БАЯРЦОГТ

Баярцогт 1990 онд дөнгөж сургууль төгсөж ирээд 2-р эмнэлгийн эвлэлийн хороон дарга хийж байсан юм. Яг тэр үед ардчилсан хувьсгал гарч мань хүн Эвлэлийн төв хороонд очжээ. Залуучуудын коммунист энэ байгууллагын дарга нар цаг үеийн өөрчлөлтийг үл ойлгон намынхаа төлөө зулын гол болон дүрэлзэнэ энэтэр гэж өвчигнөж байсан үе шүү дээ. Намын төв хорооны шууд харьяа байгууллага ч байсныг хэлэх үү, Чухам ийм хүнд үед Баярцогт Эвлэлийн төв хорооны удирдлагад орж энэ байгууллагыг үндсээр нь өөрчлөх ажилд оржээ. Юун түрүүн МАХН-ын харъяа байгууллагын хувьд тэдэнтэй зохицох ёстой болов. Тэрээр намын удирдлагатай хэлэлцээ хийн анхны сонгуульд Хувьсгалт залуучуудын байгууллага сонгуульд хамтран орохоор болжээ. Шанд нь Эвлэлийг намын харьяаллаас гаргаж ямар ч хувьсгал мувьсгалгүйгээр бие даасан Залуучуудын холбоо болгон өөрчлөх эрхийг олж авсан юм. Улс даяар сүлжээтэй, олон жилийн зохион байгуулалттай энэ байгууллагыг ингэж тусгаарлаж бие даалгаж чадсан нь түүний гавьяа. Шууд л алив асуудалд сэлэм эргүүлэх гээд байдаг байсан тэр үед дөнгөж 23 настай залуугаас ийм арга ухаан гарсанд би ихэд гайхаж байж билээ. Харин тэр өөрийн хувьд ардчиллыг талархагч төдийгүй идэвхтэй оролцогч нь байлаа. МАХН-ын нэрээр парламентэд холбоотон маягаар гишүүн болсон байсан авч гишүүн болсон тэр өдрөө л Монголын социал демократ намд элсчихсэн байсан юм даа. Хэдийгээр өөрөө ардчилсан талыг баримтлагч боловч Залуучуудын тэр том байгууллагыг бие даалгаж, МАХН-ын хавсарга байдлаас нь салгахын тулд ингэж чадсан нь олон жилийн дараах өндөрлөгөөс харахад үнэхээр нарийн ухаан байжээ.

Гэрээ хэлэлцээ хийж үндсэн зарчмаа барихын зэрэгцээ уян хатан хандан буулт хийж чаддаг чанар нь олон удаа улс төрийн хямралаас авч гаргасан даа. 2004 онд голлох хоёр нам тэнцэн хэн нь ч засгийн газар байгуулах чадамжгүй болчихсон үед Баярцогт л голлох хэлэлцээг удирдан явуулж засаглалын хямралаас гаргах ажил гүйцэтгэсэн. Олон хүн түүнийг уравсан шаравсан бууж өгсөн худалдагдсан гэж ярьдаг, үгүй дээ л боддог. Гэтэл монголчууд хоорондоо ямар нэг аргаар зохицохоос өөр яах юм бэ? Хэрэлдсэн ч хэлэлцсэн ч тогоон дотроо асуудлаа шийдэх ёстой нэг үндэстэн шүү дээ, бид. 

2009 онд гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийж Монголын түүхэн дахь хамгийн том хөрөнгө оруулалт, магадгүй Монгол орны цаашдын хөгжлийн хамгийн том гараа болсон Оюутолгойг эргэлтэд оруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн нь түүний амьдралын хамгийн том амжилт, түүхэнд үлдэх том гавьяа нь байж болох юм. Өнөөдөр олон хүн энэ хэлэлцээний мөн чанарыг ойлгодоггүй, эсвэл өчүүхэн атгаг санаагаар зориудаар мушгин гуйвуулдаг. Оюутолгойн ордыг Канадын хайгуулын жижиг компани Айванхо майнз нээсэн. Энд урьд нь дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох Би Эйч Пи хэдэн жил ноцолдоод юу ч олоогүй учир хаяад явсан байлаа. Ингээд ордын ашиглах лицензийг 2003 оны арванхоёрдугаар сарын 28-д тухайн үеийн засгийн газрын тэргүүн Н.Энхбаяр Айванхо компанид өгчээ. Гэтэл энэ жижиг компани Оюутолгой шиг аварга том ордыг ашиглах хөрөнгө мөнгөний чадал байсангүй. Туршлага технологийн хувьд ч сачий нь хүрэхгүй аж. Чухам энэ үед Рио Тэнто хэмээх уул уурхайн аварга компани Оюутолгойг сонирхсон байна. Монгол улсын хувьд энэ том компанитай хамтрах нь хавьгүй дээр. Гэвч ашиглалтын лиценз бүхий эрх нь Айванхо хэмээх жижиг компанид байдаг. Ингээд Монголын Засгийн газар, Рио Тэнто, Айванхо гэсэн гурван субъектийн дунд гурвалсан хэлэлцээ болжээ. Энэ хэлэлцээнд Монголын Засгийн газрын төлөөлж Баярцогт оролцсон юм.

