Энэ 7 хоногт
АМНАТ-ыг устгасан захиалагч нь З.ЭНХБОЛД
Өмнөх бичвэрээ үргэлжлүүлье.
Миний бие арваад хоногийн өмнө “АМНАТ-ийг хэн устгав, Муур ил гарлаа” нийтлэлийг бичсэний дараа хууль, хүчний байгууллагуудаас ирэх дарамт улам ихсэв. Цагдаа, прокурор гээд хэд хэдэн газарт байцаалт өглөө. Цаашдаа ч энэ байдлаараа нэлээд юм болох шинжтэй. Цаг хугацаа үнэнийг шүүдэг юм хойно надад бичвэрээ үргэлжүүлэх урам зориг тэр хэрээр улам төрж байна.
Өмнөх бичвэрээ үргэлжлүүлье. Үндсэн Хуулийн Цэцийн дарга “өгзөг” хоч авахаасаа өмнөх өдөр иргэн С.Баярмаагийн гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан нь Монгол Улс ирэх жилээс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг компаниудаас авч чадахгүй байдалд хүргэсэн. Жилд 1,300,000,000,000 орчим буюу 1.3 их наяд төгрөг авах боломжгүй болгосон нь нийгмийн талцал бий болголоо. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх ёстой байсан орлогын цөм хэсэг нь дээрх шийдвэрээс болж сох дутахаар болж байна. Үүнээс үүдэн улс иргэдийнхээ цалин тэтгэвэр, тэтгэмж гээд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас илүү урсгал зардлаа санхүүжүүлэхэд амаргүй нөхцөл байдал руу орж байна. Мөн ирээдүйн өв санд АМНАТ-аас орох орлогогүй болж, хойч үедээ үлдээх баялгийн сав хоосрох эрсдэлд орлоо.
АМНАТ-ийг устгасан жинхэнэ эзэн, захиалагч нь З.Энхболд байж болох талаар баримт, фактууд олон нийтэд ил болохтой зэрэгцэн “Страто” компанийн ажилчдын байгуулсан “Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” гэх нэртэй шинэ төрийн бус байгууллагаас энэ оны арваннэгдүгээр сарын 13-д хэвлэлийн хурал хийсэн юм.
Хэвлэлийн хуралд нь холбооны гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ, хуульч С.Баярмаа, “Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нар байв. Хэвлэлийн хурлын гол санаа нь Сангийн сайдыг буруутгаж, Үндсэн хуулийн Цэц АМНАТ-ийг устгасан шийдвэрийг зөвтгөв. Ингэхдээ нөгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын З.Энхболдын хэлээд байгаачлан дотоодын үйлдвэрүүдийг дампууруулах бодлого АМНАТ дээр хэрэгжиж байна, баяжуулах үйлдвэрүүд АМНАТ төлөх ёсгүй, сангийн сайд Хятадын импортлогчдыг дэмжиж байна гэв. Бодит байдал дээр З.Энхболдын хэлсний яг эсрэг байв. Ингээд мэдээлэл, баримтуудад эргэн дүн шинжилгээ хийе.
“СТРАТО” АМНАТ-ЫН ЯМАР ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ БАЙВ?
Гэхдээ хэвлэлийн хурлын үеэр “Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нэг үг гэнэдээд алдчихав. Тэрээр “Страто” иргэдийн 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрсээ 70 ам.доллараар нүүрсээ худалдаж авдаг. Баяжуулаад цааш нь үүнийгээ хоёр нугалан 140 ам.доллараар зардаг гэв. Эндээс тооцоо хийхэд Цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулиар “Страто” дараах байдлаар АМНАТ төлж байжээ.
Дотоодын борлуулалт гээд “Эрдэнэс Тавантолгой” 70$-аас 2.5 хувиар тооцоход 1.75$ АМНАТ төлнө. “Страто” суурь 5 хувь, мөн үнийн өсөлтийн буюу үнэ 140$ үед нэмэлтээр 1.5 хувь, нийлээд 6.5 хувь АМНАТ төлөхөөр тооцно. Энэ нь 140*6.5%= 9.1$.
АМТХ-ийн “47.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна” гэсний дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н түүхий нүүрсэнд ногдуулсан 1.75$-ийг төлөхөөр тооцогдсон 9.1$-оос хасаж, үлдсэн 7.35$-ийг төлнө. Төлсөн 7.35$-ийг баяжуулсан нүүрсний үнэ 140$-т харьцуулахад 5.25% гарч байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИУД ЯМАР АМНАТ ТӨЛЖ БАЙНА ВЭ?
