Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх гол чиглэлийг аялал жуулчлал хэмээн төрийн бодлогод тусгасан хэдий ч энэ салбар хамгийн дампуу, ямар ч өөрчлөлт шинэчлэл, хөгжил ахицгүй, модон жорлонгийн бодлогоо тойрсоор өнөөдрийг хүрлээ. Бодлого тодорхойлдог яам нь ч гэж яам. Зүг чигээ алдаад удлаа. Ялаанаас богино настай сайдууд ээлж дараалан томилогдож салбараа мэдэх нь бүү хэл, суудаг өрөөтэйгөө ч танилцаж амжилгүй буцдаг болохоор бодлого яриад ч нэмэргүй. Бодлогогүй болохоор энэ салбарт тэр тусмаа БОАЖ-ын яаманд хэсэг бүлгийн хувийн ашиг сонирхол нутагшиж, эрх мэдэл, албан тушаал, мэдээллийн давуу эрхээ ашиглан бусдын бизнест халддаг, булаадаг, луйварддаг, дээрэмддэг үгсэн хуйвалддаг сүлжээ бий болоод удаж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

Тэдний хууль бус олон үйлдлийг нотлох нэгэн баримтыг дор дэлгэсүй. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсад нэг ч жуулчин, гадаадын анчин ирсэнгүй. Энэ салбар үнэхээр уналтад орчихлоо. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн ярьж байгаагаар 2021 онд ч аялал жуулчлалын үйл ажиллагаа сэргэх магадлал алга. Гэхдээ цөөнөөр ирүүлдэг харьцангуй өндөр үнэлгээтэй аялал жуулчлалын нэг төрөл болох тусгай зориулалтын ан агнуурын үйл ажиллагаанаас Монгол Улс орлого олж, салбарын алдагдлаа бага ч гэсэн бууруулаад, дээр нь орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд ч хувь нэмэр оруулах боломж уг нь бий. Гэтэл энэ боломж дээр өгүүлсэн хэсэг бүлгийн хууль бус үйл ажиллагаанаас болж үгүй болоход хүрчихээд байгааг салбарын шинэ сайд нь мэдэж байгаа ч янз алга.

Учир нь, гадаадын анчдад үйлчилдэг, энэ чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн компаниуд өмнөх БОАЖ-ын сайдын тушаалын дагуу 2020 онд тусгай зориулалтын ангийн зөвшөөрөл аван, гадаадын анчдын захиалга аван, хууль тогтоомжийн дагуу орон нутагт төлбөрөө төлөөд, аяллын улирал эхлэхэд зочдоо авахаар бэлэн болчихоод байсан боловч Ковид 19 цар тахлын улмаас дэлхий дахины аялал жуулчлал үндсэндээ зогссон. Тэр компаниуд давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэгэнт хэрэгжээгүй 2020 оны тусгай зориулалтын ангийн хуваарийг 2021 онд шилжүүлэн хэрэгжүүлнэ гэж найдаж байжээ. БОАЖ-ын сайд асан Д.Сарангэрэл ч өөрөө давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд аж ахуйн нэгжүүдээ хохироохгүйн тулд өмнөх оны хуваарийг хэвээр хадгална гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн А/701 тушаалаар батлагдсан 2021 оны тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах барих хуваарьт 2020 оны ангийн хуваариас нийт 21 угалзын хуваарийг агнуурын бүс нутгуудаас шууд дээрэмдэн, “Монгол тур”, “Би тэ энд ти си” ХХК, “Зэв хантинг” ХХК гэсэн гурав дөрхөн аж ахуйн нэгжийн хариуцдаг агнуурын бүс нутгуудад шинээр хуваарилжээ.

“Амьтны тухай хуулийн” дагуу ангийн хуваарийг тодорхой аймаг, сумын нутагт орших агнуурын бүс нутгуудаар хуваарилдаг бөгөөд орон нутагтай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээр ангуурын бүс нутгуудын менежментийг хариуцан ажилладаг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан гадаадын анчдаар ан хийлгэдэг. 

Энэ салбарын хууль эрх зүйн үндсэн баримт бичиг болох “Амьтны тухай хуулийн” дагуу хийгддэг нарийвчилсан агнуур зохион байгуулалт буюу биологийн шинжилгээ судалгааны үндэслэлгүйгээр, мөн “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг илт зөрчин орон нутгийн санал дүгнэлтийг үл харгалзан, өөрийн үзэмжээр хасахыг хасч, нэмэхийг нэмсэн ажээ. Орон нутагтай менежментийн гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу судалгааны ажил хийгдээгүй агнуурын бүс ч шинэ хуваарьт орсон байна. БОАЖ-ын өмнөх сайдын энэхүү шударга бус шийдвэр 2020 онд хуулийн дагуу хуваарь авч, төлбөрөө төлөн, гадаадын анчдын захиалга авч гэрээ хийгээд байсан аж ахуйн нэгжийг хамгийн багадаа 50 сая, дээд тал нь 500 сая төгрөгөөр хохироход хүргээд байна.