Хөгжиж байгаа орны туршлагаас үзэхэд ийм том хэлэлцээг Засгийн газар явуулдаггүй, өмнөөсөө хуулийн том компани хөлслөн ажиллуулдаг. Арабын аль ч орны газрын тос байгалийн хийн том хэлэлцээг цаад сонирхогч компанитай засгийн газрын хөлсөлсөн өрнийн хуулийн компани явуулдаг. Гэтэл ийм хэлэлцээг Монголын тал өөрийн засгийн газрын гишүүдээр шууд хийлгэсэн нь нэг талаас зоригтой, нөгөө талаас тэнэг л байхгүй юу даа. Юун түрүүн Оюутолгойг ашиглах компани байгуулахаар тохиролцлоо. Монголын тал энэ шинээр байгуулагдаж байгаа компанийн 34 хувийг эзэмшихээр тохирсон юм. Түүнээс өнөөдөр зарим гүтгэгч нарын яриад байгаа шиг Оюутолгойн ордын 34 хувийг Монгол эзэмшээд 66 хувийг нь гадаадынханд тавиад туучихсан юм ерөөсөө байхгүй. Уг нь Монголын тал энэ компаниас ганц ч хувь авалгүйгээр зүгээр л роялти, болон бусад татвараа аваад явахад нийт буй болох ашгийн 50 хувийг ямар ч эрсдэл зээл мээл гэлгүйгээр аваад явахаар байлаа. Гэвч нийгэмд буруу ойлголт төрснөөс болж УИХ, Засгийн газраас 34 хувийг нь Монголын засгийн газар заавал авна гэж тулган хуульчилжээ. Компаний 34 хувийг авснаар мөн тийм хэмжээний хөрөнгө оруулна, мөн тийм хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн үг шүү дээ. Гээд яахав, нэгэнт ийм л даалгавартайгаас хойш. Баярцогт хэлэлцээг голлон явуулж удтал үргэлжлүүлсэний эцэст 2009 оны аравдугаар сард гурван тал гэрээнд гарын үсэг зурсан билээ. Монголын тал Рио Тэнтотой хамтрах сонирхолтой боловч ашиглалтын лицензийг атгаж байгаа Айванхо компаний шахалт их хүнд байсан билээ. Гэвч ил далдаар тохиролцсоны хүчинд аяндаа Айванхог шахан гаргах механизмыг бодож олжээ. Ингэсний ч хүчинд саяхан энэ оны тавдугаар сард Айванхо шахагдан хувьцааны ихэнхийг эзэмшигч байхаа больжээ. 

Өнөөдөр Оюутолгойн ашиглалт эхлээгүй байна. Чадвал энэ ондоо амжих ёстой юм. Гэвч энэ аварга ордын асар их хөрөнгө оруулалт эхэлсэн учир манай зах зээлд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой. Зөвхөн Оюутолгойгоос болж Монголын эдийн засаг хэд дахин өсөх болно. Чухам эндээс л мөнөөх эх орны хишиг ундарч байгаа билээ. Оюутолгой нь өнөөдөр дэлхийн хамгийн том дагнасан уурхай болж байна. Энд дэлхийн хамгийн шинэлэг технологийг ашиглаж байна. Энд Монголын олон хүн ажил амьдралаа залгуулж, олон хүн орчин үеийн цоо шинэ дэвшилтэт мэргэжил эзэмшиж байна. Оюутолгой бол Монголын хөрөнгө. Оюутолгой бол Монголын компани. Оюутолгой бол бидний баялаг. Оюутолгой бол сонгуулийн ганц компаний шоу биш, Монголын цаашдын аугаа их хөгжил дэвшлийн гараа.

