ДАЙНЫ ДАРААХ МОНГОЛ ЯПОНЫ ХАРИЛЦАА

ЯПОН МОНГОЛ ХАРИЛЦАН ОЙРТОХ ОРОЛДЛОГО

Дайны дараа 1945-1956 оны хооронд аль аль талаас биендээ харилцан гомдол гаргаж байснаас болоод хоёр орон харилцаа тогтоох бололцоогүй байлаа. 1946 оны аравдугаар сар, 1947 оны тавдугаар сард маршал Чойбалсангийн нэрээр Алс Дорнодын комисст хандан Японы талаар хоёр удаа гомдол гаргажээ. Тэрээр Японы түрэмгийллийн хохирлыг 80 сая доллароор үнэлж энийг төлөхийг шаардсан байна. Алс Дорнодын комисс (Far Eastern Commission) гэдэг нь Холбоотон гүрнүүдийн зүгээс эзлэгдсэн Японд явуулах бодлогыг зөвшилцөх комисс ба Вашингтонд төвтэйгээр 1946-1952 онд ажиллагаа явуулж байв. АНУ, СССР-ийн харилцаа муудсанаас болж энэхүү олон улсын гэх байгууллага аяндаа суларсаар 1952 онд таржээ.

Гадаад харилцааны яамны архивын баримтаас үзэхэд БНМАУ-аас дайны төлбөртэй холбогдуулан 1946 оны тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан баримтад: “Японы эзэрхэг түрэмгийчүүдээс манай БНМАУ-д зөвхөн 1935-37 онуудад учруулсан хохирлыг албан ёсоор тогтоосон актуудад хохирлын дүн 11 сая 390.490 төгрөг 81 мөнгө болно” гэжээ. Хохирлын хэмжээг янз бүрээр тооцсон олон баримт буйн дотор дайны үед монгол төгрөгийн ханш болон инфляцийн хэмжээ ихэд өөрчлөгдсөн учир бодит тоог хэлэхэд хэцүү. Тус улсын хил хамгаалах ангиудад учруулсан бүх хохирол 83 сая 893 мянга 249 төгрөг болно гэсэн тооцоо ч байна.[i]

Чойбалсангийн гомдлын хариуд Японы тал олзлогдон Монголд байгаа өөрийн хоригдлуудыг нэн яаралтай суллахыг шаардав. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнол дэлхийн ихэнх орноор хүлээн зөвшөөрөгдөөгүй, одоо болтол Хятадын нэг хэсэг гэж ойлгогддогийг сануулахаа мартсангүй.

Японы ивээлд байсан Манжуурын Баргын район болоод Өвөр Монголын Минжаан улс дайн дуусахтай зэрэгцэн тарж алга болсон ба тэнд цөөн тооны япончууд үлдсэн боловч Хятад-Япон хоёр ямар ч харилцаагүй болсон тул энэ асуудал хожим болтол огт хөндөгдсөнгүй.

Монгол улс НҮБ-д элсэхээр 1947 оноос олон удаа оролдсон боловч их гүрнүүдийн харилцан зөрчлөөс болж дөнгөж 1961 онд энэ байгууллагад элсчээ. 1955 онд АНУ, СССР хоёр нийт 18 улсыг харилцан зөвшөөрөөд НҮБ-д элсүүлэхээр үгсжээ. Зөвлөлтийн дагуулж орж буй улс нь Албани, Болгар, Румын, Унгар тэгээд Монгол байв. Гэтэл нэрсийн жагсаалтыг хараад Аюулгүйн зөвлөлийн байнгын хорооны гишүүн Тайванийн төлөөлөгч Зэнь Янфу (Zheng Yang-fu) боож үхэх дөхөв. Тэрээр индэр дээрээс эхлээд “бөөнөөр арилжаалах” наймааг эсэргүүцэн баахан ярьж байснаа Монголын асуудал руу орон “Гадаад Монгол бол Хятадын салшгүй хэсэг мөн”, “Зөвлөлтөд булаагдсан Хятадын нутаг”, “Хятад, Солонгос хоёрыг түрэмгийлж байхын тулд зөвлөлтүүдийн хуурамчаар тусгаарласан улс”[ii] гэх зэргээр хараав. Тэрээр Монголыг Солонгосын дайнд цэрэг илгээсэн хэмээн гүтгэлээ. Хятад вето тавих эрхтэй байсан тул бусад 16 орон 1955 оны арванхоёрдугаар сарын 14-нд элсэж Монгол хаалганы гадна үлдлээ. Зөвлөлтийн эсэргүүцлээр Япон мөн НҮБ-аас гадуурхагдлаа. Хоорондоо байлдсан гэгдэх Монгол ба Япон олон улсын тавцан дээр аль алин нь нэгэн зэрэг гадуурхагдсан тохиолдол болжээ.

