УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа. Монгол Улсын 34 дэх Сангийн сайд тэрбээр энэ эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай албыг хүлээж аваад хорь ч хоноогүй боловч “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг хэрэгжүүлэх Засгийн газрын гол гишүүдийн нэг гэдгээрээ миний хувьд сонирхолтой зочин. Ингээд түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа та бүхэнд хүргэе.

-Та Ковидын үеийн хүндрэлтэй эдийн засаг хүлээж авсан сайд. Гэтэл шинэ Засгийн газар “Эрүүл мэнд, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулж “тэсрэлт” хийв. Хамгийн эхний асуулт. Энэ хэний санаа вэ? Шинэ Сангийн сайд бодож төлөвлөж явснаа хийв үү? Эсвэл Ерөнхий сайд нь бодож олоод Та “яаж хийнэ ээ” гээд одоо бодож эхэлж байна уу?

-Хэцүү асуулт байна шүү. Би эдийн засагч хүний хувьд дэлхий нийт Ковидтой хэрхэн тэмцэж байна, эрүүл мэндийн чиглэлээр яаж ажиллав, эдийн засгийн чиглэлээр юу хийх нь вэ гэдгийг эхнээс нь маш сонирхож харж байсан. Дотроо бодож байсан зүйлүүд бий. Би чинь сүүлийн зургаан сар Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаандаа хоёр ч төсөв баталж амжлаа. Наймдугаар сард төсвийн тодотгол, арваннэгдүгээр сард 2021 оны төсвийг баталсан. Хоёулаа ковидтой үеийн төсөв. Энэ хоёр төсвийг батлахад хэн ч 2021 он гараад ковидын нөхцөл байдал ингэтлээ хүндэрнэ гэж, тэр нь эдийн засагт ийм хүнд цохилт авчирнагэж тооцоолоогүй. Илүү өөдрөгөөр харж байсан.Тэр үед УИХ-аас хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаад нийгэм, эдийн засгийн чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавиад бодож санаж байсан зүйлүүд бий. Бидний хэн, хэнд маань байсан. Ингээд Гүйцэтгэх засаглалд орж ирснээс хойш дөнгөж шинээр байгуулагдсан Засгийн газрын хувьд энэ эдийн засгаа яах вэ, эрүүл мэндээ яах вэ гэдэг том асуудалтайгаа нүүр тулж байна. Шадар сайдаар ахлуулсан, өмнөө том зорилго тавьсан Ажлын хэсэг гараад цөөн хоногт ажиллаад Засгийн газарт орж ирсэн сайд нарынхаа санааг нэгтгэсэн. Тиймээс энэ төлөвлөгөө бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын кабинетийн төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөнд миний бодож байсан зүйлүүд ч, Ерөнхий сайдын өөрийнх нь төлөвлөсөн, итгэл үнэмшил болсон ажлууд ч бий. Тэгэхээр Ерөнхий сайд урьд нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсны хувьд гол санаагаа гаргасан, үүнд мэдээж өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанар ч байгаа, үүн дээр бид бодлогын тактикийн өөрчлөлт хийсэн. 

-Тэгвэл тэр бодлогын тактикийн гол өөрчлөлт нь юу байсан бэ?

-Ковид анх илэрснээс хойш дэлхий нийтээрээ, улс орон бүр өөрсдийн онцлог, эдийн засгийн чадамжаараа энэ тахалтай тэмцэж эхэлсэн. Ерөнхийдөө хоёр чиглэл рүү явсан. Зарим улс ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг нэгд тавьж, эдийн засгаа хоёрдугаарт тавьсан. Том эдийн засагтай орнууд энэ хоёрын голчоор, зөв баланс барихыг хичээлээ. Өөрөөр хэлбэл эдийн засгаа нэгд тавьсан гэсэн үг. Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсын хувьд эрүүл мэндээ нэгдүгээрт тавьсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд цаг тухай бүртээ зөв байсан гэж би боддог. Нэг жилийн хугацаанд бид ковидыг дотооддоо алдахгүй байж чадсан нь маш сайн үр дүн. Одоо дэлхий нийтээрээ жилийн өмнө таньдаггүй байсан ковид гэгч тахлыг таньж эхэлж байна. Өнөөдөр энэ өвчнийг харахад хэчнээн хориод бариад дийлдэггүй юм байна. Тэгвэл бид одоо энэ нөхцөл байдалд зохицож эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлээр зөв балансыг барьж аль алийг нь бодлогын ижил түвшинд авч явах хэрэгтэй. Тиймээс одоо бодлогын хоёрдугаар шатандаа тактикийн том өөрчлөлт хийхгүй бол энэ байдлаараа цааш үргэлжлэх нь маш өндөр эрсдэлтэй.

-Дараагийн хамгийн их сонирхож буй асуулт бол “10 их наядын эх үүсвэр хаанаас олдов”? Яагаад урьд нь хомсдолтой, хүндрэлтэй, асар их гадаад өртэй, өөр хаанаас зээл, тусламж авах вэ гэдэгтээ хүрээд байснаа одоо гэнэт төсвөөс гаднах эх үүсвэрээс олон том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх бяртай болчихов?

