В.Ганзориг: Баянгол дүүргийн онцлог, давуу, сул талууд нь юу вэ?

С.Одонтуяа: 70, 80-аад онд орон сууцны шинэ хорооллоор бий болж байсан Баянгол дүүрэг 25 хороотой. Манай дүүрэгт Улаанбаатар хотын томоохон үйлчилгээний газрууд, Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийд төвлөрдөг. Сул тал гэвэл хот төлөвлөлт, стандарт сүүлийн жилүүдэд нэлээд алдагдсан. Үүний горыг иргэд одоо амсч байна. УИХ хөдөө, орон нутаг руу хамаг төсвөө явуулдаг. Уг нь улсын төсөв, хөрөнгө оруулалтаа тухай газар нутаг, бүсийн хүн амын тоонд хувааж, индексийг нь гаргаж хуваарилах ёстой. Улаанбаатар хотыг томоор харж, 5, 10, 50 жилийн дараахийг тооцсон төлөвлөлт байдаггүй. Ерөнхий төлөвлөгөө гэж байдаг ч тэрийгээ мөрддөггүй, тухайн жил хэн сайд, дарга байхаас хамаарч төсөв хуваарилагддаг. 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.

Б.Оч: Би Баянгол дүүрэгт ажиллаж, амьдардаг иргэн. Дүүргийн онцлог гэхээс нийтээр нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ төлөөлж ярьмаар байна. Биднийг дүүрэгтэй холбодог зүйл Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд байдаг. Энэ төвүүдээр дамжуулан мэдээлэл авч, сургалтанд хамрагдаж, үзэсгэлэн худалдаанд оролцдог. Гэхдээ бизнес эрхлэгчид асуудлаа яриад шийдүүлэх хүсэлт өгөхөөр энэ төвүүдийн эрх мэдэл хүрдэггүй. Цар тахлын энэ үед жижиг, том гэлтгүй хувийн хэвшлийнхэн хямарч байна. 7000 гаруй хувийн хэвшлийнхэн нэгдээд “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” үүсгэсэн. Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бид тодорхой саналууд гарган дүүргийн удирдлагад хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн шийдэл гараагүй байна. 

Д.Гүндэгмаа: Би Баянгол дүүргийн иргэн гэдгээрээ бахархдаг. Эрүүл, аюулгүй амьдрах орчин миний хувьд хамгийн чухал. Жишээ нь, хүүхдийн тоглоомын талбай бүх стандартын дагуу хийгдэж, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой. Гэр хороололд агаар, хөрсний бохирдол их байдаг. Ийшээ дүүргийн зүгээс дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл амины орон сууцны сайхан хороолол үүснэ. Үүгээр дамжин агаар, хөрсний бохирдлын асуудлаа давхар шийдэх боломжтой санагддаг.

С.Эрдэнэ: Манай дүүргийн гурван давуу талыг хэлье. Нэгт, Баянгол хүн ам, аж ахуйн нэгжийн асар том төвлөрөл бүхий дүүрэг. Хүн амын энэ нягтшил бизнес эрхлэгчдэд том боломж олгодог. Хоёрт, улс орны нийгэм, эдийн засагт маш өндөр үүрэг хүлээдэг дүүрэг. Монгол Улсын ачаа тээврийн 70 хувийг Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг. Гуравт, улсын эрчим хүчний мөн 60 гаруй хувь манай дүүрэгт үйлдвэрлэгддэг. Мөн үндэсний телевиз, шашны төв Баянгол дүүрэгт байдаг. Тэр утгаараа манай дүүргийн билэг тэмдэг Жанрайсиг бурхан байдаг. 

