1990 онд анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын аппарат буюу Тамгын газрыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн, ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан зэргээр нь төрийн хүн гэж тодорхойлж болох Л.Хангай нэгдүгээр 40 мянгатын өөр нэгэн түүхийг, мөн өөрийн ажил амьдралын алтан үеийн тухай хүүрнэж байна.

Лувсандандарынх гэдэг айл

Би Улаанбаатарын унаган иргэн. Уул нь ах, эгчтэйгээ гурвуул байсан. Одоо эгч маань амьд сэрүүн байгаа. Миний аав Г.Лувсандандар багаасаа Улаанбаатарт, харин ээж С.Намсрай хөдөөнөөс хотод ирж амьдарсан. Тэд Багшийн сургуульд хамт сурч байгаад гэр бүл болсон гэдэг. 1930-аад оны түүх л дээ, ээж Багшийн сургуулийг төгсөнгүүтээ Гэгээрлийн яамны даалгавраар айлуудаар хэсч хэдэн хүүхэд цуглуулаад нийслэлийн V дунд сургуулийг байгуулсан байдаг. Ээж маань их нийтэч хүн байлаа. Хүмүүсийг хөгшин, залуу гэж голохгүй ярина. Бүр ач зээ нарынхаа найзуудтай хүртэл ярьж, тэднийг инээлгэж суудаг алиа хошин зантай хөгшин байж байгаад 2 жилийн өмнө 99 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Харин аав маань МУИС-ийн проректор, Хууль цаазны дунд сургуулийн захирал, мөн ЗХУ-д Элчин сайдын яаманд ажиллаж байсан жирийн нэг сэхээтэн хүн. Аав маань эрт өөд болсон болохоор ээж ганцаараа биднийг өсгөж хүмүүжүүлж хүн болгосон доо. Аавыг нас барсны дараа хэцүү л байсан санагддаг. Аавтай хүүхдийг хараад жаахан “атаархах” сэтгэл төрдөгсөн. Харин одоо би ааваасаа илүү наслаад байна. Аав, ээжийн маань захиж хэлсэн үгс одоо ч үе үе санаанд ордог нь тэдний үг чин зүрхнээсээ байдаг байсантай нь л холбоотой болов уу.

40 мянгатын анхны оршин суугч болсон нь

Намайг төрсний дараахан миний аав Москвад Элчин сайдын яаманд ажиллах томилолт аваад явсан юм билээ. Томилолтоо дуусгаад 1960 онд Улаанбаатарт буцаж ирэхэд нь нэгдүгээр 40 мянгат дөнгөж ашиглалтад орж байж. Ингээд манайх анхны оршин суугч нь болж тэнд шууд нүүж орсон түүхтэй. Бага насны зарим дурсамж санаанаас гардаггүй юм. Энэ байранд орж байхад Улсын их дэлгүүр баригдаагүй, сууриных нь том нүхийг ухчихсан, манай цонхоор Гандан хийд харагддаг байлаа. Энхтайваны гудамжийг дөнгөж л асфальтан зам тавьж тохижуулж байв. Байрнуудын гаднах талбайг албан байгууллагууд субботникийн журмаар мод тарих, зам засах, тоглоом суурилуулах зэргээр тохижуулдаг байсан. Манайх Улсын их дэлгүүрийн зүүн урьд талын 2 арктай байрны гуравдугаар давхарт учраас Энхтайваны гудамж руу харсан манай тагтнаас Төв шуудангаас баруун дөрвөн зам хүртэлх гудамж бүхэлдээ харагдана, хэн явж байна, хэнтэй хамт явж байгаа нь хүртэл алган дээр тавьсан юм шиг харагддагсан.