-Өнөөдрийн байдлаар ДНБ зургаан хувиар буурсан, өнгөрсөн оны төсөв 12 хувийн алдагдалтай гарлаа. Банкуудын зээлийн чанар муудаж, зээлийн өсөлт сүүлийн жилд 10 хувиар буурсан. Хүнээр бол цусны эргэлт зогсчээ. Үүнийг илтгэх өөр нэг тоо гэвэл Төв банкин дээр банкуудын байршуулсан чөлөөт эх үүсвэрийн хэмжээ найман их наяд төгрөг болсон. Арилжааны банкуудын эх үүсвэрийн дундаж зардал 9-10 байна. Ийм байхад алдагдалтай хэдий ч зургаан хувийн хүүтэйгээр Төв банкин дээр ийм хэмжээний мөнгө байршиж байна гэдэг нь эдийн засаг ямар хэмжээний зогсолт хийснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг өөрөө хөл хорионд орчихсон. Тэгэхээр бидний 10 их наядын төлөвлөгөөний эхлэл буюу эдийн засгийн эргэлтийг сайжруулах цөм хэсэг нь ерөөсөө Төв банкин дээр байгаа энэ найман их наяд төгрөгийг эдийн засгийг эргэлтэд оруулах хөшүүргийг бий болгох явдал юм. Өөрөөр хэлбэл найман их наядыг онилж тодорхой хэсгийг нь чадлынхаа хэрээр зээл болгож гаргах замаар бодит эдийн засгагт оруулах нь эхний зорилго. Ямар ч байсан ААН-үүдийг, ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөг, орон сууцны хөтөлбөрт гурван их наяд, репо санхүүжилт хоёр их наяд гэхчлэн. Гэхдээ энэ бүхэн зээл сувгаар эдийн засагт мөнгө эргэлтэнд орох дээд хэмжээнүүд гэж ойлгоорой. Төв банкин дээр байршчихсан байгаа банкуудын чөлөөт эх үүсвэрээс эргэлтэд оруулж болох дээд хэмжээ. Энэ дээд хэмжээ юунаас шалтгаалах вэ гэхээр ААН-үүд хэчнээн хөнгөлөлттэй ч гэсэн зээл авах чадамжаас шууд шалтгаална нь гэсэн үг. Гэхдээ дунд хугацаанд, 1-3 жилийн дотор, шат дараалалтай олгох зээлийн хэмжээ шүү. Олон макро үзүүлэлт харж байж хэмжээ, тунг нь тааруулж зээлийн хэмжээг тодорхойлох ёстой.

-Одоо тус тусад нь авч үзье. ААН-үүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах хоёр их наядын тухайд хэрхэн санхүүжүүлэх вэ?

-Банкууд Төв банкин дээр байршуулчихаад байгаа тэр эх үүсвэрээс ААН-үүдэдзээлийггаргаж бодит эдийн засаг руу оруулах тэр боломжийг Төв банк, Засгийн газар хамтарч бий болгоно. Үүнд тухайлбал зээлийн батлан даалтын санг нэрлэж болно. Өөрөөр хэлбэл банкууд эдийн засгийг эрсдэлтэй байна гэж үзээд ААН-д зээл гаргахгүй алдагдалтай ч байсан хамаагүй зургаан хувийн хүүтэйгээр Төв банкинд байлгаад байна. Тэгвэл тэр болгоомжлоод байгаа эрсдлийг нь хуваалцах механизм банкуудад хэрэгтэй. Тэр механизм нь Зээлийн батлан даалтын сан юм. Зээлийн батлан даалтын сан бол үйл ажиллагаагаа эхлээд арваад жил болж байгаа, уламжлалт механизм. Зээлийн батлан даалтын сангийн хүчин чадлыг нэмэх замаар хоёр их наяд төгрөг хүртэл зээл гарах боломжтой.

-Гэхдээ хоёр их наяд төгрөг Зээлийн батлан даалтын сан руу хийчихгүй биз дээ?

-Өө, яалаа гэж. “Моторын” хүчин чадлыг нь л нэмэгдүүлнэ. Зээлийн батлан даалтын сан одоогоор найман тэрбум төгрөгийн дүрмийн сантай, өөрийн бие даасан хуультай. Хуульдаа “Дүрмийн сангийн хөрөнгийг 20 дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний батлан даалт гаргах боломжтой.Одоогийн найман тэрбум төгрөгөөр 160 тэрбум төгрөгийн л батлан даалт гаргаж болно гэсэн үг. Мөн “нэг зээлдэгчийн зээлийн 60 хувьд л баталгаа гаргана” гэж заасан байдаг. Ийм хоёр хязгаарлалттай. Хоёр их наяд төгрөгийн 60 хувь гэхээр 1.2их наяд төгрөг. Үүнд баталгаа гаргахын тулд хуульд зааснаар 20 дахин гэхээр 60 тэрбумын дүрмийн сантай байх хэрэгтэй болж байна. Зээлийн батлан даалтын сан нь өөрөө мөнгөний үржүүлэгч байгууллага байхгүй юу. Тэгэхээр найман тэрбум төгрөгийн дүрмийн сантай Зээлийн батлан даалтын санг 60 тэрбумын дүрмийн сантай болгочихвол хуульд нь заасан 20 дахин өсгөсөнтэй тэнцэх буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийн баталгаа гаргаад нийт хоёр их наяд төгрөгийн зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг.

-Зээлийн батлан даалтын сангийн хүчин чадал долоо дахин нэмэгдчих юм байна. Гэхдээ эх үүсвэрийн хоёр их наяд төгрөгийн эх үүсвэр нь банкуудаас өөрсдөөс нь гарчих юм биш үү?