ХРУЩЁВЫН ДУЛААРАЛ

1956 онд болсон ЗХУКН-ын ХХ их хуралд Хрущёв бөмбөг тэсэллээ. Хрущёв энэ их хурлын хаалттай хуралдаанд сталинизмыг шүүмжилсэн илтгэл тавьсан юм. Илтгэлийг хуралд уригдсан коммунист намын удирдагчид болон зөвлөлтийн итгэгдсэн төлөөлөгчид сонсчээ. Их хурлаас хойш тун удалгүй Польшийн коммунист удирдагчид илтгэлийн орчуулгыг алдсанаар Хрущёв юу ярьсан нь дэлхийн нийтэд ил болсон юм. Ингэж СССР-т сталинизм шүүмжлэгдсэнээр энэ орны гадаад дотоод бодлогод асар их өөрчлөлт орж, шинэчлэл эхэлсэн юм. 1956 оны аравдугаар сарын 19 -ний Москвагийн тунхаглалд

Дайны байдлыг зогсоож, ЗХУ, Японы хооронд дипломат болон консулын харилцаа тогтоох; Энх тайвны гэрээнд гарын үсэг зурсны дараа ЗХУ Шикотан арал ба Хабомай гольтрогийг Японд шилжүүлэх боломжийг авч үзэхэд бэлэн байна.

1957 оны арванхоёр дугаар сарын 9-нд Токио хотод Зөвлөлт-Японы худалдааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь аль аль талд таатай болмж өгчээ. 1958 онд Находка, Япон улсын хооронд тогтмол ачааны усан онгоцны үйлчилгээ байгуулагдсан байна.[iii] Хойтон жил нь Япон улс НҮБ-ийн гишүүн болсон нь СССР-ийн хориг үгүй болсны ач билээ.

СССР, Японы харилцаа сэргэсэн нь Монголын хувьд Японд хандах хандлагаа зөөллөх бололцоо бий болсон хэрэг. Үүнийг ч Зөвлөлтүүд зөвшөөрсөн бололтой. 1957 оны тавдугаар сард болсон Зөвлөлт Монголын хамтарсан мэдэгдэлд “ЗХУ ба Японы хооронд дипломат харилцаа тогтоосон явдлыг БНМАУ-ын Засгийн газар эерэгээр үнэлж байгаа ба БНМАУ ба Японы хоорондын харилцааг хэвийн болгохын тулд Японы Засгийн газартай хэлэлцээ хийхэд Монголын тал бэлэн байна” гэжээ. Хэдийгээр энэ мэдэгдэлд япончууд хариу өгөөгүй ч, юутай ч Монголыг 1961 онд НҮБ-д элсэхэд дэмжсэн юм.

1956 оны дөрөвдүгээр сард японы сэтгүүлч Кэн Имиро Монголд ирж Цэдэнбалтай уулзжээ. Цэдэнбал түүнд олзлогдсон япончуудын ихэнхийг нутаг буцаасан ба энд нас барсан хүмүүсийн шарилыг хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэсэн аж. Түүнээс тун удалгүй хэдхэн сарын дараа Азийн орнуудтай эв санаагаа нэгтгэх Японы хорооны 12 төлөөлөгч Монголд айлчлав.[iv]

Үүнээс хойш хоёр орны хооронд албан бус харилцаа нэлээд идэвхижих болжээ. Харилцан айлчлал олон болсон ба Монголын төлөөлөгч эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Хирошимад болсон олон улсын Энхтайвны хуралд оролцсон тухайгаа ном хүртэл бичин хэвлүүлжээ. Гэвч Японы Засгийн газар Монголтой дипломат харилцаа тогтоохыг яарсангүй. Хоёр орны дайны байдал цуцлагдаагүй байсан цаг.

