- Бизнес таны хувьд яг ямар утга учрыг заадаг вэ?

- Миний бодлоор бизнес ба энтерпрайз хоёр ялгаатай. Ерөнхийд нь хэлбэл, бизнес эрхлэх нь ашгийн төлөө буюу арилжааны шинжтэй үйл ажиллагаа юм. Би бизнес хийхдээ мэдээж энэ өнцгийг барьдаг хэдий ч бас нэг чухал концепцийг үргэлж хамт авч явахыг чухалчилдаг. Тэр концепц бол энтрепренершип юм. Судлаачид энэ концепцийг хангалттай тайлбарласан байдаг. Товчхондоо, мөнгө болон капиталаас илүүтэйгээр инновацийг эрхэмлэх замаар компаниа тогтвортой, тасралтгүй ажиллуулж, компанийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулж, асуудлыг нь шийдэх шийдлийг хэрэгжүүлэх үйл явцыг би жинхэнэ бизнес гэж боддог. Манай Dansuk Industrial компани энэ зорилгын төлөө оршдог. 

- Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх таны бодлыг сонсмоор байна!

- Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай дэлхийн дулаарал олон хүний анхаарлын төвд орсон. Энэхүү хямралаас үүдэлтэй дэлхийн экосистемийн тогтворгүй байдал болон үер, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт үзэгдлүүд хүн төрөлхтөнд аюул учруулах хэмжээнд хэдийнэ хүрсэн. Судлаачдын үзэж буйгаар өнөөдрийн дэлхийн цаг агаарын дундаж хэм хүний үйл ажиллагаанаас хамаарч аж үйлдвэрийн өмнөх үе буюу 1850-1900 оны үетэй харьцуулахад нэг хэмээр өссөн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энэхүү өсөлтийг ирээдүйд 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барих хүнд зорилтыг өмнөө тавин ажиллаж байна. 

Хэрэв зээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд нэг зорилгын дор зангидагдан хамтран ажиллаж чадвал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажил биелэгдэшгүй зорилго огт биш. Гэхдээ ОХУ, БНХАУ-ын хөгжлөөс улбаатай, түүнчлэн хөгжиж буй орнуудын хүрээлэн буй орчны бохирдол миний санааг зовоодог. Яаж ч бодсон бид зөвхөн мөнгөн хөрөнгө оруулалтын өгөөж, цэвэр ашиг, орлогын төлөө Бразилийн Амазоны ой шугуйг устгах үйлдлийг зөвтгөж болохгүй. Энэ бол бидний хариуцлага байх ёстой. 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж бодит үр дүн гаргах ажил богино хугацаанд шийдэгдэх асуудал биш бөгөөд хүн бүрийн хүчин чармайлтыг шаардаж, тогтвортой эрүүл хөрөнгө оруулалтын үр нөлөөгөөр л та бидний ирээдүйн тулхтай хөгжил, эрүүл, аюулгүй хүрээлэн буй орчинг баталгаажуулах боломжтой. 

- Та өөрийн эрхэлдэг био түлш болон био эрчим хүчний бизнесийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Хэзээ, яагаад энэ бизнесийг эхэлсэн бэ? “Хог хаягдлаас эрчим хүч” гэдэг философио тайлбарлаж өгнө үү.

- Би био эрчим хүч, био түлшний бизнес хийх шийдвэрийг 2006 онд буюу 15 жилийн өмнө гаргасан. Био эрчим хүч (био дизелийн түлш) -ийн талаар нэгэн хурал дээр би анх удаа сонсож байлаа. Тэр цагаас эхлэн био түлш болон газрын тосноос гаралтай түлшний ялгааг хооронд нь харьцуулан судлан сонирхож, био салбарын чиглэлд ирээдүйд бизнес хийх ёстой гэдгээ ойлгосон. 

