Энэ өдрүүдэд монголчууд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Байгалийн баялгийн эзэн нь хэн байх буюу хэн өмчлөх тухайд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Ард түмний, нийтийн эсвэл төрийн өмч гэж маргалдсаар УИХ болон Ерөнхийлөгчийн баг оролцсон зөвшилцөх ажлын хэсэг дээр “улсын нийтийн өмч” гэсэн холимог нэр томьёон дээр ирчихээд байна.

Нөгөө талаасаа өмч нь хэнийх ч байсан, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялагаа ашиглах хэлбэр, хэтийн төлөвөө яаж тогтоохоо бас ярилцах шаардлагатай. Жишээ нь 30 жилийн дараа монголын баялгийн сан ямар байх юм бэ?

Үндэсний Баялгийн Сангийн төрлүүд

Хамгийн анхны үндэсний баялгийн санг газрын тосны арвин их нөөцтэй Кувэйт улс 1953 онд байгуулжээ. Эдүгээ байгалийн баялагтай олон арван улс баялгийн сан байгуулж, хөрөнгө оруулалт нь өсөн нэмэгдэж, эдийн засагт нь амин чухал үүрэг гүйцэтгэх болсон. 2018 онд гэхэд дэлхийн баялгийн сангуудын хөрөнгө 7.6 их наяд доллар болоод байна. Үүний 1.1 их наяд нь ганцхан Норвегийн санд ногдож байна.

Баялгийн санг зориулалтаар нь таван төрөлд ангилдаг. Ихэнх улс холимог зориулалтаар ашигладаг.

Хүснэгт 1. Баялгийн сангийн төрөл ба түүний зорилго

IMF, “Sovereign Wealth Funds: Aspects of Governance Structures and Investment Management”, 2013

Үндсэн хуулиндаа байгалийн баялгийг Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Катар, Саудын Араб, Чили зэрэг улсууд төрийн өмч гэж тусгасан байна. Харин АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри, Франц, Энэтхэг, Сингапур, Япон, Боствана, Норвеги зэрэг орнуудад үндсэн хуулиндаа хэн нэг нь өмчлөх тухай огт заагаагүйг тэмдэглэх хэрэгтэй.

Жишээ нь Норвеги улс байгалийн баялгийг хэний өмч байх талаар үндсэн хуулиндаа тусгаагүй боловч Газрын Тостой Холбогдох Үйл Ажиллагааг Зохицуулах Хуулиндаа (Act 29 November 1996 No. 72 relating to petroleum activities) “Норвегийн төр нь газрын тосны нөөцийг эзэмших ба нөөцийг ашиглах онцгой эрхтэй” гэжээ. Сонирхолтой нь Норвеги үндсэн хуулийнхаа 112 дугаар зүйлд “байгалийн нөөцөө хойч үеийн эрхийг баталгаажуулсан, урт хугацааны бодлогод суурилан ашиглах болно” гэж оруулсан байна.

Норвегийн Баялгийн Сан

Урт хугацааны бодлогод суурилан байгалийн нөөцөө зөв удирдахын тулд Норвегийн баялгийн санг 1990 онд байгуулжээ. Энэ онд Норвеги улсын парламент Засгийн Газрын Тэтгэврийн Сангийн Тухай хуулийг батлаж энэ санг Сангийн сайд нь хариуцах, ба Сангийн яам нь шаардлагатай бүхий л шийдвэр гаргах бүрэн эрх мэдэлтэй болжээ. Сангийн яам нь Тэтгэврийн санг удирдах эрх мэдлийнхээ хүрээнд баялгийн сангийн хөрөнгийг удирдах, Сангийн яамнаас хараат бусаар хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах эрхийг Норжес банкинд (Norges Bank) олгожээ. Улмаар хөрөнгө оруулалтын 60% нь хувьцаанд, 40% нь тогтмол орлоготой байх, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх, улирлын болон жилийн тайланг тогтмол гаргахыг заажээ. Мөн Сангийн яамтай яаж харилцахыг тодорхой оруулжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Баялгийн сан, баялгийн үр ашгийг иргэдэд хүртээх нь”, 2019

Монголын баялгийн сан

Монгол улсын эдийн засгийн дөрөвний нэг, экспортын 85 хувийг уул уурхайн салбар эдүгээ бүрдүүлж байгаа. Монголд байгалийн баялгийн орлогыг шударга хуваарилахын тулд хуримтлал болон тогтворжуулалтыг хослуулсан сан байгуулах нь зүйтэй.

Эрдэс баялгийг хүн биш, байгаль бүтээсэн учир, манай иргэн бүр байгалийн баялгийн орлогоос хүртэх учиртай. Гэхдээ хөрөнгөөрөө эрсдэл хүлээн тэр баялгийг хайж олсон, олборлож боловсруулсан, хэрэгцээт зах зээлд нь хүргэсэн компаниуд, хөрөнгө оруулагчид нь оролцсон хэмжээгээрээ ашгаас нь түрүүлэн хүртэж, дараа нь иргэдэд тодорхой хэлбэрээр улсын төсвөөр дамжуулан хүрэх ёстой.

Норвегийн "Төрийн глобал тэтгэврийн сан"-ийн орлого нь эхлээд улсын төсөвт цуглах газрын тосны цэвэр орлогоос (газрын тостой холбоотой бүх орлогоос Засгийн газрын энэ салбарт оруулсан хөрөнгө, зардлыг хассан) бүтнэ. Газрын тосны бүх орлого гэдэгт, газрын тосны үйл ажиллагаанд ногдуулсан татварын бүх орлого ба роялти, газрын тосны үйл ажиллагаанаас үүдэн гарсан нүүрсхүчлийн хий, азотын исэл зэрэгт ногдуулсан татвар, лицензийн төлбөр болон төрийн эзэмшилд байсан газрын тосны хувьцааны орлого зэрэг орно. Мөн сангийн өөрийн бэлэн мөнгөний урсгалын цэвэр үлдэгдэл, тухайн жилийн хөрөнгө оруулалтын ашгаас бүтнэ. Тэгээд дараа нь төсөв алдагдалтай, эсвэл төсвөө тэлэх тохиолдолд парламентын зөвшөөрлөөр баялгийн сангаас зарцуулдаг.

Байгалийн баялгийн орлогыг харьцангуй ижил тэгш хуваарилахын тулд байгалийн баялгийн сан байгуулж, тэр сангийн удирдлага, үйл ажиллагаа нь Норвегийн баялгийн сангийн жишгээр харьцангуй бие даасан, Засгийн газраас аль болох хараат бус байх тусмаа улс төрийн нөлөөллөөс ангид, үр өгөөж нь өндөр байх магадлалтай юм.

2019.09.05