Тэгвэл олборлолтын лицензтэй, өөрийн баяжуулах үйлдвэртэй Монголын МАК, Өсөх зоос, Энержи Ресурс гэх компаниуд 140$-ын үнийн түвшинд ямар ч хөнгөлөлтгүй 6.5% АМНАТ төлж байгаа. Хачирхалтай нь “Страто”-гоос 1.25%-иар илүү татвар төлж байсан гэсэн үг. Тэд Монголын компани, баяжуулах үйлдвэрээсээ гадна уурхай, дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтад хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, мянга мянгаар нь тогтвортой ажлын байр бий болгосон компаниуд. Гэхдээ олборлосон түүхий нүүрснээсээ Страто шиг ямар ч хөнгөлөлт эдэлж байгаагүй. Тэд “Страто” буюу Хятадын 50% хөрөнгө оруулалттай, лицензгүй баяжуулах үйлдвэрээс их АМНАТ төлдөг нь эндээс шууд харагдана. Эдгээр компаниуд нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн байгууллагууд бөгөөд Цэцийн шийдвэрт цочирдож, АМНАТ-ийг төлөх хууль эрхзүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж мэдэгдэл гаргасан байдаг. Монголын хөрөнгө оруулалттай компаниуд АМНАТ-ийн хувьд Монголд байгаа Хятадын баяжуулах үйлдвэртэй харьцуулахад өрсөлдөөний тэгш бус байдалтай байсан хэдий ч тэд дампуураагүй, харин ч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаараа татвараа төлье гэчихлээ. Бахархаж байна. Харамсалтай нь АМНАТ устгасныг Хятадын талд үйлчиллээ энэ тэр гэж З.Энхболд мушгиж, эсрэгээр нь ярьж ухуулж байгааг харахад тэр өнөөдөр өөрөө Хятадын гар хөл болоод явж байгаа нь ичгэвтэр. Стратогийн байгуулсан холбоо гэгчид нь төмрийн хүдэр, жоншны 27 баяжуулах үйлдвэр нэгдсэн гэсэн. Үнэхээр нэгдсэн эсэх эсвэл нэрийг нь барьсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ Монголд баригдсан ийм үйлдвэрүүдийн дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалттайг эрхбиш миний бие салбарын судлаачийн хувьд мэднэ.
“СТРАТО”-ГИЙН ХУВЬ ЭЗЭМШИЛ БА З.ЭНХБОЛД
“Страто” нүүрс олборлолтын лицензгүй, Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани. 37 хувийг А.Баттүшиг эзэмшдэг. Бусад хувийг нь Эрдэнэбилэг болон өөр нэг Монгол Улсын иргэн эзэмшдэг. (Burtgel.mn лавлагааг үзүүлэв). А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нэг өрөөнд нэг оффист ажилладаг. Хаяг нь NCP Plaza, 2-р давхар. А.Баттүшиг нь мөн Браунрок компанийн гүйцэтгэх захирал. Браунрокийн эзэн нь З.Хишигтогтох. Тэгэхээр З.Энхболд, түүний дүү З.Хишигттогтох, түүний гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэсэн гинжин хэлхээ харагдаж байна. З.Энхболд хашир чоно, хэзээ ч өөрийнхөө хувь хувьцааг компанийнхаа нэр дээр бичих тэнэг толгой биш. Энэ нийтлэлийн дараа намайг бас дахиад цагдаа, прокурорууд хэрэг үүсгэн дуудах биздээ. Айгаад байх ч юм алга. Үнэнийг харин иргэд мэдэх эрхтэй.
