Тиймээ. Мунхаг явдал болбоос мунхаг сэтгэлээс үүсдэг ажээ. Би үүнийг бодож явах ёстой билээ хэмээн би өөрөө өөртөө хэлсэн билээ. 

Тэгэхэд тэр 2 бүсгүйн тухай би юу ч мэдэхгүй үлдсэн байлаа. Тэднийг хэн хэн гэдэг, тэд нар хаана амьдардаг тухай юу ч мэдэхгүй үлдсэн би сэтгэл гонсгор харамсаж явдаг байлаа. Гэсэн хэдий ч би тун их удалгүй, тэдний тухай мартаж эхэлсэн бөгөөд хааяа нэг хийх юмгүй уйтгарлан суух аваас тэд миний сэтгэлд үе үе, үүр түүрхэн бодогддог байв. Тэднийг би хааяа нэг дурсан санадаг байлаа. Тэгээд яагаад ч юм мэдэхгүй. Тэд намайг бас дурсан санаж, миний тухай ярьж байгаа бөгөөд бид тун удахгүй дахин уулзах мэтээр бага багаар санагалзан хүлээх болов.

Тэгэхэд би ахындаа амьдардаг байсан юм. Миний ах эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан бөгөөд тэр жилийн хавар Кавказад эм судлалын их сургууль төгсөж ирсэн юм. Ах хотын эм зүйн газарт ажилладаг байсан. Ах хөдөө их явдаг ажилтай. Бүтэн 7 хоног, зарим үед бүтэн сар гэртээ ирэхгүй алга болно. Ахад ажилладаг газраас нь гэр барьж өгсөн бөгөөд тэр гэр хана туурга шал бүрээс муутай, борооны ус тусаал гоождог хуучин 5 ханатай гэр байсан юм. Гэрт тавилга эд хогшил гэхээр юм бараг байсангүй. Хуучны том модон ширээ, орос хийцийн 2 ширхэг малтмал сандал ба 2 төмөр ор байсан санагдана. Аан тийм гарахаасаа гарахгүй нь их «ТЕМП» нэртэй том хүнд орос телевизор байсан юм байна. 

Цаг агаар тааруу муу, салхи бороо аянга цахилгаантай тийм үед тэр муу гэр салгалан чичирч хэдэн хэсэг болон салах алдана. Шөнө орой ялангуяа би гэртээ ганцаараа байх үед, энэ байдал надад аймшигтай санагддаг байв. 

Улсын их баяр наадмын дараахан цаг агаар тогтуун сайхан, нартай нэгэн өдөр байлаа. 

Тэр өдөр үдийн алдад миний хамт сурагч Тулга гандангийн дэнжид байх манай гэрт ирэв. Бид хоёр манайд сууцгааж байгаад гадагшаа гарлаа. Бид олонд урт цагаан гэж нэрлэгдэх хотын худалдаа үйлчилгээний гол төвийн нэг, урт цагаан байшингийн урдуур өнгөрөв. Туул рестораны зүүн талд байдаг. “Туул-Нисэх яармаг” автобусны буудлын ойролцоо би тэр хоёр бүсгүйг дахин олж харлаа. Бид тэнд түр саатав. Тэдний танил дүр төрх байдал, сэтгэл татам үзэсгэлэнтэй сайхан байдал хоромхон зуур намайг дахин эзэмдэв. Би баярлах санагалзах, ичингүйрхэн тээнэгэлзэх зэрэгцэн чимээ үгүй дуугүй зогсоно. Хоёр бүсгүй Тулгааг их л танимхайран түүнтэй ярилцах бөгөөд тэдний нэг болох арай эгчмэд тэр бүсгүй надтай гэхээсээ Тулгаатай илүү их дотночлон ярилцана. Тэрээр Тулгаагаас хэзээ ирсэн болон хичээл сургууль бусад зүйлийн талаар шалгаан асууна. «Тулгаа чи биднийг харахгүй өнгөрөх байлаа шүү дээ. Нэг орцны хөрш хүмүүс бие биенийгээ танихгүй юм шиг өнгөрч болохгүй биз дээ!» гээд тэр бүсгүй чанга дуугаар инээнэ. Тэр их ярих боловч тэр бүсгүйг сонсох нь надад сонирхолтой сайхан байлаа. Түүнийг сонсох надад тааламжтай сайхан байсан юм. Харин арай залуувтар, давхраатай том алаг нүдтэй, цагаан царайтай тэр бүсгүй намайг сонирхон харах бөгөөд тэр ярианд үл оролцох ба хөнгөхөн инээвхийлэн зогсоно. Би тэр бүсгүйн нимгэн уруул, гэзэг ба бүсэлхийгээрээ чавхийлгэн чанга бүсэлсэн туранхай боловчиг өө сэв үгүй цэвэрхэн биеийг ажиглан зогсоно. Дэмий утга үгүй өнгөрсөн тэр амьдралдаан би харамсан зогсоно.

