Иргэн Б.Цогтгэрэл Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нэхэж “Шилэн” хочтой болтлоо тууштай зүтгэж түүний тэмцэл олон нийтийн дэмжлэгийг авч, сөрөг хүчнийхэн ч түүнээс ичих шахуу болж онцгой сэдэв боллоо. Энэ сайн хэрэг. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа2020оны10 дугаар сарын27-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр өнгөрсөн долоо хоногт “Үндэсний аудитын ажлыг “Шилэн” Цогоо хийж байна” гэж хэлсэн нь анхаарал татав. Эрхэм гишүүний хувьд Сангийн дэд сайдаар нэр төртэй ажилласан туршлагаа ч бодсон аудитын байгууллагын талаар сайн мэддэг байх гэж бодсон юмсан. Тэр тусмаа Үндэсний аудитын байгууллага УИХ-аас томилогддог, хаана ямар сэдвээр аудит хийх төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулдаг, Үндсэн хуульд тодорхой заалтаар тусгагдсан бие даасан хараат бус байгууллага гэдгийг сайд асан мэднэ. Харин УИХ-д шинээр сонгогдсон гишүүд Төсвийн тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед тус байгууллагын талаар мэдээлэл авч, судалж, хариуцлагатай хандах ёстой. Мөн Аудитын байгууллагын эрх зүйн орчин, Шилэн дансны тухай одоо мөрдөж буй хуульд ямар өөрчлөлт хийх шаардлагатайг энэ нөхцөл байдал илчлэн харуулж байна.Төсвийн тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед төсвийн үрэлгэн байдалд шүүмжлэлтэй хандах, татвар төлөгчдийг ил тод мэдээллээр хангах, шүүмжлэлийн дагуу засч залруулах нь Шилэн дансны тухай хуулийн төдийгүй Засаглалуудын үүрэг. Аудитын байгууллагын ажил ч хуульд заасанчлан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, засаглалуудын засч залруулах ёстой зөвлөмж, дүгнэлт дээр гол анхаарлаа хандуулж ажилладаг.

Төрийн аудитын байгууллагаас2019онд гүйцэтгэсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сэдвээр аудит хийж нийт 48 байгууллагад хариуцлага тооцуулах, 519 зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн нь 99.6хувийн хэрэгжилттэй байна.

Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдад зургаан зөвлөмж хүргүүлснээс Шилэн дансны тухай хууль, холбогдох журмыг боловсронгуй болгох, өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн аудитын тайлангуудад тусгасан журамлах шаардлагатай асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх гэсэн агуулгатай нэг зөвлөмж бүрэн хэрэгжээгүй байх юм. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт есөн зөвлөмж өгсөн нь90хувийн биелэлттэй байгаа аж.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018оны А/210 дугаар тушаалаар “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах дэд ажлын хэсэг байгуулагдаж журмын шинэчлэлий төслийг боловсруулж нарийвчилсан төлөвлөгөө гарган 70-аад хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа нь Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын үр дүн юмсанж. Өөрөөр хэлбэл “Шилэн” Цогоо болон олон нийтийн “шилэн данс ухах” боломжийг Төрийн аудитын байгууллагаа хуульд заасан үүргийн дагуу нээж өгөх гол ажилтай байдаг юм байна. Одоо Цогоо болон олон нийтийн илрүүлсэн зөрчлүүдийн дагуу хэн, юу хийх ёстой вэ гэдэг асуудал өөрөө эрхзүйн шинэ өгөгдлийг нэхэж байгаа харагдах болов.

Ямар ч байсан эрхэм гишүүн Х.Булгантуяа болон олон нийт, нийгмийн сэтгэлзүйн хамгийн дуулиант хэсгийг сугалж авч шоуддаг улстөрчид Аудитын байгууллага гэж юу вэ, тэнд хэдэн Цогоо байвал засаглал сайжирч, төсөв сахилга батад орох вэ гэдэг талаар зарим зүйлийг дурдъя.