Био түлш, тэр дундаа био дизелийн хөгжлийн эхний үе шат нь хог хаягдал буюу дахин ашиглах түүхий эд материал гэхээс илүүтэйгээр ургамлын тос суурьтай байсан. АНУ, Европ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хувьд хог хаягдлыг дахин боловсруулах зорилгоор био түлшний түүхий эд болгох ёстой гэдэг бодлогыг зориудаар хэрэгжүүлдэг. Энэ бодлого явсаар байгаад манай био түлшний үйлдвэрлэлд шууд нөлөөлсөн түүхтэй. Био түлш боловсруулан гаргах хамгийн анхан шатны түүхий эд яах аргагүй хүмүүс, байгууллагуудын ашигласан ургамлын болон амьтны гаралтай тос болж таарсан. Улмаар энэхүү түүхий эд нь хүн төрөлхтний өсөн нэмэгдэх хэрэглээний нөлөөгөөр манай үйлдвэрлэлийн хувьд хязгааргүй нөөц болж хувирсан. 

Яг үнэнээ хэлэхэд “Хог хаядлаас эрчим хүч” гэдэг философи минийх биш. Харин энэ бол зах зээлийн бодит эрэлт ба органикаар хөгжиж буй философи гэж хэлмээр байна. Хог хаягдлыг дахин боловсруулах замаар эрчим хүч гарган авч, энэ хэрээр аж үйлдвэрийн салбараас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж буй энэ процесс бол яах аргагүй тэнцвэртэй бизнес, байгаль орчинд ээлтэй, тулхтай хөгжлийн зөв шийдэл юм. Био түлш гаргахад ашиглагддаг түүхий эдийн орц 15 жилийн өмнөхтэй харьцуулбал солонгорч, нэр төрөл нь улам олширч байна. Энэ бол сайн зүйл. Гэсэн хэдий ч үүнд сэтгэл ханахгүйгээр шинэ төрлийн түүхий эдийг бид цаг үргэлж эрэлхийлж, нөөцийн сонголтоо үргэлж нэмэгдүүлэхийг зорих ёстой. 

- Солонгосын хувийн хэвшлийн хөгжлийн үе шатууд, өнөөдрийн амжилтын суурь хүчин зүйл юу байсан бэ?

- Манай улс 1950 оны Солонгосын дайны дараа дэд бүтэц гэж юу ч байхгүй, нэг хүнд ногдох ДНБ нь 100 ам.доллар ч хүрдэггүй, дэлхийн хамгийн ядуу улсын нэг байсан. Харин өнөөдөр БНСУ сүүлийн 70 жилийн дотор аж үйлдвэрийн хурдацтай хөгжлийнхээ ачаар дэлхий дээр худалдааны эргэлтээр наймт жагсдаг, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 35 мянган ам.долларт хүргэж чадсан гайхамшигтай амжилтыг бүтээж чадсан. Энэ амжилтын суурь юу гэж гэж асуувал би дараах зүйлийг хэлнэ. Улс төрийн манлайлагчдын эдийн засгийн хөгжил болон улс төрийн системийн талаарх алсын хараа өнөөдрийн манай хувийн хэвшлийн хөгжилтэй шууд холбоотой. 

1950 оны Солонгосын дайны дараа манай улс дэлхийн хамгийн ядуу орон байсан шүү дээ. Тэр үед нэг хүнд ногдох ДНБ 100 ам.доллар ч хүрдэггүй байсан бол өнөөдөр 35 мянган ам.доллар болж эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх 10 орны нэг болж чадсан. Үүний нууц нь боловсрол ба аж үйлдвэржилт байсан.

Солонгос ядууралд нэрвэгдсэн улс байсан хэдий ч боловсролд өгөх ач холбогдлоо хэзээ ч алдаж байгаагүй. Асар хүнд нөхцөлд байсан хэдий ч өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчний бодлогоос хазайгаагүй төдийгүй нийлүүлэлтийг нь огтхон ч тасалдуулаагүй. Учир нь байгалийн баялаг гэхээр зүйлгүй манай улс экспорт суурьтай аж үйлдвэрийн хөгжлийн загварыг бий болгохоор тууштай зорьсон юм. Хамгийн чухал нь өөрийн гэх эд баялаг, хөрөнгө мөнгөгүй байхдаа бид гадны хөрөнгө оруулалтыг бодлогоор маш сайн татаж чадсан. Энэхүү хөрөнгө оруулалтыг хөгжлийн эхний шатнаасаа авахуулаад шууд газрын тос, петрохими, ган боловсруулах зэрэг хүнд үйлдвэрүүддээ хийсэн. Үүний нэг жишээ бол өнөөдрийн ПОСКО компани юм. 

