Төрийн ордны өмнөх талбайд үргэлжилж буй жагсаалаас улбаатай бас нэг содон үзэгдэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. С.Зоригийн аллагын хэргээр ял эдэлж байсан гурван этгээдийн нэг Т.Чимгээ нийгмийн сүлжээнд гэнэт “од” болон орж ирлээ.

Тодруулбал, нүүрсний хулгайн эсрэг жагсаалд оролцож байсан залуус Төрийн ордонд болсон Нээлттэй сонсголд оролцуулсангүй хэмээн хувцсаа тайчиж, нүцгэлсний дараа мэдээллийн зарим сайтууд “Сүхбаатарын талбайд шалдалсан 17 хүнийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нар хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ” гэх мэдээллийг нэгэн зэрэг цацав. Түүнийг нь бусад сэтгүүлчид нь шүүрч аваад “Шалдалсан эрчүүд Б.Хурц, Д.Бат-Эрдэнэ нараас мөнгө авснаа хүлээлээ” хэмээн нийгмийн сүлжээгээр тараасан.

Энэ мэдээллийн дараа генерал Б.Хурц “худал мэдээлэл тараасан нэр бүхий сайт болон сэтгүүлчид, түүнийг зохион байгуулсан этгээдийг олж хариуцлага тооцуулахаар” Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан бол эхнэр Ү.Сарнай нь энэ гүтгэлгийн ард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар байгаа хэмээн мэдэгдэв. Ингэхдээ “Гурван шатны шүүхээс ял сонссон хүмүүсийг ПР-таа ашиглаж, мөрдөн байцаалтыг дахин явуулах нэрийдлээр ялаас мулталж, захиалагчийг хэргийг замхруулсан гэмтнүүд нөхрийг маань ноцож, албан тушаал, эрх мэдлээ хадгалж үлдэх башир арга хэрэглэж байна” гэсэн билээ. Мөн Б.Хурц нарыг ялласан “эрүүдэн шүүсэн” гэх материалыг нууцаас гаргаж, нийтэд мэдээлэхийг шаардав.

Уг нь бол Ү.Сарнайгийн энэ мэдэгдэл дотор Т.Чимгээгийн нэр нэг ч гараагүй. Гэвч маргааш нь С.Зоригийн аллагын гол сэжигтнүүдийн нэг (шүүх хэргийг нь цагаатгаагүй, сэжигтнүүдийг батлан даалтаар гаргаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан) Т.Чимгээ гэдэг хүн уйлан хайлан гарч ирэв. “Би хэлмэгдсэн. Бие мах бодиороо, үр хүүхдээрээ хохирсон. Нөхөр нь миний амьдралыг сүйрүүлж, гэр орон, үр хүүхдийг минь үгүй хийсэн байхад “Миний нөхөр гэм буруугүй” гэж хэлж яаж чадаж байна аа. Энэ эмэгтэй надаас уучлал гуйх ёстой” гэснийг нь манай зарим сайтууд дахин дамжуулав. Ийм л юм боллоо...

Үндсэндээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сард анх ил гарсан байдаг. Тагнуулын байгууллага дотоод хяналтаараа шалгаж байсан хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хууль зөрчиж гартаа оруулаад “С.Зоригийн хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн байна” гэдэг мэдэгдлийг Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө анх хийсэн. Үүнээс хойш гурван сарын дараа 2019 оны гуравдугаар сард “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгийг сэтгүүлчдэд хаалттай үзүүлэв. Цагдан хорих байранд 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд хийсэн тав хоногийг бичлэгээс ердөө 27 минутын бичлэгийг үзүүлсэн бөгөөд “Устсан байсан бичлэгээс дахин сэргээж чадсан нь л энэ”, “Үүнээс ч аймшигтай бичлэг байгаа, нийтэд үзүүлэх боломжгүй” гэх мэт хоорондоо зөрчилтай тайлбар, зүүлтүүдийг араас нь дагуулсан байдаг юм.