 Тэр компаниуд 2020 оны хуваарийн дагуу БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газартай гэрээ байгуулж, байгалийн нөөцийн төлбөрийн 30 хувийг сумдын дансанд шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөө эргэж авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. 2020 онд хэрэглэгдээгүй урьдчилгаа төлбөр нь 2021 онд ч ашиглагдахгүй болоод байгааг хэрхэн шийдвэрлэх талаар БОАЖЯ чиглэл өгөөгүй, хохирсон байгууллагуудыг хэрхэн хохиролгүй болгох талаар ямар нэг алхам хийгээгүй байгаа нь хачирхалтай. Түүнээс гадна 2020 онд Монголд ан хийх захиалга өгөөд давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монголд ирэхээ нэг жилээр хойшлуулаад байсан гадаадын анчдын захиалсан хуваарийг БОАЖ нь дээрэмдээд өөр этгээдүүдэд хуваарилсан нь олон улсын хэмжээнд ч хууль, эрх зүйн маргаан үүсэх нөхцөл болоод байгаа аж. 

2021 оны тусгай зориулалтын ангийн хуваарийн талаарх БОАЖ-ын сайдын дээрх шийдвэр нь цар тахлын үед эдийн засгийн хувьд хүндэрсэн бизнесийн байгууллагуудаа дэмжиж ажиллах Монгол Улсын засгийн газрын бодлоготой зөрчилдөж, харин ч гэрээний үүргээ ягштал биелүүлж ажилаж байсан бизнесийн байгууллагыг санхүүгийн хувьд ч, бизнесийн нэр хүндийн хувьд ч илт хохироосон шийдвэр болсон нь БОАЖ-ын яамны ан агнуурын асуудал хариуцсан зарим албан хаагчийн ажилдаа хайнга хандсан алдаа, эсвэл зориудын үйлдэл болов уу гэсэн хардлага төрүүлж байна.Олон жилийн өмнөөс салбарын яамны тодорхой хүмүүстэй хувийн эрх ашгаар холбогдсон Б.Галбадрах, Г.Баясгалан (Нийслэлийн аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан) н.Мөнхнаран, н.Хурц нарын этгээдүүдийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой байх. Тэр ч бүү хэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөх Ё.Онон гэх этгээд хүртэл ан агнуулах зөвшөөрлийг өөрийн компанидаа авсан нь хачирхалтай. Тиймээс ч зарим бизнесийн байгууллагыг ноцтой хохироон 2020 онд давагдашгүй хүчин зүйлийн улмаас хийгдээгүй ангийн хуваарийг дээрэмдэн дээрх гурав дөрвхөн этгээдийн компанид шилжүүлсэн нь БОАЖын яамны зарим албан тушаалтнууд авилга хээл хахуульд холбогдож, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй тул хохирсон байгууллагууд хуулийн байгууллагад хандан шалгуулахаар бэлтгэж байгаа юм байна.

Description: http://npost.mn/images-library/beb249a41f83b8c64851b813ed561627.png

 2020 онд дэлхийг хамарсан цар тахлын дэгдэлтийн улмаас бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хийгдээгүй байсан ангийн хуваарийг аж ахуйн нэгжүүдийг олон 100 сая төгрөгөөр, ан агнуурын нөөцтэй зарим аймаг сумдыг төсвийн орлогоор хохироон үндэслэлгүйгээр хасч гаргасан зөрүүгээ дараах байдлаар шинээр хуваарилжээ. Үүнд:

Description: http://npost.mn/images-library/a072c93f3cb3a5501cacf3a666f99846.png

Бусдыг санхүү, бизнесээр нь хохироон, дахин хуваарилсан 21 угалзын зөвшөөрлийн 17-г нь дараах гурван компанид нэмж хуваарилжээ. Үүнд: Сүүлийн 20 орчим жилийн турш хамгийн олон ангийн зөвшөөрөл авч ирсэн Баранзын Галбадрах болон түүний хүү Г.Одгийв нарын эзэмшдэг “Монгол тур” ХХК, “Монгол тур рисорт” ХХК-ийн хариуцдаг агнуурын бүс нутгуудад шинээр шинээр долоон угалзын зөвшөөрөл, Нийслэлийн аялал жуулчлалын газар мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Баясгалангийн “Би ти энд ти си” ХХК-ийн хариуцдаг агнуурын бүс нутгуудад шинээр 5 угалзын зөвшөөрөл, Мөнхнаран захиралтай “Зэв хантинг” ХХК-д хариуцдаг агнуурын бүс нутгуудад дөрвөн угалзын зөвшөөрлийг шинээр хуваарилжээ. Энд дээрх компаниудын 2020 онд аваад 2021 онд сунгагдсан зөвшөөрийн тоог энд дурдаагүй болно.