Товчхондоо хэлэхэд, төр манлайлж байсан эдийн засгийн хөгжлийн загвар тэр үедээ зөв байсан хэдий ч ирээдүйн бүтээлч эдийн засгийн хөгжлийг улс биш хувийн хэвшил хамаагүй илүү амжилттай авч явна гэж би боддог. 

- Үе дамжсан гэр бүлийн бизнесийн удирдахад тулгардаг асуудал болон давуу талууд нь юу юу байдаг бол?

- Энэ хэцүү боловч маш чухал асуулт байна. Манай гэр бүлийн компани 3 дахь үе рүүгээ орж байна. Бизнесийг зөвхөн капиталаар төсөөлж хэмждэг байсан үе дууссан. Одоо инновац, эх дэлхий, эрдэм мэдлэг дээр суурилсан компани, бизнесүүд л цаашаа явна. Тэр зорилгоор би 15 жилийн өмнөөс био эрчим хүч, био түлшнийхээ бизнесийг эхлүүлсэн. Амьтан болон ургамлын ашигласан хаягдал тосыг боловсруулан био дизель, био онгоцны түлш хийж ШТС, онгоцны компаниудад нийлүүлж байна. Хаягдал материал бүрийг эрчим хүч болгон хувиргах зорилготой.

Өнгөрсөн 57 жилийн туршлагаас харвал компани өргөжин тэлэх тусмаа гэр бүлийн засаглал, эзэмшлээс олон нийтийнх рүү шилждэг нь органик явц юм. Аль алинд нь давуу бас сул талууд байдаг. Компанийн хувь эзэмшил хамгийн чухал асуудал биш. 

Юу чухал вэ гэвэл ямар ч засаглалтай компани байсан ялгаагүй тухайн компанийг манлайлан удирдаж буй хүний алсын хараа, ёс зүй, философи юм. Энэ философиороо дамжуулан бизнесээ хийх замаар эргээд улс, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нь бизнесийн удирдагч хүний эрхэм чанар байдаг.

Компанийн эзэн мөн эсвэл биш байхаас үл хамааран бизнес дээр хашиж буй албан тушаал болгон цаанаа том хариуцлагыг хүмүүст үүрүүлж байдаг. Дэлхий дээр сая сая ажлын байр байдаг хэдий ч хүн нэг л ажлын байран дээрээ байж гэмээнэ бодитой үр дүн гаргаж, амжилтыг бүтээдэг. Ийм учраас хийж байгаа ажилдаа эзэн болох, аливаа ажлыг эхлүүлбэл дуустал нь гүйцэтгэх, ур чадвараас гадна аливаа асуудалд сэтгэл гарган хандах маш чухал. Энэ их ажлын хажуугаар жаахан дарамттай санагдаж магадгүй ч үндсэн ажлаараа дамжуулан нийгэмдээ хувь нэмэр оруулж, эерэг өөрчлөлтийг хийх нь бүх цаг үеийн туршид бидний туйлын зорилго байх ёстой.

Тэр утгаараа гэр бүлийн засаглал бүхий бизнес загвар компанийн амьдралын мөчлөгийн эхний шатуудад хэрэгтэй хэдий ч хамгийн шилдэг удирдлагын загвар гэсэн үг бас биш юм. 

- Тойрог эдийн засаг гэдэг ойлголт яагаад өнөөдөр ийм чухалд тооцогдох болов оо? Таны хийж буй бизнес энэ тойрогтой хэрхэн уялддаг вэ?

