Зарим номлооч нар Бурханыг хүнээс улам холдуулж зөвхөн өөрөөр нь дамжиж холбогдох алсын шүтээн болгодог. Гэтэл зарим нь Бурханыг тэнгэрээс буулган дэргэд авчирж, гараас хөтлөх дотны замчболгон харуулна. Улмаар, чи өөрөө бурханы мөн чанартай гэдгийг хэлж, сэтгэл зүрхний гүнд нойрсон бүүдийсэн гэгээрлийн түүдгийг дэвжээн бадрааж өгдөг. 

Хүмүүнийг сэрээн дууддаг номлогчийн нэг нь Ошо бөлгөө.НЭПКО хэвлэлийн газрын “Агнистын гэгээ” цувралын чамгүй хэсэг нь Ошо багшийн сургааль, тайлбар байдаг нь ч тийм учиртай.

Нэпко хэвлэлийн газар “Агнистын гэгээ” эрт эдүгээгийн гэгээрсэн мэргэдийн сургаал, түүний тайлал номын цогц 21 ботийг эрхлэн гаргасан. Энэ удаа үргэлжлэл хоёр цуврал номыг “Тэнгэрээ бүү март, Эрдэнийн сан” нэртэйгээр уншигчдынхаа гарт хүргэж байна. 

Агнистын гэгээ: “Тэнгэрээ бүү март” ном Ошо билиг ухааны түүхүүд, Дагалдуулал, Ошо бясалгал, Сургамж үгс, Бодрол гэсэн таван үндсэн бүлэгтэй. Ошо билиг ухааны түүх нь сургамжит, гүн гүнзгий утга агуулгатай түүхийг хэн ч уншихад ойлгогдохоор энгийн , яруу бичигджээ. 

Энэ цуврал “Ошо бясалгал” гэгддэг амьсгалаа ажих, нойр цэнэглэх бясалгал, нүүрээ амраах дасгал, хайраар амьсгалах, өөрийгөө хуяглах зэрэг өдөр тутмын амьдралдаа дадуулбал зохих баясалгалын арга ухаан багтжээ. 

Номын “Аз жаргалаа бүү хойшлуул. Ийм ажил бүтсэн хойно, тийм амжилтад хүрсэн хойноо л би тайван амьсгална” гэж болзол тавих хэрэггүй. Тэртээ тэргүй та одоо ч гэсэн амьсгалж байна шүү дээ. Харин маргааш амьсгалах эсэх нь баталгаагүй. Тийм учраас яг одоо л амьсгалж байгаадаа талархан залбирч, таашаан баяс” гэдэг эшлэл хэчнээн энгүүн бас үнэн сонстном бэ. 

“Эрдэнийн сан Буддын сургаал” номын цоморлог Сургаал, Тарни уншлага, Бясалгал, Дагалдуулал гэсэн гурван бүлэгтэй. 

Бурхны сургаал ном бидний амьдралд яагаад хэрэгтэй, бусдыг шүүхгүй зөвхөн өөрийнхөө дотоод гүн рүү орж өөртэйгөө нүүр тулах сургаал, бясалгал, тарнийг орчин үеийн хүмүүст задлан тайлбарлажээ. 

Чухал бус үйлийг орхиж 

Аясын амгаланд шүт.

Цуурай мэт үгсийг тэвчиж 

Аниргүй агаарт орш... 

Хүн хамаг амьдралаа орхиж даяанчлах албагүй. Хүний энэ хорвоод ажиллаж амьдрах орчин нөхцөлдөө бид зохицох хэрэгтэй. Гагцхүү энэ дунд чухал хийгээд чухал бус зүйлсээ ялгаж сурахын ач тусыг Буддын сургаалаар тайлбарлажээ. Эргэж олдошгүй эрдэнэт хүний чөлөө учралыг санан утга төгөлдөр үйлдэлд л бие, хэл, сэтгэлээ дадуулваас утга учир тэр буюу. 

Номын дагуулалд Агнистын гэгээгийн өмнөх цувралуудын тэмдэглэлийг оруулж өгснөөрөө энэ ботийг агуулгын хувьд улам өргөн, илүү гүн болгожээ. 

Амьд явах нэг хэрэг, жинхэнэ утгаараа амьдрах өөр шүү гэж Агнистын гэгээ сануулнам гэсэн өгүүлбэрээр төгсгөмөөр санагдлаа. 

Бурханы шашны нэгэн домогт , олон түмний элдэв гуйлтаас залхсан Бурхан бээр нуугдах газар хайсан тухай өгүүлдэг. Ингээд нэгэн мэргэн өвгөнөөс асуужээ. Өвгөн түүнд “Та саран дээр очоод нуугдсан ч хүмүүс олоод очно. Харин тэднийхэзээ ч өнгийж хардаггүй нэг л газар байгаа. Тэр бол дотоод сэтгэл нь юм. Та сэтгэлд нь ороод нуугдчих гэжээ. Бурхан түүний үгэнд ороод хүний сэтгэл орж нуугдсан гэнэ. Харин бид түүнийг сансар огторгуй, уул хад, удган модноос эрэн хайсаар бөлгөө.

Бурханыг өөрөөсөө эрсэн аяны тань нэгэн хөтөч Ошо байх болно. Өөрийнхөө дотоод сэтгэлийн гүн рүү сайтар өнгийгтүн... Бурхан тэнд байгаа.