Ирээдүйн нөхөр минь

Долгорсүрэн бид хоёрын анх танилцсан түүх гэдэг бөөн паян. Би 25 дугаар баазад ирж ажлаа хүлээж аваад, дөнгөж л долоо хонох гэж байлаа. Тэгтэл наадам тарсны маргааш долоодугаар сарын 14-ний өдөр, бааз наадамд сайн барилдсан бөхчүүдээ хүлээж авна гээд л хөл хөдөлгөөн боллоо. Шинэ хүүхэд гээд Мягмаржав бид хоёрт, улаан буланг цэгцлэх, индэр суудал засах ажил оноов. Даргын нарийн бичиг бид хоёрт заавар өгч, мань хоёрын удирдлага дор гурав дөрвөн цэвэрлэгч тоос шороо арчиж цэвэрлээд, цэцэг навч, туг лоозон, ширээ сандлуудыг заасан газарт байрлуулаад гүйлдэнэ. Дөрөв дэх өдөр байсныг би сайн санадаг. 

Бааз 200-аад хүн суучихдаг хөөрхөн улаан булантай, тэндээ бөхчүүдээ хүлээн авч, ажилчдаа цуглуулахаар зэхэж буй нь энэ. Хэнийг ч танихгүй болохоор тэр бөхчүүд нь ямар ч хүн байдаг юм бүү мэд. Наадмаар гэртээ амрахдаа хэн хэрхэн барилдсаныг сонирхоо ч үгүй. Нарийн бичгийн дарга эгчийг Чинбат гэх ба манай нутгийн Чойжилсүрэн арслангийн гэргий учраас би:

- Хэн гэдэг, ямар хүмүүс ирэх гээд байгаа юм бэ? гээд асуулаа.

- Энэ жил манай баазынхан маш сайн барилдсан. Юүвээ гэж бөх Улсын начин цол авсан юм аа гэсэн ч Долгорсүрэн гэдэг хүний тухай нэг ч үг яриагүй. Би ямар хүн гэхээрээ “Юу вэ” гэдэг нэртэй байдаг байна аа гэж гайхаад: 

- “Юу вэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Жинхэнээсээ нэр нь юм уу? гэж тэсэлгүй асуутал, эгч инээсэн. Тэгж байтал 14 цаг нь болоод жолооч, засварчин, ажилчид улаан буландаа орж эхнээсээ суудлаа эзэлцгээлээ. Өнөөх бөхчүүд ч, дарга нар ч байдаггүй. Би ахин дахин гүйж гараад, хараад л. Хоёр салаа гэзэгтэй хэвээрээ, хүүхэд ааш минь ч хэвээрээ болохоор “Юу вэ” гэдэг хачин нэртэй хүнийг л харах гээд байсан нь тийм хөгжилтэй. Юм бэлдээд дотор байтал “Ирлээ” гэлцээд би тэсгэлгүй хаалга руу гүйж хүрээд харлаа. Тэгтэл хоёр “Гуч” зогсоод, том биетэй хоёр хүн бууж ирээд орчихлоо. Намайг хараа ч үгүй, салаа гэзэгтэй жаахан охин, хэний нь хүүхэд юм бол оо л гэж бодоо биз. Нэг нь хүрэн, нөгөө нь ногоон өнгийн том халхгар дээл өмсөж, эсгий малгай хазгайдуухан тавьчихсан хоёр хүн тайзан дээр зассан сандалд суух хооронд, 

- Аль нь “Юу вэ” нь вэ? гээд асуугаад амжив. Чинбат эгч мушийгаад: 