Зүүдний Хүрхрээ, Баянзүрх, 40 мянгат

Нийслэлийнхэн зун болохоор хотын ойр орчмын амуудад зусланд гардаг байв. Хүүхэд насаа өнгөрүүлсэн Хүрхрээ, Баянзүрх маань одоо ч зүүдэнд үзэгддэг. Аав МУИС-д ажилладаг байсан учир манайх тэндхийн зусланд гарна. Аав, ээжүүд нь өглөө автобусанд суугаад ажилдаа явчихаар эзэнгүй голдуу үлдсэн хүүхдүүд усанд явах нэрийдлээр Туулын эрэг дээр усанд орон өнждөг байлаа. Үе үе Богд ууланд мөчир, гишүү түүхээр гарна. Хөлбөмбөг, сагс, лапта тоглож, зарим үдэш нүүдлийн кино үздэг байлаа. Оройдоо байгууллагын автобуснууд цуваад ирэх үеэр л хоол унд гээд хөдөлгөөнд ордогсон. Бидний үеийнхэн багадаа пянз сонсдог байсан гээд ярьдаг ч миний хувьд урлагаас арай хол, харин биеийн тамирт илүү ойр хүүхэд байсан. Жил бүр Монголд болдог олон улсын чөлөөт бөхийн “Интернационал”, боксын “Нөхөрлөл” зэрэг тэмцээнүүдийг найзуудтайгаа алгасалгүй үзнэ. Хожим оюутан болоод унадаг дугуйн спортын хорхойтон болсон. Тэр үед гэрт одоогийнх шиг компьютер байгаагүй, үзэх телевизийн олон суваггүй, “Орбит”, монгол хоёр суваг л мягмар, пүрэв, бямба, нямд гарна. Тиймээс зав чөлөө ихтэй, гэртээ ном уншиж, эсвэл гадаа тоглож л өдрийг өнгөрөөдөг байлаа. Гадаа ч зам талбай чөлөөтэй сайхан байж. Өвөлдөө байр болгоны гадаа мөсөн гулгуурын талбай байгуулдаг учир хоккей тоглоно. Цохиурыг нь өөрсдөө модоор, эсвэл бүдүүн төмөр утас махийлгаж, шайбыг нь өтгөрүүлсэн сүү (молоко)-ний лаазыг хавтгайлж хийдэг байв. 

Цаг дулаарахаар Туул голд байрныхаа хүүхдүүдтэй очиж усанд орно. Дунд голд ч бас усанд орж болдог байлаа. 1967 онд анх телевиз байгуулагдахад “Темп-6”, “Темп-7” гээд хоёр төрлийн зурагтыг Улсын их дэлгүүрт тус бүр 1000 ширхгийг зарсан юм билээ. Зурагттай айл цөөхөн байсан учир “Нохойтой дөрвөн танкчин”, “Километр бүрт” г.м. олон ангит кинонуудыг үзэхээр нэгнийдээ 10, 20-уулаа цуглана. Тэр үеийн эцэг эхчүүд ч их сайхан хүмүүс байж. Оройдоо кино үзэхээр орж ирдэг олон хүүхдийг төвөгшөөнө гэж үгүй. Манайх айхавтар чинээлэг айл байгаагүй болохоор зурагт байхгүй учир би нэг хэсэгтээ л айлд очиж зурагт үзсэн дээ. 

Төрийн хүн болсон минь

Би Улаанбаатарт байдаг зөвлөлтийн 2 дугаар арван жилд сурдаг байлаа. Дунд сургуульдаа нийгмийн чиглэлийн хичээлд сонирхолтой байсан. Тиймээс хуульч болохоор шийдэж, МУИС-ийн хуулийн ангид шалгалт өгөөд элссэн юм. Их сургуульд гавьяат хуульч Б.Чимэд, Үндсэн хуулийн цэцийн анхны дарга асан Г.Совд, академич, доктор профессор С.Нарангэрэл, Ж.Амарсанаа нарын мундаг багш нараар хичээл заалгаж байсан учраас ажил, амьдралын минь зам дардан явсан юм болов уу.

