…“Харамчийнхний дууль”...”Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь

Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм.

Цурам хийлгүй хүлээн ээж нь хоёр хүүгээ харамласангүй

Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ

Цуутай Харамчийнхан юугаа ч харамласангүй”

Харин одоо харамлах цаг ирлээ. Илүүдээ гарсан амь биш. Эрийн цээнд хүргэхийн тулд амиа өгөхөөс буцахгүй өсгөж эх оронч иргэн болгон хүмүүжүүлсэн хүүг нь аагаа багтаасан нэг дарга зодсоор байгаад алчихдаг боллоо. Цэргийн дарга нарын гарт энхийн цагт амиа алдаж байгаа тухайд тэсвэр хатуужил, ёс журам ярих шаардлагагүй. Хүний амины хэрэг ярьж байна гэдгийг энэ салбарынхан огт анхаарахгүй байна.

Салааны захирагчид зодуулаад амиа алдсан цэргийн төлөө салааны захирагч гэгчээс өөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Уучлал гуйсан мэдээ түгээж “пиар” хийж эхэллээ. Тэр ч байтугай дүүгийнхээ араас эмгэнэн гашуудаж хариуцлага нэхсэн ахынх нь эрхийг зөрчиж хүчний байгууллага аваад явчихлаа. Энэ эрх чөлөөт орон мөн үү?

“Сүүлийн гурван жилийн байдлаар энх цагт цэргийн албанд мордсон ч цаг бусаар тэнгэрт одсон цэргийн тоо ийнхүү зургаа боллоо” гэж хэвлэлүүд бичиж байна. Энэ жирийн тоо мөн үү? Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч байсан Б-ийн талийгаач болсон оношийг хар! Тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал, эцэст нь үхэл! Үүний дараа 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр юу өөрчлөгдөх юм бэ?

Олон нийтийн зүгээс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Дотоодын цэргийн ерөнхий командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд нарт хариуцлага тооцохыг шаардаж байна!

Яг энэ муу мэдээтэй зэрэгцэн монгол цэргүүд Афганистан цэргүүдийн амь насыг алан хядагч бүлгийн халдлагаас аврахад онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай мэдээ 2021оны гуравдугаар сарын 30-ны өдөр дэлхий дахинд цацагдаж Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсыг Зэвсэгт хүчний цэргийн багт талархал илэрхийлжээ.

Тэгэхээр нэг цэргийн даргын зэрлэг балмад танхайрлаас болж бүхэл бүтэн улс орны Зэвсэгт хүчний нэр хүнд аагаа багтаасан нэг даргын авирт нэр хүндээ алдаж байна. Уг нь Монгол Улсын зэвсэгт хүчний хөгжлийн чиг баримжаа, бодлого, төрийн цэргийн байгууллаа хөгжүүлэх, орчин үеийн шинж чанартай цэрэг, арми бүхий батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, түүний дотор, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх, үүрэг гүйцэтгэх чадавх, боломжийг нэмэгдүүлэхгээд олон ажил энэ салбарт бий.

Яагаад дэлхийн 20гаруй орны 300гаруй цэргийн албан хаагчид оролцсон “Данкон” маршийн тэмцээний эхний40байрыг Монгол цэргүүд дангаараа эзэлсэн байх вэ?

Тиймээс алдаа дутагдал гаргасан нэг салааны захирагчаас болж Зэвсэгт хүчний нэр хүнд унах ёсгүй юм. Тэглээ гээд Монголын ардын арми муу муухай болчихгүй. Одоо иргэд, олон нийт юуг хүлээж байна вэ гэвэл энхийн цагт даргадаа зодуулж нас барсан цэрэг эрийн халуун амины төлөө Монголын төр яаж хариуцлага хүлээхийг л харахыг хүсч байна!

“Цэрэгт явуулна” гэж хүүгээ “айлгах” ээж тэнд хүмүүжил, төлөвшлийн “их сургууль” бий гэж найдсандаа хэлдэг болохоос “алуурчин, жандаармууд” бий гэсэндээ хэлдэггүй юм. Тэнд хүмүүждэг, ажил хөдөлмөрийн дөртэй, мэргэжлийн чиг баримжаатай болдог гээд олон эрдмийг эзэмшээд ирж болдог. Харамсалтай нь бас эрэмдэг болоод, эсвэл амьгүй болоод “ирдэг” боллоо. Туйлын эмгэнэлтэй!

Ердөө ганцхан сарын өмнө Хүндэт харуулын тусгай ротын 032 дугаар ангийн цэргүүд шинэ цэргийг дэглэж байгаа бичлэг нийтэд цацагдахад л Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Дотоодын цэргийн ерөнхий командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд нарт хариуцлага тооцохыг шаардаж байсан. Хэн ч тоогоогүй!

Хамгийн сүүлд гэхэд л 2021 оны гуравдугаар сарын 31-нд Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн буудлага хийж байсан Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчийн буу гацсаны улмаас сум алдаж хөл рүүгээ буудчихаад одоо Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна.

Хариуцлагагүй байдлыг арилгаж чадах хүний нөөц, эх орноо хамгаалах албанаас хайртай үрээ харамлалгүй илгээх тэр итгэлийг дахин сэргээх сүр хүч Монголын төрд байна уу?