Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 онд Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа хуучнаар Сүхбаатар дүүргийн үзлэг оношлогооны төв гэгдэх “Электрон техник машин судлалын концерн”-ийг өмч хувьчлал нэрээр Ч.Хоролсүрэнд бараг л зарчихсан байдаг. “Электрон техник машин судлалын концерн” ХХК-ийн толгой компани нь МАТ групп буюу “Монголиан эйр транспорт групп” бөгөөд эзэмшигч нь Чинбатын Хоролсүрэн, Юнгэрийн Болд болон “Монголиан Эйрлайнес Карго” ХХК гэдэг хуулийн этгээдийн нэр дээр эзэмшилтэй. Ингээд энэхүү эзэд нь “Электрон техник машин судлалын концерн” ХХК-аа нэг га газрынх нь хамт зарж хөлжсөн түүхтэй гэдэг.

Өнөөдөр энэ компани Улсын бүртгэл дээр Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Хоролтогтох, “Монголиан эйр транспорт групп” нарын нэр дээр бий. Гүйцэтгэх захиралаар нь бетон арматурч мэргэжилтэй Ч.Хоролтогтох гэдэг бүсгүй 2019 оны 12 дугаар сарын 27-нд бүртгэгджээ.


Хачирхалтай нь 2019 оны наймдугаар сард МИАТ-ийн эсрэг талд “Монгол эйрвэйз” гэсэн хаягтай дөрвөн давхар байшинг “ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатарын эзэмшлийн “Химон констракшн” өөрсдөө эхэлж бариагүй мөртлөө Улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Зам тээврийн хөгжлийн салбарыг хэдхэн сар удирдахдаа тэр хувийн компанидаа нэг бус ажил олж өгсний нэг нь энэ.

Түүний 209 тоотод Ч.Хоролсүрэн албан ажлаа явуулдаг бөгөөд түүний нэрээр “Изинис” рүү хөрөнгө оруулалт гэсэн нэрээр их хэмжээний гүйлгээ орсоор байдаг баримтууд бий. Шаардлагатай бол шүүхийн өмнө энэ баримтыг дэлгэж болно.

“Изинис-Эйр вэйз” ХХК өнөөдрийн байдлаар “Нагааранз” компани гэх хуулийн этгээд дээр, хувь эзэмшигчээр нь Ц. Энхтайваны эзэмшлийн “Баясаа майнинг” 2019 оны нэгдүгээр сарын 25-нд бүртгэгдсэн байна.

Харин “Баясаа майнинг” нь 2017 оны есдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн, Гүйцтгэх захирал нь Цэндийн Энхтайван, үйл ажиллагааны чиглэл нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, нанотехнологийн судалгаа хийх.

Түүний толгой компани “Нагааранз” ХХК нар нь нэр бүхий ашиглалтын болон хайгуулын лицензүүд эзэмшдэг ч гол үйл ажиллагаа нь мөнөөх л шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаатай холбоотой байх юм.

“Изинис” ХХК “Ажет лимитед”-ийг худалдаж авангуутаа Казахстанаас Монгол руу нислэг хийх зөвшөөрөл авч чадахгүй байсан “Скат эйрвэйз”-д уг зөвшөөрлийг авч өгөөд “шагналд” нь түлшний ханган нийлүүлэгч нь болсон. Туркийн шууд нислэгийг мөн зөвшөөрөхгүй байсан тэр үед “Туркиш эйрлайнс”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Али-Өздемир Ч.Хоролсүрэн захиралд авлига өгснийг шүүхийн өмнө батлах амьд гэрчүүд бий. “Туркиш эйрлайнс” энэ хэлэлцээрийг хийж шууд нислэг эхлэхийн өмнө “Мэргэ ван”-аас түлшээ авдаг авдаг байсан бол хэлэлцээрээс хойш “Ажетлимитед”-ээс авдаг болсноос харахад үйлдэл бүр нь хуйвалдааны шинжтэй байдаг. Одоо “Ажетлимитед” ХХК нь “Туркиш эйрлайнс”, “Скат эйрвэйз”, ”Изинис” компаниудад онгоцны түлш нийлүүлэхээс гадна ИНЕГ-ын шатахууны нөөцийг бүрдүүлдэг. Энд ч мөн чамлахааргүй хэмжээний авлигын асуудал дахин шалгагдаж байна.