Гэвч энэ байдлыг эвдэхийн тулд япончууд эхлэж санаачлага гаргасан бололтой. Юу гэвэл 1959 онд Токиод болсон Олон улсын яармагт Монголын төлөөлөгчдийг урьжээ. Урьсан эзэн нь Марубини компаний нэгэн охин компаний захирал Ито. Монголын тал ч урилгыг хүлээн авч 1959 оны тавдугаар сард төлөөлөгчдөө мордуулав. Монголын тал гэдэг нь мэдээж МАХН-ын Улс төрийн товчоо байж таарна. Төлөөлөгчдийн ахлагчаар Цэдэнбал өөрийн охин дүүтэй нь гэрэлсэн хүргэн дүү О.Доржийг тавьжээ. Дорж үүнээс хойш олон жилийн турш Монголын талаас Японыг хариуцсан голлох хүн болсон юм. 

Төлөөлөгчид Япон руу Хонконгоор дамжин нисэхээр болов. Тэнд Японд нэвтрэх виз хүлээж 15 хоножээ. Хоёр орон дайны байдалтай байгаа учир Монголын паспортыг хүлээн зөвшөөрсөнгүй, оронд нь хил нэвтрэхийг зөвшөөрсөн цагаан хуудас өгсөн байна. Төлөөлөгчид Японд очоод худалдаа үйлдвэрийн компаниудтай уулзаж танилцах, үйлдвэр худалдааныхан Монголоос юу сонирхож буйг судлах, Монголын мал, махан бүтээгдэхүүнийг Японд оруулахыг хориглосон хуультайг өөрчлөх арга саам хайх зэрэг даалгавар авчээ. Дорж хожим бичиж үлдээсэн дурсамждаа: 

Японы олон зуун фирм, пүүс, компаниуд Монголын худалдааны анхны төлөөлөгчидтэй уулзах хүсэлттэй байсан учир нэг компанид 2-5 минутын цаг олгож байв. Бидний байсан буудалд олон компани оочерлон хүлээж байлаа. Учир нь худалдааны нууц гээд заавал ганц ганцаараа уулзах хүсэлт тавьж, өөрсдийнхөө барааг сурталчлах, Монголоос ямар бараа авч болохыг мэдэх тухай өрсөлдсөн уулзалт цуварч байлаа. Энэ байдлыг харгалзан дөрөв хоног шувт уулзалт хийлээ.[v]

Төлөөлөгчид Сига хэмээх ноолуурын үйлдвэрийг үзжээ. Тэндэхийн агуулахад Улаанбаатар хотын төв түүхий эдийн баазад багласан монгол ямааны ноолуур 20 гаруй баглаа байсан байна. Сигагийн захирлын ярьснаар энэ бүтээгдэхүүнийг Лондонгоос Сиднэйд ачигдсан байсныг Австралиас худалдан авсан гэнэ. Бодвол тэр үед Монголоос ноолуур худалдан авдаг байсан ЗХУ, эсвэл социалист аль нэг орон цааш нь англичуудад худалдсан нь цааш цааш дамжин дэлхий тойрсоор Японд хүрсэн болов уу даа. Сига үйлдвэрийн захирал ноолуур худалдахыг гуйсан дагуу анх удаа туршихаар 6 тоннын ноолуурын контракт байгуулав гэж Дорж бичсэн байдаг. Бас нэг сонирхолтой зүйл Дорж өчсөн нь:

Яармаг үзэхээр явахын өмнө Токио хотын цагдаагийн газраас ирж бидэнд нэгэн өндөр хүнийг танилцуулж энэ хүн та нарын ард 10 метрийн зайтай дагаж явах болно. Анх удаа Японд ирж байгаа Монголын төлөөлөгч гэхээр Тайвань, улаан Хятадаас ирсэн элдэв үзэлтэй бүлэг хүмүүс байдаг юм, тэднээс та нарыг хамгаалах учиртай гэж үзэж байгаа юмаа, санаа зовсны хэрэггүй, тайван явж юмаа үзээрэй гээд хамгаалагч өгсөн гэлээ Юм үзэж яваад байн байн эргэж харахад тэр хүн үргэлж бидний ард явж байгаа нь харагдаж байсан билээ.

Тодорхой баримт байхгүй ч юутай ч энэ үед дайнаас хойш Монгол Японы хооронд бага зэрэг харилцан худалдаа болсон бололтой. Монголчууд энд тохиролцон Ёкохама компаниас автомашины дугуй худалдан авсан байдаг. Үүний ачаар Монгол Японы хооронд ачаа бараа зөөвөрлөх, нэвтрүүлэх хоёр талын тохиролцоонд 1959 онд гарын үсэг зуржээ.

