Өдрийн мэнд хүргэе! Маш их баярлалаа. 

Өнөөдөр би Өрнөдийн ертөнц ноцтой аюулд өртсөнийг хэлэх гэж энд зогсож байна. Учир нь Өрнөдийн ертөнцийн үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй хүмүүс дэлхийн хэтийн зорилго гэх социализм, ядуурал, эдийн засгийн дампууралд хүргэх аюултай үзэл санааны хамсаатнууд болжээ. 

Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилд Өрнөдийн ертөнцийн удирдагч нар эрх чөлөөний үзэл санааг умартаж, коллективизм гэж нэрлэдэг хамтач үзэл санаанд автсан байна. Тэдний зарим нь өөрсдийгөө бусдад тусалдаг нинжин сэтгэлтнүүд гэж үздэг бол зарим нь эрх дархтнуудын эгнээнд элсэхийг мөрөөдөж байна. 

Хамтач үзэл нь хэзээ ч дэлхийн ард түмнүүдэд тулгарсан асуудлын шийдэл нь байгаагүй. Харин ч эсрэгээрээ асуудлын уг шалтгаан байсан. Та бүхэн надад итгээрэй. Аргентины ард түмэн үүнийг гэрчилнэ. 

Аргентин улс эрх чөлөөний үзэл санааг хүлээн авснаасаа хойш 35 жилийн дараа дэлхийн хамгийн хүчирхэг үндэстнүүдийн нэг болсон. Гэтэл өнгөрсөн 100 жилийн туршид хамтач үзлийг хэрэгжүүлсний уршгаар манай иргэд системтэйгээр ядуурч, дэлхийд 140 дүгээр байр хүртэл ухарчээ. 

Чөлөөт зах зээлийн капитализм нь дэлхийн ядууралд цэг тавих хамгийн боломжит системээс гадна ёс суртахууны хувьд хамгийн хүсүүштэй систем болохыг баримт нотолно. 

Хэрвээ та бүхэн хүн төрөлхтний эдийн засгийн хөгжлийн түүхийг ажиглавал, 0 оноос 1800 он хүртэл дэлхийн эдийн засгийн нэг хүнд ногдох хэмжээ огт өөрчлөгдөөгүйг анзаарах болно. 

Хэрвээ та бүхэн хүн төрөлхтний түүхийн туршид эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг харвал таны нүдэнд хоккейн цохиур шиг график үзэгдэнэ. Учир нь түүхэн цаг хугацааны 90 хувьд нь огт өөрчлөгдөөгүй эдийн засаг 19 дүгээр зуунаас огцом өссөнийг харах болно. 

15 дугаар зууны сүүлчээр Америк тивийг нээж, эдийн засаг өссөнийг эс тооцвол 0 оноос 1800 он хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлт зогсонги байв. 

Капиталист эдийн засгийн систем нь хүн төрөлхтний баялгийг огцом өсгөөд зогсохгүй тогтмол өсөлттэй байх түлхэц болсон юм. 

0 оноос 1800 он хүртэлх хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ний жилийн өсөлт дунджаар 0,02 хувь байлаа. Бараг өсөлтгүй гэсэн үг. Харин 19 дүгээр зуунд Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар жилийн өсөлт нь 0,66 хувьд хүрсэн. Жилийн өсөлт нь ийм хувьтай байгаа тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд 107 жил шаардлагатай. 

Гэтэл 1900-1950 оны хооронд жилийн өсөлт 1,66 хувьд хүрчээ. Нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд 107 жил биш 66 жил шаардлагатай болов. 1950-2000 оны хооронд жилийн өсөлт 2,1 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд ердөө 33 жил шаардлагатай болов. 

Эдийн засгийн өсөлт одоо ч зогсоогүй байна. 2000-2023 оны хооронд жилийн өсөлт 3 хувьд хүрсэн учраас нэг хүнд ногдох ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлэхэд ердөө 23 жил шаардлагатай байв. 

1800 оноос хойш өнөөг хүртэл нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 15 дахин нэмэгдэж, дэлхийн хүн амын 90 хувь нь ядуурлаас ангижирсныг харж болно. 

1800 онд дэлхийн хүн амын 95 хувь нь нэн ядуу байсныг бид мартаж болохгүй. 2020 онд буюу цар тахлаас өмнө дэлхийн хэмжээнд нэн ядуу хүн амын тоо дөнгөж 5 хувь байв. Дүгнэлт нь тодорхой биз дээ. 

Чөлөөт зах зээлийн капитализм бол асуудлын шалтгаан биш ээ, харин ч дэлхий даяар өлсгөлөн, ядуурал, гачигдалд цэг тавих цорын ганц хэрэгсэл юм. Бодит туршлага үүнийг хангалттай нотолж байна. 

