Намрын намарт Дэлхийн аялал жуулчлалын салбарынхан баяраа тэмдэглэдэг. 154 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагад Монгол Улс 1990 онд элссэнээр бид ч Дэлхийн аялал жуулчлалын өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон юм. Мөн өнөө жил Монгол Улсад Аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн зочноороо Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Аялал жуулчлалын төвийн захирал Б.Хажидмааг сонгож урилаа.



-УБТЗ хамтарсан нийгэмлэгийн Аялал жуулчлалын төвийг удирдан ажиллаад чамгүй хугацаа өнгөрлөө.Тэгэхээр яриа маань таны ажил төрлөөс эхлэх нь...

-Баярлалаа. Аялал жуулчлалын тулгуур ойлголтуудын тухай яривал мэдээж их холоос эхэлсэн, зарим талаар сонирхолгүй яриа болох байх. Газар зүй, экологи, түүх, эдийн засаг, хууль, социолиоги, мэдээлэл зүй, урлаг соёл гээд зах хязгааргүй олон ойлголтуудыг өөртөө нэгтгэсэн салбар шүү дээ. Түүнийхээ хэрээр орчин цагийн хамгийн чухал бизнесүүдийн нэг болон тэргүүлэх чиглэлд гарч ирсэн.

Өнөөдөр аялал жуулчлал хөгжсөн улс орнууд жишээ нь, галт тэрэгний аялал жуулчлалын бизнест шинэ бодлого гаргаж тавьж өрсөлдөж байна. Төмөр замын аялал жуулчлалын хувьд 1960-аад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг. Сүүлийн жарны турш эрчимтэй урагшилж хөгжсөн гэсэн үг.Эдүгээ энэ чиглэл дээр өрсөлдөгчид нь туршлага, шинэ санаа шийдэл, харилцан ашигтай үр дүн, дэвшилтэт модуль технологид суурилсан, хүний аюулгүй байдлыг хангасан, аюулгүй орчинд аялуулах төслөөр л өрсөлдөж байна.

Манай төв бол Монгол Улсын төмөр замын аялал жуулчлалын нэгжийн түүх юм л даа. Дэлхийн бүх төмөр зам аялал жуулчлалын нэгжтэй. Тийм болохоор Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг анх 1999 онд Аялал жуулчлалын хамтын ажиллагааны газар гэж аялал жуулчлалын нэгжтэй болж байжээ. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хустайн нуруу”-ны орчим Туул голын хөвөөнд 10 гэртэй жуулчны баазыг анх байгуулсан юм билээ. Японы жуулчдад тал нутаг үзүүлэх, морь унуулах, малчин айлд байрлуулж ахуй амьдралтай нь танилцуулах зэрэг хөтөлбөртэй майхантай аялалуудыг анх зохион байгуулсан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өглөө “Нарны галт тэрэг”-ний аялалаараа Монгол Улсын тэр жилийн аялал жуулчлалын нээлтийг хийдэг. Энэ аялалаараа дотоодынхоо аялал жуулчлалыг эхлүүлдэг гэсэн үг. Өнөөдөр аялал жуулчлалын хөгжил жилээр ч биш сараар, цагаар ч биш хором секундээр хэмжигдэж байна. Үнэхээр хамгийн ирээдүйтэй салбар.

-Манайх энэ салбарт амжилт олох яагаа ч үгүй байна. Үнэндээ нэгдсэн бодлого тааруу, тарамдуу, мөн эдийн засгийн болон дэд бүтцийн хөшүүрэг муутай явж байна л даа.

-Гэхдээ өсөлттэй явж байгаа салбарын нэг гэдгийг та үгүйсгэхгүй байх. Дэлхийн мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар аялал жуулчлалын салбарын ирээдүй тогтвортой, гэрэл гэгээтэй гарч ирдэг. Энэ салбарын тухайн улс оронд хэрхэн хөгжиж байгааг ердөө зочилсон жуулчны тоогоор тодорхойлдог. 2018 онд манай улсад 529 мянган жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн, аялал жуулчлалаас нийтдээ 570 орчим сая ам.доллар орж ирсэн гэсэн үзүүлэлт бий. Манай улс зориод байгаа нэг сая жуулчнаа хүлээн авч чадах тэр цагт дээрх орлого хоёр дахин өснө гэсэн үг.