З.ЭНХБОЛД БА “СТРАТО”-ГИЙН БАЙРЬ СУУРЬ
“Страто”-гийн байрь суурь бол З.Энхболдын байр суурь. Тэд нэг зүйл ярьж, тархи угааж байгаа нь худал ярианаас нь шуудхан илт байна. Цэцийн шийдвэр нь зөв, Цэц дотоодын баяжуулах үйлдвэрүүдийг дампуурах эрсдэлээс аварсан, Ч.Хүрэлбаатар улстөр хийж байна, дотоодын үйлдвэрүүдээс давхар татвар авдаг байсныг болиулсан Цэцийн шийдвэр зөв гэж тэд мэдэгдэл байнга хийж байгаа. Бүр “Страто”-ийнхоо ажилчдаар хүртэл холбоо байгуулаад тэр нь мэдэгдэл хийж байх жишээтэй. Холбооных нь Удирдах зөвлөлийн гишүүд, хэвлэлийн хурал хийсэн нөхдийг нь харвал У.Соёл-Эрдэнэ нь “Страто”-гийн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийсэн компанийн гүйцэтгэх захирал, С.Баярмаа нь “Страто”-гийн хуульч, Золзаяа нь “Страто”-гийн ТУЗ-ийн гишүүн Эрдэнэбилэгийн охин гэх мэт цааш хөвөрч байна. Тус холбоо нь хэвлэлийн бага хурал хийсэн өдрөө улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Хэвлэлийн хурлын үеэр хуульч гэх С.Баярмаа нь бид “Страто” гэх мэт үйлдвэрүүд хохирч буй учир эрх ашгийг нь хамгаалах зорилгоор энэ оны гуравдугаар сард холбоогоо байгуулсан гэх боловч burtgel.mn-ийн шүүлтээр худал ярьсан нь тогтоогдож байна.
С.БАЯРМАА ГЭГЧ ХЭН БЭ?
Сайнхүү овогтой Баярмаа нь 1983 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 2010-2012 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад 2013-2016 онд Ардчилсан намын засгийн үед Баянхонгор аймгийн Тамгын газарт ажиллаж байжээ. Тэрээр 2018 оноос “Страто” компанийн хуульчаар ажиллаж эхэлсэн байна.
“СТРАТО” ХУУРАМЧ ТЭЗҮ-ТЭЙ
“Страто” нь ТЭЗҮ-гээ батлуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж өгсөн хөлсөөрөө орлого олно гэж төсөл бичээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, үйлдвэрээ барьсан байдаг. Гэхдээ энэ ТЭЗҮ нь үйлдвэр баригдаад дуусах шатанд нь батлагдсан гэхээр тус компани ямар том ар талтайг энэ нь харуулна. “Страто” бодит байдал дээр ТЭЗҮ-д заасан үйл ажиллагаа явуулсангүй. Тэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хамгийн өндөр чанартай нүүрсийг сорчлон, хямд үнээр авч угаагаад цааш нь экспортолсон юм. “Эрдэнэс Тавантолгой” 2019 оны төсөвтөө 21.3 тэрбум төгрөг батлуулж, нүүрсээ угааж баяжуулан борлуулна гэж тусгасан байдаг. Гэтэл тэр баяжуулсан нүүрсийг нь “Эрдэнэс Тавантолгой” биш “Страто” авч зараад ашиг олж байна. Угтаа ТЭЗҮ-ээр нь авч үзвэл, “Страто”-гийн баяжуулсан нүүрс нь “Эрдэнэс Тавантолгой” компанийнх байх ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл ногдол ашгаа авч чадаагүй 1072 хувьцаа эзэмшигчдийн өмч байх ёстой юм.
“Страто” тэр ч бүү хэл Үндэсний Хөгжлийн газартай татварын тогтворжуулалтын гэрээ хийчихэж. Энэ тухай иргэд мэдээгүй. Сангийн сайд ч, УИХ-ын гишүүд ч мэдээгүй байна. Энэ гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, АМНАТ-ийн хувь хэмжээг нэмэхгүй тогтворжуулна гэж заадаг юм. Гол нь гэрээ хийхдээ өнөөх хуурамч ТЭЗҮ-дээ үндэслэсэн. “Страто” ингэж төрийн бүх институтийг яаж ийм хурдтай, давж гарч чадав аа? Хэн үүнд нөлөөлөв? Монголд өнөөдөр хууль байна уу? Улстөрчдийн лоббитой компанитай жирийн бизнесүүд эрүүлээр өрсөлдөх боломжгүй болж, бизнесийн орчин улам муудаж байгаа нь үүнээс харагдана.
“СТРАТО”-ГИЙН ӨРГӨТГӨЛ
“Страто” одоо жилд 1.5 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг Шивээ овоогийн нүүрсний уурхайн ойролцоо барьж ажиллуулж байна. Хүчин чадлыг нь 4.5 сая тонн болгож өргөжүүлэх ТЭЗҮ нь хийгдэж байна. Тус үйлдвэр рүү Зүүн Баянгийн төмөр зам чиглэж буй. Сануулахад, тус төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчдэд ирэх ногдол ашгаар барьж буй. 2019 оны Нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэддээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан ногдол ашиг өгнө хэмээн мэдэгдэж байсан ч дөрөвдүгээр сард Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан, ногдол ашиг өгөхгүй, харин уг мөнгөөр чинь Зүүн Баянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийнэ гэх шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ гаргасан байдаг юм.