Их сургуулиа төгсөөд би Шүүх яам /одоогийн ХЗДХЯ/-нд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл ажил хийж байгаад Москвад Нийгмийн ухааны академид суралцахаар явсан юм. Харин намайг 1990 онд төгсөөд ирэхэд Монголын нийгэмд томоохон өөрчлөлт орж байв. 1990 онд Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал байгуулагдсан. Энэ бүхнийг ярьж буй нь надтай бас холбоотой л доо. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдахаар аппарат байх ёстой. Үүнийг нь Улсын Бага Хурлын Тамгын газар гэж нэрлэсэн. Тухайн үед Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Тамгын газрын дарга нь бидний мэдэх үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд байлаа. Би МУИС-т оюутан нь, Шүүх яаманд удирдлага дор нь ажиллаж байсан учраас намайг гайгүй мэднэ. Тэрээр “Чи Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бол” гэснээр би тэр ажилд томилогдож байв. Тамгын газрыг байгуулна гэдэг нөр их ажил байсан даа. Анхных учраас энэ аппаратыг байгуулахын тулд 30 гаруй хүнийг шинээр ажилд авч, бүтэц, зохион байгуулалтыг нь хийв. Хурлын дотоод журам буюу дэгийг боловсруулж, гишүүдийг өрөө, сандал ширээтэй, хөдөөнөөс ирсэн хүмүүсийг амьдрах байртай болгоно гээд л бүхнийг хийж, боловсруулж байв. Хуралдааны танхимыг ердөө нэг сарын дотор засч янзалсан даа. Энэчлэн 30-40-хөн хүнтэй аппарат өдөр шөнөгүй ажиллаж байв. Улсын Бага Хурал ч ачаалалтай ажиллаж, орой 23 цагаас өмнө хуралдаан тардаггүй байсан. Тэр үед компьютер байгаагүй учир хуралдааны протоколыг бичгийн машинаар бичиж ажилтнууд хуваан авч уншиж нийлдэгсэн. Үндсэн хуулийг батлахад гишүүд голлох үүрэгтэй байсан ч төсөл боловсруулсан, хурал зохион байгуулсан хүмүүс чухал үүрэг гүйцэтгэснийг манайхан ярьдаггүй. Тэд их ачаа үүрч гарсан түүхтэй. Өмнө нь АИХ гэж байх үед чуулганд асуудал хэлэлцэхэд гар өргөж баталдаг байсан бол энэ Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан тэр чуулганаас эхлээд товчлуур дарж саналыг тоолдог болсон. Үүнийг нэвтрүүлээгүй бол санал тоолох гээд тэр чуулган хэчнээн ч сар, өдөр хуралдах байсан юм, бүү мэд. Ингэж би эхлээд төрийн ордны баруун жигүүрт ажиллаж байгаад дараа нь зүүн жигүүрт буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын ажлыг 2000-2005 онд хийсэн. Одоо эргээд бодох нь ээ 2000-2004 оны Засгийн газар жинхэнэ мэргэжлийнх байсан байж. Ийм ч учраас дөрвөн жил тогтвортой ажиллаж газар хувьчлах, Мянганы замыг барих зэрэг олон чухал шийдвэрүүд гаргасан юм. Мөн энэ Засгийн газрын үед “Их өрийн” асуудлыг шийдсэн байдаг. Хэрэг эрхлэх газарт шуурхай шийдвэл зохих ажлууд тасрахгүй. Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой болох гэж байсан тул тэр ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд бунханг буулгаж Чингис хааны хөшөө барих зэрэг ажилтай холбогдсон бүх бичиг баримтад гарын үсэг зурна. Төрийн ордонг хашаатай болгох санал гарч, мөн л тэр үед энэ асуудал шийдэгдэж билээ. Ажиллаж байсан газар бүртээ би чадварлаг хүмүүсээс бүрдсэн хамт олонтой байсан азтай хүн, тэдэнтэйгээ одоо мөн холбоотой байхыг хичээж явдаг. 