Ч.Хоролсүрэн “Изинис”-ийн ерөнхий нягтлан Мандахбаярын нэр дээр Богд банк дээр хадгаламжийн данс нээж, анхаарал татахуйц их хэмжээний үнийн дүнтэй хувийн шилжүүлгүүдээ хийдэг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг. Говсүмбэр аймгаас амьдралаа дээшлүүлэхээр ажиллах гэж нялх охиноо дагуулж ирсэн энэ залуу бүсгүй яваандаа мөнгө угаасан гэмт хэрэгт ч холбогдоход ойрхон байгаагаа мэдээд дансаа салгасан гэж ойрын хүмүүстээ ярьсан байдаг. “Скай катеринг”-ийн барилгын ажил эхлээд удаагүй байхад Мандахбаярын данснаас “Жаргал констракшн” компанийн данс руу 150 сая төгрөг, гүйцэтгэгч “Химон констракшн”-ийн данс руу 200 сая төгрөг орсон байдгийн баримтууд бий.

Саяын орж ирсэн “Airbus H125” нисдэг тэрэгний хувьд “Скай катеринг” компаниас 439 мянга 975 ам.доллар, “Монголиан Эйрлайнес Карго” компаниас 661 мянган ам.доллар, нийт 1 сая 102 мянга 225 ам.долларын өртөгийн гэрээ нь нийтэд дэлгэгдсэн. Энэ бол Ч.Хоролсүрэн, “Голомт”-ын Д.Баясгалан хоёрын ээлжит наймаа, мөнгө угаалт. Та бүхэн санаж байгаа бол “Голомт” банкны Гүйцэтгэх захирал асан ноён Жон Финиганы зүгээс Д.Баясгаланг эрх мэдлээ хэтрүүлэн, хувьцаа эзэмшигчдэд хэлэхгүйгээр Монголиан Эйрлайнс Групп /МАГ/-д гаргаж өгсөн баталгаатай холбоотой шүүхийн маргаан одоо хэр нь үргэлжилсээр байдаг юм билээ.

Энэ бол Голомт банкны ТУЗ-ийн зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны 00/02 тоот шийдвэр. Банкны тамгаар тамгалж Д.Баясгалангийн гарын үсэг байсаар байтал Д.Баясгалан гарын үсгийг өөрийнх нь биш гээд байдаг талаар ноён Жон Финиган E&Y-д тодорхойлсон байдаг. Бүртгэгдээгүй баталгаа буюу ТУЗ-ийнхнаас нууж гаргасан тэрхүү зээлийн баталгаатай холбоотой олон зөрчил тус банкны нэр хүндийг олон улсад унагаж банкийг хүнд байдалд оруулсныг тэвэр дүүрэн хавтастай баримтууд минь нотолно.

Гэтэл миний өмнөх нийтлэлдээ дурдсан 1 сая 900 мянган ам.доллар, 1 сая 200 мянган ам.доллар, 600 мянган ам.долларыг тус бүр 6.8 хувийн хүүтэй, 21, 27, 31 хоногийн хугацаатай зээл аваад төлөөд байдаг, хадгаламж барьцаалсан зээл гэх боловч чухам ямар үнэ цэнтэй хадгаламжийг барьцаалсан нь нууцлаг. Эдгээр зээлийн гэрээ, эргүүлэн төлсөн баримтуудаас харахад их хэмжээний мөнгө угаах гэмт хэргийн шинж илэрч болзошгүйг холбогдох байгууллагад шалгуулахаар өгөөд байна.

