ГУРВАН ЛАГШИНГ ЯЛГАН ҮЗҮҮЛЭХҮЙ ХЭМЭЭХ
ГУРАВДУГААР БҮЛЭГ

НЭГ:

Тэгээд Акаша-гарба / Огторгуйн зүрхэн / бодьсадва суудлаас босов. Тэрбээр номын хувцсаа нэг мөрнөөс буулгав. Баруун хөлөө газарт өвдөглөөд, алга хавсран бөхийж Бурхан багшийн өлмийд сөгдөн мөргөв. 

Тэгээд Бурхан багшид айлтгав. Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Түүнчлэн заларсан бурхад, бодьсадва нарын сэтгэл, оюун ухааны хүч чадал тэнцэшгүй их байдаг билээ. Энэ нь хэрхэн бүтсэнийг хэлж болгооно уу? хэмээн айлтгав. 

Бурхан багш зарлиглав. 

Язгуурын хөвгүүнээ. Бурхад бодьсадва нарт гурван бие лагшин заяасан байдаг. Тэр нь энэ мэт байдаг. 

  1. Хувилгаан бие лагшин. 
  2. Төгс жаргалангийн бие лагшин.
  3. Номын бие лагшин. 

Эдгээр гурван бие лагшин Бурхдад урьд өмнө тэд нарынүйлдсэнбуяны ерөөлийн үр шимээр үүссэн байдаг юм.

Нэг. ХУВИЛГААНЫ БИЕ ЛАГШИН.

Бурхад бодьсадва нар. Тэд олон амьтадын төлөө олон ном айлдварыг бүтээсэн. Тэд багшийг шүтсэн. Тэд бурхадыг шүтсэн. Тэд нар номыг шүтэж судалсан. Тийм учраас. Тэд нар билэг оюун ухааны эцэст хүрсэн. Ингэж тэд нар ном оюун ухаан, энэрэл хайр, эрдэм чадлын их авшгийг[1] олсон юм. Тэд их авшгийнхаа хүч чадлаар бусдын бодол санаа, тухайн орчин нөхцөл байдлын сайн мууг саадгүй мэддэг болсон. Тэд нар цаг хугацааны болон бусад элдэв олон явдлыг зохицуулж хэрэглэх хүч чадлын лагшинг олсон байдаг. Үүнийг хувилгаан лагшин гэдэг хэмээн Бурхан багш зарлиглав. 

Хоёр: ТӨГС ЖАРГАЛАНГИЙН ЛАГШИН

Язгуурын хөвгүүнээ. Бурхад бодьсадва, тэд нар хоосон чанар болон үнэмлэхүй үнэн[2] чанарыг таньж мэдсэн. Тийм учраас. Тэд амьтанд тохиосон гай түйтгэрт[3] үл тачаадаг. Тэд буян хийгээд өглөгийн ач тусыг дээдийн дээдэд санан үйлддэг. Тэд сүшиг бишрэлийн агуу ихийг наминчлан чанадад хүрэх үйлд эргэж үл буцахыг баттай гүйцээж үйлдсэн. Тэд хоосон чанар, үнэмлэхүй ухаан, үхэл мөнхрөлийн үнэн мөн чанарыг баттай мэдэж чадсан. Тиймээ. Үхэл бол гарцаа үгүй ирнэ. Энэ амьдралд юу ч мөнх бус. Дараа сар. Дараа жил хэзээ ч үхэж магадгүй. Тийм учраас. 

Буян номонд шамд. Дотор сэтгэлээ ариун байлга. Хилэнц ихт. Хор их. Хар ихт дотор муу нисваанис-ыг барьж дарж хорьж үйлд. Амьтан бүхний тусын тулд баясуулан үйлд. Тэнцэшгүй их буян заяаг хураах болно. Энэ мэт төгсөшгүй их төгөлдөр төгс жаргалангийн лагшинг бүтээдэг юм хэмээн Бурхан багш зарлиглав. ...

ХОЁР:

Гурав. НОМЫН БИЕ ЛАГШИН

Язгуурын хөвгүүнээ. Бурхад, бодьсадва махасадва нар нисванисаас салж төгсөгсөн. Тэд хоосон чанар болон үнэмлэхүй билэг оюун ухааны төгс их тэр хэмжээсэнд очсон. ... Тийм учраас. Номын лагшин урьд хоёр лагшингаас ангид өөр байдаг. Номын лагшин бол тэр хоёр лагшингийн үндэс суурь лагшин болдог. Түүнд эндүүрэл гэж үгүй. Түүний ач тусыг хэмжиж жишиж чадахгүй. Түүний хэмжээс хязгаарыг хэн боловч мэдэж үл чадна. Түүнчлэн заларсан бурхад энэ мэт үнэнхүү билгүүн их номын лагшинд оршдог хэмээн Бурхан багш зарлиглав. 