Сул тал бий. Баянгол дүүрэг 63 мянган өрх, 20 мянган аж ахуйн нэгжтэй ч газар нутгийн хэмжээ маань инээдтэй. Баянгол дүүрэг 2996 га газартай. Дундаж тариалангийн компанийн эргэлтийн газартай тэнцүү гэсэн үг. Энэ жижигхэн талбайд 240 мянган хүн амьдардаг. Орж гардаг, байр түрээсэлж амьдардаг хүмүүсийг оруулбал энэ тоо 270 мянгад хүрдэг хүн амын хамгийн өндөр нягтаршилтай дүүрэг. Гэр болон байшин хорооллуудын хөрөнгө оруулалтын хэмжээг сүүлийн найман жил бид нэмэгдүүлж ажилласан. Маш их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг. 2012-2016 онд улс болон нийслэл, дүүргийн төсвөөс 480 тэрбум төгрөгийг Баянгол дүүргийн хөрөнгө оруулалт руу татаж оруулсан. Үүний үр дүнд дүүрэг эрүүл мэнд, боловсролын салбараа бүрэн шийдэж чадсан. Орон байртай холбоотой иргэдийн хүсэлтийн 70, 80 хувийг шийдсэн. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт үнэхээр шударга бус хуваарилагддаг. Жишээ нь, Увс аймаг 74 мянган хүнтэй. Увсын нэг хүнд ногдох улсын хөрөнгө оруулалт 892 мянган төгрөг байдаг бол 240 мянган хүнтэй Баянгол дүүрэгт энэ тоо 278 мянган төгрөг байдаг. Хүн амаараа гурав дахин их дүүрэгт гурав дахин бага төсөв ногддог. Тэр бүү хэл 76 мянган хүн амтай Хэнтийд нэг хүнд гурван сая төгрөг ногддог. Яагаад гэдгийг нь тайлбарлахаар улстөржсөн болох гээд байна. 

В.Ганзориг: Баянгол дүүргийн иргэдийн оролцооны талаар асуумаар байна.

С.Одонтуяа: Ажлаа аваад иргэдийн оролцооны асуудал дээр гол анхаарлаа хандуулсан. Хуучин удирдлагууд иргэдтэй жилд хоёр, гуравхан удаа уулзаад хамаг юмаа ярьдаг байсан. Иргэдтэй өдөр бүр уулзаж, саналыг нь сонсох ёстой тул дүүрэг дээрээ “Иргэдэд үйлчлэх төв”-ийг байгуулсан. Энэ төв дээр Call center буюу лавлахын операторууд шиг манай залуус 24 цагаар ажиллаж иргэдийн бүхий л санал, шүүмжлэл, хүсэлтийг бүртгэн авч шийддэг. Мөн фэйсбүүкээр дамжуулан иргэдийн саналыг шуурхай сонсож шийдвэрлэдэг. 

Cүүлийн найман жил Ардчилсан нам Баянгол дүүрэг дээр засаглаж байна. Бид жил бүр бүх хороодоороо хавар, намрын нээлттэй өдөрлөгийг заавал хийдэг. Мөн цагаан сараар тайлангийн уулзалт хийгээд заншсан. Эдгээр уулзалтаар амлалт өгч сонгогдсон, ажлаа хариуцсан хүмүүс нь иргэдээ сонсож, санал бодлоо хэлэлцдэг. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан ямар ажил хийх тухайгаа иргэдтэйгээ зөвлөлддөг. 

Б.Оч: Бусад дүүргүүдтэй харьцуулаад анзаарахаар Баянгол дүүрэг үйлчилгээний тал дээрээ их шуурхай санагддаг. Энд дүүргийн эмнэлэгийн үйлчилгээ, байрыг нь онцолж хэлмээр байна. Дүүрэгт нь хангалттай эрх мэдэл өгвөл үүнээс ч том ажлуудыг хийх боломжтой санагддаг. Үүнийг шийдвэр гаргадаг хүмүүс анхаараасай гэж боддог. Бизнес эрхэлдэг бид асуудлаа шийдүүлэх хүсэлтийг дүүрэгт гаргахаар бидний эрх мэдэл хүрэхгүй, дээшээ хот нийслэл, харъяа яам шийднэ гээд явуулдаг. Тийшээ нь очихоор хэл нэвтрэлцэн ойлголцож чаддаггүй. Улмаар асуудал шийдэгдэхгүй эзэнгүй хаягддаг. Уг нь дүүрэг өөрөө мэдээд шийдчих боломжтой олон ажил харагддаг Жишээ нь, ЖДҮ-ийн сан зориулалтынхаа дагуу ажиллахгүй байна. Энэ санг дүүрэг, орон нутагт нь хуваарилаад өгвөл зөв хүмүүстээ хүрэх болно. 