Бичлэгийг задалсны дараа ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнбат бол тагнуулын гүйцэтгэх ажилтан долоон залууд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Шүүх ажиллагаа хоёр жил үргэлжилж, 2019 онд “олон нийтийн шахалт дор” (шүүх хурал болгоны гадаа шүүхийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, хэргийн холбогдогчид руу чулуу нүүлгэж байлаа) ял оноосны дараа 2021 оны тавдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан. Шүүх хэргийг цагаатгаагүй бөгөөд “эрүүдэн шүүх замаар нотлох баримт бүрдүүлсэн” гэж үзээд ял оногдуулсан гурван шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн аллагын хэрэгт яллагдагчаар татсан прокурорын шийтгэх хуудас одоо ч хэвээрээ. Ганцхан хэргийг үргэлжлүүлэн шалгах, шүүхэд шилжүүлэх ажиллагаа л одоо болтол хийгдээгүй байна.

Харамсалтай нь яллагдагч Т.Чимгээ энэ үнэнийг мартсан бололтой. Эсвэл хэн нэг нь түүнийг мартагнуулсан бололтой. Тэр нь хуулийн байгууллага уу, эсвэл түүний ард зогсч байгаа улстөрчид үү?

“Эрүүдэн шүүсэн” хэргийг гаргаж тавьсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тухайн үед бас л хоорондоо зөрчилтэй хоёр өөр зүйл ярьсан байдаг юм. Нэгдүгээрт, “Захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгчийг илрүүлнэ гэж ямар юм байдаг юм. Захилагчийг зарлаж байж гүйцэтгэгчийг яллах ёстой” гэж шаардсан. Харин ажлын хэсгийн ахлагч асан Г.Эрдэнбат “Гүйцэтгэгчээр дамжуулж захиалагч дээр очдог болохоос биш, захиалагчаар дамжуулж гүйцэтгэгчийг олдоггүй юм” гэж хэлсэн. Г.Эрдэнбатынх зөв байсан.

Хоёрдугаарт, Тагнуулын шалгаж байсан хэргийг задалсныхаа дараа Ц.Нямдорж сайд “16 нас хүрээгүй хүүхдийг хүн амины онц ноцтой хэрэгт гүтгэлээ. Ц.Амгаланбаатар тэр үед хүн алах байтугай хот ч орж үзээгүй байсан” гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Нямдорж сайд өөрийн төлөөлөгчөө хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар луу олон удаа илгээж, “Мэдүүлгээ өөрчилж, эрүүдэн шүүсэн гэж мэдүүлбэл ялаас чөлөөлнө” гэж хэлээд өөртөө элсүүлсэн. (Ер нь бол тагнуулын байгууллага түүн дээр нь хэрэг бүртгэл нээгээд, захиалагчийн хэрэгтэй нэгтгээд явж байсан) Өмнөөс нь захиа занаа бичүүлээд (бичүүлээд) хэвлэл мэдээллээр цацсан. Харин дараа нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллаад Ц.Амгаланбаатарыг ганцааранг нь хаясан.  

Хэрвээ Ц.Нямдоржийн хэлсэн үнэн байсан бол 2020 оны сонгуулийн дараа тэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ЗГХЭГ-ийн даргаар биш, Хууль зүйн дотоод хэргийн сайдаар үлдэх ёстой байлаа. Тэгээд амласныхаа дагуу “Захиалагчийн хэргийг илрүүлэх”-ийн тулд үхэн хатан зүтгэх байсан. Гэвч түүнд тийм нүүр байгаагүй.

Яагаад гэвэл хуулийн байгууллагын хорин жил зүтгэж байж илрүүлсэн, арай үр дүнд хүрсэн хэргийг тэр буцааж задалсан. Хэргийг илрүүлсэн, хэрэг дээр ажилласан бүх хүмүүсийн хүч хөдөлмөрийг үгүй хийсэн. Хамгийн аюултай нь нууц далд аргаар ажилладаг цагдаагийн болон тагнуулын гүйцэтгэх ажилтнуудыг бүгдийг нь илчилсэн. Гишгэх газаргүй болгож, гэмт хэрэгтнүүдийн өмнө хаяж өгсөн. Тагнуулчаа илчилдэг дарга, сайд тэдэнд нь хэрэгтэй гэж үү?

Ц.Нямдорж гэдэг хүний хууль зүйн салбараас нэгмөсөн зайлсан шалтгаан ийм. Харин яг одоо түүний гишгэсэн мөрөөр алхаж яваа Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ?

inews.mn