Язгуурын хөвгүүнээ. Бурхад тэд нар ном түүнийг эцэст нь хүргэн судалсан. Бусдад туслах билгүүн ухаан, арга хүч чадлыг тэд ном түүний хүч чадлаар олж болгоосон. Тэд тэндээс олж мэдсэн. Тийм учраас бурхадын үйлс зөнгөөрөө бүтдэг юм. Тийм учраас. Номыг шүт. Бурхадыг шүт. Багшийг шүт.

Язгуурын хөвгүүнээ. Сэтгэл бодол олон янз. Нисваанис олон янз. Үйл үйлдэл олон янз. Үйлийн үр бас олон янз. Энэ мэт номын мөн чанар болоод утга олон янзыг үзүүлдэг. Түүний аль нь дээдийг олж жишихэд бэрхтэй байдаг билээ.

Язгуурын хөвгүүнээ. Ерөөл номын хүчинд буян заяат нэгэнд төгс жаргалан болон хувилгаан лагшин хуралдан бий болдог. Хэрвээ тэнд номын лагшин үгүй аваас. Үнэн төгс мөн чанар гэж үгүй байдаг. Хоосон чанар болон үнэмлэхүй үнэний мөн чанар, утга учир бол. Энэ мэт байдаг хэмээн Бурхан багш зарлиглав. 

ГУРАВ:

Язгуурын хөвгүүнээ Төгс жаргалант болсон хувилгааны лагшинд мэргэших аваас. Цогцсын үлдэгдэл сэлттэй зовлонгоос ангижирсан. Номын лагшинд мэргэшсэнээр цогцсын үлдэгдэл үгүй зовлонгоос ангижирсан хэмээн бурхад зарлигласан. Тэр мэт. Энэ гурван лагшинд гурвууланд нь мэргэших аваас. Үл орших зовлонгоос ангижирсан байдаг. Энэ учир нь номын лагшингаас илүү их бурхан үгүй гэсэн үг юм. Яагаад гэвэл дээрх хоёр лагшин нь үнэмлэхүй бус байдаг. Түүнд төрөх эвдрэхээс ангид оршил гэж үгүй байдаг. Энэ мэт цаашид давтагдах болно. Тиймээс төгс жаргалант болон хувилгаан лагшиг зовлонгоос салсан хэмээн үл болгоодог юм. Түүнчлэн номын лагшин нь тэр хоёр лагшин үгүй аваас зовлонгоос салсанд оршихгүй. Эдгээр гурван лагшиг нэг дор шүтэж үл чадах аваас. Зовлонгоос үл салсан хэмээн зарлигласан билээ.

Бурхан багш зарлиглав. 

Язгуурын хөвүүнээ. Эгэл нэгэн төрөлхтөн. Энэ мэт. Билэг чанарт үл хамаардаг. Тийм учраас тэд гурван лагшингаас хол оршдог юм. Тэд нар доорх гурван чанарт хүлэгдсэн байдаг. Тэр гурав нь алив вэ? Хэмээвээс. Энэ мэт байдаг.Нэрийтгэлийн билэг чанар[4]. Бусдын эрхэт[5] билэг чанар. Огоорч бүтээхийн[6] билэг чанар. Энэ гурав байдаг билээ. Тийм учраас. Эгэл төрөлхтөн тэд нар үл мэдэх, үл итгэх, үл хорих, үл ариусган үйлдэх үйлийг орхигдуулдаг. Тийм учраас. Тэд гурван лагшинд үл оршдог юм. Харин бурхад бодьсадва, махасадва нар бол энэ мэтээссалж хагацсан байдаг. 

Язгуурын хөвүүнээ. Учир үл мэдэх эгэл төрөлхтөн тэд нар доорх гурван тийн мэдлийг үл тэвчдэг. Тийм учраас. Тэд гурван лагшингаас хол оршдог билээ. Тэр нь юу вэ? Хэмээвээс. Энэ мэт байдаг. Бодитойд орох[7] тийн мэдэл. Бүхний сууринд орших[8]сэтгэл. Суурийн[9] тийн мэдэл. Энэ гурав билээ. 

Язгуурыг хөвүүнээ. Бүх юмс сэтгэл бодлоос үүсдэг. Тийм учраас. Өөрийн сэтгэлээ, бодлоо ямагт ариун байлга. Хир буртгийг нь байнга арилгаж цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэж тийн мэдлээ ариусгах болно. Орохын тийн мэдэл ариусваас. Хувилгаан лагшинг олно. Оршихын тийн мэдлээ ариусгаваас. Төгс жаргалын лагшинг ч олно. Суурийн тийн мэдэл ариусваас. Номын лагшинг олно хэмээн Бурхан багш зарлиглав. 