Тиймээ. Би тэдний сэтгэлийг үл татна.

Тэднийг явж одоход Тулгаа надад ярьж гарлаа. Тэд нэг гэр бүлийн эгч дүү бүсгүйчүүд ажээ. Том алаг нүдтэй тэр бүсгүйг Хулан гэдэг. Тэр аав, ээж, эгчтэйгээ нисэх тосгонд амьдардаг. Түүний эгч Халиунаа дунд сургуульд багшаар ажилдаг ажээ. Харин Хулан тэр бүсгүй нисэхийн нэгэн даргын туслахаар ажилладаг гэв. «Мундаг сайхан гэр бүл» хэмээн Тулгаа хэлээд «Хоёулаа дараа нэг тэднийд очиж хоёр бүсгүйтэй сайхан танилцаж болно шүү дээ» гэж хэлээд цааш нь үргэлжлүүлэн «Манай орцонд нэг давхарт амьдардаг юм. Тэд нисэх тосгонд олон жил амьдарч байгаа ба тэр бүсгүйчүүдийн аав нь алдартай сайн нисгэгч хүн байдаг юм» хэмээн ярьж явлаа.

Тэгээд би тэндээс гэр рүүгээ буцлаа. Тэгэхээр би гэдэг хэн билээ? хэмээн би бодож явав.Би бол ов мэх, муу санаа үгүй итгэл даадаг. Би бол худал хоосон дэмий юм хүсэж гүйдэггүй. Хуурамч ая тал засаж хүнийг өөрийгөө гутаадаггүй, хүнлэг энэрэнгүй зөөлхөн сэтгэлтэй сайн хүү билээ. Би ингэж бодов. Хүн болгонд тэр бүр байдаггүй, тийм онцгой сайхан нэгэн чанар бол надад байгаа. Тэр бол аливаа юмсыг бодож ойлгож ухаарч харахыг хичээдэг, миний элгэмсүү зөөлхөн зүрх сэтгэл минь билээ. Энэ бол бурхан бээр надад итгэж өгсөн Бурханы хишиг мөн билээ. Тийм учраас миний энэ сайхан сэтгэл намайг өргөж дагаж, дэмжиж туслаж явдаг билээ. Тийм учраас би өөрөө өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Би өөрөө өөртөө итгэж амьдрах хэрэгтэй билээ. Хэрвээ би хүсвэл бүгдийг чадна. 

Тийм ээ. Харуусал харамсал, гутрал гуниглалыг хүч чадал оюун ухааны ундарга болгоš гэсэн Төвд үг байдаг билээ. 

Тийм учраас харамсал, гутрал гуниглал зовлон зүдгүүрт бүү сөгд. Итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө бүү алд. Битгий гээ. Дотоод сэтгэлээ хурцал.Бас дахин хурцал. Хэрвээ би хүсвэл бүгдийг чаднаа. Би чадна. Би ингэж бодов. 

Энэ нэгэн уулзалтаас надад үлдэж хоцорсон юм гэвэл ийм л билээ. ...