Мөн тус компанийн данснаас “Изинис эйр вэйз” компанийн данс руу маш их хэмжээний ам.долларын гүйлгээ тогтмол хийгддэг. Тус компанийн хөрөнгө оруулагчдын нэрсээс УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын охин Э.Золзаяагийн нэр анхаарал татдаг. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай хуримлахаас гурван сарын өмнө түүний нэр “Изинис эйр вэйз”-д орж ирсэн байдаг.

Эндээс харахад Зам, тээврийн хөгжлийн сайдаар хэн томилогдох нь маш том бүлэглэлийн ашиг сонирхолд нөлөөлөх учиртай аж.

Энэ нийтлэлд дурдсаны дагуу хэрэв хууль хяналтын байгууллага дээрх хүмүүсийг шалгадаг бол Ноён Хо буюу иргэн Чинбатын Хоролсүрэн яг одоо оршин суугчийн иргэншлээр амьдардаг Канад улсаасаа Монголд ирээд “Зүч” зочид буудалд тусгаарлалтад байна. Мөн энэ цаг мөчид түүний нутгийн бөгөөд бүлэглэлийн хамтрагч, МИАТ, ИНЕГ-ын эрх мэдлийн хүрээн дэх тендрүүдийг хувийн компаниараа хамж авсаар амташсан Зам тээврийн хөгжлийн сайд асан Янгугийн Содбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хоёр дахь удаагаа томоохон албан тушаалд очихоор яригдаж байна.

ЖДҮХС-ийн зээлийг эхнэр нь хувийн компанийнхаа нэр дээр авсныг “хожимдож” мэдээд, ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгсөн “буянтан” тэрбээр ажлаа өгснөөс хойш тавхан сарын дараа Хөшигийн хөндийн катерингийн барилгын ажлыг авч гүйцэтгэсэн нь хувийн компанийн асуудал мэт боловч салбарын сайдаар нь ажиллаж байсан Я.Содбаатар үүнд нөлөөгүйг нотолсон хүн алга байна. Харин ч нутгийн аварга Н.Батсуурь нь талархсан сэтгэлийн ярилцлагадаа “Химон констракшний захирал Содбаатар” гэж “хальтирч” хэлсэн төдийгүй Өвөрхангайд зөвхөн Химон констракнш ялсан өндөр үнийн дүнтэй олон тендрийг танилцуулсан кино шахуу баримт телевизээр олон нийтэд хүрсэн. Одоо Я.Содбаатар “Химон констракшн минийх биш. Сургуулийн найзын компани над хамаагүй” гэж хэчнээн гомдоллоод ч үйл явдлын мөр бүхэн түүнийг нь няцаахаар болчихоод байна.

Энэ хүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар дахин томилох уу? Эсвэл түүнээс ч өндөрт “нисгэх” үү? Аль нь ч байж болно. Хамгийн гол нь өмнө нь зөвхөн "Химон констракшн" л хамдаг тэр гэрээнүүдийг байгуулахдаа хууль ёсны дагуу ажилласан эсэхийг шалгах уу? Ялангуяа өмнө нь бичиж байсанчлан “Скай катеринг”-ийн концесс бол арай дэндүү улайм цайм луйвар болсныг, олон жил МИАТ ТӨХК-ийг хувийн мэт ашиг сонирхолдоо нийцүүлэн мөнгө угаасан гэмт хэрэгтээ ял эдэлж дуусмагцаа дахиад л нисдэг тэрэгний худалдаандаа улайран орсон Ч.Хоролсүрэнг заавал шалгах ёстой.

Эдгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байж тус салбарыг удирдуулах сайдаа бизнесийн бүлэглэлийн ашиг хонжоонд нийцүүлэлгүй томилохыг МАН-ын удирдлагуудад болон олон нийтэд сонордуулж байна.