-Яг тийм. Банкуудын эх үүсвэрээс гарна. Эрхбиш 50-60 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газар шийднэ. Ийм хэмжээний эх үүсвэрээр энэ том эдийн засгийг хөдөлгөх гэж байхад үүнийг төсөв, мөнгөний бодлого дотроо шийдчихнэ шүү дээ. Үүнд Монголбанк нэг төгрөгийн ч оролцоогүй. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд байдаг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагууд бид дөрөв сууж байгаад Ажлын хэсэг байгуулж, заавар чиглэл өгөөд боловсруулсан асуудал. Одоо бид нэг зүгт харж бодлогуудаа уялдуулаад үүнийг хийж байгаа гэсэн үг. 

-Эхний эх үүсвэр чинь банкууд байх нь. Монголбанкнаас нэг төгрөг ч хэвлэж гаргахгүй гэж ойлголоо. Гэтэл банкуудын эх үүсвэр өөрөө үнэтэй шүү дээ. Өндөр хүүтэй. Яаж тэд гурван хувийн хүүтэй зээл гаргах юм бэ, дампууруулчих юм биш үү?

-Зөв асуулт. Үүнийг хүүгийн татаасаар шийдэхээр төлөвлөж байна.

-Та үүнийгээ тодруулаач.

-Өөрөөр хэлбэл банкны эх үүсвэрийн зардлыг 9 хувь гэж үзвэл 6 хувийн татаасыг зээлдэгчид төрөөс олгоно л гэсэн үг. 

-Ийм их хэмжээний зээл гарах уу?ЖДҮХС-ийн зээлээс харахад жилд гаргадаг зээлийн хэмжээ нь 100 тэрбум гэхчлэн дүн харагддаг?

-Тийм, би дээр хэлсэн дээ, төлөвлөгөөг гаргахдаа хамгийн дээд хэмжээгээр тооцсон гэж. 2 их наяд бол гарч болох дээд хэмжээ.

-Уг нь төсвөөс мөнгө зарцуулахгүй гээгүй билүү?

-Бид эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд ийм хэмжээний зардал гаргахаас өөр аргагүй. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн бизнес идэвхжиж төсвийн орлого ч нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Бид чинь одоогоор төсвөөс ковидын эсрэг 4.1 их наяд төгрөгийн зардал гаргачаад явж байгаа улс шүү. Харин энэ удаа 3 жилийн хугацаанд нийт 150 тэрбум орчим, 10 жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн зардлаар эдийн засгаа идэвхжүүлж сэргээхээр төлөвлөж байна. 

-Үр дүнд нь ажлын байрыг хадгална?

-Тийм. ЖДҮ-ийн салбарт нэг ажлын байрыг хадгалахад жилд таван сая төгрөгийн зээлийн эх үүсвэрийг зарцуулдаг гэж үздэг, эргээд мөн л тэр хэмжээний эдийн засгийн өгөөж өгдөг. Гэхдээ ажлын байр хадгална гэдгээрээ чухал. Том төслүүдийн хувьд жишээ нь уул уурхайгаар авч үзэхэд дундажаар 150 сая төгрөгөөр нэг ажлын байрыг хадгалдаг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь том учраас. Дампуурвал тэр хэмжээгээрээ эдийн засагт цохилт өгнө.Өгөөж өгөхдөө нэг хүний ажлын байр 150 сая төгрөгийн өгөөж өгдөг. ЖДҮ бага мөнгөөр олон ажлын байр хадгалдаг онцлогтой салбар. 

-“ЖДҮДС-ийн зээл маш муу нэртэй болсон. Одоо энэ ЖДҮ-ийг дэмжих зээл бол шууд банкаар, тэдний дүрмээр олгогдоно гэж ойлгож болох уу?

-Яг тэгж ойлгох хэрэгтэй. Шууд зээл олгох мэргэжлийн институц буюу банкууд өөрсдөө 100 хувь мэдэж олгоно. Улс төрийн нөлөөлөл орох, урьдынх шиг алдаа завхрал гарах боломжийг бүрэн хаасан.

-Зээлийг хүртээмжтэй байлгах талаар яаж анхаарах вэ? Хэчнээн сайн сайхан хөтөлбөр танилцуулсан ч зээл авч чадахгүй байна гэх гомдол тасардаггүй. Шалгуур хэт өндөр. Тэгсэн мөртлөө яг хөтөлбөрийн дагуу ажиллахгүй боловч зээлд хамрагдаад нэг хөтөлбөрөөр нь орж гурван хувийн хүүтэй зээл, дараагийн хөтөлбөрт нь ороод 10.5 хувийн хүүтэй зээл аваад хадгалуулчихаад байхыг хэн болиулж чадах юм бэ? Ер нь энэ тохиолдолд эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Хэрэгжилтийн шатанд алдаа гаргахгүй байх тал дээр Төв банк, Засгийн газар хамтраад хяналт тавих хэрэгтэй. Мөн сар улирал бүр, цаг тухайд нь Мөнгөний бодлогын тохиргоогоо хийж явах ёстой. Зээлийн олголтыг тухайн банк бүрэн хариуцна. Шалгуураа тавина, эрсдлээ өөрсдөө л хүлээнэ. Харин хариуцлагын хувьд ард түмэн эцсийн дүндээ сонголтоороо дүн тавина. 

