Нэг эст бичил биетээс аваад хорхой шавьжны энгийн нүдэнд өртдөггүй хэлбэр дүрс, үе мөч, нүүр царайг микроскопоор хэдэн мянгантаа томруулж бодит төрхийг нь макро түвшинд буулгасан нь чухамхүү гайхалтай. Бичил биетээс гадна өвс ургамлын бүтцийг машид нарийвчлан харуулсан гэрэл зураг, дүрслэл нь хараа булаахын дээр дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл дагалдуулсан учир байгальд дурлагч, биологи сонирхогч, гэрэл зурагчдад таалагдах нь дамжиггүй. Бичил ертөнцийг микроскопоор томруулан тодруулсан гэрэл зургийн гайхамшигтай цомог гэвэл зохилтой байж ч мэднэ. Энд хүн төрөлхтнийг айдас жихүүдэст автуулсан корона вирусын хөрөг дүр, түүх намтартайгаа багтсан нь тодорхой. Микро биетийн макро хөрөг дүрийг Dorling Kindersley хэвлэлийн газар 2021 онд дэлхий дахинаа танилцуулсныг НЭПКО хэвлэлийн газар монгол хэлээр гаргалаа. 

Номын өмнөх үгийг Английн байгаль судлаач, байгалийн гэрэл зурагчин, CBBC телевизийн хүүхдэд зориулсан The Really Wild Show (1986-1995 он) нэвтрүүлгийн хөтлөгч, мөн BBC телевиз 2009 оноос эхлүүлсэн Springwatch байгаль танин мэдэхүйн хөтөлбөрийг эрхлэгч Крис Пакхэм бичжээ.

Энэ номыг уншиж гүйцээд манай гараг дээр ялаа шумуулаас аваад, бактери вирус мэтийн бичил биетэн нүдэнд илэрхий тусдаг бусад амьтдаас хавьгүй олуулаа, төрөл зүйл нь түм бум болохыг мэдэх буй за. Дэлхийн бичил биетүүд хүнээс 1100 хувь хүнд жинтэй, тэд үгүй болох аваас манай гаргийн экосистем нуран унах ажээ. Ганц бичил биетэн ч бус мөөгөнцөр, хүний мэдрэлийн сүлжээ, эсийн араг ясыг ч тод томруунаар олж үзнэ.

Зэрэг нэмэхийн өмнө киноны Долдой “Өт ч бас амьтан” гэдэг үнэн аж. Нэг амьтан, хоёр амьтан, гурван амьтан... тоо томшгүй амьтад эгэл нүдэнд үзэгдэхгүй ч оршин, үржин, хөгжин хүн төрөлхтний өвөрт, дэргэд, дотор нь амьдран буй ажээ.