 2012

ЭМГЭНЭЛТ ХОШИН ЖҮЖГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

2012 онд бичиж байсан энэ өөдрөг бичлэг мөн тэр ондоо тамын тогоо болон хувирна гэж хэн төсөөлөх билээ. 2012 он бол Монголын мянган жилийн түүхэн дахь хамгийн амжилттай жил байлаа. 2009 онд Монголын түүхэн дахь хамгийн том хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон нь арав гаруй тэрбум доллароор хэмжигдэх болов. Оюунтолгойн уурхай 2018 онд бүрэн ашиглалтад орж цааш 60 жил ажиллахаар төлөвлөгдөв. Энэ нь Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд урьсан их дуудлага боллоо. Оюутолгойн ордыг хаяад явсан Би Эйч Пи харамсан, дахин ирэх амлалт өгчээ. Уул уурхайн дэлхийн гурван том компаний үлдсэн нь болох Англо-Американ судалгаа хийхээр Монголд орж ирчихээд байв. Өөр олон компани Улаанбаатарт оочирложээ. Тэр онд Монголын ДНБ-ий жилийн өсөлт 17,5 % болсон нь дэлхийн рекорд байлаа. Монголд Английн "Экономист", АНУ-ын "Воол стрит жорнэл" айлчлан тус бүр Монголд зориулсан тусгай дугаар гаргасандаа Азийн тав дахь бар төрлөө гэж зоригтой нэрлэж байлаа. Зөвхөн худалдан авах чадвар сайтай зах зээлд ирж үүдээ нээдэг Луй Вютон, Швейцарийн үнэт цагны найман компани, Италийн Зина Улаанбаатарт дэлгүүр үйлчилгээгээ ажиллуулж байв. 

Улаанбаатарын төвийн офисийн барилгууд хадандаа гарч ганц ам метр талбайгаа 75 доллароор түрээслэхэд сул газар олдохгүй болсон байв. Монголд 23 өдөр тутмын сонин хэвлэгдэж зар сурталчилгаандаа дарагдаж байлаа. 48 нүүртэй Өдрийн сонинд зай олдохгүй. Сонин бол эдийн засгийн нэг гадаад үзүүлэлт. Улаанбаатар гудамжны зар сурталгаандаа дарагдан хотоо харагдахгүй болтол бүрхэж байсан. Төгрөгийн ханш чангарч тогтворжсоноор хувийн сургууль цэцэрлэг жилийн урьдчилсан төлбөрөө урьдынх шиг доллароор биш зөвхөн монгол төгрөгөөр авна гэж заралжээ. Хэдэн зуун монгол компаниуд Оюутолгойд туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон ба үүнээс болж хоорондоо булаацалдан биенээ матах нь ихсэв. Лав хүнс нийлүүлэгчид бөөн хэрүүл үүсгэж байсан. Тэндэхийн тэндэр авсан компанийг монгол хүнд үл тохирох хоол нийлүүлдэг, хэтэрхий их мах шахдаг ч гэх шиг. Тэр үед бие даасан зурагтын сувгууд 400 гарснаар тоогоороо  Бразил, Германы урд гарчээ. Мөн тэр үед хэвлэх үйлдвэрийн тоо 300 хүрсэн. Хувийн ялангуяа уул уурхйн компаниуд гаднаас зээл авах нь тун хялбар болсноор тэд нийлбэр дүнгээр 10 гаруй тэрбум доллар гаднаас босгосон. Өнөөдөр Монголын нийт гадаад өрийн талаас илүү хувь нь тэр үеийн хувийнхны тавьсан өр.