С.Эрдэнэ: Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж л бизнесийн орчинг сайжруулж, бизнес эрхлэгчдийг бодитой дэмжиж чадна. Цаашилбал, гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт хуваарилах ажлаа орон нутаг өөрөө л шийдэж чадна. Гэтэл хаа хамаагүй яам, орон нутагтай ямар ч хамаагүй, амьдралаас тасарсан тамгын газрын хүмүүст энэ эрх мэдлийг өгчихдөг. Үүнийг жишээ нь ЖДҮ-ийн сан шүү дээ. Эрх мэдлээ буруугаар ашиглан хичнээн хүн энэ сангаас хөрөнгө мөнгө завшиж, гэмт хэрэг хийлээ дээ. Зээл авах шаардлагагүй хүмүүс жилийн гурван хувийн хүүтэй зээл өөрсдөө авч, жилийн 36 хувийн хүүтэй мөнгө хүүлэлт болгож хувиргасан. Энэ мэт сантай холбоотой бүх эрх мэдлийг орон нутагт өгөх ёстой гэж хэлж байгаа Очтой би санал нэг байна. Нийслэл, дүүргийн статусыг өөр болгох саналыг би Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулсан боловч дэмжигдээгүй. Одоо 300 мянган хүнтэй дүүрэг маань 3000 хүнтэй сумтай адилхан статустай. Ийм учраас бие даан шийдвэр гаргах боломжгүй, эрх мэдлийн хязгаарлалттай байдаг. 

С.Одонтуяа: Би өмнө нь Нийслэлийн иргэдийн хуралд төлөөлөгч, УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Эндээс ажиглахад манай улсад байгаа уналттай бас хөгжихгүй байгаа салбарын гол шалтгаан замбараагүй удирдлага, хуваагдмал байдал байдаг. Олон улсын байгууллагууд ч үүнийг хэлдэг. Нийслэлийн хөгжихгүй байгаа шалтгаан энэ олон удирдлагатай нь холбоотой. Дүүрэг, нийслэл, Засгийн газрын аль нь асуудал шийдэх нь ойлгомжгүй байдаг. Нэмээд босоо бүтэцтэй тул дүүргийн дарга бие даан шийдвэр гаргах нь асар хязгаарлагдмал. Ганц жишээ хэлэхэд хууль бус ТҮЦ-ийг зайлуулж шилжүүлэхийн тулд нийслэлээс төсвөө шийдүүлдэг. Эрх мэдлийг нь өгвөл дүүрэг дээр маш олон ажил хийх боломжтой. Гэтэл 2016 онд гарсан шинэ парламент дүүргийн бүх орлогыг дээш нь төвлөрүүлэх шийдвэр гаргасан. Би арай гэж татварын орлогоо цуглуулаад нийслэл рүү зургаа, долоон тэрбум төгрөг шилжүүлдэг. Удирдлага хуваагдмал байгаа цагт дүүрэг хөгжинө гэдэг нь маш хүндрэлтэй. 

В.Ганзориг: Баянгол дүүргийн жилийн төсөв хэд байдаг вэ?