-Малчид таны дээр ярьсан ажлын байрны тоонд орохгүй. Хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэг 300 тэрбум төгрөгийн зээлийн тухайд?

-Хөгжлийн банк өөрийнхөө эх үүсвэрээр 300 тэрбум хүртэлх төгрөгийг тариалан эрхлэлт, ноолуурын салбарыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээл гаргана.

-Хоёр дахь эх үүсвэр. Репо санхүүжилтийн хоёр их наяд төгрөг?

-Тийм. Үнэндээ Төв банк үүн дээр их харам байгаа. Яагаад гэвэл ийм арга хэмжээнүүдийг нэг жилд хэрэгжүүлэхэд эдийн засаг хангалттай сэргэнэ гэсэн өөдрөг тооцоололтой байгаа юм. Тиймээс нэг жилд репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхэд цаашаа нэмэх шаардлагагүй болно гэж үзсэн. Репо санхүүжилт бол Монгол Улс Төв банктай болсноос хойш хэрэглэж байгаа “Богино хугацаанд банкуудын төлбөрийн чадварыг дэмжих” зориулалттай мөнгөний бодлогын уламжлалт хэрэгсэл. Төв банкны үнэт цаасны эсрэг хариу үйлдэлтэй. Монголбанк арилжааны банкуудын эзэмшиж байгаа Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг барьцаалж зээл олгодог. Тэр нь хүүгийн хувьд мэдээж ТБҮЦ-аасаа доогуур үнэлэгдэж болохгүйучраас одоо байгаа 6 хувь дээрээ 0.5 хувийг нэмээд 6.5 хувийн хүүтэй өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн банкны өөрийнх нь эх үүсвэрийг өөрт ньбуцаагаад өгч байна гэсэн үг. Төв банк мөнгө гаргахгүй. Жишээ нь 100 тэрбум төгрөгийн үнэт цаастай банкинд 70-80 хувьд л репо зээл олгоно, хэмжээг Төв банк шийднэ. Нэг банкинд 100 тэрбумаас хэтэрдэггүй байсан, хугацаа нь 90 хоног. Одоо үүнийг Төв банк ковидын хугацаанд хугацааг нь хоёр жил, мөн нэг улиралд нийт 500 тэрбум төгрөг болгочихож байгаа юм. Том боломж мөн үү? Хязгаар нь юу байх вэ? Банкууд төв банкнаасаа үнэт цаасаа барьцаалж 6.5 хувийн хүүтэй энэ эх үүсвэрээ аваад цаашаа олгохдоо 10.5 хувиас хэтрэхгүй хүүтэй л олгож болно. Хүүг үүнээс дээш нэмж болохгүй. Хэмжээ нь 500 саяас гурван тэрбум төгрөг. Энэ зээлийг экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайн бус салбарт олгоно. 

-Доод хэмжээ яагаад 500 сая байгаа юм бэ. ЖДҮ, ажлын байр хадгалах зориулалттай 3 хувийн хүүтэй зээлээс авч чадахгүй бол энэ 10.5 хувийн хүүтэй зээлээс авах, давхцах магадлалтай байна уу?

-Тэгж хатуу зааглахгүй бол асуудал үүснэ. Ер нь уг Репо санхүүжилтийг Төв банк аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн ажил байгаа, харин энэ удаа хэмжээгээ л нэмж байгаа гэж ойлогоорой. Сүүлийн 2 улирал тус бүр 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад гаргасан байна лээ. Банкны харилцагчид үүнд маш өндөр эрэлттэй байдаг. Доод тал нь 16-18 хувийн зээл авч байгаа зээлдэгчид 10.5 хувийн зээл рүү шилжиж хүү нь хоёр дахин хямдарна гэдэг маш том дэмжлэг. Улиралд 500 тэрбум, нийт хоёр их наяд гэхээр энэ бол хангалттай эх үүсвэр. Яагаад хангалттай вэ гэхээр манай зээлийн өсөлт жилд өндөр үедээ 30 хувь, хэвийн үед 20 орчим хувьтай буюу 2-3 их наяд төгрөг байдаг. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хувьд эрсдэл даах чадвар өндөр, зах зээлийн судалгаа төлөвлөлт, эрсдэлд хариу үйлдэл чадамж, судалгаа шинжилгээ сайтай хавьгүй өөр байдаг учраас өөрсдөө учраа олох нь зөв. За, үүн дээр төсөв, Төв банкнаас гаргасан зардал байхгүй байгаа биз. Одоо ипотек руу оръё.

МИК, Төв банк, арилжааны банкууд гэсэн гурвалсан схемээр олон жил явсан уламжлалтай. Энэ суурийг л үргэлжлүүлнэ. Энд би нэг сонин тоо хэлье. Хөтөлбөр өөрөө найман хүүтэй байснаа зургаан хувийн хүүтэй болсон. Зургаан хувь болгосноос хойш, өнгөрсөн оны 11, 12 дугаар саруудыг дамжаад өнгөрсөн он жилүүдийнхтэй харьцуулбал хамгийн их буюу 95 тэрбум төгрөгийн зээл гарсан байдаг. Нийт 1200 гэрээ хийгдсэн. Хөл хориотой холбоотойгоор 11 дүгээр сарынх 12 дугаар сар руу орсон байх. Гэхдээ маш амжилттай яваа зээл байгаа биз. Яг энэ хэмжээгээрээ цаашаа гаргаад явахад энэ схем уламжлалт, тогтвортой, эх үүсвэр нь хэвийн үргэлжлэнэ.

