Миний зүрх надад хэллээ. «Үгүй дээ. Дэлгэр ээ чи эхэлсэн. Чи өөрөө буруутай шүү дээ» гэлээ. Тэгээд тэр цааш нь «Дэлгэр ээ, чи буруутанг бусдаас хайдаг. Чи яг тэр чигээрээ... Яг л тэр хэвээрээ ажээ...» гээд миний зүрх гаслав. Тэгээд тэр надад үргэлжлүүлэн хэллээ. «Дэлгэр ээ бүү гунирх. Болоод өнгөрсөн юмнаас өөрийгөө чөлөөлж чадах ёстой. Бүгдийг март. Бүх юмс учир шалтгаан хийгээд үр дагавар гэх хоёр их шүтэн барилдлагын хүч нөлөөн доор оршдог. Тийм учраас учир шалтгаан үгүй аваас үр дагавар гэдэг үгүй билээ. Тийм учраас чи юм бодож бай. Юмыг бодож хийж бай. Яагаад гэвэл бодол бол оюун ухаан, хайр энэрэл. Бодол бол үнэн үг, учир шалтгаан. Бодол бол тэсвэр тэвчээр хүч чадал мөн билээ. Үгүй гэж үү?» гэж зүрх надаас асуув. Тэгээд цааш нь тэр ингэж хэллээ. «Хүмүүс болоод үйл явц, тэнгэр ертөнц газар дэлхий од гаригс, уул өвс ногоо, ус гол хийгээд мод цэцэгс эд бүгдээрээ энэ л аядуу уянгалаг зөөлхөн бодол гэдэг хөг аялгууны нэгээхэн хэсэг байдаг билээ. Тийм учраас зовлонт хүмүүний учир мэдэх үгүйн улмаас үйлдсэн тэр шунал хүслийн цангаа хийгээд, үйлдсэн үйлийнхээ үр дагаврыг тэр өөрөө эдэлж өнгөрөөх учиртай байдаг билээ. Тийм учраас чи аливаа юмыг бодож бай. Бодож эхэл. Бодож хийж бай. Бодож дуусга» гэж хэлэв. 

Тэгээд би бодлоо. Тиймээ би өөртөө байгаа буруу муу сул талаа хүлээн зөвшөөрч чадах ёстой ажээ. Зөвхөн “БИ” гэдэг аминч үзэл бодлоосоо би салах ёстой ажээ. Би шунал хүсэл атаархал, хорсол өс хонзон хэмээх сэтгэл бодлын хор муу бүхнийг номхотгон дарж, түүнийг таягдан хаяж чадах ёстой ажээ. Гомдож уймарсан, өсөрхөж хонзогносон энэ сэтгэлийн хар бараан өнгөөр хучигдсан бодлууд надад хэрэггүй. Уужим сийрэг оюун ухаан, цэвэр тунгалаг ухаан бодол, хатуу чанга тэсвэр тэвчээр надад хэрэгтэй ажээ. Би ингэж бодов. Тэгээд «Дэлгэр ээ, чи бос!» гэж өөрөө өөртөө би тушаалаа.

Би бослоо.

«Хэнийг ч битгий буруутга. Бүү гунигла. Эргэж бүү хар. Урагшаа хар! Зөвхөн урагшаагаа харж яв! Алдаж болно. Харин алдсан алдаагаа шат шатанд нь зас. Бүү давт» Би өөрөө өөртөөн ингэж хэлэв. 

Тэгэхдээ би өөрийгөө буруутгаж бас үл чадна. Би биш. Намайг вагоны давчуухан тэр коридороор чирч алан алдсан тэр офицер биш.Намайг үл тоомсорлон үзсэн эрхэмсэг ярвагар тэр бүсгүй ч бас биш.Баасан гариг буруутав.

Тийм ээ. Тэр өдөр хар Баасан гариг байсан юм.