Үүнээс хойш 1961 онд Токиогийн олон улсын яармагт Монголын худалдааны хоёр дахь төлөөлөгчдийг Дорж ахлан оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Д.Цэрэнсанжаа, Сагараажав, Юмжаа нар явж мөн бага сага худалдаа хийсэн байдаг.

САКИЯАМА, ХАНАДА НАРЫН ФАКТ ФАЙНДИН МИШИН

1966 онд Японы Гадаад явдлын яамны залуу ажилтан Ханада, дипломатич Сакияама нарыг Монгол руу илгээжээ. Зорилго нь факт файндин мишин бололтой. Ханада гуай хожим олон жилийн дараа Монголд суух Японы элчин сайдаар ажиллаж байхдаа дурсахдаа:

Бид Монголын виз авахаар Делид очсон. Надад виз өгөхгүй бол хамаг ажил нурна гэж айсан учир Элчин сайдын яамны байшин руу орох зориг хүрэхгүй өдөржин элчингийн хашааг тойрон алхсан. Манай ЭСЯ-ны нарийн бичгийн дарга өөрөө машинаа барьж яваад Монголын ЭСЯ-ыг нэг тойрч үзсэнээ надад ийн хэлэв. “За өнөөдөр болно биз. Орвол аюултай, маргааш дахин ирэх үү” гэлээ. Монголын ЭСЯ-ны нэг хүн гадуур ажилтай бололтой хашаанаасаа гарч ирэхэд нь би машинаасаа бууж нөгөө хүнтэй “сайн байна уу“ гэж монголоор мэндчилэв. Надаас тэр хүн ямар ажилтай ирсэнийг асууж байна. Виз авахыг хүсэж байна гэж би сургуульд сурсан ёсоор монголоор хариу өгөв. Бид ороод манай нарийн бичгийн дарга урьдчилан бэлтгэсэн анкетад Сакияма гуай бид хоёр гарын үсэг зураад гардууллаа. Биднийг яамныхаа ноотыг аваад ир гэж байна. “НҮБ-ын шугамаар очих тул асуудалгүй биш үү? Одоогоор манай улс Монголыг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй учраас ноот өгөх бололцоогүй” гэсэнд тэгвэл Москвад очиж яриарай гэдэг байгаа. Үдээс хойш аргагүй нооттой очиж байж виз авсан даа.[vi]

Ингэж Японы ГЯЯ-ын хоёр ажилтан НҮБ-ын шугамаар үнэхээр ингэж Монголд иржээ.

1957 онд Цэдэнбал Москвад Зөвлөлтийн талтай хамтарсан мэдээ гаргасанд Монголын тал Япон улстай харилцаагаа хэвийн болгох бодлоготой юм байна гэж ойлгогдохоор байсан. 1961 онд Монгол улсыг НҮБ-д элсүүлсэн тул Японы талаарх Монголын бодлогыг тандах үүргийг Японы хоёр дипломат ажилтанд үүрэг болгожээ. Гэвч Монголын тал япон дипломатуудыг жуулчны шугамаар хүлээн авч, хоёр талын харилцаанд ахиц гаргах талаар ямар нэг алхам хийгээгүй учраас Японы тал тэр үед хоёр улсын харилцааг сайжруулах санаа Монголын талд байхгүй юм байна гэсэн ойлголттой болсон байлаа. Иймээс энэ асуудлыг Японы ГЯЯ бүр орхисон ба асуудал хариуцсан дарга нар байн байн өөрчлөгдөж Монголыг сонирхох хүн алга болсон байлаа. Монголын асуудлыг монгол хэлний мэрэгжилтэй Сакияма ганцаар хариуцаж байгаад удалгүй Тайландад дипломат ажилтнаар томилогдон оджээ. Оронд нь Токиогийн Гадаад хэлний сургуулийн монгол хэлний багш М. Ханада ажиллах болов.

Японы талаас Монголын асуудлыг сонирхохгүй, энэ асуудлаас зайлсхийж байсан бол Монголын тал ч бас идэвхгүй байлаа. Хоёр тал амандаа ус балгасан юм шиг дуугүй байсан цаг. Шалтгаан нь Японы ар талд Тайвань, АНУ, харин Монголын ар талд Зөвлөлт холбоот улс байгаагаас болж байсан хэрэг.

1965 оны наймдугаар сард НҮБ-ын ивээл дор Улаанбаатарт олон улсын эмэгтэйчүүдийн семинар уулзалт зохиогджээ. Энэ бол Монголд зохиогдсон хамгийн анхны олон улсын арга хэмжээ юм. Хойтон жил нь 1966 онд Дэлхийн оюутан залуучуудын чуулга уулзалт бас Улаанбаатарт болсон.