ДӨРӨВ:

Язгуурын хөвгүүнээ. Хувилгаан лагшин. Тэр лагшин эгэл жирийн олон хүмүүст, олон төрлийн ач тусыг үзүүлдэг. Харин төгс жаргалангийн лагшин бол бурханы шавь нарт, тэдний бодол, хүсэл, зорилго нь оршихуй адил байхаар бүтээгдсэн. Номын лагшин нь үнэмлэхүй их лагшин. Тэр юунд ч эс оршдог. 

Язгуурын хөвгүүнээ. Тэр гурван лагшинг мөнх гэж номлосон. Гэхдээ бас мөнх бус хэмээн номлосон. 

Хувилгаан лагшин нь номын хүчинд аливаа аргад мэргэн байдаг. Тийм учраас түүнийг мөнх гэж номлосон. Гэхдээ тэр лагшин ном, хотол чуулганыг[10] бий болгодоггүй учраас мөнх бус байдаг. 

Төгс жаргалангийн лагшингийн үндэс нь үл тасарна. Бурханы номын хүч адил тэр лагшин сааршгүй их байдаг. Түүнийг шүтэн бишрэх амьтан хүн барагдашгүй олон. Тийм учраас. Тэр лагшин мөнх. Гэсэн хэдий ч тэр бас ном болоод хотол чуулганыг бий болгодоггүй. Тийм учраас. Тэр бас мөнх бус байдаг юм.

Номын лагшин нь бүх юмсын үндэс суурь байдаг. Тийм учраас тэр мөнх байдаг.

Номын мөн чанараас илүү оршихуй үгүй билээ. 

Язгуурын хөвгүүнээ. Амьтан бүхний үйлдсэн нүгэл буяныг санагалзан, тэдэнд хувь тэнцүүлээд бурхад тусалдаг. Энэ бол бурхадын хувилгаан лагшин. 

Харин одоо болон урьд төрөлдөө хийсэн буян нүглийн үйлийн үрээр олдсон лагшин бол төгс жаргалангийн лагшин байдаг. 

Хувилгаан болон төгс жаргалангийн лагшин аль аль нь зовлонгоос хагацсан байдаг. Харин номын лагшин өөр байдаг билээ. 

Язгуурын хөвгүүнээ. Номонд хоёр гэдэг үгүй. Ном сурахад хоёр сэтгэл гэж үгүй. Хаана сурах хамаагүй. Хэн байх тэр хамаагүй. Ном сурахад шалтгаан хамаагүй. Ариун явдалт, ариун бус тэр бас хамаагүй.Мунхаг мулгуу нэгэн, эс бөгөөс билгүүн их ухаантан. Энэ бас хамаагүй. Энэ мэт заларсан бурхадын сургаал номлолд ялгал гэж үгүй байдаг билээ. Ном номлол бүгдийн сайн үр дагавар нь санаад багташгүй их байдаг. Тийм учраас. Номын лагшин бол бурхадын лагшин мөн билээ. 

Язгуурын хөвгүүнээ. Номын лагшин. Тэр лагшин заларсан бурхадын зүрхнээс гардаг. Тийм учраас. Дээдийн ном бол хэмжээс үгүй, хязгаар үгүй их ариун байдаг. Тэр тоолшгүй ширгэшгүй их ач тусыг амьтан бүхэнд үзүүлдэг юм. 

Тийм учраас. Номын лагшинг шүт. Саад үгүй, сааршгүй их хүчийг олох болно. Номын лагшинд шүтсэн сэтгэл оюун, очир эрдэнэ мэт ариусах болно. Номыг шүт. Хүсэл бүхэн биежиж биелэх болно. 

Урьд хоёр лагшин бээр номын лагшин дор үүссэн юм. Тийм учраас. Номын мөнх чанар үүрд орших болно хэмээн Бурхан багш зарлиглав.

[1] Их боломж, хүч чадал

[2] Боломжит дээд үнэн

[3] Саад тотгор

[4] Юмсыг зөвхөн өөрийнхөө бодож хархаар итгэх чанар

[5] Бусдын эрхэнд орсноор харах чанар

[6] Нөхцөл шалтгааны улмаас харах чанар

[7] Учир шалтгааныг ном номлолын хүчинд ухаж ойлгох чадвар

[8] Оюун ухааны сүнс

[9] Ном номлолын хүч чадал

[10] Сайн бүгдийн цогц учрал