С.Одонтуяа: Дүүргийн төсвийн орлого хоёр зүйлээс бүрддэг. Татвар ба урсгал зардлын санхүүжилт. 2020 оны дүүргийн орлого 35 тэрбум төгрөг байгаагийн дийлэнх нь татварын орлого. Цар тахлын улмаас маш олон бизнес хаагдсан. Бид яг найман сар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улмаар татварын орлого тасарч эхэлсэн. Дүүргийн орлого яг одоо 5,5 тэрбум төгрөгөөр тасарсан явж байна. Зун, намар энэ нөхцөл байдал бүр хүндэрнэ. Болдог бол зарим бизнесээ нээмээр байна.

Б.Оч: Сургалт, аялал жуулчлал, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа зогссон. Гэтэл Дүнжингарав, Барс зэрэг захууд нь ажиллаад байдаг. Зах дээр халдвар гарахгүй, бусад үйлчилгээний газар гарах гээд байгаа юм уу? Хилээ сайн хянаж чадаж байгаа нь бахархууштай. Дотроо халдвар алдаагүй байгаа үед бизнесээ хэсэгчлэн нээж, хориг саадаа сулруулмаар байна. Кино театрууд хол хол зайтай хүмүүсээ суулгаад үзвэрээ үзүүлэхэд болохгүй юм байхгүй шүү дээ. Бизнесменүүд бүгд өрийн сүлжээнд орсон. Авлагаа нэхэхээр корона гээд мөнгөгүй, нөгөө талдаа зээлээ төлөх ёстой. Бүгд хямралын гинжин хэлхээнд орчихлоо. 

Би био технологийн үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг. Инноваци дээр суурилан олон улсын зах зээл дээр гарах зорилготой ажиллаж байгаа. Нүүрс, алт, уул уурхай биш оюунаараа дэлхийд өрсөлдөж, бүтээлч байдлаараа олон улсын зах зээлд гарах боломж бидэнд бий. Гэтэл экспортод гарах бэлтгэлээ ид хийгээд явж байхад Монгол Улс хар, саарал жагсаалтад орсон. Үүнтэй холбоотой нэг том худалдан авалтын гэрээ маань шууд цуцлагдсан. Коронагаас ялгаагүй хор уршигийг хар, саарал жагсаалт бизнес эрхлэгч бидэнд авч ирж байна. Дүүргүүд эрх мэдэлтэй болчихвол бизнес эрхлэгчдэд зориулсан ялгарал гаргаж болохоор санагддаг. Тухайлбал, бизнес дүүрэг гэдэг ч юм уу. Баянгол дүүрэг бизнес эрхлэгчдэд зориулж орчноо сайжруулж, татвар шимтгэлээ уян хатан болгож, бизнес инкубатор нээвэл компаниуд наашаа шавна. 

С.Одонтуяа: Иргэд бол Баянголд ирэх дуртай байдаг. Учир нь манай дүүргийн эмнэлэг, сургуулийн үйлчилгээний чанар маш сайн. 

С.Эрдэнэ: Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдэг нь үүнийг хэлээд байгаа юм. Дүүрэг өнөөдөр сумын статустай байгаа цагт татвар, хураамжийг өөрчлөх, бизнесийн орчныг сайжруулна гэх нь хий хоосон яриа болно. Энэ зургаа томоор нь манайхан харахгүй байна. Дүүрэг нь аймаг, нийслэлийн статустай болбол энэ өөрчлөлтийг эхлүүлж, өөрсдийн ялгаралаа үүсгэн, татвар төлөгчдийн төлөө бодитой ажил хийж чадна. Хөдөө, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг ч гэсэн татварын бодлогоор зогсоох боломжтой. Татвар нэмж, төсвийн орлого бүрдүүлэх нь төрийн бодлого биш. 

С.Одонтуяа: Ардчилал хүнд маш их шинэ зүйлийг авч ирдэг. Ардчиллын салхи ороогүй ганц газар бол нийслэл. Аль нэг намаас үл хамааран ардчиллыг бид бэхжүүлэх ёстой. Иргэд нь удирдлагаа сонгодог, удирдлага нь хангалттай эрх мэдэлтэй, тэр хэрээр өндөр хариуцлага үүрдэг өөрчлөлтийг нийслэлд нэн яаралтай хийх ёстой. 

