Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах “Херо” Б.Баатар нарын цахим орчинг доргиулсан “нүргээнт” дөрөв хоног ашгүй нэг өндөрлөж, олон хүний чихийг амраав. Амраахдаа зүгээр ч нэг амраасангүй, үнэн худал мэдэгдэхгүй ховын чанартай олон үгээр иргэдийн тархинд бас нэг төрлийн “чип” суулгачихаад ариллаа.

Дөрөв дэх жилдээ засаг барьж буй, удахгүй болох УИХ-ын сонгуулиар дүнгээ тавиулах ёстой МАН-ын даргын төвийн 14 телевизээр дөрвөн өдөр цацаж, 15 удаа давтсан гурван цагийн ярилцлага бүхэлдээ сөрөг хүчнээ шүүмжилсэн, нам доторх хагарлаа цухалзуулсан улс төрийн ховоор дүүрэн байсныг энд дурдах нь илүүц биз. Товчхондоо, ирэх сонгуулийг дуустал МАН-ын явуулах улс төрийн "пиар", ам дамжуулан иргэдийн чихэнд хоногшуулах ёстой яриаг л МАН-ын дарга өөрийн биеэр эхлүүлсэн төдий. Ярилцлагын туршид түүний хамгийн олон удаа нэрлэсэн хүмүүс нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхболд нар байлаа.

Бас нэг зүйл, Ерөнхий сайдын эцэг нэгтэй ах, “Херо энтертайнмэнт” студийн захирал, найруулагч Б.Баатарын хэлсэн “Хүн нэг л удаа худлаа яривал дараагийн бүх зүйл нь худал болж таардаг” гэх хэвлэлийн хуудсанд тод гэгч нь үлдсэн байна.

Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эхний худал: 

Тухайлбал, Э.Бат-Үүлийн тухайд "Ардчиллын зарчимд үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг. Аж ахуйн асуудал нь надад сонин биш" гэж хэлэх мөртлөө араас нь "Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авч, батлан даалтаар суллагдсан" гэдэг текстийг диктерээр уншуулаад эцэст нь "Домог болсон Бат-Үүл маань өөрийгөө үйлдлээрээ харуулсан даа" хэмээн батлав.

Залруулахад,

Нэгдүгээрт, Б.Чулуудайгийн оролцсон дахин төлөвлөлтийн ажил нь дээр хэлсэн хоёр хороололтой ямар ч хамаагүй. "Эрдэнийн төгөл" бол гэр хорооллын дахин төлөвлөлт биш, зүгээр С.Эрдэнэ гуайн нэрээр нэрлэгдсэн л хотхон.

Хоёрдугаарт, Б.Чулуудай Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 200 гаруй (шиг санаж байна) айлын газар чөлөөлсөн боловч МАН сонгуулиар засгийн эрх авмагцаа төслийг зогсоож, нийслэлээс дахин төлөвлөлтөд төсөвлөсөн байсан 40 тэрбум төгрөгийг нь Су.Батболд нь буцааж татаад, газраа чөлөөлсөн айлуудыг орон гэргүй болгосон.

Гуравдугаарт, "Буянт-Ухаа 2" хороолол ч бас гэр хорооллын дахин төлөвлөлт биш, Э.Бат-Үүлтэй ямар ч хамаагүй. ТОСК (Төрийн орон сууц корпараци)-аас хэрэгжүүлсэн, залуу гэр бүл, ахмад настан гэх мэт орлого багатай иргэдэд зориулсан "түрээслээд өмчлөх" орон сууцны хөтөлбөр. Манай сэтгүүлчид энэ тухайд хамгийн сайн мэдэх учиртай. Хөтөлбөрт хамрагдаж хамгийн түрүүнд орон сууцанд орсон хүмүүс нь сэтгүүлчид байсан.

Дөрөвдүгээрт, шүүхээс Э.Бат-Үүлийг буруутгасан зүйл нь, “Эрх мэдлээ ашиглан ТОСК-ийн захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгийг “Бэрэн” группэд шилжүүлэх шийдвэр гаргуулсан” гэж буруутгасан байдаг. Анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял өгснөөс хойш дөрвөн сарын дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүх Э.Бат-Үүлд оногдуулсан 4 жилийн ял, А.Гантулгад оногдуулсан 5 жилийн ялыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг батлан даалтаар суллаад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг "үндэслэлгүй" буюу "хангалттай үндэслэлгүй" гэж үзсэн хэрэг. Одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх ёстой. Бодоход “Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-эд олгосон есөн тэрбумын зээлд Э.Бат-Үүл нөлөөлсөн эсэх, нөлөөлөх эрхтэй албан тушаалтан мөн эсэх”-ийг тодруулахаар ажиллаж байгаа байх л даа.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эцэг нэгтэй ах Б.Баатар нарын эвлүүлсэн, зурагласан “Бат-Үүл нь хүү Чулуудайг тендерт шалгаруулж, "Эрдэнийн төгөл", "Буянт-Ухаа 2" хотхоныг хууль бусаар эзэмшсэн хэргээр 4 жилийн ял авсан” гэдэг нь эхнээсээ дуустал гүтгэлэг болж таарч байна. “Хүн нэг л удаа худлаа яривал дараачийн бүх үг нь худал болж таардаг” гэсэн байх аа. Л.Оюун-Эрдэнийн гурван цагийн ярилцлагадаа хамгийн олон удаа хэлсэн дараачийн үг нь "Би худлаа ярьдаггүй"... Гэвч энэ гэр бүлийн худал хуурмаг нэгээр тогтоно гэж үү?

Үргэлжлэл бий...

inews.mn