Аавын үргэлжлэл

2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хариуцлагатай албыг хашив. Энэ Элчин сайдын яам нь манай улсын анхны Элчин сайдын яам төдийгүй хамгийн том, хамгийн олон хүн ажилладаг гэдгээрээ онцлогтой. Арга ч үгүй юм. Бүр дээр үеэсээ манай бүх яам, их сургууль, хүрээлэн, томоохон аж ахуйн нэгжүүд орос талтай холбоотой байдаг, бас олон оюутан сурдаг. Намайг ажиллаж байхад өндөр дээд хэмжээний 10 гаруй айлчлал болж олон чухал асуудлууд яригдаж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурагдаж байлаа. Ер нь ОХУ дахь Элчин сайдын ажил хэцүү л дээ. Жишээ болгож нэгэн айлчлалыг энд дурдъя. 2006 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлал Улаан-Үүдээс эхэлсэн юм. Бараг 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид галт тэргээр ирж нэг хоноод ТУ-154 гэдэг онгоцоор Новосибирск орж бүтэн өдөр болоод Халимагийн Элист хот руу ТУ-134 гэдэг 3 онгоцоор ниссэн юмдаг. Төлөөлөгчдийн тоо олон, бас Элист хотын онгоцны буудлын нисэх буух зурвас богино учраас тэр. Ингээд тэнд нэг өдөр айлчлаад 3 онгоцоороо Москва руу нисэв. ОХУ-ын Элчин сайд Б.А.Говорин бид хоёрын онгоц Москвад түрүүлж буулаа. Протоколын дагуу бид хоёр төлөөлөгчдийг нисэх буудал дээр хүлээн авах ёстой учраас. Новосибирск, Элистэд манай төлөөлөл байхгүй тул ямарваа асуудал гарна бүгдийг Элчин сайд шийдэх хэрэгтэй болно. Олон хүн явж байгаа учраас асуудал мундахгүй. Тэр удаад манай төлөөлөгчдийг оросын тал маш өндөр хэмжээнд хүлээн авч билээ. Албан ёсны төлөөлөгчид Кремльд байрлах жишээтэй. Ингээд буцаад Улаан-Үүдэд ирж галт тэрэг дүүрэн төлөөлөгчид маань Улаанбаатар руу буцсан юм. Айлчлал нийтдээ 8 өдөр үргэлжилж билээ. Аав минь жирийн дипломат ажилтнаар ажиллаж байсан тэр элчин сайдын яамыг толгойлж ажиллах ховор завшаан надад олдсон билээ. Ер нь Москвад олон жил амьдарч, сурч, ажилласан учир энэ хотыг гайгүй мэднэ. Алба, амины найзууд ч олонтой. 