Жуулчны Монгол Улсад байлгах хугацаа, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөхийн тулд хүчтэй бодлого хэрэгтэй. Өмнө нь бол манай улсад албан айлчлалын төлөөлөгчид төдийхөн ирдэг байсан бол өнөөдөр хамт олны, массын, зохион байгуулалттай аяллын жуулчин их ирж байна. Ялангуяа солонгосчууд. Харин жуулчны компаниуд бизнесийн хувьд ашиг багатай гэж үзээд жуулчдыг ганц нэгээр нь, гэр бүлээр нь хүлээн авч, онцгой адал явдалтай, үнэлгээ өндөртэй аялуулахыг зориод байх нь бий. Үнэн хэрэгтээ массаар аялуулах нь жинхэнэ аялал жуулчлалын онцлог төдийгүй, тухайн улс орны эдийн засагт ашигтай гэж үздэг. Хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас илүүг үйлдвэрлэж байгаа салбараа аж үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжүүлэх бодлого гаргадаг. Энэ хувьд хүргэж хөгжүүлэхийн тулд манайх зохион байгуулалттай аялагчдыг татах боломжуудаа нээх хэрэгтэй.

-Гэтэл Монголыг хамгийн сонирхолтой орон гэж үздэг аялагчдын тоо асар их.

-Манай Монгол Улс байгалийн цогцолборт газрууд, түүх дурсгалын өлгий, соёлын биет болон биет бус өв ихтэй. Гэвч ашиглалтын менежмэнт байхгүй. Соёлын биет болон биет бус өв бол аялал жуулчлалыг татах соронзон болж чадна. Манайх соёл, түүхийн аялал жуучлалын өвөөр дэлхийд 62 дугаарт, аман зохиол болон соёлын биет бус өв нь 136 орноос 8 дугаарт жагссан нь асар их боломжийг харуулж байна. Үүнийг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөрс болгож, орлогыг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьд хүргэх хэмжээний тогтолцоог бүрдүүлэх боломжийг судлах ёстой гэж боддог. Бодлогогүй шийдвэр, хууль эрх зүйн тодорхойгүй орчин, хүний нөөцийн хомсдол, төр, хувийн хэвшлийн харилцааны хөндий зааг нь өөрөө аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөөд байдаг. Дээр нь өвлийн их утаа энэ салбарыг тэр чигээр нь зогсоочихдог. Гэтэл Монголын өвлийг үзэхийг хүссэн жуулчид асар их байдаг. Үүний илрэл нь Хөвсгөлийн өвлийн байгаль буюу “Мөсний баяр”-т ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа явдал. Дээр нь манай салбарт хүний нөөцийн хомсдол хамгийн эмзэг сэдэв болж байна. Жишээ нь, Тайланд гэхэд Төрийн агентлаг нь аялал жуулчлалын бүсэд амьдардаг иргэддээ сургалт явуулаад боловсрол олгочихдог юм байна.

Ногоон эдийн засгийн хамгийн гол зорилго нь мэдээж ядууралтай тэмцэх, эдийн засагтаа хандив оруулах явдал. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ орлогыг аялал жуулчлалаасаа бүрдүүлж, амьжиргааг нь дэмжих менежмэнт хийдэг юм байна. Норвеги гэхэд зөвхөн дотоодын галт тэрэгний аялал жуулчлалаараа салбарын орлогынхоо зургаан хувийг бүрдүүлдэг байх жишээтэй.

-Галт тэрэгний аялалаараа амжилт олж байгаа, мөнгө босгож байгаа орнууд олон. Харин танай байгууллагад ямар боломж, ирээдүй харагдах юм?

