстэн бидэнд тэгж л хандана. Бид бие биеэ хайрлахгүй бол өөр ямар ч улс үндэстэн хайрлахгүй. Монгол хүн оюун санаа, сэтгэл зүрх, тархи толгой доторх энэ муухай хог, хир буртагнаасаа үтэр түргэн салах цаг  болсон юм биш үү. Энэ их хуримтлагдсан хог, новшноосоо салж, цэлийж цэлмэтэл нь цэвэрлэх эсэхцэвэр өөрсдөөс маань хамаарах зүйл шүү дээ. Хэн ч биш гэдгээ мэддэг хүн л бусдад атаархаж, сайн сайханд хорсож, шаналсаар тамыг бүтээдэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бусдын сайн сайхан яваа нь бодолд оруулж, толгойд тань өвчин болон зовоогоод байна уу. Тэгвэл тэдний сайн, өөрийн тань өөдгүй яваагийн шалтгаан бол өөрөө л байдаг юм байна гэдэгт би хувьдаа итгэдэг болсон. Атаа жөтөө, хонзогнол хувь хүнд төдийгүй улс оронд цэцэглэн хөгжих боломж бололцоог олгож өгдөггүй юм байна. Бид дотоод үнэт зүйлсээ тэлэхийг, хүчирхэг байлгахыг хүсвэл энэ муухай эмгэг, зуршлаасаа зоригтойгоор салах л хэрэгтэй болох нь дээ. Тэгсэн цагт шал өөр зам биднийг тосох буй за. Мэдээж хамгийн хүчирхэг улс үндэстэн болох зам. Тиймээс над руу утасдаж бухимдаад байгаа танилдаа болон бүгдэд хамаатуулж байна. “Ачит Ихт” шиг компани Монголд мянга, түмээрээ бий болоосой гэж чин сэтгэлээсээ хүсцгээе! Бусдад ач санаж чаддаггүй юм бол атаа жөтөө үүсгэн шаналж тарчлахаа больцгооё! Би л лав хувьдаа ач тусын чухлыг ямагт эрхэмлэн бичих болно. Бүр дахин дахин шүү.