Чөлөөт зах зээлийн бүтээмж, үр ашиг нь хангалттай нотлогдчихоод байхад зүүний үзэлтнүүд капитализмыг ёс суртахууны хувьд шударга бус систем гэж шүүмжилдэг. Тэд капитализмыг индивидуалист учраас хортой, харин хамтач үзэл нь бусдын сайн сайхны төлөө учраас зөв гэж мэтгэдэг. Тэдний ярьдаг сайхан сэтгэл гэгч нь бусдын мөнгөөр буян үйлдэх тухай юм. 

Тэд нийгмийн шударга ёс гэж ярьдаг. Хөгжингүй улс орнуудад тархаж буй нийгмийн шударга ёсны тухай ойлголт нь миний эх орон Аргентин улсад 80 гаруй жил зовлон тарилаа. Учир нь нийгмийн шударга ёс нь хүмүүсийн элбэг хангалуун амьдралыг бусниулдаг. 

Нийгмийн шударга ёс гэгч нь шударга ёсонд харшилдаг үзэл санаа юм. Учир нь төр шударга ёс тогтоох нэрийдлээр татвар тогтоож, татвараа албадлагаар цуглуулдаг. Та бүхэн өөрсдийгөө сайн дураараа татвар төлдөг гэж хэлэхгүй биз дээ? Төр бол албадлагаар санхүүждэг тогтолцоо юм. Татварын дарамт, төрийн албадлага байгаа цагт хүний эрх чөлөө ямагт хумигддаг.

Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс эдийн засаг бол хувааж иддэг бялуу гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд зүгээр олдохгүй. Израэль Кирзнерийн хэлснээр нийгмийн баялаг бол зах зээл дэх эрэл хайгуулын үр дүн юм. 

Хэрвээ таны бизнесийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүс таалагдахгүй бол таны бизнес дампуурах учраас ямагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд зохицох ёстой. Чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал таны бизнес цэцэглэнэ. Тийм ч учраас зах зээл гэдэг бол капиталистуудын хувьд хамгийн зөв замыг олох эрэл хайгуул юм. 

Хэрвээ төр нь капиталистуудыг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнес эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно. 

Идэх бялууны хэмжээ багасаж, нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнес эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломжийг хязгаарладаг юм. 

Харамсалтай нь яагаад дэлхийн хүн амын 90 хувийг ядуурлаас гаргаж, эдийн засгийг тасралтгүй өсгөж буй капиталист системийг сэхээтнүүд, олон улсын байгууллагууд, эдийн засгийн онолчид, улстөрчид ад зэтгэр мэт үзэх болов оо? 

Чөлөөт зах зээлийн ачаар хүн төрөлхтөн хамгийн аз жаргалтай үедээ амьдарч байна. Хүн төрөлхтний түүхэнд өнөөгийнх шиг хөгжингүй үе хэзээ ч тохиож байгаагүй. Өнөөгийн дэлхий ертөнц илүү эрх чөлөөтэй, илүү баян, илүү тайван, илүү хөгжингүй болжээ. Эдийн засгийн хувьд илүү эрх чөлөөтэй, өмчийн болон хувь хүний эрх чөлөөг хүндэтгэдэг улс үндэстнүүд илүү баян байна. 

Эрх чөлөөт улс орнууд дарангуйлалд нэрвэгдсэн улс орнуудаас 12 дахин баян байна. Эрх чөлөөт улс орнуудын хүн ам нь дарангуй дэглэм дор зүдэрч буй улс орнуудын хүн амын 90 хувиас нь чинээлэг амьдарч байна. Эрх чөлөөт орнуудад ядуурал 25 дахин бага, нэн ядуурал 50 дахин бага байна. Эрх чөлөөт улс орнуудын иргэд нь дарлагдсан улс орнуудын иргэдээс 25 хувиар урт насалж байна. 

Либертарианизм гэж бид ярьдаг нь ийм учиртай. Аргентины алдарт профессор Алберто Бенегас Линч либертарианизм бол хүчирхийлэл үл үйлдэх зарчимд үндэслэн бусдын амьдралыг хүндэтгэх, хүний амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхийг хамгаалдаг үзэл санаа юм. 

Либертарианизмын үндсэн институт нь хувийн өмч, төрийн оролцоогүй чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн, хөдөлмөрийн хуваарь, хүмүүсийн хамтын ажиллагаа бөгөөд ийм системд бизнесийн амжилт гэдэг нь чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг боломжийн үнээр худалдахыг хэлдэг юм. 