-Асар их ирээдүй бий. 2017 оны хавар “Өдрийн жуулчин”-аар хил орчмын аялал жуулчлалыг эхлүүлж үзсэн. Өглөө хилээр орж ирээд, тэр орчимд аялаад оройдоо буцаад гарах буюу өдөртөө аялж байгаа маршрут л даа. Ийм аялал бол ирээдүйтэй. Хил орчимд бий болох соёл, бүс нутгийн хөгжил, улс орнуудын найрсаг харилцааны шинэ түвшний асуудал л даа.

-Яг энэ сэдвээр жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар байр сууриа олонтаа илэрхийлдэг. Гэвч хаа нэгтээ гацаачихаад байгаа юм биш үү?

-Жуулчнаас богино хугацаанд орлого татах нэг гол зам бол энэ мөн. Хятадын жуулчид өнөөдөр дэлхийг хэрэн аялж байхад бид барилга барьдаг хужаа нар гэх төдий өнгөц нүдээр харж, элдэв зохисгүй үйлдлүүд гаргаж байж болохгүй. Тэндээс өндөр настай ээжийгээ дагуулсан залуус, хөлд орж байгаа хүүгээ үүрсэн ээж өглөө нь Монголын хилээр орж ирдэг. Тэгээд л нэг өдрийг өнгөрөөгөөөд, амьдралдаа бас нэг хүсч тэмүүлж байсан дурсамжаа бүтээгээд л явдаг байсан. Ер нь төмөр зам бол хамгийн аюулгүй, хамгийн хямд аялал жуулчлалын тээвэр л дээ. УБТЗ бол ОХУ, БНХАУ-ыг холбосон Евроазийн төмөр замын сүлжээний хамгийн дөт зам. Манайх руу чиглэсэн жуулчдын урсгал агаарын тээвэр болон төмөр замаар л орж ирдэг. УБТЗ-аар 2018 онд 2.5 сая хүн зорчсон тоон үзүүлэлт гарсан. Тэдний 30 хувь нь жуулчид байна. Тийм учраас бид галт тэргээр дамжин Монголд ирэх жуулчны тоог нэмэгдүүлэх талд улам их анхаарал тавьж байна. Мөн бид Монголыг хамгийн их сонирхон аялж байгаа солонгосчуудад ач холбогдол өгч байна. Өнгөрсөн хавар БНСУ-ын төмөр замын байгууллага КORAIL-ийн Аялал жуулчлал, бизнесийн газрынхантай холбоо тогтоосон байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хойд болон Өмнөд Солонгос улс төмөр замаар холбогдох төслөө хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ гарц нээгдэхээр Бээжин-Улаанбаатар-Москва-Лондон-Парис гэсэн аялалын галт тэрэг гаргах олон жилийн мөрөөдөл биелэх гэж байна.

КORAIL-ийн аялал жуулчлал их өвөрмөц. Тэр чигээрээ суралцах хэрэгжүүлэх туршлага асар их. Галт тэрэгний тасалбарыг яг онгоцны тийз шиг улсын хэмжээнд нийт 30 аялал жуулчлалын төвөөрөө борлуулдаг. Дандаа төмөр зам дагуу аялал л галт тэргээр зорчих нөхцөлтэй зарагддаг. Хүн ам ихтэй улс болохоор арга ч үгүй байх. Монголд бол төмөр зам дагуу аялал гэвэл Сайншанд энергийн төв, хойшоо Сэлэнгэ Сайханы хөтөл гээд л дуусдаг. Тэднийд 90 хөтөлбөр байх жишээний. Хуучин галт тэрэгний аль нэг буудал буюу одоо ашиглагдахаа больсон газрыг тухайн цаг үеийн онцлогоор нь тохижуулж, жуулчны үзмэр болгоод, тодорхой зохиомжтой аяллын хөтөлбөрийн дагуу нийтийн амралт буюу баярын өдрүүдээр жуулчдыг аялуулдаг байх жишээтэй.

-КORAIL одоо өөрийн аяллын хөтөлбөрөөс гадна Японы төмөр замын аяллын бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлсэн байна билээ?