- Наад том хүрэн дээлтэй хүн чинь гэж шивнэж байна. Тогтоогоод хартал хэтэрхий том улаан нүүртэй, хоёр нүд нь яг л амьтных шиг дээшээ доошоо хараад л, инээд хүрсэн гэж жигтэйхэн. Ийм хүнийг харсан хүн “Юу вэ?” л гэж дуу алдахаас өөр яах вэ гэж бодсон. Харин хожим нь тэр бодлоосоо ичдэг болсон. Юүвээ гэх энэ хүний гүндүүгүй, тусархуу сайхан зан чанарыг нь хүндэлдэг болсноос тэр. Ингээд дарга нар үг хэлж баяр хүргэж, улаан булан дахь ажилчид алгаа нижигнэтэл ташиж, баярын бичиг, шагнал урамшил гардуулаад тарцгаасан. Тэгж л анх удаа ирээдүйн нөхөр болох хүнээ харсан. Харсан гэдэг үг энд тохирохгүй юм шиг. Учир нь би Юүвээ начин руу л гайхсан харц чиглүүлээд байснаас Долгорсүрэн рүү бараг л хараагүй. Олон ажилчдын дунд буй, хоёр сарын дараа хорин насанд хүрэх хэрнээ, хүүхэд төрхөө хаяж огт чадаагүй, хоёр салаа гэзэгтэй годгор охиныг, тэр хүн ч бас тогтоож анзаараагүй. 

Маргааш нь ажил цуглахад би инкассын нябо тул баазын санхүүгийн албаны контор гэх аж ахуйн аргаар барьсан жижигхэн дан байшингийн нэг өрөөндөө суулаа. Бааз дөнгөж байгуулагдсан учраас сайн төвхнөж амжаагүй. Дарга, санхүүчид л тус тусдаа конторын барилгатай, бусад албан хаагчид монгол гэрт түр толгой хоргодсон байдалтай. Найман га газрыг бүрхсэн, тал шиг том торон хашаатай. 

Ажилчид нь дандаа Ардын армийн 107 дугаар анги хэмээх цэргийн жолооч нарыг сургадаг сургуульд бэлтгэгдээд, цэргийн ангид жолоо барьж байгаад халагдсан шижгэр залуучууд. Тээврийн яам бодлогоор 107-г төгссөн цэргүүдийг түүж авчраад манай баазад өгчихдөг. Мэдээж саналыг нь асуудаг л байж таараа. Цэргээс халагдаж буй залууг улсын том баазын жолоочийн орон тоонд шууд авна гэдэг том завшаан учраас дуртай зөвшөөрдөг байсан болов уу. 25 дугаар бааз гэдэг цоо шинэ “Зил-130” тэрэг 200 гаруйтай, жолоо барьдаг хүмүүс нь бас цоо шинэ залуус. Долгорсүрэн жилийн өмнө 1969 онд бас л цэргээс халагдаад, баазад жолоочоор ирсэн юм билээ. Миний бөхийн барилдааныг сэтгэл догдлон үздэг болохоос өмнө үе учраас түүний 1968 оны наадамд Улсын начин цол авч, 1970 ондоо ахин тав давж, цолоо баталж “Улам өрнөх” чимэг авчхаад байсан гэдгийг нь мэдээгүй. Өнөөх өрөө дүүрэн баримтыг хэрхэн цэгцлэх вэ гэдгээ ярьж байсан тул нам суугаад байхгүй гарч ороод, дарга нартай уулзаад, өөрөөсөө насаар хол ах хоёр бөхийг юугаа ч гэж харах вэ анзаарахаа болиод, мартчихсан гүйгээд байсан. Харин Долгорсүрэн намайг олж хараад: 

- Энэ нэг булчинтай жаахан охин яваад байх юм. Юун хүүхэд юм бэ? гэж Юүвээгээсээ асуусан байдаг юм. Цаадах нь:

- Шинэ төгсөөд, манайд нягтлангаар орсон юм байна лээ гэсэн гэдэг. 