Юуны өмнө Аудитын байгууллага ямар зорилготой вэ, хяналт шалгалт хийдэг газар мөн үү, бүр цаашилбал АТГ-тай адил төстэй юм уу гэдгийг эргэцүүлээд үзээрэй. Аудитын дүгнэлтээр “айлгах” нь нийгмийн болон улстөрчдийн хүсэл зориг байж болох ч Аудитын байгууллагын зорилго тэс өөр юм.

Хэрэв маргааш “Мянган Цогоо” гараад ирвэл Төрд хэн итгэх вэ. Цогоогийн олсон мэдээллийг хэрхэн хариуцлагатай уях вэ. Бусдын нэр хүнд гутаагдсан асуудал үүсвэл энэ мэдээллийг гаргасан шилэн Цогоо болонтүүнийг дэмжигч олон нийт хариуцлага хүлээх үү гэдэг асуудал гарч ирж байна. Зөв гэдгийг мэдээд байгаа боловч хуулийн хариуцлага оноож мэдэхгүй байгаа бол эрх зүйн орчныг нь заавал анхаарах ёстой. Энэ бол хууль тогтоогчдын үүрэг.

Одоо мөрдөж байгаа хуулиар бол Шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн Нийтийн хурал, Төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ гэж Шилэн дансны тухай хуулийн8.1-т заажээ. Зөрчил дутагдал, шаардлагыг тухайн байгууллага, албан тушаалтан хүлээж авахгүй бол хуульд заасан журмын дагуу Төрийн аудитын байгууллагад хандаж аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно гэж уг хуульд заасан байна. Харин аудитын байгууллага ямар хугацаанд хариу өгөх бол? Хуулийг нь харвал УИХ, Төсвийн байнгын хороотой энэ сэдвээр аудит хийж болох эсэхийг зөвшөөрүүлнэ, эсвэл аудит хийж байгаа тухайн нутаг дэвсгэр дэх аудитын газарт нэмэлтээр ийм сэдвээр аудит хийж бичгээр мэдэгдэхийг хүсэх ч юм уутөлөвлөгдөөгүй ажлын хувьд нэлээд цаг хугацаа, хүн хүчний асуудал бололтой юм. Энэ хуульдаа өөрчлөлт оруулж байж хурд ч юм уу, ямар нэг нааштай үр дүн гарах аж.

Үндэсний аудитын газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн2020оны нийцлийн аудитын тайлангийн дүгнэлтэд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд холбогдох хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй байна” гэдгийг дахин дахин дурдсан байгааг тухайн тайлангаас харж болно. Хариуцлага тооцох зохицуулалт үгүй бол эдгээр илрүүлэлтээр яах билээ гэдгийг хууль тогтоогчид яаралтай бодож олох ёстой биш үү?

Нөгөөтэйгүүр “пөөх, паах” гэж гайхах гээгүй л учраас шилэн дансны хэрэгжилтэд хяналт тавьж байгаа иргэд “алдаа зөрчлөө” аваад хаачих вэ? Монгол Улс хэзээ сайхан хөгжих вэ гэвэл сайн засаглалтай болсон үед, сайн засаглалтай болохын тулд хөндлөнгийн шударга, хараат бус хяналт хэрэгтэй. Хяналтдаа нөлөөлөөд хараат байлгах гээд байгаа нь зөрчил хэвээр байгаагийн, засаглал муу байгаагийн шалтгаан юм.