- Тойрог эдийн засгийн ерөнхий ойлголтыг миний дээр дурдсан хог хаягдлын удирдлагатай жишин ойлгож болох байх. Гэхдээ үүнээс илүү өргөн ойлголт юм. Товчхондоо бүхнийг дахин ашиглах, дахин боловсруулах замаар хог хаягдалгүй орчлыг бий болгох тухай ойлголт. Жишээ нь, бид нэг удаагийн хэрэгсэл ашиглан хүрээлэн буй орчноо бохирдуулахаас гадна эдийн засгийн хувьд асар их хэмжээний нөөцийг үр ашиггүй зарцуулсаар байна. 

Сүүлийн жилүүдэд тойрог эдийн засгийг хуванцар материалтай холбон ихэд хөндөн хэлэлцэж байна. Хуванцар ашиглан түлш хүртэл үйлдвэрлэж эхлээд удаж байна. Одоо л хүн төрөлхтөн хуванцар материалын ирээдүйн аюул, бодит эрсдлийг ойлгож, эргэх арга хэмжээг авч эхэллээ. 

Номхон далайн дунд БНСУ улсын газар нутгаас 15 дахин том хэмжээтэй хуванцар хаягдлаас үүссэн арал бий болсон.

Энэ тухай сонсоод би шоконд орсон. Энэ бол яах аргагүй бидний буруу бөгөөд энэ байдлыг засах ёстой. Яагаад тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын удирдлага, урт хугацааны алсын хараа хэрэгтэй гэдгийг та мэдэрч байна уу? Ийм учраас тойрог эдийн засгийн асуудлыг ярьж эрчимжүүлэхдээ одоо байгаа асуудлаа ярихаас гадна ирээдүйд нэмж хаягдал үйлдвэрлэхгүй хэрхэн хөгжиж тухай шийдэлд хүрэх ёстой юм. Хүн бүр энэ үйлийн төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Ингэж байж бид асуудлаа шийдэх болно. 

Энэ бүх асуудлыг нийтээрээ ойлгосон нөхцөлд тойрог эдийн засгийн үнэ цэн улам батжих бөгөөд хамгийн гол нь нэмж хог хаягдал үүсгэдэггүй нийгэм, эдийн засаг, бизнесийн загварыг бид хамтдаа бүтээх юм. Дэлхийн агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар исэл алга болтол 250 жил шаардагддаг бол хуванцар материал дэлхийд устан алга болтол 500 жил хэрэгтэй болдог. Энэ урт цаг хугацааны мөчлөгийг бид ойлгон мэдэрч одооноос эхлэн ажил, амьдралынхаа хэв маяг, соёлыг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй байна. 

Миний ярианаас та одоо эрхэлж буй бизнес маань болон тойрон эдийн засгийн хоорондын уялдаа холбоо энгийн бизнесийн хэмжүүрээс даваад явсныг анзаарч буй байх. Энэ бол цаг хугацааны асуудал буюу хэзээ нэгэн цагт би хэн байхаас үл хамааран нүүр тулах бодитой асуудал юм. Ийм учраас өөрийн амьдарч ажиллаж буй цаг үедээ энэ асуудлыг шийдэхийн төлөө сайн дураараа хувь нэмэр оруулж, бизнесээрээ дамжуулан шийдэл дээр ажиллах ёстой. Энэ бол бидний хариуцлага, сайн дураараа хийх ёстой үүрэг гэж хэлмээр байна.

- Залуучууд олон улсын тавцанд гарч бизнес эрхлэхдээ юуг хамгийн түрүүнд анхаарч суралцах ёстой вэ?

- Зорилго, зориг, тууштай байдал гэж зөвлөмөөр байна. Энэ бүх зүйл залууст бий. Залуус хүмүүс бизнес хийхдээ мэдээж амбицтай, зоригтой, эрсдэл даах чадвартай байх ёстой. Гэхдээ хамгийн чухал хоёр зүйл бол хүндлэл ба үнэнч байдал шүү. Харилцагчаа, түншээ, хамтран ажиллаж буй хүмүүсээ хүндэлж чаддаггүй, мөн тэдэндээ үнэнч байдаггүй хүн бизнес хийж амжилт гаргана гэж хэзээ ч байхгүй. За гэвэл ёогүй байж гэмээнээ глобал бизнесийн талбарт амьд үлддэг юм.