Бөхчүүдийг хүлээж авснаас хоёр хоногийн дараа хагас сайн өдөр, Хүүхдийн парк дээр Тээвэрчдийн баяр боллоо. Хот хоорондын болоод хотын үйлчилгээний, тусгай тээврийн авто баазууд, засварын газрууд гэх мэт бүх тээврийн байгууллагын ажилтан цугларав. Хөнгөн атлетик, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, даам гээд бүх төрлөөр уралдаан тэмцээн болоод л. Би өдөр тутам шинээр ирж буй баримтуудаа цаг алдалгүй боловсруулж аваачин өгч, үд болохоор банк руу гүйдэг ажилтай учир цайгаа ч ууж чадалгүй Хүүхдийн парк руу нэгдсэн унаанд ачигдаад ирлээ. Ээжийн өглөө өгсөн 5 төгрөгөөр “Зил-130” машинууд дээр зарж байсан улаан ус, хуушуураас авах санаатай Чинбат эгчтэй хамт очер багатайг нь хайтал нэмэргүй, бүгд шаваастай. Цангасандаа, арагүйн эрхэнд шахцалдаан руу ороод, түлхэлцэж үзтэл хүч хүрдэг юм биш. Гэнэт миний гарыг хүн татахаар нь хартал, өнөөх ногоон дээлтэй бөх ах байна.

- Чи улаан ус авах гээ юу? гэхээр нь толгой дохилоо. Мөнгийг минь аваад шахцалдсан хүмүүсийн дундуур орчихоор нь ашгүй гээд холдтол том биетэй болохоор төвөггүй аваад эргэж харагдана. Тэгтэл миний таван төгрөгөөр бүгдээр нь ус авчхаж. 1 төгрөг 20 мөнгөний улаан ус 4-ийг авчихаар, цаана нь ердөө 20 мөнгө лүлджээ. Юүвээ нь ирсэн тул, дөрвүүлээ нэг нэгээр нь усаа уучихлаа. Хуушуурын мөнгөгүй яах вэ гээд нүүр үрчийтэл, Чинбат эгч хуушуур авч өгч, арайхийж нэг юм гол ордог юм байна. Ингэж л Долгорсүрэн бид хоёр нүүр нүүрээ анх харсан. Махны очер гэдэг аймшгаас болж бүтэн жил шаналж, энэлж үзсэн би гэдэг хүн хожим нь Долгорсүрэнд сайн болж нийлээд байхдаа очер бас учрал ч авчирч болдог юм байна гэж бодож инээсэн юм даг. 

Тээвэрчдийн наадам тардаггүй ээ. Манай баазын өнөөх ногоон дээлтэй ах маань бондойсон бүдүүн бөхтэй ноцолдоод л байх юм, ноцолдоод л байх юм, хаялцдаггүй ээ. Хар халуунд яасан дуусдаггүй юм бэ гэж ундууцлаа. Идэвхтэй зан минь хэвээр болохоор наадмын концертод хамт олноо төлөөлж, “25 дугаар баазын уран сайханч Пүрэвбадам” гэж зарлуулан Дөрвөн настай халиун, Хүүхэн Нанаа хоёрыг дуулсан учир гоё ногоон торгон дээлтэйгээ. Хувцас зузаадаад, хөлс урсаад байдаг. Орой болсон хойно ногоон дээлт ах хаяж түрүүлж, наадам арайхийн дуусав. Ердөө хорьхон мөнгө автобусанд хүрэхгүй учир баазынхаа жижүүрийн бүхээгтэй “Зил-130”-аар дөхчих санаатай авиртал, өнөөх бөхчүүл цүнхээ тэвэрчихсэн, хайнагийн бух шиг хоёр юм сууж байдаг. Харах завдалгүй доош нугдасхийн нуугдаад, буцаж зугтаалаа. Явган харихаас өөр аргагүй гэж бодож, Энх тайваны гүүрний хойд өөд мацаж явтал өнөөх жижүүрийн “Гуч” ирж зогсоод, манайхны нэг нь:

- Хөөе суугаач! Танай яг араар, Хүүхдийн больницын өмнөх замаар явдаг юм гэж байна гэв. Өнөөх хоёр аймаар хүн урд талд архайж дархайж байгааг харсан болохоор суулгүй үлдэж, Гандан руу явган алхаж харьсан юмдаг. Тэгтэл маргаашаас нь ногоон дээлтэй бөх ах өрөөгөөр эргэлдээд байдаг болчихлоо. “Гэр чинь хаана вэ?” гээд л асуудаг, би хэлэхгүй. Сүүлдээ орж ирээд, миний тооцоо авдаг ширээн дээр тээгээд хэвтчихдэг болов. Гараад зугтчихъя гэхээр тооцоогоо өгөх гэсэн жолооч нар гадаа очерлож байгаа тул хэцүү. Аж ахуйн хүндээ:

- Нэг нөхөр орж ирээд, ширээ тэгнэж хэвтчихээд болохгүй юм гээд хаалгандаа цоож хадуулсан ч нэмэргүй. Тооцоо авах гээд хаалга онгойлгоно, өнөөдөх чинь шуртхийгээд л ороод ирдэг. Би гэрээ хаана гэдгийг хэлэхгүй гэдийсэн хэвээр л. Өрөөндөө банкных шиг жижигхэн шилэн цонхтой таславч хийлгэж байж, бөх ах гуайн ширээ тэгнэж хэвтдэгийг эцэс болголоо. Оройд жижүүрийн тэргэнд сууж ирээд Гандангийн хойд зам дээр буугаад, төв замд ойрхон Жанрайсэг сүмийн арын хашаа руугаа гүйж орно. Тэгтэл Юүвээтэй хоёулаа “Гуч”-аараа дагаад, намайг хэд дэх гудамжны аль хашаа руу ордгийг хараад авчихсан юм байж. Манайхаар ах дүүс ирж, олуул цуглаж, ээж маань борцтой будаатай сайхан цай хийж дайлдаг. Нэг бүтэн сайнд би цай хийлцэж, хоёр ахынх хүүхэд шуухадтайгаа ирээд бужигналаа. Тэр үед анхны телевизор “Рекорд” гэж ирснийг манай хашаанд байдаг хүргэн ахынх авчихсан, зурагттай айл ховор болохоор хэдэн гэрээрээ шаваарч үзнэ. Найман сарын эхээр Цагдаагийн, Төмөр замын гээд, том баярууд цувардгийн нэгийг дамжуулж, бөхийн барилдаан гарч байтал аав минь: 

- Энэ нэг бүдүүн шуутай хүүхэд сайн барилдана аа! гэж байна. Хартал өнөөх ногоон дээлт. 

- Өө энэ чинь, манай ажлын газрын хүн гэлээ. Бөх нь дуусаад удсан ч ах дүүс бужигнасан хэвээр, манайд ороод шуугилдаж байтал хашааны хаалга цохиж, ээж гүйгээд гарлаа. Тэгтэл Юүвээ начин зуудаг цагаан нохойноос маань ухаангүй айсандаа ээжийг хоёр суганаас нь сэвхийтэл өргөж, хоёр шилбээр нь нохой шилбүүрдэж орхиод, гэр лүү ум хумгүй зугтаасан гээд сүүлд нь ярьж шоолж инээдэг болсон. Ээж танихгүй хүнд хүүхэд шиг өргүүлээд, мөн ч ичсэн шүү гээд л хөхөрдөг. Аавын бөхөд ясны хорхойтойг хэлэх үү. Түрүүхэн сайн барилдана гэж магтаж байсан залуу начин нь ороод ирж байгааг хэлэх үү. Юүвээ, Долгорсүрэн гурвуулаа бөх яриад салахгүй суусаар шөнө дунд болсон хойно явлаа. Тэгээд л тэр чигтээ ногоон дээлтэй бөх ах манайд хүрээд ирсэн. Гэртээ эр хүн дагуулж орох бүү хэл, хашааны үүднээс ангийн хүүгээрээ ч дуудуулж үзээгүй явтал тийм л амархан нөхөр сүүдэртэй болчихсон.