Өөрөөр хэлбэл, амжилттай капиталист бизнес эрхлэгч нь нийгэм, хүмүүсийн амьдралыг тэтгэж байдаг ажээ. Амжилттай бизнес эрхлэгч бол бидний баатрууд юм. 

Аргентины ирээдүйг чөлөөт зах зээл аварна гэдэгт бид бат итгэдэг. Либертарианизмын зарчимд суурилсан загвар биднийг амжилтад хөтөлнө. Бид хүний амьдрал, эрх чөлөө, өмчийг хамгаалах ёстой. 

Чөлөөт худалдаа, капитализм, эдийн засгийн эрх чөлөө нь дэлхийн ядууралд цэг тавих онцгой хэрэгсэл, хүн төрөлхтөн түүхийнхээ хамгийн гайхамшигтай үед амьдарч байгаа нь үнэн юм бол яагаад өнөөдөр Өрнөдийн ертөнцийг аюулд өртсөн гэж хэлэх болсныг надаас асууж магад. 

Учир нь чөлөөт зах зээл, хувийн өмч, либертарианизмын институтуудыг хамгаалах ёстой улс орнуудад улстөр, эдийн засгийн ноёрхогч давхарга нь либертарианизмын тулгуур зарчмуудыг үл ойшоосноороо социализмд үүд хаалгаа нээж, биднийг ядуурал, гуйланчлал, зогсонги байдал руу түлхэх боллоо. 

Социализм бол ямагт ядуурал гуйланчлалд хүргэдэг үзэл санаа гэдгийг мартаж болохгүй. Социализмын үзэл санааг туршсан бүх улс орон дампуурсан юм. Социализм нь эдийн засаг, нийгэм, соёлын хувьд бүтэлгүйтэл байснаас гадна 100 сая гаруй эрдэнэт хүний аминд хүрсэн билээ. 

Берлиний хана нуран унасан ч гэсэн социализм амь бөхтэй хэвээр байна. Өнөөгийн Өрнөдийн ертөнцөд гуйранчлалд хөтөлдөг социалист үзэл санааг өмгөөлж буй хүмүүстэй бид тэмцэх ёстой юм. 

Манай удирдагч нар, сэтгэгчид, сэхээтнүүд биднийг өнөөгийн хөгжил, эд баялагт хүргэсэн системийнхээ эсрэг санааг цухалзуулах болсон нь харамсалтай. 

Шинэ сонгодог эдийн засгийн онол гэгч нь төрийн оролцоо, социализм, нийгмийн доройтолд хүргэх арга хэрэгсэл болж байна. Шинэ сонгодог сургуулийн эдийн засагчдын загвар бодит байдалтай нийцдэггүй. Тэдгээр эдийн засагчид онолын загвараа дахин нягтлан шалгахынхаа оронд зах зээлийн бүтэлгүйтэл гэж нэрлэж байгаад өөрсдийн алдаагаа зах зээл рүү бухдаг.

Тэд зах зээлийн бүтэлгүйтлийг засах нэрийдлээр зохицуулалт санал болгож байна. Эдгээр зохицуулалтууд нь үнийн систем, эдийн засгийн бодит тооцооллыг гажуудуулж, хадгаламж, хөрөнгө оруулалт, өсөлтийг боомилдог.

Тэд чөлөөт зах зээл ямар ашиг тустай болохыг ойлгохгүй байна. Хэрвээ ойлгодог байсан сан бол зах зээлд бүтэлгүйтэл гэж байдаггүйг мэдэх байсан. 

Зах зээл гэдэг чинь эрэлт, нийлүүлэлтийг дүрсэлдэг график төдий биш ээ. Зах зээл бол хүмүүс сайн дураараа өмчлөх эрхээ солилцдог ухаалаг хамтын ажиллагааны механизм юм. Энэ утгаараа зах зээлийн бүтэлгүйтэл гэж ярих нь ямар ч утгагүй юм. Зах зээл хэзээ ч бүтэлгүйтдэггүй. 

Хүмүүс хоорондоо сайн дураараа солилцож байгаа нөхцөлд бүтэлгүйтэл гэж байхгүй. Хэрвээ зах зээл бүтэлгүйтсэн гэж ярьж байгаа тохиолдолд хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаанд албадлага нөлөөлсөн байж таарна. Хүчирхийлэл үйлдэх монополь эрхтэй институт нь төр өөрөө учраас албадлага төрөөс л угшилтай. 