Хяналт шалгалтын ажил гэдэг бол нэг удирдамж биччихээд бүх зүйлийг нь онгичоод дүгнэлт гаргачихдаг. Аудит тэгдэггүй. Үйл ажиллагаа нь цаанаасаа олон улсын стандарттай. Тэр стандартыг зөрчвөл аудит хөндлөнгийн нөлөөлөлд орсон буюу буруу ажилласан, аудитын үр дүнд сөргөөр нөлөөллөө гэж үздэг.Аудитын байгууллага аудит хийх сэдвээ УИХ-аар батлуулдаг,олон улсын стандартад нийцсэн, УИХ-аар батлагдсан төлөвлөгөөтэй, түүнийгээ Ерөнхий аудитороор батлуулна. Аудит хийх газраа эхлээд сонгож тэр газраа судална. Заавал 3 сарын хугацаанд!Тодорхой үе шаттай ажилтай. Энэ үе шатуудын дагуу хийгээгүй бол аудит буруу хийгдсэн гэж үзнэ. Гэнэтийн аудит хийж болохгүй. Гомдлын дагуу хийсэн байж болохгүй. Хэрэв гэнэтийнхээр хийвэл аудит хараат ажиллаж байна гэж үздэг гэхчлэн нарийн дүрэм журамтай юм байна.

Аудитын байгууллагыг анх 2003онд Төрийн хянан шалгах хорооны суурин дээр үүсгэн байгуулсан байдаг. Харамсалтай нь тэрхүү Төрийн хянан шалгах хорооны “араншинг” одоо хүртэл “чирээд” явдаг. Үе үеийн парламент аудитын байгуулллагыг улс төрийн зорилгоор “харж”, “хэрэглэж”, “шаардаж” ирсэн байдаг. Гэтэл Аудитын байгууллага бол хараат бусаар ажиллах ёстой Үндсэн хуулийн байгууллага. Тиймээс эхлээд эрх зүйн орчин нь сайн байх ёстой. Эдийн засаг нь хараат бус байх ёстой. Төсвөө улсаас авна. Гэхдээ Сангийн яамаар хянуулдаггүй, тануулдаггүй байх ёстой. Боловсон хүчнээ өөрсдөө сонгон шалгаруулж авдаг байх ёстой. Манай Аудитын газар шиг Засгийн газраар, УИХ-аар төсвөө хасуулчихаад “дарамтлуулж” ажилладаг аудитыг аль ч оронд хараат ажилладаг л гэнэ.

Нөгөөтэйгүүр баахан иргэн хүсэлт гаргах нь ээ, хуулиар олгосон эрхийн дагуу!Хэдэн хүн, хэзээ шалгах вэ? Аудитын байгууллага өөрийн байгууллагын талаар тодорхой мэдээлэл өгөх “дургүй”, нээлттэй бус байгууллага. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол тус байгууллагад өнөөдөр хот хөдөөд нийлээд386хүн ажилладаг бололтой. Үүнээс270гаруй нь хөдөө орон нутаг дахь аудитын газарт,110гаруй нь нийслэлд ажилладаг юм даг уу даа. Тэгээд хуульд заасан хугацаанд төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан дээр нь дээр дурдсан сэдэвчилсэн аудитыг хийдэг юм байна. Ажил нь их, хүн нь цөөн, тэдэнд цалингаас гадна хөндлөнгийн аудитын компаниудтай гэрээгээр хамтарч ажиллах шаардлага гардаг. Төсөв хянах гэж байгаа энэ байгууллага төсвөө Сангийн яамаар жил бүр тануулж хасуулдаг. Энэ нь хараат байдлын нөлөөллийг нэмэгдүүлсээр байна. Үүнд анхаарч Аудитын байгууллагыг хараат бус байлгах, бүр болохгүй бол ҮАБЗ-д харьяалуулж ажлыг нь хийлгэх, нөгөө талаар Монголын олон арван Цогоог дэмжих, тэдний мэдээллийн дагуу хэн нэгэн хариуцлага хүлээдэг болох эрх зүйн шаардлагатай өөрчлөлтүүд тулгамдсан асуудал болоод байгааг Цогоог Аудитын байгууллагатай дүйцүүлж буй гэнэхэн, шинэхэн парламентчид яаралтай анхаарна уу!!!