Хачирхалтай нь ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ шийдвэрт бүлх залгисан юм шиг чимээгүй байсан. Түүний Шонхор фракциас томилогдсон Р.Бурмаа “Эрдэнэс Тавантолгой”-н хяналтын ТУЗ-ийн гишүүн. Бурмаа энэ шийдвэрийг дэмжиж гарын үсэг зурсан байдаг. З.Энхболдын ахлах зөвлөх асан одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нь ч таг. Энэ эс үйлдэхүй нь цаанаа ямар ашиг сонирхол нууж байна вэ?
Цаашдаа бидний ногдол ашгаар барьсан Зүүн баянгийн төмөр замаар Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” үйлдвэр рүү “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс өдөр шөнөгүй урсана. Өчигдөр З.Энхболд Зүүн баянгийн төмөр зам 2020 оны наадмаас өмнө ашиглалтанд орно гэж твиттертээ баяр хөөртэй жиргэжээ. Стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуун Сухайтын 276км төмөр замыг З.Энхболд их хурлын дарга байхдаа гацаасан. Тэр ч бүү хэл Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, экскаватороор хутгаад байхад л болно гэж ярьж байсан ярилцлага, нэвтрүүлгүүд нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гацаасан өчүүхэн эрх ашиг нь өнөөдөр ил болж байна. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” өөрийн баяжуулах үйлдвэртэй болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гол хохирогч нь 1072 хувьцаа эзэмшигчид бид байх бөгөөд энэ мэт байдлаар Тавантолгойн сор нүүрсээ Стратод алдаж, хэзээ ч ногдол ашиг хүртэж чадахгүй байх эрсдэлд орж байна.
ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД:
Үйл явцын өрнөл, баримт судалгаа, З.Энхболд болон “Страто”-гийн ээлж дараалсан мэдэгдлүүдээс харахад манай Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” компанийн лоббид автаж, тус компанийг татвараас чөлөөлүүлэхийн төлөө Монголоо хорлож, 1.3 их наяд төгрөгийн татвараар хохироож байна. Энэ их төлөөсийн эцэст “Страто” компани татварын буцаалт авна. Харин бид байгалийн баялгийнхаа эзэн биш болох нь. Иймд УИХ яаралтай энэ алдааг нэн даруй засаж, залруулахыг хүсье. Саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг... нь төрийн нийтийн өмч мөн” заасныг эрхэм УИХ-ын гишүүдэд сануулах нь илүүц биз.
Хуурамч ТЭЗҮ-ээр баталсан “Страто” үйлдвэрийг битүүмжилж, “Эрдэнэс Тавантолгой”-н лиценз, зөвшөөрөл өгсөн, Татварын тогтворжуулалтын гэрээ байгуулсан албан тушаалтнуудтай энэ удаад төр хууль, хүчний байгууллагууд хариуцлага тооцож чадахгүй. Шүүх, Прокурор, АТГ, Цагдаагийн байгууллагуудад З.Энхболдын “хумс” гүн шигдсэн. Сая дуудлага ирлээ. Цагдаагаас Анхбаяр гэдэг ахмад ярьж байна. З.Энхболд над дээр зөрчлийн хэрэг шинээр нээлгэжээ. Очиж мэдүүлгээ өгье.
Зүүн гар талаас Страто ТЭЗҮ хийсэн У.Соёл-Эрдэнэ, ГЗ А.Баттүшиг, С.Баярмаа
АМНАТ-ын хэмжээ 2019
Браунрок ХХК эзэмшил
Зүүн баянгийн ТЗ
Инфра-Инженеринг ХХК эзэмшил
МУУҮА-ийн мэдэгдэл
МБҮНХ-ний үүсгэн байгуулагчид
Страто ТЭЗҮ дүгнэлт
Страто ТЭЗҮ нүүр
Страто ТЭЗҮ
Страто ЭЗ-ийн тооцоо
Стратогийн байршил
Стратогийн нүүрсний овоолго
Стратогийн оффис
Стратогийн үйлдвэр
Стратогийн эзэмшигчид
Стратогийн хувь эзэмшил
Үргэлжлэл бий...
Уул уурхайн инженер-Эдийн засагч,
“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн
Л.НАРАНБААТАР
2019 оны 11-р сарын 20