Ерөнхийлөгч Ж.Байден АНУ-ын гадаад тагнуулын үйл ажиллагааг хариуцдаг Тагнуулын төв газар (Central Intelligence Agency) –ын захирлаар Уильям Бернс гэдэг хүнийг Конгрессын дээд танхим болох Сенаттай зөвшилцөн томиллоо.

Миний бие 2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоход У.Бернс бас тэр үед АНУ-аас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байсан тул бид Кремльд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр танилцаж байв. Нэг өдөр хамтдаа Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайд нар хоорондоо арай илүү дотно байдаг. У.Бернс бид хоёртой хамт Итгэмжлэх жуух бичгээ барьсан зарим Элчин сайд нар клуб хүртэл байгуулъя гэж ярьдаг байж билээ. 


Зүүн гар талаас хоёр дахь нь У.Бернс

Уильям Бернсын намтрыг товч дурдвал тэрээр 1956 онд төрсөн, одоо 65 настай. 1978 онд Ла Салля-гийн нэрэмжит их сургуулийг түүхч мэргэжлээр төгсч дараагаар нь Оксфордын их сургуульд олон улсын харилцаагаар магистрантур, докторантурт суралцсан юм билээ. Дэлхийд нэр хүндтэй “Time” сэтгүүл цагтаа түүнийг “Америкийн 40-өөс доош настай хамгийн ирээдүйтэй 50 манлайлагч” болон “100 глобал залуу манлайлагч”-дын жагсаалтанд шалгаруулан оруулж байжээ.

У.Бернс 1990-ээд онд Москвад АНУ-ын Элчин сайдын яаманд Элчин-зөвлөхөөр, 1998-2001 онд Иорданд Элчин сайдаар, 2001-2005 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан туслахаар ажиллаж байгаад 2005-2008 онд ОХУ-д Элчин сайдаар томилогдон ажилласан юм. 2008-2011 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч, 2011 оноос Төрийн нарийн бичгийн даргын 1 дүгээр орлогчийн ажил хийж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарч Олон улсын энх тайвны төлөөх Карнеги сангийн тэргүүнээр ажиллаж байв. Гадаад харилцааны чиглэлээр нийтдээ 33 жил ажилласан түүнийг Орос, арабын орнуудаар мэргэшсэн хүн гэж үздэг.

Тэрээр дипломат албанаасаа чөлөөлөгдсөний дараагаар “The Back Channel: A Memoir of American Diplomacy and the Case for Its Renewal” гэсэн ном бичиж гадаад харилцааны салбарт ажилласан он жилүүдээ дурссан байдаг. Энэ ном бас орос хэл дээр орчуулагдан гарсан байна лээ. 10 бүлэг, хавсралт бүхий номондоо саяхныг хүртэл нууц байсан материалуудад тулгуурлан АНУ-ын дипломат алба хэрхэн ажилладгийг харуулжээ. Таван Ерөнхийлөгч, арван Төрийн нарийн бичгийн даргын үед дипломат алба хашиж олон чухал үйл явдлын оролцогч, гэрч байж ирсэн түүний дурсамжийг манайхны олон улсын харилцаа сонирхдог хүмүүс олж уншвал их л сонин гэж хэлэх байна. АНУ-ын дипломат албыг толгойлж байсан Г.Киссинжер, Ж.Бейкер, М.Олбрайт, К.Райс, Х.Клинтон зэрэг хүмүүс У.Бернсыг болон түүний энэхүү номыг ихэд үнэлсэн байх юм билээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байгаагаас үзэхэд АНУ-ын Тагнуулын төв газрыг анх удаа мэргэжлийн дипломат хүн толгойлох болж байгаа юм байна. Ерөнхийлөгч Ж.Байден өөрийн твиттердээ түүнийг АНУ-д ямар аюул заналхийлэл тулгарч байгааг сайн ойлгодог “домогт дипломатч” учраас “би Элчин сайд У.Бернсыг ТТГ-ыг удирдахыг хүсч байгаа юм” гэж бичжээ.

Москва хот бол их гүрний нийслэл тул тэнд дэлхийн ихэнх орны буюу 150-д улсын Элчин сайдын яамд байдаг. Бас олон улсын байгууллагууд, тэдгээрийн төлөөлөгчийн газрууд байрладаг. Иймд долоо хоног бүр тэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг учраас Элчин сайд, дипломат ажилтнууд уригдана. Мэдээж бүгдэд нь оролцож чадахгүй, шаардлага ч үгүй. Зарим арга хэмжээн дээр хааяа Элчин сайд У.Бернстай таарна. Мань хүн орос хэлийг сайн мэдэх учир бидний хооронд хэлний бэрхшээл байхгүй байж билээ.

Энэ дашрамд дурдахад намайг Москвад ажиллаж байхад өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл С.Клечевски тэнд Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байв.