-Эх үүсвэр саатахгүй биз? Зээл хүсэгчдийг ч, барилгын салбарынхныг ч бухимдуулдаг гол зүйл тэр шүү дээ?

-Одоо санхүүжилт гацахгүй. Гурван жилийн хугацаанд нийт 2 их наяд төгрөг хүртэл ипотекийн зээл гарна гэж төлөвлөсөн өөрөөр хэлбэл сард 60-80 орчим гэсэн үг. Би үүнийг барилгын салбарынхантай уулзахдаа ч танилцуулсан. Тиймээс бизнес төлөвлөлтөө хийхэд тогтвортой, тасралтгүй үргэлжлэх нөхцөл хамгийн чухал гэцгээж байна. Үүн дээр нэмж мөнгө хэвлэх гэсэн ойлголт байхгүй, уламжлалт зарчмаараа тасралтгүй санхүүжилттэй үргэлжилнэ. 

-Залуус I, II, III хорооллын дэд бүтэц, газар олгох нэг их наяд төгрөг ямар учиртай юм бэ?

-Орон сууцжуулах хөтөлбөр орон даяар хэрэгжинэ. Төлөвлөгөөний хүрээнд тодорхой төслүүд дээр дэд бүтэц, газрыг улсаас шийднэ. Үүнд нэг их наяд төгрөг хүртэл гэж тооцоолсон. Гэхдээ бид нэг төгрөг ч хэвлэхгүй. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гэр хорооллын газрыг чөлөөлж орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкуудтай одоогоор ярьж байгаа хөнгөлөлттэй үүсвэрүүдийн боломж байгаа. Маш дарамт багатай, 20-30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөр төлөхгүй зэрэг сайн нөхцөлтэй ам.долларын зээлүүдээр санхүүжүүлэхээр тохирсон хэлцлүүд бий. Ийм эх үүсвэрийг дэд бүтэц рүү хийж байх ёстой. Төсөв дээр ийм ачаалал авч болохгүй. Энэ чинь өөрөө төсвийн бодлого. Ингээд ипотек шийдсэн, хот газраа шийдчихнэ, өгсөн газар дээр барилгын компаниуд өөрсдөө эх үүсвэрээ барьж орж ирээд барилгаа барина. Харин Засгийн газар үнийн бодлогод оролцоно. 

-Мөнгө хэвлэхгүй юм байна. Яагаад энэ төлөвлөгөөнд Хармагтайн ордыг яриад байсан юм бэ?

-Нөөц хувилбаруудын нэгээр л яригдаж байгаа. Эх үүсвэр дутмаг байвал Хармагтайн ордыг барьцаалж эх үүсвэр босгож баялгаа эргэлтэд оруулах замаар гэхчлэн ярьж байгаа. Гэхдээ үнэтэй бөгөөд эрсдэлтэй эх үүсвэр гэж үзэж байна. Энэ талаар доргилт үүсгэх шаардлагагүй. 

-Гэхдээ л аажим ч гэсэн эдийн засагт орж байгаа мөнгөний нийлүүлэлт мөн. Ханшин дээр ямар дарамт ирэх вэ? Инфляци хэдэн хувь хүртэл нэмэгдэх вэ. Валютын нөөц дээр дарамт ирэх үү, төлбөрийн тэнцэлд яаж нөлөөлөх вэ? Та Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тэр үед ярьдаг байсан бодлогынхоо бараг эсрэг үйлдлийг хийх болчихоод байна. Одоо хоёулаа макро үзүүлэлтүүдээ ярья?

-Яг энэ дээр макро төсөөллөө хийж тооцоолж үзэлгүй яахав. Мөнгөний нийлүүлэлт яаж явж ирснийг товч ярья. 2010, 2011 онд манай эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрчихээд байх үед мөнгөний нийлүүлэлт жилд ДНБ-ий 70 хувьд хүрч байсан. Эдийн засаг 4-5 хувийн өсөлттэй байх үед нийлүүлэлт 35-45 хувьтай байж. Гэтэл өнгөрсөн оны эцэст мөнгөний нийлүүлэлт жилд 15 хувьтай байна. Гурав дахин бага. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний орон зай байна гэсэн үг. Төлбөрийн тэнцэл дээр аль болох бага сөрөг дарамт авчрахаар ажиллах хэрэгтэй, үүнд экспортоо дэмжсэн, импортоо оролдог үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн ажлын байрыг хадгалах, дэмжих нь зүйтэй. Ер нь импортын орц хамгийн ихтэй салбар нь уул уурхай. Харин барилгын салбарт тодорхой хэмжээнд импортын орц нэмэгдэж таарна. Гэхдээ өмнөх жилүүдийнхээс импортын орц харьцангуй багасч байгаа. Цементээ 100 хувь дотооддоо, харин арматур бараг 80 хувийг нь импортоор. Ингээд тооцохоор төлбөрийн тэнцэл дээр ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын сөрөг урсгал ирнэ. Одоо манай төлбөрийн тэнцэл 730 сая ам.долларын ашигтай байгаа, мөн жилийн төсөөлөл 450 орчим сая долларын нэмэх байхаар харагдаж байгаа. Тиймээс ийм суурин дээр эдгээр зээлийн нийлүүлэлт явагдана. Тэгэхээр ханшны дарамт харьцангуй бага байна гэж харж байгаа. Мөн эдгээр жилүүдэд алт, зэс, төмөр, нүүрсний үнэ ч дажгүй байгаа нь бидэнд ихээхэн найдлага төрүүлж байгаа. Энэ жилийн эцэс гэхэд ковидын өмнөх буюу 2019 оны түвшинд эдийн засгаа аваачих зорилттой байна. Мөн өөр нэг сайн мэдээ гэвэл Төв банк валютын нөөц нь түүхэнд байгаагүй 4.5 тэрбум ам.долларт хүрсэн гэдгээ хэлж байна лээ. Үүний үр дүнд төлбөрийн тэнцэл 730 сая ам.долларын ашигтай гарсан