Д.Гүндэгмаа: Дүүрэг жил болгон иргэдээсээ орон нутгийн хөгжлийн сангаар ямар ажил хийх тухай санал асуулга авдаг. Өндөр настнууд чөлөөт цагаа өнгөрөөх төвтэй болох, шинэ эмнэлэгтэй болох санал хүсэлтээ өгдөг. Үүний үр дүнд 2012 оноос хойш манай хорооны төвүүд шинэчлэгдэж, ахмадын төв, гэрлэх ёслолын ордон, шинэ эмнэлэгтэй болсон. Энэ бүх ажил иргэд бидний оролцооны үндсэн дээр хийгдсэн. Манай дүүргийн иргэд энэ санал асуулгадаа их идэвхтэй оролцдог. 

В.Ганзориг: Дүүрэг, нийслэл, Засгийн газар, УИХ-ын ашиг сонирхлын нэгдэл ба зөрчил юу байдаг вэ?

С.Эрдэнэ: Анхан, дунд шатны нэгжүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой. Мөн төсвийн эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлэх ёстой. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг харахаар үнэн шог дүр зураг харагдана. Энэ жил нийслэл дээр төсвийн хөрөнгө оруулалт бараг суугаагүй. Төсвийн дийлэнх нь хөдөө, орон нутаг руу хуваарилагдсан. УИХ-ын 76 гишүүний 28 нь хотоос, 48 нь орон нутгаас сонгогдсон. Үнэмлэхүй олонх нь хөдөө, орон нутгаас байдаг тул төсвийн хөрөнгө оруулалт ингэж хуваарилагддаг. Сая 9,2 ихнаяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа шүү дээ. Үүнийг өрөөр санхүүжүүлнэ. Нөгөө талдаа энэ дүнтэй адилхан хөрөнгө оруулалт хийнэ гээд тавьсан. Манай улсын хөгжлийн гол тээг саад удирдлагын тогтолцоонд байдаг. 

В.Ганзориг: Удирдлагын тогтолцоо юу эсвэл улс төрийн хамаарал уу?

С.Эрдэнэ: Энэ хоёр хоорондоо хамааралтай. Одоо улс төр нь удирдлагын тогтолцоогоо эвдээд байна. Дээд шатандаа эрх мэдлийг хэт төвлөрүүлөх нь авилга, хээл хахуулийн үүр уурхай болдог. ЖДҮ-ийн сангаас УИХ-ын 49 гишүүн зээл авсан байдаг. Улс төрийн амлалт өгч сонгогдсон хүмүүсээс иргэд амлалтаа нэхдэг, хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Улс төрд иргэдийн оролцоо асар чухал. Иргэдийн сонгууль, улс төр, эдийн засаг, хариуцлагын боловсролд бид анхаарах ёстой. Эрхээ мэддэг, хариуцлага тооцох чадвараа мэдэрсэн иргэд л шударга ёсыг бий болгоно. 2016 онд гарч ирсэн хүмүүсээс иргэд одоо хүртэл амлалтыг нь асууж, шаардахгүй байна. Өнгөрсөн хугацаанд 14 төрлийн татвар шинээр нэмэгдсэн. Одоо нэг хүнд 27 сая төгрөгийн бодит өр ногдож байна. 