-Тэгсэн. Цаашлаад Транс Сибирийн Аялал жуулчлалтай харилцаа холбоо эхлүүлэх гэж байгаа үед нь бид харилцаж эхэлсэн. Манай байгууллага анхны уулзалтаараа КORAIL-д гурван аялал санал болгосон. Одоо түүнийгээ баталгаажуулан, ирэх онд хичнээн солонгос жуулчин хүлээн авах боломжтой вэ, мөн тэдний хөтөлбөрөөр хэчнээн төмөр замчдыг, монголчуудыг аялуулах вэ гэдгээ тохирсон санамж бичгийг энэ сарын сүүлчээр Улаанбаатарт зурна. Ирэх жилээс КORAIL-аар аялалаа худалдаалуулж, жуулчин хүлээж авна гэсэн үг. Мөн жил бүр аялал жуулчлалын чиглэлээр сургалт авах, хүний нөөцөө бэлтгэх чиглэлд хамтарч байгаа. БНСУ-ын аялал жуулчлалын салбар хүчтэй түрж хөгжиж байна. Жишээ нь, эрүүл мэндийн аялал жуулчлал. Худалдаа наймаа, үзвэр үзээд аялахаас илүү үзлэг, оношлогоотой аялал тухайн оронд байх жуулчдын хоногийг уртасгадаг юм байна. Өөр олон төлөвлөгөө бий. Нөгөө холын зорилгодоо хүрэхэд алсын амжилт биш, өмнө 100 метр замдаа гэрэл тусгаж харж чадаж байвал болж байгаа юм гэдгээр бол ойрын 100 метр ингэж харагдаж байна. Монголын төмөр замын байгууллагын аялал жуулчлал БНСУ-ын төмөр замын байгууллагын аялал жуулчлалтай хамтрах нь бидний хувьд амжилт. Би өөрөө БНСУ-д төгссөний хувьд чин сэтгэлээсээ зорьсон ажлын маань нэг л дээ.

-Монголын хамгийн том сонин “Өдрийн сонин”-оос уншигчдад танигдсан сэтгүүлч хүнд аялал жуулчлалын салбар руу орох шийдвэр гаргах ямар байсан бол?

-Би залуу хүний хувьд хийж үзэх ёстой л гэж бодсон. Манай Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов багш маань хөтөлгөө морины тухай их ярьдаг, сургадаг юм. Энэ цаг үед ганц мориор хүн хол явахгүй ээ гэж. Аялал жуулчлал өөрөө нийгмийн салбарын хамгийн өнгөтэй, өөдтэй нь болсон байна. Энэ чиглэлийн нийтлэл, нэвтрүүлэг буюу сэтгүүл зүйн бүтээлүүд ч хамгийн их борлуулалттай байна. Яаж ч хөрвөж болох салбар. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч миний хөтөлгөө морь бол энэ сонголт маань гэх гээд байна л даа. Аялал жуулчлалтай холбоотой сурталчилгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үзэл санаа нь өөрөө тусдаа техниологи, философи болж хөгжиж байгааг сэтгүүлч хүний нүдээр харахад таатай, сайхан байдаг. Тухайлбал, амьдралын хэмжүүр нь мартагдашгүй дурсамжууд. Дурсамжийг аяллаар бүтээдэг. Амьдрал өөрөө аялал. Өөрийгөө дэлхийн хичнээн жижигхэн эд, эс гэдгээ аялсан хүн мэдэрсэн байдаг учраас аялж байгаарай...гэх мэт үзэл санаанууд дэлхий дахинаа түгсэн байдаг. Тийм ч учраас аялал жуулчлалын бизнесийг хамгийн аз жаргалтай бизнес гэдэг.

-МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаас энэ ажил руу шилжсэн санагдаж байна. Залуухан сэтгүүлч бүсгүйд том улс төрийн намын үзэл суртлыг явуулна гэдэг амар ажил биш байсан байх?