-Тэгвэл богино хугацаанд экспортын орлого нэмдэг валют авчирдаг төсвийн орлого нэмэгдүүлдэг томоохон төслүүдээ яаж дэмжих вэ?

-Тухайлбал кокс, нефтийн үйлдвэр, ДЦС, нүүрс угаах үйлдвэрүүдээ хурдан барьж дуусгах хэрэгтэй байна. Үүнийг би гэхээсээ илүү салбарын сайдууд нь илүү ярих байх. Миний мэдэж байгаагаар эдгээр төслүүдийг хэрэгжүүлж дуусгахад Төв банк гарах эх үүсвэр гэж байхгүй. Төсвөөс гэвэл Засгийн газрын баталгаа, өрийн бичиг зэрэг урт хугацаандаа хамааралтай байх болно. Голдуу гадны хөрөнгө оруулалт, урт хугацааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа шүү дээ. Жишээ нь Дорноговийн газрын тосны үйлдвэр гэхэд Энэтхэгээс хөрөнгө оруулалт нь 100 хувь ороод ирнэ. Манай тал төслөө тойрсон дэд бүтцүүдээ санхүүжүүлнэ. Нефтээ татах 500 гаруй км урттай дамжуулах хоолойг санхүүжүүлэхдээ бид тендер зарлахаар баримт бичгээ боловсруулж байна. EPCF буюу өөрсдөө ТЭЗҮ хийгээд санхүүжилтээ оруулах нөхцөлтэй тендер зарлахаар судлаж байгаа. 

-Макро төсөөллийн сэдвээ үргэлжлүүлье. Инфляци хэр өсөх вэ?

-Одоо бид үүн дээр ажиллаж байна. Энэ долоо хоногт эцэслэж дуусна. Үүнийгээ бариад ОУВС, Дэлхийн банкныхантай гол уулзалтуудаа хийнэ. Үүнд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй энэ бол төлөвлөгөө, үүнийг биелүүлэхийн төлөө ажиллана. Харин үүнтэй зэрэгцээд мөнгөний бодлогын агрегатууд инфляцыг зорилтот түвшин буюу 6 хувьдаа барихын төлөө ажиллаад л явна. Өнөөдрийн байдлаар инфляци 2.3 хувьтай байгаа, үүнд цахилгаан, дулааны өртөгийг тэглэсэн нь нөлөөлж байгаа. Долдугаар сарын 1-нээс хэвийн тарифдаа шилжихээр бага зэрэг шок үүсэхийг мартаж болохгүй. Гэхдээ инфляцыг Монголбанк зорилтод түвшиндээ байлгана гэдэгт итгэж байна.

-Төгрөгийн ханш дээр хэр ачаалал ирэх вэ?

-Танд үрэлгэн сонсогдож магадгүй. Манайх шиг эдийн засгийн бүтэцтэй улсын Төв банк жилийн 8-10 хувийн ханшийн хөдөлгөөнийг хэвийн гэж үздэг. Энэ хэмжээндээ байх болов уу. 2019 ханшийн уналт 7.5 хувьтай байж, энэ түвшиндээ байх болов уу. Ер нь эдийн засаг идэвхжих тусам ханш болон инфляцийн дарамт төдийчинээ их ирдэг. Харин Эдийн засгаа сэргээсний дараа гэнэт хүчтэй тэлж магадгүй гэж олон улсын судлаачид их ярьж байна. Тэр үед ханш яахыг ёстой хэлж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл би эдийн засгийг сэргээх хүртэлх ханшийг хэлж чадна. Түүнээс цаашхийг явцын дунд нөхцөл байдлаа харж бодлогоо боловсруулаад явна. Ажлын байр хадгална гэдэг маань нийгэмд маш том үүрэг хүлээж байгаа хэрэг. Тодорхой хэмжээнд бид ажлын байраа алдсан. Нэмж алдахгүй байх нь чухал. Нийт 68 мянган ажлын байр алдсан. Одоо бид стресс тест хийж үзэхэд хэрэв ямар ч арга хэмжээ авахгүй энэ хэвээрээ явбал ирэх гуравдугаар улиралд дахиад 130 мянган ажлын байраа алдахаар тооцоо гарч байна. Нийт 820 мянган ажлын байраас 210 мянган ажлын байр буюу 20-30 хувийг нь алдана гэсэн үг. Энэ бол маш хүнд тоо. Тиймээс нэмж алдахгүйн төлөө явна.

-Төсвийн тодотгол хийх үү?