С.Одонтуяа: Баянгол дүүрэг боломж биш зорилтондоо тулгуурлаж ажиллахыг хичээдэг. Энэ хэрээр олон сургууль, эмнэлэг барьж, том бүтээн байгуулалтууд хийж чадсан. Энэ ноу хаугаа хуваалцмаар байна. Бид 2007 онд Баянгол дүүргийн хөгжил, хөтөлбөрийн хороог байгуулсан. Энэ хороон дээрээ тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж байгаад шийдэх нөөц хөрөнгүүдийг хуваарилдаг. Тухайлбал, эрүүл мэндийн салбар тулгамдсан байсан тул бид тухайн үед зонхилох нөөцөө энэ салбартаа зарцуулж, бодитой өөрчлөлт хийж чадсан. Дараа нь дүүргийн 11 уулзварыг зассанаар автомашины түгжрэлийн тодорхой хэмжээнд шийдэж чадсан. Чингис бондын мөнгөөр Улаанбаатарын 16 уулзвар шинэчилснээс 11 нь Баянгол дүүргийнх. Манай хөгжил хөтөлбөрийн хороо өдөр тутмын ажлаас гадна энэ мэт асуудлуудыг шийдэх тооцоо судалгаа, гаргалгааг гаргадаг. 

Иргэдийн оролцоо маш чухал байдаг. Хавдрын эсрэг, эрүүл байх аянг бид иргэдтэйгээ өрнүүлж байна. Эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа тул та эрүүл байх нь чухал байна шүү, дасгал хөдөлгөөн хийж, амьдралын хэв маягаа өөрчлөөрэй гэхэд иргэд маш идэвхтэй оролцож, ууланд алхах, нийтийн бүжиг хийх зэргээр бидний бодлого, уриалгыг үйлдлээрээ дэмждэг. Энэ бол манай дүүргийн хөгжлийн ноу хау. 

В.Ганзориг: Баянгол дүүргийн ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ?

С.Одонтуяа: Дүүргийн үнэт капитал бол иргэд. Хүн амьдрахад зориулсан дүүргийг л бий болгох ёстой. Монгол хүн таатай амьдрах стандартыг бий болгон мөрдүүлж хэвшүүлэх ёстой. Монголд 6000 гаруй стандарт байдаг. Эдгээрийн 70 хувь нь олон улсын стандартад нийцдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт олон улсын жишигтэй огт таардаггүй. Хот, дүүрэгт стандарт байх ёстой. Мөн эрх зүйн байдлын хуулиа өөрчлөн, дүүрэг, орон нутагт эрх мэдэл өгөх хэрэгтэй. Хүнд зориулсан хотыг бий болгох ёстой. Үүний тулд тав биш 50 жилээр харсан төлөвлөлт хэрэгтэй. 

В.Ганзориг: Оч захирал хэрвээ маргааш Баянголд дүүргийн Засаг дарга болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх байсан бол?

Б.Оч: Хамгийн эхлээд нэлээд том судалгаа хийх байсан. Иргэдэд тулгамдаад байгаа бүх асуудлыг том зургаар нь харахыг хүснэ. Үүний дараа мөн л иргэдтэйгээ цуг асуудлуудыг шийдэх шийдлүүдээ хэлэлцэнэ. Мөн эрч хүчтэй, чадалтай баг бүрдүүлнэ. Жишвэл тоглоомоо нурааж байгаад дахиад шинээр өрж эхлэнэ гэсэн үг. Хувийн хэвшлээ дэмжин, тэдний нөөц боломжид тулгуурлан хамтран ажиллана. Бор зүрхээрээ явсаар байгаад хувь заяатай эвлэрсэн бизнес эрхлэгчиддээ боломж өгөх байсан. Мөн Засаг даргын хэлсэн стандарт гэдэг бол маш чухал.

В.Ганзориг: Гүндэгмаа эгч та Засаг дарга, танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, танай дүүрэгт ажилладаг бизнесмен залуугийн яриатай санал нэг байна уу? Эсвэл зарим нь жаахан худлаа ярих гээд байна уу?

Д.Гүндэгмаа: Санал нэг байна. Иргэдийнхээ төлөө дүүргээс их ажил хийсэн. Цаашдаа ч улам их ажил хийх байх. Баянголд дүүрэг харьцангуй бага гэр хороололтой. Гэр хороолол руу дэд бүтэц хийж чадвал гэр хороололгүй дүүрэг болж, тэнд амины орон сууцны хороолол үүснэ. Энэ хэрээр бид агаар, хөрсний бохирдлоо шийдэж чадна. Баянгол дүүргийн цахим форумаар энэ төслийг танилцуулж байсан. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл гэр хорооллын хүмүүс орон сууцтай хүмүүсээс илүү таатай, тансаг амьдрах боломжтой болно. Энэ төслийн сургаар манай дүүрэгт хашаа, гэр хорооллын газрын үнэ өсөөд эхэлсэн. 