Юм ховор үеийн хүн

Би бол юм ховор үеийн хүн. Дөрөв арвын пряник боов, долоо хорийн хиам, арван наймын торго, дөчин тавын гутал гээд л юмыг дандаа үнээр нь нэрлэнэ. Цалин бага учир заримдаа махаа хагас килограмаар буюу хэрэглээгээрээ авна. Шар айргийг сав авч очоод лонхноос нь суллаж авдаг байв. Учир нь, шил нь үнэтэй. Шар айраг 2 төгрөг 10 мөнгө байхад шил нь хоёр төгрөг байлаа шүү дээ. Хүнс бараагаа хүнсний 20, 50 дугаар дэлгүүр, УИД-ээс авдаг байв. Мах, сүүний машин ирэхийг харж байгаад ирэхэд нь гарч дугаарладаг, бас өгөх хэмжээ нь ч хязгаартай байлаа. Жишээ нь сүүг нэг литрээс илүү өгнө гэж бараг л байхгүй. Хүмүүс дотоодынхоо гутал, хувцсыг хийц муутай, чанаргүй гээд голно. Гадаадаас бараа ирж байгаа гэх сургаар дэлгүүр нээгдэхээс өмнө дугаарлаж байгаад, нээгдэнгүүт нь дайрч ороод л авна. Жилд нэг удаа болдог АИХ-ын чуулганд оролцогч депутатуудыг автобусаар Улсын их дэлгүүрийн үүдэнд зөөж авчраад хятад үзэг, халуун сав, биеийн тамирын хувцас, гутал, торго зэрэг ховор барааг зардагсан. Зөвлөлтийн мэргэжилтэн, цэргийнхэнд үйлчилдэг “орос дэлгүүр”-үүд гэж байлаа. Тэнд мах, масло байнга байх бөгөөд оочер дугаар гэж бараг үгүй. Дотогш ордог хүмүүст нь мах, масло захиж авахуулах гээд үүдэнд нь хөгшин, залуу монголчууд шаван зогсоно. Ийм дэлгүүрийн пропусктай болох гэж хүн бүр мөрөөдөх боловч харамсалтай нь олдохгүй. Сайд, дарга нар харин 10 дугаар тусгай дэлгүүрээр үйлчлүүлж хэрэгтэй зүйлээ саадгүй авдаг байв. Тэд тусгай дэлгүүр, эмнэлэг, машин, амралт зуслан (Их тэнгэр, Нүхт)-тай байсан нь тэр үеийн тогтолцоог түлхэн унагаах нэг гол шалтгаан болсон гэдгийг одоогийн залуу үе тэр бүр мэдэхгүй байх. Энэ бүхэн 1990 оноос өмнөх дүр зураг ба их ч сонин амьдрал байж дээ.

Өнөөдрийн нийслэлийн тулгамдсан асуудал

Улаанбаатарт ногоон талбай, чөлөөт орчин үгүй болж, байшин барилга, машины зогсоолоор дүүрчээ. Туул гол, Богд уул руу очих зам, жим ч хумигдаж хашигджээ. Амралтын өдрүүдэд Зайсангаас Богд уул өөд хэдэн мянган хүн явж байгаа нь тэдэнд алхах, цэвэр агаар амьсгалах орон зай дутагдсаных шүү дээ. Мөн түгжрэл хүмүүсийг хамгийн их стресстүүлж, цаг авч байна. Ажил эхлэх, тарах үед баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл ч юм уу, МУИС-ийн орчмоос Комбинат ороход бараг 2 цаг явна. Ингэхээр өдөрт 4 цаг, жилд 40 өдрийг машинд үр ашиггүй өнгөрөөж байна гэсэн үг. Хайран цаг. Жил бүр 50-60 мянган машин нэмэгдэж байгаа тул түгжрэл улам л ихэснэ. Нийтийн тээврийг боловсронгуй болгох, дугуй унахыг дэмжиж зам тавих, сургуулиудыг автобустай болгох, шинэ хороолол барих зөвшөөрөл олгохдоо заавал цэцэрлэг, сургууль барих шаардлага тавих, төрийн албыг цомхон болгох зэргээр түгжрэлээс гарах арга замыг яаралтай хайж олох хэрэгтэй. Бас Улаанбаатар өөрийн гэсэн өнгө төрхгүй болжээ. Нийслэлийн өнгө төрхийг тодорхойлдог байсан хуучны хэдэн барилгаа тойруулаад өндөр барилга барьж, цаашлаад бүр нураана гэж ярьж буй нь буруу юм. Жишээ нь, Байгалийн түүхийн музейн барилгыг нураана гэж ярих юм. Сайн ажиглавал өөрийн гэсэн өвөрмөц хийцтэй, хотын төвийн өнгө төрхийг тодорхойлдог цөөхөн барилгын нэг. Гадны туршлагаас харвал, хуучин барилгуудын гаднах фасадыг үлдээж доторхыг нь засдаг. Нийслэлийн өнгө төрх, онцлогийг тодорхойлдог “архитектурный ансамбль” гэдэг юм байхгүй болоод байна шүү дээ. Ерөнхийдөө бид өнгө төрх муутай бетонон орчинд л амьдрах боллоо... 

“Нийслэл” сэтгүүл
№81/2019, 5 дугаар сар.