Хэрвээ та бүхэн зах зээл бүтэлгүйтсэн гэж ярихыг сонсвол төрийн оролцоо байгаа эсэхийг сайтар шалгаарай. Та сайтар шалгах юм бол заавал алдаа мадаг олох болно. Учир нь зах зээлд алдаа гэж байдаггүй. 

Шинэ сонгодог сургуулийн эдийн засагчид зах зээлийн бүтэлгүйтэл гэдгээ эдийн засгийн бүтцийн төвлөрөл гэж тайлбарладаг. Гэтэл 1800 оноос хойш хүн ам 8-9 дахин нэмэгдсэн боловч нэг хүнд ногдох ДНБ бараг 15 дахин өсөж, нэн ядуу хүн амын тоо 95 хувиас 5 хувь болтол буурчээ. 

Харамсалтай нь баялаг нэмэгдэхийн хэрээр төвлөрсөн бүтцүүд буюу монополь үүсдэг. Гэтэл шинэ сонгодог онолтнууд үүнийг зах зээлийн бүтэлгүйтэл хэмээн мэлзэж байна. 

Шинэ сонгодог урсгалын эдийн засагчид хайрцагнаас гадуур сэтгэнэ. Угтаа аливаа эдийн засгийн загвар бүтэлгүйтвэл бодит байдалд бухимдаж, зэвүүцэх биш, загвараа өөрчлөх ёстой. Гэтэл шинэ сонгодог сургуулийнхан зах зээлийн үйл ажиллагааг улам төгс болгох нэрийдлээр зах зээл рүү дайрдаг. Ингэснээрээ тэд социализмын үүд хаалгыг нээхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг хязгаарладаг. 

Жишээлбэл, монополийг зохицуулах нэрийдлээр тэдний ашиг, өсөлтийг хязгаарлавал эдийн засгийн өсөлт автоматаар буурах болно. 

Төрийн интервенц хөнөөлтэй гэдгийг онол баталчихлаа, эмпирик баримтууд ч үүнийг нотоллоо. Гэтэл хамтач үзэлтнүүд үүнийг засахын тулд эрх чөлөөгөөр хангахын оронд улам илүү зохицуулалтыг санал болгодог. Зохицуулалтыг зохицуулалтаар засах гэж оролдсоноор бид нар улам ядуурч, тансаг байранд амьдардаг бюрократ давхаргаас улам хамааралтай болжээ. 

Хамтач загвар нь бүтэлгүйтэж, чөлөөт зах зээлийн ололт амжилттай нүүр тулсан социалистууд өнөөдөр зорилгоо өөрчилжээ. Тэд эдийн засгийн системд тулгуурласан ангийн тэмцлийн онолоо орхиж, нийгмийн бусад зөрчил сөргөлдөөнүүдийг дэвэргэснээр хүний амьдрал, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. 

Тэд эр, эм хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлэх болов. Гэтэл либертарианизм нь эр, эм хүйст аль алинд нь боломж олгодог. Учир нь бүх хүн адил тэгш бүтээгдсэн юм. Хүн төрөлхтөн бүгдээрээ амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхтэй бүтээгдсэн билээ. 

Радикал феминизмын уршгаар эдийн засгийн үйл явц дахь төрийн оролцоо нэмэгдэж, нийгэмд ямар ч хувь нэмрээ оруулаагүй бюрократууд эрх мэдэлтэй болжээ. Эмэгтэйчүүдийн яам, олон улсын байгууллагууд ийм үзэл санааг сурталчилж байна. 

Социалистууд хүн төрөлхтнийг байгалийн эсрэг сөргүүлэн тавих боллоо. Тэд хүн төрөлхтнийг байгальд хөнөөлтэй хэмээн сурталдаж, хүн амын өсөлтийг хянах, үр хөндөлтийг дэлгэрүүлэх талаар ярьж байна. 

Харамсалтай нь ийм хортой үзэл санаанууд нийгэмд газар авчээ. Неомарксистууд хэвлэл мэдээлэл, соёл, их сургуулиуд, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар Өрнөдийн оюун санааг эзэмджээ. 

Ялангуяа, олон улсын байгууллагууд нь гишүүн улс орнуудын улстөр, эдийн засгийн шийдвэрт нөлөөлдөг учраас илүү аюултай юм. 

Азаар улам олон хүн эдгээр үзэл санааны эсрэг тууштай зогсож, дуу хоолойгоо өргөсөөр байна. Төрийн зохицуулалт, социализм, ядуурал, хязгаарлагдмал эрх чөлөө, гуйранчлалд хүргэдэг үзэл санааг бид эсэргүүцэх ёстой. 