-Одоо хэлэхэд эрт байна. Ямар ч байсан энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлье. Юу юугүй цалин, тэтгэвэр тавьж чадахгүй хэмжээнд хүрээгүй, санасныг бодоход нэгдүгээр сард төсөв дажгүй 90 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Хоёрдугаар сард хөл хорионоос шалтгаалж 12 хоногийн зогсолттой учраас төсвийн орлого багасна, гуравдугаар сард бүх зүйл хөдөлгөөнд ороод ирэхээр хэвийн байдал руугаа дөхнө гэж бодож байна. Дээрх арга хэмжээнүүд хэрэгжээд эхлэхэдтөсвийн орлого нэмэгдэнэ. 

-Хөтөлбөрийн  нэрийн эхэнд эрүүл мэнд гэж байгаа. Хоёулаа эдийн засаг их ярилаа. Та эдийн засгийг сэргээх хөтөлбөр танилцуулахдаа “Эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүйд хүрч магадгүй” гээд “айлгачихсан”. Гэхдээ вакцины санхүүжилт бэлэн байгаа тийм үү?

-Вакцин худалдан авахад зориулсан төсөв болон гадаад эх үүсвэртэй зээлийн нийт 226 тэрбум төгрөг бэлэн болсон. Хүн амын 60 хувьд вакцин хийнэ гэж тооцоолж байгаа шүү дээ. Зорилтот бүлгүүдээ зөв тооцоолж хийхэд гурван сая хүн амтай улсад дархлаа тогтооход энэ бол хангалттай хэмжээ юм билээ. 

-Зорилтот бүлгээ зөв тодорхойлох чухал. Жагсаалт харсан. Жишээ нь хамгийн түрүүнд хэнтэй ч, ямар ч үйл явдал дээр очиж нүүр тулан сурвалжилж байгаа манай салбарынхан бол ХХБ-ны харилцагч л болохгүй бол вакцинд хамаарахгүй юм билээ?

-Харин тийм ээ, зорилтот бүлгийн жагсаалтад УИХ, Засгийн газрын гишүүд ч байхгүй шүү дээ. Би шийддэг байсан бол хамгийн түрүүнд хил дээр байгаа 10 мянган жолоочид л вакцин хийлгэмээр байна. Тэгвэл манай нүүрс өдөрт 1500 машин экспортод гаргана. Тэгвэл төсвийн орлогод маань хэрэгтэй байна. Ковакс хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас баталгаажсан вакцин Пфайзер, AstraZeneca, мөн хоёр хөрш болон Энэтхэг, Герман гээд олон улсууд вакцинжуулалтын хүрээнд тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байгаа. 

-Ингэж сайхан туслах юм бол 226 тэрбум төгрөгөөрөө нэмж вакцин авч болох юм биш үү. “Спутник” вакциныг авах болов уу?

-Нарийн тооцвол 226 тэрбум төгрөг элбэг хүрэлцээтэй гэж үзэж байгаа. Вакциныхаа үнийг төлнө, өөрсдөө тээвэрлэж авчирна. Дотооддоо тээвэрлэх, хадгалах, ачих, буулгах гээд маш нарийн дэг журамтай, ДЭМБ-аас гаргасан зөвлөмж стандарттай. Үүнд бэлтгэх, “хүйтэн хэлхээ” буюу хөргөлттэй тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл гэхчлэн нийт зардал өндөр гарч байгаа юм. “Спутник”-ийг авах талаар Оросын талтай ярилцаж байна. 

-Засгийн газар энэ сарын 23-наас бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдахаар боллоо. Гэхдээ ковид дуусаагүй шүү дээ. Нөгөө ярилцлагын эхэнд хэлсэн “Тактикийн шилжилт” шууд эхлэх үү?

-Яг зөв. Бизнесийн байгууллагуудаа нээхийн тулд, өнөөдрийн 12 хоногийн зогсолт “Нэг өрх-нэг шинжилгээ” бидний суурь нөхцөл болно. Хамгийн өндөр тархалттай нийслэл дэх вирусын кластеруудыг самнаж тодорхой болгоно гэсэн үг. Энэ шийдвэрийг нийслэлчүүд маань маш хүндэтгэлтэй хүлээж авч, тэвчиж, хамтарч ажиллаж байгаад Засгийн газрын зүгээсталархаж байгааг энэ ярилцлагаараа уламжилъя. Цагаан сараа халдварын муу мэдээ багатай тайван өнгөрүүллээ. “Нэг өрх-нэг шинжилгээ”-ний дүн одоо гарсан дүнгээр бидний тооцоолж байснаас нам дор түвшинд байна. Энэ нь цаашид яаж ажиллах төлөвлөгөөгөө гаргаж бизнесийн байгууллагуудаа нээхэд бэлэн болж байна гэсэн үг. 

-Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байр, эмнэлгийн эм, хэрэгтсэл, тоног төхөөрөмжийн хангалтад Засгийн газрын нөөц сангаас их хэмжээгээр зарцуулсан. Одоо Засгийн газрын нөөц санд ямар хэмжээний төсөв байна вэ, тусгаарлах байруудын нөхцөл хүнд байна, үүнд зарцуулах уу?

-Өнгөрсөн оны Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан. Энэ оны төсөвт Засгийн газрын нөөц санд 40 тэрбум төгрөг байна. Өнөөдрийн байдлаар бид нэг ч төгрөг зарцуулаагүй. Би харамлаад, муулуулаад л сууж байна. Хэлэлцэж шийдвэрлээд тулгамдсан асуудалдаа зарцуулалгүй яах вэ. 

