Саяхан дэлхийн хүн амын тухай “Сонирхолтой тоо баримт” гэсэн нийтлэл бичсэн чинь нилээд олон хүн уншсан байх юм. Үүнээс дүгнэлт хийж үзэхэд хүмүүс танин мэдэхүйн чанартай нийтлэлийг нилээд сонирхох маягтай юм байна. Болох, болохгүй юмны талаар “сенсааци” бүхий нийтлэлийн зэрэгцээ бас ийм зүйлийг уншмаар санагддаг биз.

---оОо---

Өнөөдөр манай дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын тооцоолсноор дэлхийн хүн ам 2037 оны үед 9 тэрбум, 2050-иад оны сүүлээр 10 тэрбум болно. Харин хэзээ 11 тэрбум болохыг тооцох аргагүй гэнэ. Учир нь 2080-аад оны хоёрдугаар хагаст хүн амын тоо дээд цэгтээ хүрч улмаар аажимдаа цөөрч эхлэх төлөвтэй юм байх. Энэ нь амьдралын өртөг өсч хүмүүсийн төрөлт багасахтай холбоотой гэнэ. 

Ер нь манай дэлхий дээр хичнээн хүн амьдрах боломжтой гэдэг нь хүнсний үйлдвэрлэл, хангамжаас шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар бид хэрэгцээнээсээ хавьгүй илүү хүнс үйлдвэрлэж байна. Зөв хуваарилбал 15 тэрбум хүнийг ч тэжээхэд хангалттай гэнэ. 

Хоёр идэж, хоосон хонохгүй гэх юм бол манай дэлхий 30 тэрбум хүнийг хүнсээр хангах бололцоотой юм байна. Шинжлэх ухаан-техникийн хөгжлийн хурдац, түвшинг тооцвоос үүнд эргэлзэх шаардлагагүй гэж бодож байна. 

Асуудлын гол нь хүнс хэрхэн үйлдвэрлэхдээ биш харин яаж хадгалж, зөв зохистой хуваарилж, хэрэгцээтэй хэсэгтээ хүргэх вэ гэдэгт байгаа юм байх. 

За тэгэхээр 1,5 сая хавтгай километр нутагтаа манай улсын нутаг дэвсгэр дээр хичнээн хүний хэрэгцээ хангах хүнс (юуны өмнө мах, гурил, хүнсний ногоо) үйлдвэрлэж хичнээн хүн амьдрах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид судалдаг эсэхийг би мэдэхгүй юм. Мэдээж байгаль, цаг агаарын нөхцөлийг тооцох хэрэгтэй байх. Миний сонссоноор манай газар нутгийн ердөө нэг хүрэхгүй хувьд нь газар тариалан эрхлэх боломжтой гэсэн. Цаашилбал цөлжилт, бэлчээрийн даац, малын тоо толгой гээд олон зүйлийг тооцох шаардлагатай байх л даа.