Галт тэрэг хөдөллөө. Дуут дохиогоо чанга дуугарган, давтан давтан дуугаргасаар галт тэрэг хөдлөв. Купенд хүмүүс орж ирэв. Хоёр эмэгтэй нэг залуу бид дөрөв Москва хот хүртэл 5 хоног хамт зорчих болно. Миний шинэ танил ихэмсэг дээрэнгүй тэр эмэгтэй, хаалганы хажуугийн булангийн суудалд чимээ үгүй суух бөгөөд тэр бүсгүй бид хоёрын хооронд харилцан үл хүндэтгэлийн гэмээр тийм нэг агаар орчин, орон зай аль хэдийнээ үүссэн билээ. Тэр нэг үл ойлголцолын гэмээр орон зай нам гүм байдал вагоны тэр тасалгаат купег тэр чигт нь эзлэв. Ер бусын хүнд бөгөөд таагүй, чимээ үгүй байдал хэсэг зуур бид бүгдийг угтав. Тэнд суух өөр бусад хүмүүс бүсгүй бид хоёрыг ээлжлэн харах бөгөөд дор бүрнээ чимээгүй сууцгаана. Тэр бүсгүй над руу харав. Бидний харц мөргөлдөв. Тэр эмэгтэй над руу шазруун харцаар үе үе шилбүүрдэн харах бөгөөд тэр доогтой дуугаар чанга чанга инээнэ. Тэгээд тэр дэндүү их ярих ажээ. Хэдийгээр богинохон авч шаналгаатай зовлонтой богинохон энэ мөчид би түүнийг мэдэрлээ. Тэр баяр баясгалантай агаад бас үзэсгэлэнтэй сайхан юм. Гэхдээ түүнд мэдрэмж гэдэг нэг юм байдаг болов уу? Бараг л үгүй ажээ. Түүнд ихэмсэг боловч хүйтэн, хараад баймааргүй боловчиг сайхан зүс царай бол басчиг байна аа. Харин тэр сайхан царай зүс ямар нэгэн утга учрыг илэрхийлж чададгүй ажээ. «ХАРАМСАЛТАЙ!» Гялтганасан болгон эрдэнэс биш билээ. Би дотор сэтгэлдээ ингэж бодов. Тэгээд би тэр бүсгүйд хандаж ямар нэгэн ухаантай үг хэлэхсэн хэмээн хичээлээ. Тэр үгс надад үл олдоно. Тэгээд бүсгүй хүний энэ нэг ийм л утга учир үгүй сайхан зүс царай хүнд хэрэгтэй эсэхийг би бас үл ойлгоно. Бид ойлголцолд хүрэх тэр зам харгуй дэндүү их урт ажээ. Тэгээд бас тэр зам тахир махир бохир, шавар шавхай бартаа ихтэй ажээ. Би тайван байхыг хичээв. Гэсэн хэдий чиг гомдол гэхээсээ илүүтэй хорсол уур хилэн, өс хонзон надад бодогдоно. Тэр бодол намайг зовооно. Би гадагшаа цонхоор харав. Галт тэрэг хурдлан давхина. Уул толгод ус гол мод жирэлзэн өнгөрнө. Ногоон тал, өнгө өнгийн цэцэгс... хосоор ургах вансэмбэрүү цэцэг... хосолж төрсөн хун шувууны тухай домог... Цагаан, улаан, хөх цэнхэр өнгө... бас яагаан шаргал өнгө хослол. Цэцэгс тэрээр нарны гэрлийн туяаг өөртөө татна. Газар дэлхий орчлон ертөнц тэр өөрөө, цэцэгсийн сүнслэг гоо үзэмжинд автаж, өнгө хувиран амилна. Тиймээ. Цэцэгс бол Бурханы бэлэг мөн билээ. Би ингэж бодов. Тэгээд хэдийгээр би тэр ихэмсэг дээрэнгүй бүсгүйг үзэн ядах боловч, би тэр цэцэгсийн өнгөлөг сайхан ая дуу өнгө үзэмжинд автан өөрийн эрхгүй аз жаргалаар гэрэлтэн инээмсэглэж чадсан билээ. Би хэсэг тэрхэн зуурт бага зэрэг сэргэв. Тэгээд би саяхан болж өнгөрсөн санамсаргүй гэхээсээ илүүтэй харамсалтай гэх энэ нэг үйлийн бодлоос салж хагацахыг хичээлээ. Миний зүрх надад ингэж хэлэв. Миний зүрх «Дэлгэр ээ, чи намайг сонс» гэлээ. Тэгээд тэр хэллээ «Би чамд үнэнийг хэлж чадах боловчиг, яг одоо чи түүнийг үнэнийг хүлээж авч чадахгүй гэдгийг би мэдэрч байна. Гэхдээ л би чамд нэг зүйлийг сануулъя» гээд надад тэр ингэж хэллээ. «Бүх юмс хоосон байдаг билээ. Хоосон юмыг хэтэрхий их хүсэх аваас, хоосон хий агаар самардана» хэмээн Бурхан Будда хэлсэн. Тийм учраас чи аливаа хүнд, ялангуяа адармаатай харьцахад хэцүү байдаг тэр хүмүүст хандахдаан, өөрөө өөртөө чи яаж ханддаг билээ? Яг тэгэж хандаж бай. Тийм өнгө аясаар чи тэд нартай харьцаж бай. Тэгж гэмээнэ чи тэр хүмүүсийн сэтгэл болоод зүрхэнд сайн үйлийн үрийг суулгах болно.» гэв. Тийм дээ. Бүх юмс миний хүссэнээр сайн сайхан байх албагүй шүү дээ. Би ингэж бодов. Харин хоосон гэж юу байдаг билээ? Би мэдэхгүй байлаа. Магадгүй тэр маш өчүүхэн зүйл байдаг байх. Тэр нүдэнд үл үзэгдэнэ. Тэр гарт үл баригдах ямар нэгэн зүйл байдаг байх. Түүнд хэмжээ үгүй. Тэр хэлбэр үгүй. Түүнд юу ч байхгүй. Тийм учраас тэр хоосон байдаг байх даа. Тийм учраас тэр үл харагдана. Түүнийг хэн ч үл сонсоно. Тэр үл тоогдоно. Тэр яг л над шиг ажээ. Тиймээ! Би бас хоосон билээ. Надад юу ч байхгүй Тийм учраас би хоосон. Би гар хоосон. Би хармаа хоосон. Би бас сэтгэл хоосон билээ.