-Би БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирээд 2012 оны өвөл хоёрдугаар сард МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины орлогч эрхлэгчээр томилогдсон юм. Харамсалтай нь, нам маань сонгуульд хүссэн үр дүнгээ үзээгүй. Гэхдээ би энэ ажлыг сайн хийсэн байх.МАН-ын удирдлага 2012 оны намар есдүгээр сарын 26-нд намайг дээхнэ үеийн нэрээрээ бол Үзэл суртлын хэлтсийнхээ даргаар томилсон. Таны хэлсэнчлэн олон нийттэй ажиллах, үзэл суртлын чиглэлийн анхны эмэгтэй дарга, хамгийн залуу томилогдсон дарга байлаа. Нам ялагдсан болохоор хүмүүс дайжсан, зугтсан үе байсан л даа. Надад тийм бодол байгаагүй ээ. Ажлаа аваад бүгдийг шинээр хийсэн. Өнөөдөр бодож байхад том намын хэвлэлийн ажил мэдээж амархан биш. Монголын сэтгүүл зүй гэдэг хэн хүссэний зоргоор хонгинож байдаг салхин дүүгүүр биш. Сэтгүүл зүйг удирдах хүсэлтэн олон болсон юм шиг цаг үе харин одоо ирчихсэн юм уу даа. Ер нь улс төрийн нам хийгээд хэн нэгэн улстөрчийн олон нийтийн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хийнэ гэдэг амархан ажил биш. Гэхдээ нэг хийж эхэлсэн бол уран, ухаалаг хийхээс өөр арга байхгүй.

Энэ ажлыг явуулахад миний төрөлх сонин, хамт олны маань нөмөр түшиг харин үнэхээр их байсныг хэлэх ёстой. Манай “Өдрийн сонин” бол нэгэн цул гэр бүл. Хэн нь, хаана ч явсан биднийг нэгтгэдэг том арал маань.

-МАН-ын хэвлэлийн ажлаас ч тэр, аялал жуулчлалаас ч тэр гарч давхиад сэтгүүлчийнхээ ажлын бужигнасан гал тогоо руу буцахсан гэх үе байх юм уу?

-Сэтгүүлч мэргэжлээ би хайрлахгүй байхын аргагүй. Энэ бол миний амьдралын зам боловч миний аавын хүсэл мөрөөдлийн биелэл, үргэлжлэл юм. Тийм болохоор мэргэжилдээ маш их хайртай. Үнэхээр анхаарлын төвд байдаг, нийгмийн бүх болох болохгүйн зааг дээр зогсдог, бүх ачаа зовлон дундуур гардаг туучдаг салбар юм даа. Цар хүрээ, нөлөөлөл, үүрэг хариуцлагын хувьд тэргүүлэх чиглэлийн салбар. Хэн ч маргахгүй. Одоо зарим түшмэдүүд өөрийн хууль бус үйлдлүүдийн баримт сэлт олон нийтэд дэлгэгдсэнийтөлөө “Сэтгүүл зүйг эрүүлжүүлнэ...”, сэтгүүл зүй бохир байна гэхчлэн амныхаа зоргоор орилж харагдах юм. Нөгөө юун гуя вэ гэдэг шиг. Үйлдсэн хууль бус хэргүүд, эрх мэдэл албан тушаалаа урвуулдаг зүй бус явдлуудынхаа бохирыг сэтгүүл зүй рүү чихэхгүй ш дээ.

-Ажлаа хийж яваад цагдаад баригдсан, шалгагдсан гээд ер нь л дуулиан, шуугиан тарьдаг сэтгүүлч байсан даа?