Залуучууд өөрсөддөө хэт бардахаас илүүтэйгэр дээрх зан чанарууд дээрээ нэмээд үнэнч байдал, хүнлэг сэтгэлтэй байгаарай гэж онцолж хэлмээр байна.

Дэлхийн дэвжээнд өрсөлдөж, олон улсад бизнес хийж буй хүмүүст би нэг л зүйл захидаг. Тэр нь олон улсын бизнес бол эрчүүдийн тоглоомтой яг адилхан шүү гэж. Тэр нь эрчүүд утгаараа үлгэр жишээ эр хүн шиг буюу худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, хүн гомдоодоггүй, хууль зөрчдөггүй байх ёстой гэдэг санаа юм. 

- ESG буюу хүрээлэн буй орчин, нийгэм, засаглал гэдэг концепц яагаад өнөөдөр ийм чухалд тооцогдох болов?

- Энэ концепц нэлээд дээр үед гарсан хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхий даяар менежментийн хүрээнд эрчимтэй яригддаг болсон. ESG бол уур амьсгалын өөрчлөлттэй улбаатайгаар хүрээлэн буй орчноо хамгаалах, ээлтэй хандах удирдлагын философи бөгөөд энэ загвараар ажиллаж буй компаниуд нийгэмдээ шууд болон шууд бусаар бодитой хувь нэмэр оруулж байдаг. Цаашилбал, бизнесийн үе шат болгонд оролцогчдын нийтлэг эрх ашгийг хамгаалдаг. Харамсалтай нь хүмүүсийг байгууллагын хувиар хүчлэн шахаж энэ ойлголтыг буруугаар ашиглаж буй кэйсүүд байдаг.

Тухайлбал, дэлхийн том компаниуд ESG хэрэгжүүлж байна гэдэг нэрийдлээр хүрээлэн буй орчинтой холбоотой ажилладаг жижиг, дунд компаниудыг мөнгөөр цохин худалдан авдаг. Ингэснээр зөвхөн хүрээлэн буй орчин (E) дээр төвлөрч, нийгмийн бусад асуудал (S), засаглалын чухал ойлголтуудыг (G) орхигдуулдаг. Энэ гурван ойлголтыг тус тусад нь амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролдох нь буруу. 

Байгаль орчин, нийгмийн асуудлыг дан ганц мөнгөөр хүчлэн, хөрөнгөөр “зодон”, эсвэл хүмүүсийг албадан шийдэх ямар ч боломжгүй.

Уур амьсгалын өөрчлөлттэй бодитой тэмцье гэвэл хамгийн түрүүнд хүмүүс, компаниуд хандлагаа л өөрчлөх ёстой. Бид бизнес хийж буй хэдий ч арилжааны мөн чанараас илүүтэйгээр илүү хүмүүнлэг байж, нийгэмд үнэ цэн, эерэг өөрчлөлт, зөв зарчим бий болгох ёстой хүмүүс юм .

- Таны амьдралдаа гаргасан хамгийн том алдаа эсвэл одоог хүртэл харамсаж явдаг зүйл юу байдаг бол?

- Харуусал эсвэл алдаа гэхээсээ илүү би өөртөө өөр газар алдаа гаргаж, харамсах зүйл хийх боломж олголгүйгээр өөрийгөө, өөрийнхөө бүхий л зүйлийг компанидаа зориулсан. 

- Тэгвэл таны амьдралдаа гаргаад буй хамгийн том амжилт, бахархал юу вэ?

