Өчигдөр пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай горимоор хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Өглөө 10 цагт эхэлж, завсарлага авалгүй хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, харин Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Гэвч үүний дараа АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүүгийн хийсэн мэдээлэл анхаарал татаж байна. Гишүүн асан О.Баасанхүү “Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэхдээ АН-ын бүлгийн төлөөллийг оролцуулаагүй нь улс төрийн зорилготой, санаатай зохион байгуулсан хэрэг гэж үзэв. Хэдийгээр Дэд хорооны таван гишүүн “хамгийн олон удаапарламентад сонгогдсон” гэдэг шалгуураар дандаа МАН-ын бүлгийн гишүүн байдаг ч тэр нь АН-ын төлөөллийг дэд хорооны хуралдаанд оролцуулж болохгүй гэсэн үг биш юм. Өмнө олон удаагийн хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг хэлэлцэж байсан Дэд хорооны хуралдаанд гишүүнийх нь бүрэн эрх яригдаж буй намын бүлгийн төлөөлөл үг хэлэх, санал өгөх эрхгүйгээр ажиглагчаар оролцож байсан түүх бий.

Мөн гишүүдийн бүрэн эрхийг хэлэлцэхээс хэд хоногийн өмнөөс эхлэн олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар явуулсан “Д.Бат-Эрдэнэ гишүүдэд нэг тэрбум төгрөг өгч, өөрийгөө хамгаалуулахаар санал худалдаж авч байна” гэсэн гүтгэлгийг тараасан нь эрх баригч МАН-ын зүгээс хийсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Өмнөговийн сонгогчдыг хэн төлөөлөх вэ гэдгийг эрх баригч нар хуйвалдааны аргаар  шийдлээ” гэх үндэслэл.

Сануулахад, Өмнөговь аймаг УИХ-д хоёр мандаттай. Мандатын эзэд нь өдгөө нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар. Энэ хоёр хүн нь хоёулаа нүүрсний хулгай гарсан гэгдээд байгаа орон нутгийн “Тавантолгой” ХК-тай хамаарал бүхий хүмүүс байна.

Д.Бат-Эрдэнэ нь”Ажнай” корпарацийн ерөнхийлөгч, “Тавантолгой” ХК-ийн 49 хувийн /51 хувь нь орон нутгийн өмч/ хувьцаа эзэмшигч дотор хамгийн том буюу 23 хувийн хувьцааг эзэмшдэг. Харин Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг даргаар хоёр удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байсан, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан.

Гэтэл УИХ нэг хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүний нэгийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээд, нөгөөг нь авч үлдсэнийг “улс төрийн нөлөө орсон” гэж үзэх нь зүйн хэрэг юм. Ялангуяа прокурорын байгууллага гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэхдээ “нууц” гэсэн дардастай хүргүүлж, УИХ түүнийг нь хаалттай хэлэлцсэн нь АН-ынхан төдийгүй жирийн иргэдийн хувьд ч “сэжиг бүхий” харагдаж таарна. Гэвч энэ сэжиг бүхий байдлыг шийдвэрлэх нэг арга зам байгаа нь прокурорын байгууллага хэргийг хуулийн дагуу, хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлээд үр дүнгээ УИХ-д танилцуулах явдал.

Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэдэг нь гишүүнээс чөлөөлсөн гэсэн хэрэг биш. Зөвхөн хэргийн мөрдөн шалгах явцад саад учруулахгүйн тулд, мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдахгүйн тулд түр хугацаагаар түдгэлзүүлж буй хэрэг юм.

Ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ УИХ-д танилцуулахдаа УИХ-ын тухай хуулийн 9,8 буюу “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсанаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтыг барьсан байдаг.

Мөн хуулийн 9.7-д “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно” гэсэн байна.

Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн явдал нь тэдгээрийн гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг нэгжлэх хийх, цагдан хорих болон бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ /энэ хүмүүс нэгэнт эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа учраас “шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах” гэдэгт хамаарахгүй байх/ авахын тулд байжээ гэсэн үг. Энэ ажиллагаануудыг явуулах нь ч гэсэн хуулийн хугацаатай. Тэгээд үнэхээр хэрэгт нөлөөлөхүйц нотлох баримт олж чадаагүй, хэрэг нотлогдоогүй тохиолдолд гишүүдийн бүрэн эрхийг сэргээх хүсэлтээ Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлэх үүрэгтэй. 

Уг нь бол Ерөнхий прокурор анхнаасаа "Ийм ийм шалтгаанаар энэ нөхдийг цагдан хорих гэсэн чинь", эсвэл "гэр, албан өрөөнд нь үзлэг нэгжлэг хийх гэсэн чинь УИХ-ын гишүүний ийм ийм бүрэн эрх саад болоод байна аа" гэдэг байдлаар асуудлаа тодорхой оруулж ирсэн бол илүү хялбар болох байлаа. Тэгж явах ёстой ч байсан байх. Тийм юм байхгүй учраас бид өмнөөс нь бодлого бодоод, ажлыг нь хийгээд сууж байна шүү дээ.

Хоёрдугаарт, гурван гишүүний тухайд прокурор яг адилхан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн байхад “Н.Наранбаатарыг түдгэлзүүлэлгүйгээр шалга. Нөгөө хоёрыг нь түдгэлзүүлээд аваад яв аа” гэдэг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын шийдвэр ч гэсэн “но”-той харагдаж байна.

Тэгээд гуравдугаарт, О.Баасанхүүгийн хэлсэн “Д.Бат-Эрдэнийг зохион байгуулалттайгаар гүтгэлээ, Өмнөговийн тойргийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг МАН хуйвалдааны аргаар шийдлээ” гэдэг үндэслэл. Хэрвээ прокурор хэргийг шалгалтын сунжруулаад, УИХ-д үр дүнгээ танилцуулахгүй удвал тухайн тойрогт нөхөн сонгууль явуулахаас өөр аргагүй болно. Энэ хэнд ашигтай байж таарах вэ?

Ер нь бол нүүрс тойрсон хулгайн асуудлыг нэг далайлтаар шийднэ гэж байхгүй. Ялангуяа нүүрсний хамгийн том ордууд нь төрийн өмчид байгаа цагт хулгай гарсаар л байх болно. Ямар ч шударгуу Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаад өөрчилж чадахгүй. Гэтэл энэ хулгайд АН-ын төлөөлөл ганц хүн ороогдчихоод байгаа нь Д.Бат-Эрдэнэ. Жижиг "Тавантолгой"-н хамгийн том хувьцаа эзэмшигч. Тэгэхээр Д.Бат-Эрдэнийг далд хийчихвэл МАН дангаараа сэм найрлана гэсэн үг юм биш үү?

inews.mn