-/Инээв/ Аа, тэр нэг удаа иргэний хөдөлгөөнийхөн Улаанбаатарын 00 цаг дээр гал тавьж шаардлага гаргасан юм. Тэрийг сурвалжилж яваад гэрэл зурагчныхаа сайн зургуудтай аппаратыг авах гэж хөөцөлдсөнийхөө төлөө цагдаад бороохойдуулж, жижиг машины ард чихэгдсэн шүү дээ. Намайг машинд суулгаад “Шууд Ганц худаг яв, шууд Ганц худаг яв...” гэсэн. Би “Шорон явахгүй ээ” гэж уйлаад... Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүргэгдсэн. Намайг согтуу байна гэж үлээлгээд, эрүүл юм чинь яах вэ дээ. Үйл явдлын гол цэг дээр өрөмний өт шиг гүйгээд дургүйг нь хөдөлгөөд байсан хүмүүс “Өдрийн сонин”-ы баг байж л дээ. Тэгээд баривчилсан. Сэтгүүлчийг цагдаа, сэргийлэхийн аргаар дарахыг хүсдэг хүмүүс бас байна ш дээ. Цахилгаан бороохой юу ч мэдэгдэггүй юм байна лээ. Маргааш нь битүү энд тэндгүй хөхрөөд, зөндөө бороохойдуулсан байж билээ. Тэгээд өвөл нь дуусаад зун, сонгууль ч боллоо. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж долдугаар сарын 1-ний хэрэг мандлаа. Би бас л МАХН-ын байрны урд сурвалжлаад явж байдаг. Гэтэл сониноос “Хажидмаа цагдаад баригдаад, дахиад зодуулчих вий, редакци руу хурдан буцаа, бусад нь сурвалжлагаа үргэлжлүүл...” гэж намайг дуудсан байдаг. Тэр өдөр миний ээлжийн амралт ч эхэлж байсан. Тэгээд ажлын байрандаа ирсэн хүн зүгээр сууж чадахгүй, ордонд зарлагдсан намуудын дарга нарын уулзалт руу явж байсан юм. Тэр хурлын цаг ч хойшилсон. Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болох олны мэдэхээр “Урбанек”-ийн гэдэг Б.Лхагважав гуайгаас долдугаар сарын 1-ний үйл явдлаар ярилцлага аваад, тэр өдрийн ажил дууссан байдаг.

-“Долдугаар сарын 1: Миний хуурцагт” гэж үйл явдлын эргэн тойрон дахь бүх эх сурвалжтай уулзсан, ярилцсан ном бий. Энэ сэдвээр дагнасан архив бэлтгэж үлдээсэн сэтгүүлч байхгүй шүү?

-Эхлэл нь тэр Б.Лхагважав гуайн тэр ярилцлага. Залгуулаад үйл явдалд үг хэлэх, дүгнэх цэгнэх эрх бүхий хүмүүс, энэ асуудалд оролцсон, ойрхон байсан бүх л эх сурвалжтай уулзаж, тэдний байр суурийг сониндоо үлдээе гэж бодсон. Хүн бүрийн сэтгэлд хар дурсамж тээсэн энэ явдал дахин битгий давтагдаасай гэж бодсон учраас дараа нь түүнийгээ нэгтгээд, хүмүүс нэг дороос олж үзэх боломжийг тооцон, хийсэн ажлаа л нэгтгээд ном болгож боосон юм. Сургуульд ч явах гэж байлаа. Тэгээд хийсэн ажлаа ном болгож боосон хэрэг. Сэтгүүл зүйн, хууль эрх зүйн бурхад болсон Ч.Чимид, Бямбажал нар гээд Ц.Дашдондов багш маань тэр номыг хөтөлж, үүд хаалгыг нь нээсэн үг бичиж өгсөнд баярлахгүй байхын аргагүй.

-Аялал жуулчлал дахь үзэл санаа, философийг сэтгүүлч хүний хувиар харахад өсч байна гэж ярьсан. Хаана ч байсан унаган юмаа л хараад байх шиг санагдаж байна. Ер нь яагаад улс төрийн нам руу явсныг тань гайхдаг л юм?