- Би 60 нилээд гарсан гарсан, химийн инженер мэргэжлээрээ тууштай ажиллаж буй хүн. Өнөөдрийг хүртэл би хэзээ ч өөрийгөө инженер гэж бодож байгаагүй. Харин энтрепренершипийг хүндлэн хайрладаг, бизнесмен гэхээсээ илүү энтрепренер хүн гэж өөрийгөө дүгнэдэг. Энэ хандлага, зорилго, үйлдэл миний хувьд одоогоор хамгийн том амжилт гэж хэлмээр байна.

- Солонгос үндэстний мөн чанар, тодотгол, солонгос хүмүүсийн мөрөөдөл юу вэ? Иргэн хүний хувьд танай нийгмийн өмнө тулгамдаад буй хамгийн том сорилт, түүнийг давах шийдлийг юу гэж хардаг вэ?

- Солонгосын тухай маш олон зүйлийг та нэг асуултаар асууж байна. Солонгос өндөр хөгжилд хүрсэн хэдий ч ирээдүйгээ төсөөлөн бодох юм бол биднийг багагүй сорилт хүлээж байгаа. Тухайлбал, хүн амны хөгшрөлт, хүн амын тоо буурахтай холбоотой нийгэм, эдийн засаг, улс төрийн том асуудлуудтай бид тун удахгүй тулна. Энэ бүх асуудлыг цогцоор нь харж, инновацлаг, бүтээлч, хувьсгалч шийдэл гарган хэрэгжүүлэх манлайлагчдын хомсдол бид орсон. Иймээс би ирээдүйгээ тийм ч их гэрэлтэйгээр харахгүй байгаа.

Бусад улсын хөгжлийн явцтай адилхан солонгос хүний мөн чанар амиа бодсон, хувиа хичээсэн тал руугаа өөрчлөгдөж, ямар нэг зүйл хаа нэгтээ алдсан хүмүүс мэт санагддаг. Солонгосчууд олон зууны турш уламжлагдсан ирсэн Күнзийн ёс уламжлал дээр суурилсан ёс зүй, этик, моралийг үргэлж өндөр тавьж, үргэлж эрхэмлэж ирсэн түүхтэй. Харамсалтай нь орчин цагт энэ хандлага өөрчлөгдөж байна. 

- Та Монголд очиж байгаагүй хэдий ч Монголчуудын мөн чанар, үндэстнийг тодотголыг хэрхэн хардаг нь сонин байна.

- Би Монголд очиж байгаагүй, танай улсын тухай багахан мэдээлэлтэй учраас энэ асуултанд бүрэн дүүрэн хариулж чадахгүй болов уу. Гэхдээ Монгол гээд сонсохоор хамгийн түрүүнд бид Урал-Алтай язгууртай нэг ижил хэл зүйн бүлэгт хамаарагддаг гэж толгойд ордог. Мөн хөх толбыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Мөн монголчуудыг найрсаг ард түмэн гэж боддог. 

Өнөөгийн Монголын тодотголыг шууд хэлэхэд хэцүү байгаа ч ёс уламжлал, суурь заншлаа гээлгүй, бусдыг шууд аялдан дагаж дуурайхгүйгээр хөгжих нь маш чухал шүү гэж хэлмээр байна.

- Хэрвээ та 20 настай байсан бол өдийд хаана, юу хийж явах байсан бол?

- Компани удирдан өдөр тутам нилээд завгүй ажилладаг тул огт ингэж бодож өөрөөсөө асууж байгаагүй юм байна. Би энэ асуултанд наргиа байдлаар хариулмаар байна. Хэрвээ 20 настай байсан бол би бизнес рүү огт орохгүй зохиолч юм уу дуучин болох байсан гэж одоо өөрийгөө төсөөлмөөр байна. Бизнесийн зорилгоор олон хүмүүстэй хүлээн авалт хийн танилцаж, багагүй цаг хугацааг зөвхөн энэ зорилгоор өнгөрөөдөг. Харин би залуухан байсан бол хүмүүстэй зөвхөн бизнесийн төлөө биш анд найз, гэр бүлийн гишүүдээс дутахгүй нөхөд болох зорилгоор танилцаж, үүний төлөө үнэтэй цагаа зарцуулан явах байсан.