Чухам энэ далимыг ашиглаж Японы Гадаад явдлын яамнаас өөрийн ажилтан монгол хэлтэй хоёр мэргэжилтнийг Монгол руу илгээсэн аж. Ингэж НҮБ-ын томилолттой хоёр япон эрэгтэй залуу олон улсын эмэгтэйчүүдийн семинар уулзалтад оролцохоор 1965 оны наймдугаар сарын 4-нд Улаанбаатарт газарджээ. Хоёр залуугийн ил үүрэг нь монгол хэлтэйн хувьд тус семинарт оролцож буй Японы төлөөлөгч хатагтай Киношита-д туслах аж. Гадаад явдлын яамнаас авсан үүрэг нь Монголд олзлогдсон япончуудын талаар мэдээ цуглуулах, болбол оршуулсан булшийг эргэж ямархуу байдалдтай байгааг нь олж мэдэх. Цаашилбал хоёр улсын хоорондын харилцааны талаар Монголын тал ямархуу байр суурьтай байгааг тандах. Мөн Монголын бие даасан байдал ба олон улсын дотор эзэмшиж байгаа байр суурийг тандах.

Японы олзлогдсон хүмүүсийн булш эргэх хүсэлтийг хоёр залуу дипломат Монголын талд тавьсан байна. 1961 онд томилолтоор Улдаанбаатарт ирсэн хоёр дипломат хэд хэдэн удаа булш эргэх хүсэлт тавьсан ч зөвшөөрөл өгөөгүй өнгөрсөн тул ихэд эргэлзэж байсан хэрэг. Гэтэл наймдугаар сарын 16 нд үдээс хойш Монголын ГЯЯ-наас хатагтай Нямжав зочид буудалд ирээд яамны машинаар Сакияма, Ханада, уулзалт семинарт оролцсон Японы албан ёсны төлөөлөгч хатагтай Киношита нарыг булшинд хүргэж өгсөн байна. Хотын захиргаа болон Монголын улаан загалмайгаас булшийг тохижуулах талаар сүрхий ажил хийсэн болох нь илт мэдэгдэж байлаа. 

Хоёр улсын хооронд хэвийн байдал бий болгох, дипломат харилцаа тогтох асуудлын талаар Монголын талтай хэлэлцэж болохгүй, хэрэв монголчууд ямар нэг санаа бодол илэрхийх аваас сонсоод ир гэсэн даалгавар авсан байлаа, мань хоёр. 1961 оны жишээ байгаа тул монголын тал үнэндээ харилцаа хөгжүүлэхийг хүсдэггүй байж магадгүй байсан. Бас харилцаагаа хэвийн болгох хүсэл байгаа ч гэсэн Зөвлөлтийн зүгээс шахалт дарамт байгаа учраас үнэн санаагаа илэрхийлж болохгүй байгаа юм болов уу. Наймдугаар сарын 12-нд Энх тайван найрамдлын байгууллагуудын төв хорооны дарга Адилбиштэй тэд уулзаад харилцааны талаар бага зэрэг санал солилцжээ. Тэр уулзалтаас Монголын тал дипломат харилцаа тогтоохыг их сонирходог юм байна гэсэн ойлголт авсан юм.[vii]

[i] Гадаад харилцааны яамны Төв архив х 59, д 1, хн 8, х-2-4

[ii] Хятад Оросын харилцааны түүхэн дэх Монгол улс (ХХ зуун); Улаанбаатар 1995 х-96; Chang Da-zhu Wei Mongu xiangdai xi. Taipei 1983 p-1587 [Mongolia through the history of Chinese-Russian relations]

[iii] История Дальнего Востока России. Т. 3. Кн. 4. Мир после войны: дальневосточное общество в 1945—1950-е гг. — Владивосток, 2009. — С. 110.

[iv] Маншеев Д. М., Кубрикова Ю. А.Установление дипломатических контактов и начало развития экономического сотрудничества Японии и Монголии // Проблемы социально-экономического развития Сибири. — 2017. — № 3 (29). — С. 91.

[v] Дорж.О Дурсамж, сургамж х-49-50 [Dorj, U. Recollections]

[vi] Ханада, Марохито Монгол руу одсон минь(Алтан аргамж 10) 2020.11. 10

[vii] Ханада,Марохито Монгол руу одсон минь(Алтан аргамж 10) 2020.11. 10