-МУИС-ийг сэтгүүлчээр төгсөөд би “Өдрийн сонин”-д тухайн үеийн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль багшийн зөвлөгөөгөөр ирсэн.“Нутгийн эгч дээрээ оч...” гэж бүр тань руу явуулсан юм даа. “Өдрийн сонин”-ы босго өндөр. Хатуу, хэцүү, зовлонтой гэдэг утгаар биш юм шүү. Зорьсон зүтгэсэн миний амьдралд өндөр хязгаар тавьж, өндөр тодорхойлолтыг бүтээж өгсөн болохоор өндөр босго, алтан босго гэж би боддог. Хэн ч, хаанаас ч өөртөө байгаа савныхаа хэмжээгээр хүссэнээ авдаг, цааш зорчдог, оршдог. “Өдрийн сонин” надад байгаа бүхнээ өгсөн. Би бас авч чадсан гэх байх л даа. Зургаан жил ажиллаад Азийн бар БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах эрхийг ч энэ хамт олныхоо дундаас олж авсан юм. Сургуульд явахдаа би МАН-ыг сонгочихсон байсан.

-МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага шинэ удирдлагаа сонгох гэж байгаа юм шиг байна. Та бас энэ намын удирдах дээд байгууллага Бага хурлын гишүүн. Танайхан чинь эмэгтэйчүүдийн квотыг бүх шатанд 35 хувьд хүргэхийг намын Их хурлаараа шийдвэрлэсэн санагдаж байна?

-Эмэгтэй улстөрчийн тухайд тэдний оролцоог өнөөдөр дэлхий 50:50 гэж томьёолоод эхэлчихлээ. Ер нь, улс төрд хэн, хэзээ, хаана бэлэн бэ гэдэг тодорхойгүй асуудал л даа. Улс төрд улс төрийн хүчний, улс төрийн намын бодлого №1 асуудал болохоос хэн нэгэн хүн бэлэн болно гэсэн асуудал байхгүй байх. Энэ хүнд сонгогчдын төлөө, Монголын ард түмний төлөө гэсэн сэтгэл зүрх, эрдэм боловсрол бий юу гэдэг л хамгийн чухал байх. Харин 2020 онд бол өөр сонголт хийгдэх байх. Хэн мөнгөтэй байна, хэн эрх мэдлийн төлөө шунаж байна, хэн эд хөрөнгөө хамгаалахын төлөө байна тэднийг халах сонголт болох байх.

Өнөөдөр нийслэлд тэр утаа униар, автомашины түгжрэл, сошиал орчны эмх замбараагүй байдал, хөдөөд малын бэлчээрийн асуудал, малын хөлийн татвар тавих шаардлага гээд цэгцлэх асуудал зөндөө байна. Чухал байна. Эдгээрийг “Ингэчихвэл би, бид ялагдчих нь уу...” гэхгүйгээр барьж аваад шийдвэрлэх л хэрэгтэй. Манай нам шийдвэрлэж чадаж байна. МАН-ын хамгийн том үнэт зүйл бол боловсон хүчний нөөц. Жинхэнэ зүрх сэтгэлтэй, удам судартай, эрдэм боловсролтой бас бодьтой хүний нөөц энэ намд л байдаг. Өнгөрсөн жилүүдэд МАН дээд зэргийн дотоод ардчилалтай байлаа.

МАН-ын дотоод асуудал, дотоод ардчилсан байдал гэдэг бол Монголын ард түмний асуудал, Монголын ард түмний ардчилал юм. Хэн хэнээсээ хараат, хэн хэнийгээ боомилчихсон, хүлэгдчихсэн байгаа өнөөгийн байдлыг эрс шинэчлэхийг 2020 онд энэ намаас ард түмэн хүлээж байна. Монголын ард түмэн 2020 оны сонгуульд манай намын даргын шударга шүүлтүүрээр шүүгдсэн, МАН-ын шинэ боловсон хүчин, шинэ давлагааг хүлээж байгаа гэж би бодож байна. Энэ итгэлийг дааж чадах нь 2020 оны сонгуульд өрсөлдөнө, энэ эргээд намын амжилт, намын даргын амжилт болно.

-Эзэмшсэн мэргэжил, зам мөрөө аавын минь зааж зурсан тавилан гэж түрүүнд хэллээ. Таны аавыг Булганыхан андахгүй мэднэ. Түүний тухай асуух хатуу л байна. Аавынхаа тухай бичсэн эссээг хавар уншсан болохоор асуумаар санагдаад...?