-Сангийн сайдтай уулзсаных тэр Ерөнхийлөгчийн яриад байгаа оффшор бүсээс оруулж ирж байгаа гэх их хэмжээний мөнгөний талаар “сураг” дуулдав уу? Төрийн тэргүүн зарласан юм чинь Сангийн яам, Монголбанк хоёр байгууллага огт мэдээгүй, сонсоогүй байх учиргүй шүү дээ?

-Одоогийн хүнд үед бидэнд нэг төгрөг ч илүүдэхгүй, мөнгө хэрэгтэй байна. Оффшортой холбоотойгоор, миний захиран зарцуулах эрх бүхий Төрийн санд орж ирсэн нэг төгрөг ч байхгүй. Тиймээс үүнийг тойрсон төсвийн харилцаа үүсгэх боломжгүй. Гэхдээ Сангийн сайдын хувьд энэ талаар сурагласан. Монголбанкинд ч байхгүй. Хууль хяналтын байгууллага энэ талаар ажиллаж байгаа байх. Оффшорын гэх мөнгө байдаг юм бол хүний, өөрийнгүй оруулаад ирэх хэрэгтэй байна шүү дээ. Би энд “хүний өөрийнгүй” гэж онцолж хэлмээр байна. 

-Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа Хөгжлийн банк, Төрийн банк, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагын удирдлагуудыг өөрчилнө, солино гэсэн мэдээ нэг бус гарсан. Танд "өөрийн багаа бүрдүүлэх" төлөвлөгөө бий юу? Үнэхээр болохгүй байгаа газрууд байна уу?

-Өнөөгийн хүнд нөхцөлд ажлаа хийж байгаа хүмүүсийг ажилгүй болгоод байх сонирхол алга. Юу ч гэсэн салбаруудаа бүрэн мэдрээдхэе, цаашид улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийхгүй. Харин ажлын шаардлага хангахгүй, хурд гүйцэхгүй, ажлаа хийдэггүй, ачаалал даахгүй, боловсон хүчний бодлогод нийцэхгүй боловсон хүчнийг хуулийн хүрээнд шууд чөлөөлнө.

-ХХБ-ны мэдээлснээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаарх маргаантай асуудлыг дахин хэлэлцэхээр Засгийн газрын захирамж гарсан гэсэн. Төрийн мэдлийн 51 хувийг та төлөөлөх байх. Ямар байр суурьтай байна вэ? “Монголын зэс” гэдэг компаний хохирлыг Монголын төр яаж барагдуулж хохиролгүй болгох юм бэ?

-Төсөвтэй холбоотой, Хөгжлийн банктай холбоотой, төсөв суутган тооцож болох бүх авлагуудаа барагдуулж харилцан суутгана. Энэ дээр л гол хэлэлцээр явагдах байх. Түүнээс биш 100 хувь төрд буцаад ирсэн энэ үйлдвэрийн хувь, хувьцааг өөрчилнө, буцаана гэсэн ойлголт байхгүй. 

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан ч гэсэн ингэж шийдэх юм уу?

-Цэц өмнөх шийдвэрээсээ эргэж буцахгүй гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү харилцан суутгах тал дээрээ тэд “Энэ манайд хамаагүй, үүнийг би хариуцахгүй, манай охин компани биш” гэхчлэн урьд нь ярьж байсан зүйлүүдээ үгүйсгээд байгаа юм билээ. Та бүхэн санаж байгаа байх. Тус банкны захирал нь “ХХБ 49 хувийг авчихлаа” гээд зарлаж байсан. Дараа нь УИХ дээр орж ирээд мөн л тэгж хэлсэн. Гэтэл одоо түүнээсээ буцаад манай банк аваагүй. Манай банкинд хамаагүй ийм, тийм ААН-үүд хөрөнгөө нийлүүлээд авсан гээд байгаа юм билээ. Асуудал үүнд л байгаа юм. Шинэ Засгийн газар ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа, энэ сарын эхээр захирамж гаргасан. Баримт материалуудтай танилцажсудалж байна, шинэ нөхцөл байдал үүсээгүй. Ямар ч байсан улс хохиролгүй л гарах ёстой.

-Хамгийн гол нь бүтэн жилийн турш Ковидын нэрээр зарцуулсан төсөвт тавих хяналт, аудитын ажил хэр явж байгаа вэ. Цар тахлын нөхцөлд давуу эрх эдэлсэн, төсөв хэтрүүлсэн, зүй бусаар зарцуулж ашиг хонжоо олсон байвал яах вэ гэдэг асуудлыг Та Сангийн сайдын хувьд гараанаасаа эхлээд цэгцлээд явах ёстой байх?

-Үүнд төрийн бүх байгууллагууд онцгой анхаарч тасралтгүй хяналт тавьж явах ёстой. Сангийн яаман дахь хяналтын бүх бүтцүүд завгүй ажиллаж байна. Ковидын үед ажиллаж байгаа мехнизмууд руу газар дээр нь шалгалт хийж байгаа. Мэргэжлийн хяналт, Аудит, мөн тухайн байгууллага бүрт хяналт тавих үүрэгтэй бүтцүүд бий, тэд маш сайн ажиллах ёстой. 

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье!