АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ
Энэхүү гэрэгэ нь зөвхөн Ардчилсан Намын гишүүдэд хамааралтай, “дотоод хэрэгцээ”-нд гэсэн тэмдэгтэй цоохор цаас биш ээ. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр, ардчилал, чөлөөт зах зээлийг дэмжигч хүн бүрд зориулагдсан итгэл үнэмшлийн гэрчилгээ.
Шинэ он гарснаар Монголын Ардчилсан Намын шинэчлэлийн хөтөлбөр улс орон даяар идэвхтэй өрнөж, энэ хүрээнд гишүүд, дэмжигчдийн бүртгэлээ шинэчилж эхэллээ. Үүний нэг жишээ нь "Democracy Gerege" буюу "Ардчилалын Гэрэгэ" гардуулж буй явдал юм. Энэ бол ардчиллын паспорт буюу үзэл санааны баталгаа аж. Намын шинэхэн дарга О.Цогтгэрэл өөрөө биечлэн бизнес эрхлэгчид, ахмад гишүүддээ гардуулж байгаа нь шинэчлэлийн үйл хэрэгтээ хэр их ач холбогдол өгч, зорилгодоо хүрэхийн төлөө эрч хүч дүүрэн байгааг илтгэж байна. Мөн түүнчлэн урам зориг нь алдарч эхлээд байсан ардчилал, эрх чөлөөний хүчинд итгэдэг, тэрхүү дотоод итгэл үнэмшилдээ тууштай үнэнч байсаар ирсэн гишүүд, дэмжигчдэдээ алдагдсан найдвар, хугарсан итгэлийг нь эргүүлэн өгч буйг ч харуулж байгаа хэрэг.
Тэгвэл "Ардчилалын Гэрэгэ" гэж юу вэ? Гэрэгэ гэдэг үг Монголын түүхэнд тодоор бичигдсэн, сүр хүчийг агуулах онцгой ойлголт. Монголын эзэнт гүрний үед гэрэгэ хэмээх дипломат паспорт хэрэглэж байв. Чингис хаан, түүний залгамжлагчид гэрэгэ олгон элчээ илгээж, тэр нь тухайн элчийн халдашгүй дархан эрхийг илтгэдэг асан. Энэ нь их хааны зарлиг тушаал, даяар дуурьсагдах суу алдар, эрх сүр нь зайлшгүй биелэгдэх шинжийг илтгэдэг бэлгэ тэмдэг байсан юм. Харин өнөө цагт Ардчилсан Намын уг гэрэгэ нь ардчиллын үзэл санаа зүг бүрд түгж, монголчуудын маань оюун санаа, сэтгэл зүрхэнд эрх чөлөө, шударга ёсны эрхэмлэл батжин тогтохын бэлгэдэл, баталгаа болох учиртай. Тиймээс энэ бол намын ердийн нэг үнэмлэх бус, ардчилсан үзэл санааны элч байх эрмэлзлийн гэрч, амлалтын гэрээ хэмээн үзэж болох юм. Намын удирдлагуудын хэлснээр, уг гэрэгэг эзэмшигч нь ардчилсан үзэл санаа, үнэт зүйлсийг түгээгч бас хамгаалагч нь байх болно.
Иймийн учир энэхүү гэрэгэ нь зөвхөн Ардчилсан Намын гишүүдэд хамааралтай, “дотоод хэрэгцээ”-нд гэсэн тэмдэгтэй цоохор цаас биш ээ. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр, ардчилал, чөлөөт зах зээлийг дэмжигч хүн бүрд зориулагдсан итгэл үнэмшлийн гэрчилгээ. Тэртээ 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын санаа зорилго, түүний үр дүнд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар ч тэр, Монголын ард түмэн эрх чөлөө, тэгш эрх, чөлөөт зах зээлийг Монгол Улсын хөгжлийн үндсэн чиг баримжаагаар сонгосон билээ. Гэвч түүнээс хойш ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө алхам тутамдаа сорилттой тулгарч ирсэн бөгөөд тэр тусмаа сүүлийн арван жилд сорилт бус аюул хэмээн хашхирах хэмжээнд хүртлээ сульдан доройтжээ. Авлига, эрх мэдлийн төвлөрөл, эдийн засгийн хүндрэл ардчиллыг тамирдуулж байгааг хүн бүхэн л мэдэж, мэдрэх болов. Тиймээс Монгол Улсад ардчилсан үзэл санаа хүчээ авах нийгмийн шаардлага, үүний тулд ардчиллын гэрэгэ шиг баталгаа, олон нийтийн оролцоо, идэвхийг сэргээх, замчлах туг хэрэгтэй байна.
Ардчилал бол нэг хувьсгал хийгээд, нэг хууль батлаад л цогцлоочихдог зүйл биш гэдгийг сүүлийн гуч гаруй жил бид амьдралаараа нотоллоо. Хувьсгал хийх, хууль батлах гэдэг нэг өдрийн, нэг далайлтаар хийчхэж болох зүйл. Харин ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг өдөр тутамдаа хамгаалж, бэхжүүлж байх нь хамгийн хэцүү ажил байдаг ажээ. Энэ л ардчилал бол хүрэх газар бус, харин үйл явц гэдэг үгийн гол мөн чанар. Харин энэхүү үйл явцыг оролцоогоор баталгаажуулж, саналаа илэрхийлж, шударга ёсыг байнга шаардсанаар зөв зүгт нь чиглүүлдэг учиртай. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийг дэмжигч бизнес эрхлэгч нар эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө идэвхтэй байх ёстой. Энэ утгаараа ардчилал бол зөвхөн нэг нам дээр тогтдог зүйл бус, бүх монгол хүний улс төрийн хариуцлагын нийлбэр дээр л сая сууриа бат тавьдаг нарийн, эмзэг тогтолцоо. Харин энэхүү гэрэгэг өөрийн болгосон монгол хүн улс орноо илүү сайн сайхан ирээдүйд хөтлөх чухал алхмуудынхаа нэгийг хийлээ гэсэн үг.
Монголын ардчилал 30 гаруй жил наслаад байна. Энэ хугацаанд нэлээд ололтод хүрсэн. Гэвч хэтэрхий удаан, эргэж буцсан... нэг үгээр хоёр алхам урагшилж, нэг алхам хойшилсоор өнөөдөртэй золголоо. Одоо энэ утга учиргүй байдлыг засах, шинэчлэх цаг ирсэн. Харин Ардчилсан Нам энэ гэрэгэгээрээ үзэл санаагаа шинэчилсэн гэдгээ, гишүүд дэмжигчдэдээ итгэж байна гэдгээ, тэднийхээ хүчинд тулгуурлан хамтдаа хол явна гэдгээ батлан харуулж байгаа нь сайшаалтай.
Тэртээ XIII зуунд эгэл жирийн нэг монгол хүн Их хааны гэрэгэг өвөртөлсөн дариудаа хааны зэрэгт хүндлэгдэж, морин дэл дээрээ омог бардам, харц дээгүүр, эрхэм улсынхаа эрх ашгийг дөрвөн зүг, найман зовхист хангуулахын төлөөнөө хоёргүй сэтгэлээр зүтгэн довтолгож байв. Харин өнөө цагт уг гэрэгэг эзэмшигч хүн бүхэн ардчилсан үзэл санааг зүг бүрд түгээж, нээлттэй, цэгцтэй шинэ Ардчилсан намыг хамтдаа бүтээж, Монгол Улсынхаа хөгжлийн хурдыг түргэтгэх болтугай.