-Хүн чинь аав, ээжийнхээ дэргэд өөрийгөө хүүхэд шиг л санаж явдаг юм билээ. Насан өндөр, эсвэл хүнд өвчтэй байсан бол “Нэг л өдөр тэр айхавтар юмыг үзэх вий...” гэж өөрийгөө бэлтгэсэн байх байсан биз. Миний хувьд тийм байсангүй. Гэнэт л аав минь хорвоог орхисон доо. Ерөөсөө итгэдэггүй юм билээ. Одоо ч итгэж чаддаггүй. Амьдралынхаа алхам тутамд аавтайгаа байсан хүн чинь өдийд яах байсан бол, аав ийм тохиолдолд яаж шийдэх байсан бол, надад юу гэж дуугарах байсан бол гэж төлөөлж, өөрийн гаргах шийдвэр бодлоо аавынхаа ухаанаас зөрүүлэхгүйсэн гэж хичээдэг болгож амьдрал сургадаг, хатуужуулдаг бололтой.

Уул шиг түшгийг нь ухааныхаа түшиг болгож яваарай... гэж нэгэн журмын нөхөр маань хэлж билээ. Энэ журмын нөхдийнхөө дунд орж ирсэн миний шалтгаан заавал эрх мэдэлд хүрэх гэсэн юм шиг битгий харагдаасай гэж хүсдэг. Намын ажилтай хүнийг бүгд эрх мэдэлд шунагч гэж л хардаг юм шиг байна. Эрх мэдэл чинь бал бурам ч биш. Жинхэнэ амьдралын бал бурам гэдэг чинь аав, ээж, хайрт хань, үр хүүхэд, эрүүл мэнд. Аав минь дөрвөн сэхээтнийг улсдаа хүлээлгэн өгчээ. Бид чадах мэдэхээ чин сэтгэлээсээ улс орондоо зориулж байвал улсаа хөгжүүлж байна, аав минь үргэлжлэн амьдарч байна гэж бид үзнэ.

Би бас эрүүл, боловсролтой, эрдэмтэй, төгс төгөлдөр хүүхдүүдийг улс орондоо бэлдэж өгнө. Энэ бол миний хамгийн том зорилго. Аав минь намайг ийм бодолтой, тийм намын журмын нөхөдтэй, УБТЗ гэх өнөр өтгөн хамт олонтой үлдээжээ. Монгол-Оросын хамтарсан хамгийн анхны басхүү магадгүй сүүлчийн байгууллагын тостой тогоонд хошуу дүрсэн минь санаандгүй тохиол гэж би боддоггүй. Би чинь дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар руу гарахдаа ОХУ-д сурна гэдэг мөрөөдөлтэй ирсэн хүн юм шүү дээ. Үүний биелэл болж ОХУ-д боловсрол эзэмшсэн ханьтай болсон. Отгон дүү минь ч ОХУ-д суралцаж төгссөн юм. Тэд бүр дэлхийн шилдэг 50 сургуульд жагсдаг сургуулийг дүүргэсэн. Ингэж хүний хүсэл, бодол заавал биелдэг юм байна лээ.

Миний аав Булган аймгийн Гурванбулаг сумын 10 жилийн сургуульд багшаас эхлээд захирал удирдлагаар 37 жил ажилласан. Ухамсарт амьдралынхаа бүх цаг үе, хөдөлмөр бүтээлийг ардын боловсролын салбарт зориулсан юм. Миний аав утга зохиолын асар их мэдрэмжтэй, найранд дуутай, наадамд даваатай халхын сайхан эр хүний манлай явсан даа. Найман жилийн сургуулиа төгсөж байхад тухайн үеийн сургуулийн захирал аав минь хөөцөлдөж төрөлх сургуулиа 10 жилийн сургууль болгож байсан. Ингээд аавын охин аавынхаа гэрт дахиад хоёр жил амьдарсан байна. Миний амьдралын хамгийн сайхан цаг үе, тэр. Хайрт аав минь намайг ингэж л алганыхаа хээгээр амьдруулсан даа...