С.Эрдэнэ: Сарын дараа сонгууль боллоо. Шинэ засаг бүрэлдээд иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Үүний дараа аль асуудлыг нь хамгийн түрүүнд шийдэх ёстойг иргэдтэйгээ хэлэлцэн сонгож аваад төсөв, хөрөнгөө хуваарилан ажиллах ёстой. Баянгол дүүргийн хөгжил, хөтөлбөрийн хороогоор дамжуулан бид дүүргийнхээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудлуудаа иргэдтэйгээ цуг томъёолж шийдээд ирсэн. Хамтдаа маш олон асуудлыг шийдэж чаддаг. 

Манай дүүрэгт гэр хорооллын найман хороо байдаг. Энэ бүсийг дэд бүтцэд холбон, амины орон сууцны маш том хороолол болгон хувиргах том ажил төлөвлөгдсөн байгаа. Дахин төлөвлөлт зөв шийдэл биш гэдгийг бид ойлгоод байна. Газар бол юугаар ч сольшгүй үнэтэй капитал. 70, 80 онд баригдсан хуучны байрууд манай дүүрэгт нэлээд байдаг. Азийн хөгжлийн банктай хамтраад 465 байрны гадна дулаалгыг хийх төсөл маань батлагдаад, энэ намраас хэрэгжиж эхлэхээр бэлтгэлээ базааж байна. Бидний урьдчилсан туршилтаар дулаалсан найман байр маш сайн үр дүн өгсөн. 

Ирэх жилүүдэд нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байхаар байна. Ковидийн хямралаас гадна Монгол Улс хар, саарал жагсаалтанд орсон. Moody’s Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихлаа. Манай улсын нэр хүнд гадаад зах зээл дээр шалан дээр унасан. Ийм нөхцөлд олон улсын байгууллагууд дүүрэг дээр хэрэгжүүлэх төслөө үргэлжлүүлэх эсэх дээр эрсдэл үүссэн. Бидний шийдэл ойлгомжтой. Хүн рүүгээ хандсан бодлогыг л явуулах ёстой. Анхан, дунд шатны нэгжийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж улс орны хөгжлийн суурь тавигдана. 

Б.Оч: Монголд газар нутаг шиг их зүйл алга. Гэтэл нэг хотдоо л шаваад байдаг. Орон нутгаа дэмжсэн зөв бодлого хэрэгжүүлбэл төвлөрлийг сааруулах бүрэн боломжтой санагддаг. 

С.Эрдэнэ: УИХ дээр алслагдмал аймгийн иргэдэд татаас буюу мөнгө өгөх тухай яригддаг. Би үүний эсрэг байдаг. Мөнгө өгөөд асуудал шийдэгдэхгүй. Харин татвар, эдийн засгийн бодлогоор энэ асуудлыг шийдэх боломжтой. Ажлын байр, ахиу цалин, амьдралын боломж хайсан хүмүүс л хотод төвлөрдөг. 

Б.Оч: Хөдөө суманд өдрийн 30 бүр 50 мянган төгрөг өгье гэхэд ажил хүн олддоггүй. Сум дүүрэн ажилгүй хүмүүс амьдраад болоод байдгийг би гайхаад байдаг. Халамжийн хавтгайруулсан бодлоготой энэ холбоотой байх. Ийм учраас ажил хийсэн ч яалаа, хийхгүй байсан ч яадаг юм гэдэг сэтгэлгээ оршоод байна. 

С.Одонтуяа: Хүнээ хөдөлмөр хийлгэж сургасан улс орон л хөгждөг.