Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ.

Гэхдээ манай био лаборатори омикрон, допин мэтийг илрүүлж чадах эсэх огт хамаагүй, “Известия”-д бичсэнээр бол манай био лаборатори тэрнээс илүү аюултай чухал даалгавар гүйцэтгэж, нууц вирусыг “үйлдвэрлэж” байгаа юм. Тиймдээ ч лаборатори нь маш нууц. Яг хаана байдгийг одоогоор хэн ч мэдэхгүй, манай тагнуулынхан ч мэдэхгүй. Бүүр байдаг гэж зарласан “Известия” өөрөө ч мэдэхгүй, тийм нууц.

Тэхдээ л био лаборатори байгаа л гэсэн бол байгаа. Байгаа юм хойно олох л хэрэгтэй. Био лаборатори байгаа гэдгийг нотлох зарим сэжүүрээс үүдээд хэд хэдэн таамаг гаргаж үзье. 

Юун түрүүнд манай иргэдийн хамгийн ихээр хардаж байгаачлан модон жорлонд байж магадгүй. Гаднаас нь харахад навсайсан модон байшин, хэн ч сэжиглэхээргүй. Дотор нь орвол үнэхээр бүх төрлийн хорт хий тэндээс ялгарч, орсон гарсан бүх хүнийг хордуулж, улмаар хорт хий агаарт дэгдээж, озоны давхаргыг цоолж, бүх хүн төрөлхтөнд хүртэл заналхийлэх хэмжээний бактерлогийн зэвсэг мөн. Хамгийн аюултай нь энэ лаборатори Улаанбаатарт хаа сайгүй бий. Лаборатори гэхээр нэг том байшин, нарийн техникээр тоноглогдсон байдаг гэдэг уламжлалт сэтгэлгээнээсээ салах болж дээ. Энэ бол нарийн бодож төлөвлөж он удаан жил иргэдээр өөрсдөөр нь хийлгэсэн эд, айхтар зохион байгуулсан байгаа юм шүү. Ёстой л нууц халхавч гэж ийм л байдаг байх. Сонирхолтой нь модон жорлон бол оросууд бидэнд зааж өгсөн эд учраас тэд хардахад зохисгүй мэт. Гэхдээ нэг сэжиг байна. Америкчуудын хийж өгсөн нууц лаборатори гэсэн нь нотлогдох нэг ажил бол “Жорлонгоо өөрчилье” гээд төсөл эхэлсэн нь сэрдлэгэ төрүүлнэ. Энэ төслийг америкт ажиллаж амьдарч байсан манай нэг нэр бүхий экс их хурлын гишүүн нэн идэвхтэй зүтгүүлж байгаа. Сонин л тохиолдол.

Хоёр дахь хувилбар бол Хүн. Тодруулбал ханиад хүрсэн хүн. Ханиадтай хүмүүс явдаг амьд био лабортори байх тун магадлалтай. Тэд вирусыг биедээ тээх замаар мутацид оруулаад цааш дамжуулдаг. Ялангуяа өвлийн цагаар хорт үйл ажиллагаа нь эрс идэвхждэг. Тэдний вирусыг манай био биш хэдэн лабораториуд нь яг таг шинжилж мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан вирусын гаралтай ханиад гэдгийг тогтоодог билээ. Явдаг био лабораториуд цааш хүмүүст халдаадаг учраас энгийн ханиадтай хүн, явдаг био лаборатори аль нь болохыг ялгахад нэн бэрх. Хамгийн аюултай нь явдаг био лабораториос вирус халдсан иргэн тэр даруйдаа мөн явдаг био лаборатори болж хувирдаг учраас тэр. Яг л зомбитой кино шиг. 

Гурав дахь хувилбар мал, амьтан. Мал, амьтад био террористууд байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл мал, амьтад шүлхий, мялзан, бруцеллёз гээд олон төрлийн гоц халдварт вирусыг биедээ тээж тараах хэлбэрээр барууны био лаборториудтай хамтран ажилладаг, гадны тусгай даалгаврыг гүйцэтгэдэг этгээдүүд байж тун болзошгүй юм. Үүний нотолгоо нь жил бүр энэ өвчнүүд давтамжтай дэгддэг. Ийм био терроризмтой тэмцэх ажлын хүрээнд бид био террорист-малнуудыг олноор нь устгалд оруулдаг. Амиа золиослоод ч гэсэн даалгавраа гүйцэтгэх нь террористуудын үндсэн шинж шүү дээ. Судалгаанаас харахад өнөөгийн байдлаар Монголын био террористуудын дийлэнх нь үхэрнүүд байгаа юм. Бид анхаарлаа огт сулруулаагүй, вакциныг малд ихээр шахаж байгаа. Гэвч манай дотоодын хэдэн лаборториуд вакцин хийж чаддаггүй учраас гаднаас авахаас өөр аргагүй болдог. Тэгээд бид вакцинаа оросоос авдаг. Тэгэхээр оросууд хардах нь зүйн хэрэг ч юм шиг. Жил бүр хэдэн арван сая тун вакцин аваад байхаар сэжиглэлгүй дээ. Саяхан манай улстай хиллэдэг оросын хилийн бүс нутагт шүлхий өвчин дэгдсэн нь манай био террорист үхэрнүүдийн хийсэн тусгай ажиллагаа байж тун болзошгүй байна. Иймд оросууд манай улсын үхэрнүүдэд денацификац хийх ч магадлалтай! 

Эцэст нь манай улсад био лаборатори байгаа гэх ийм хэд хэдэн ноцтой нотолгоонууд байгаа учраас манай иргэд дор бүрнээ анхаарч, сэрэмжээ нэмэгдүүлнэ үү.