Харамсалтай нь Өрнөдийн ертөнц аль эрт энэ замд оржээ. Өрнөдийн ертөнц тэр чигээрээ социализм болсон гэж би хэлэхийг хүсэхгүй байгаа боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төр нь хянадаг эдийн засгийн систем рүү хэлбийгээд байвал бид зайлшгүй социализмд хүрэх болно. Та бүхэн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулаад үзээрэй. 

Өнөөгийн төрүүд нь хувь хүмүүсийн амьдралыг бүхэлд нь хянахын тулд заавал бүтээгдэхүүнийг хянах албагүй болсон. Төр нь мөнгө хэвлэх, өр үүсгэх, татаас олгох, зээлийн хүүг хянах, үнийг хянах, зах зээлийн бүтэлгүйтлийг хянах нэрийдлээр зохицуулалт хийж сая сая хүмүүсийн амьдралыг хянадаг боллоо. 

Өрнөдийн ертөнц дэх хамтач үзэлтнүүд өөрсдийн үзэл санааг түгээхийн тулд олон янзын нэр, дүр ашигладаг. Тэд өөрсдийгөө коммунист, фашист, социалист, социал демократ, үндэсний социалист, Христийн ардчилагч, нео-Кейнсч, прогрессив, популист, националист, глобалист гэж хэмээн дууддаг боловч тэдний зүүсэн багны цаана хамтач үзэл л нуугдаж байдаг. 

Тэдэнд ямар ч ялгаа байхгүй. Тэд хувь хүмүүсийн амьдралыг төр зохицуулах ёстой гэж үздэг. Тэд бүгдээрээ хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хүргэсэн үзэл санааны эсрэг байдаг. 

Миний бие Өрнөдийн ертөнцийг хөгжил дэвшлийн замдаа эргэн орохыг уриалах гэж энд ирсэн. Эдийн засгийн эрх чөлөө, хязгаарлагдмал төр, хувийн өмчийг хүндэтгэх нь эдийн засгийн өсөлтийн тулгуур юм. Хамтач үзлийн үр дагавар болох ядуурал нь зөгнөл, эсвэл зугтаж болшгүй хувь заяа биш ээ. Аргентинчуудын мэддэг бодит байдал юм. 

Бид ядуурлыг мэднэ. Манай ард түмэн биднийг баян болгосон эрх чөлөөний загвараас татгалзсанаараа ядуурал гуйранчлалын эргэлт буцалтгүй тойрогт татагдан орсон билээ. 

Хэрвээ Өрнөдийн ертөнц баян чинээлэг амьдралд хүргэсэн эрх чөлөөний загвараас татгалзвал бидний туулсан зам та бүхнийг угтах болно. 

Та бүхэн ямар баян байх, ямар их байгалийн баялагтай байх, танай улсын хүн ам ямар чадварлаг байх, ямар боловсролтой байх, төв банкиндаа хичнээн их алтан гулдмайтай байх нь огт хамаагүй. Хэрвээ та бүхэн чөлөөт зах зээлд нөлөөлж, өрсөлдөөн, үнийн систем, худалдаа, хувийн өмчийг хязгаарлаад эхэлбэл зайлшгүй ядууралд нэрвэгдэх болно. 

Төгсгөлд нь би өнөөдөр энэ танхимд цугларсан болон ирж амжаагүй бүх бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэхийг хүсэж байна. 

Та бүхэн улстөрийн каст, төрийн зардлаар амьдардаг паразит хүмүүст дээрэлхүүлэх ёсгүй. Та бүхэн нийгэмд хувь нэмрээ оруулдаг. Та бүхэн бол баатар. Та бүхэн хүн төрөлхтний түүхийн хамгийн хөгжингүй үеийг бүтээлцсэн билээ. 

Та бүхний хүсэл эрмэлзлийг хэн ч хориглох ёсгүй. Та бүхэн илүү чанартай барааг илүү хямд үнээр зардаг учраас, нийгэмдээ хувь нэмэр оруулдаг учраас мөнгө олдог юм шүү. 

Төрийн дарамтад битгий бууж өг. Төр бол шийдэл биш. Төр гэдэг нь өөрөө асуудал юм шүү. Та бүхэн бол баатрууд юм. Аргентин улс ямагт та бүхний талд тууштай зогсоно гэдгийг амлаж байна. 

Та бүхэндээ маш их баярлалаа. Эрх чөлөө үүрд оршин тогтнох болтугай.

Бүрэн эхээр доорх линкээр үзнэ үү!    ⇩

https://www.youtube.com/watch?v=8DYQQf1KjYo


Орчуулсан: Ийгл телевизийн гадаад мэдээний олон улсын тоймч Г.Ганбаяр