Жаргал даахгүй зовлон уу, 2012 оны 5-р сард УИХ Гадаадын хөрөнгө оруулалтад хориг тавьсан хууль баталлаа. Уул уурхай төдийгүй Барилга, Банк, Боловсрол гээд нэлээд хэдэн салбарт гадныхан хөрөнгө оруулах гэвэл УИХ, Засгийн газар, Төв банкнаас зөвшөөрөл авна. Нэг үгээр хэлбэл тэднийг оруулахгүй гэсэн үг. Гэвч хөрөнгө оруулагчид даруй болох сонгуулийн дүнг харахаар түр хүлээзнэв. Сонгуулиар АН бараг ялав. Бараг гэдэг нь дангаараа Засгийн газар байгуулах квотод хүрсэнгүй. Ингээд эхлээд МАХН-тай, дараа нь МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Засгийн газар байгуулагдангуут Уул уурхайн сайд болсон гар “Би ард түмнийхээ хүсэл захиалгын дагуу барууны хөрөнгөтнүүдийн алив хөрөнгө оруулах оролдлогын эсрэг үхтлээ тэмцэнэ” гэж зарлах нь тэр. Тэрээр хэлсэн үгэндээ хүрч Оюутолгойг улайм цайм хөөлөө. Төсөл хэрэгжүүлэгч Рио Тэнто компанийг түүнд хөрөнгө оруулагч дэлхийн шилдэг том найман компаний удирдлагын өмнө хүчтэй доромжлон, тэдэнд мөнгө өгөхөө зогсоож, шинэ байгуулагдсан Засгийн газарт тэр мөнгөө өг гэж тулгав. Оюутолгой хаагдлаа. Хугацаагүй консерваци! Ураан олзворлолтод ажиллаж байсан Канадын компанийг хөөв. Тэд энэ хооронд нийт 15 сая долларын хөрөнгө оруулсан байсан авч 25 сая доллар нэхэмжлээд үүгээр тохиръё гэсэн санал тавьсанд Монголын Засгийн газар салаавч үзүүлэв. Тэгэхээр нь тэд Олон улсын арбитэрт 400 сая доллар нэхэмжилсэн гомдол тавьжээ. Арбитрын шүүх 100 сая долларын торгууль ноогдуулсан. Энэ "аугаа" үйл хэргийг биечлэн захирамжилсан эр УИХ-ын даргад дэвшиж, биечлэн гүйцэтгэсэн эр Арабын оронд элчин сайдаар шагнуулав. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болсон Таван Толгойн ордыг ашиглахын төлөө найман орны том компаниуд санал гаргасан боловч тэднийг горьдоон хуурч байснаа ориг монгол салаавчтайгаар нутаг руу нь буцаалаа. Хожим нь Монгол-Хятад- Японы хамтарсан компани байгуулан энд ажиллуулах санал гаргасан сайд терроризм үйлдэх гэж байгаад баригдсан болон шорон явлаа. Харин бууцан дээр нь дотоодын дээрэмчид шавах нь тэр!

Ийм илэрхий доромжлол, хөөлт туулт Монголд орж ирсэн ба оруулахаар зэхэж байсан бүх компанийг үргээлээ. Худалдаа үйлчилгээ ч зогсов. Гэвч Монголын ард түмэн баяр баясгаландаа живэх нь тэр. Одоо л нэг колончлогчдоос саллаа байна! Тэнэг жишээ халдвартай байдаг болохоор хөөж туух, дээрэмдэх, рэкэтлэх, гүтгэн гуйвуулах, айлган сүрдүүлэх нь үндэсний брэнд болж үүгээр занималагсад бороон дараах мөөг лугаа адил. Ард түмэн тэднийгээ Үндэсний баатрууд, эх орончид гэж нэрлэх болжээ. Төгрөгийн доллартой харьцуулсан ханш эгшин зуур 1700 хүрч цааш гургуур дээр тоглох хүүхэд шиг доош нисэх нь тэр. Үүнээс хойш эдийн засгийн “өсөлтийг” зөвхөн төгрөгөөр тооцох болсон. 2013 онд уул уурхайн хайгуул болон ашиглалтыг хэрхэхийг орон нутгийн иргэд өөрснөө мэдэх эрхтэй болсныг зарлав. Ийнхүү ардчилсан сонгуулийн үр дүнгээр бий болдог төвлөрсөн төрийн эрх мэдэл "ард түмэн" нэртэй үй олон дээрмийн бүлэглэлүүдийн гарт тархан шилжлээ. Ганц жишээ гэхэд "Гол ус хамгаалах Төрийн бус байгууллага" гэгчид Монголын нийт гол горхиноос хэд дахин даван 600 гаруй болов. Гадныхан хуугаараа гараад явсан тул дээрэм тонуул сүрдүүлэг гүжирдлэг хүрээгээ тэлэн дотоодын аж ахуйнууд руу халдварлалан довтоллоо. Улс орноо ямар ч цээрлэлгүйгээр уралдан тонох боллоо. Ингэж хариугүй Азийн тав дахь бар болон төрөх гэж байсан орон бүтэлгүй улс орны сонгодог жишээ болон мандав.

Хөгжлийн эсрэг хөдөлгөөн бүр алдаршин мандаж ард түмний халуун алга ташилтанд хөөрөн цатгалдахын хэрээр хөгжлийг дэмжсэн болгон, дэмжиж байсан хүмүүс хэрэгтэн болж эхэллээ. Нийт ард түмэн тэднийг жигшин зэвүүцэж эх орноосоо уравсан тэднийг бушуу цаазлан хороож, хөрөнгийг нь хураан түүгээр цэцэрлэг эмнэлэг байгуулахыг шаардах болов. Эх орноосоо урвагчдыг бөөнөөр нь шоронд хүргэлээ. Үүний дотор Баярцогтод 10 жилийн ял өгөв. Оюутолгойн гэрээг хийхдээ хувьцаа нь яг таг хэд болж өсөхийг нь мэдэж байсан тул хувьцааг нь худалдан авсан гэх ял. Цуврал кино үргэлжилсээр…

2023.8.20