Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ?
Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 144 орны төр, хувийн хэвшил, боловсролын салбарын 2000 гаруй төлөөлөл Дубай хотод болсон Дэлхийн Боловсролын Форумд оролцов.
Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 144 орны төр, хувийн хэвшил, боловсролын салбарын 2000 гаруй төлөөлөл Дубай хотод болсон Дэлхийн Боловсролын Форумд оролцов. Олон сонирхолтой зочид байсны нэг нь ИБУИНВУ-ын ерөнхий сайд асан Тони Блэйр. Даян дэлхийг өөрчлөх хүрээлэнгийн тэргүүн хийж байгаа тэрбээр миний санахын 5 жилийн өмнө Монголд ирж байсан. 1997-2007 оны хооронд ерөнхий сайдын албыг хашсан тэрбээр засгаа тэргүүлж байхдаа эрүүл мэнд ба боловсролын салбартаа том реформ хийж чадсан гэгддэг.
Форумын үеэр Сиерра Лион улсын ерөнхийлөгч, Колумб улсын экс ерөнхийлөгч, Африкийн хөгжлийн банк группын захирал, Тони Блэйр нар дэлхийн ертөнцийг хэрхэн өөрчлөх вэ сэдвээр хэлэлцүүлэг хийсэн юм. Тэр дундаас Тони Блэйр гуайгаас товч хэдэн асуултад хариулт авах боломж олдсоныг энд сийрүүлье.
Аливаа өөрчлөлтийг хийхэд амаргүй байдаг. Нийгмийн өөрчлөлт, салбарын реформ хийх гэж буй хүн дараах гурван давааг давах ёстой болдог гэнэ. Эхнийх нь өөрчлөлтийг эсэргүүцдэг бүлэгтэй тулах, тэднийг тойрч биш давж гарах. Хоёр дахь даваа нь өөрчлөлтийг эхлүүлээд явж байхад хийж буй ажлыг чинь, таныг хувь хүний хувьд үзэн ядагчдын бүлэг. Эдгээр хүмүүсийг мөн тойрч биш дундуур нь нэвт гарах ёстой. Гурав дахь даваа нь өөрчлөлтийг амжилттай хийсний дараа ямар бага ажил хийдэг юм, ингээд л болоо юу, дахиад хийхгүй яасан юм гэж өөнтөглөдөг хорсогч бүлэг хүмүүс. Энэ гурван давааг давч чадахгүй бол та манлайлагч биш л гэнэ. Тодорхой зорилготой манайлагч, улстөрчдийн хувьд эдгээр бол заавал туулах ёстой даваа. Зорилго энэ саад тотгорыг багасгаж өгдөг гэсэн шүү. Өнөөгийн манай нийгмийн дүр зураг шууд төсөөлөгдөж байгаа биз?
Улс төр бол ганцаарчилсан тоглолт хийдэг талбар биш, сайн баг маш чухал гэдгийг онцолж олон удаа хэлнэ билээ. Сайн багтай байсан учраас 3 сонгуульд дарааллан ялалт байгуулж чадсан тухайгаа ч хүүрнэсэн. Сайн баг, мэргэжлийн хүмүүс ямар ч удирдагчийг вакуумжуулдаггүй бөгөөд хайрцагнаас гарч сэтгэхэд маш их тусалдаг. Үзэл бодолд бус зөвхөн өөртөө л үнэнч хүмүүсээр өөрийгөө тойруулаад, шүүмж сонсож чадахгүй, бусдын давуу талыг хүлээн зөвшөөрч чадахгүй болж эхлэснээс хойш та улс төрд ямар ч зорилгогүй зомби болно. Иймээс өөрөөсөө ялгаатай, чадвартай хүмүүсийг хүлээн зөвшөөрч солонгорсон сайн багийг нэгэн зорилгын дор зангидах ёстой гэж байна. Ялгаатай үзэл бодол, үнэ цэнэтэй хүмүүсийг нэг дор цуглуулах нь тийм ч амар ажил биш. Энэ ажлыг хийж чадаж байгаа хүн бол сайн манлайлагч бас нөлөөлөгч гэж байна. Ийм ч учраас мань эр The Third Way буюу улс төрийн гуравдагч замын идеологийн нүүр царай болсон биз ээ.
Мөн зөв зүйлийг зөв аргаар хийх ёстойг сануулж байв. Зөв ажлыг буруу аргаар хийх нь зорилгогүй манлайлалтай яг ижил. Зорилгоо батжуулах, өөрчлөлтийг амжилттай хийх, реформ удирдах, нийгмийн эсэргүүцлийг даван гарах, тэмцэгчидтэй хэлцэл хийх, үзэн ядагч бүлгийг удирдахын тулд Британийн тагнуулын алба MI6 тусгай сургалтыг улс төрийн лидерүүддээ хийж өгдөг юм байна. Өөрийн шугамаараа Колумбын ерөнхийлөгч асан Сантосыг ийм сургалтанд урьж авч ирэн суулгасан тухайгаа хэлж байв.
Олон нийтийг соён гэгээрүүлэх нь өнөөдөр бүх улсын засгийн газруудын хамгийн том бөгөөд цор ганц проблем болчихлоо. Энэ асуудлыг шийдэх шийдэл нь БОЛОВСРОЛ. Боловсрол та бидний ирээдүйн цор ганц итгэл найдвар гээд сайхан боловч эмгэнэлтэй өгүүлбэр хэлсэн. Өнөөгийн манай нийгмийн дүр зураг шууд төсөөлөгдөж байгаа биз?
Өнөө цагт боловсролыг дараах 4 зүйлээр хэмжвэл зохиолтой гэнэ. Үүнд Problem solving буюу асуудлын шийдлийг олох чадвар, Critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээ, Creativity буюу бүтээлч сэтгэлгээ, Emotional intelligence буюу сэтгэл хөдлөлийн удирдлага. Манай боловсролын системийн бүтээгдэхүүнүүд эдгээр ур чадварыг авч төгсөж чадаж байгаа болов уу? Боловсрол нимгэн нийгэмд хүмүүс Оpinion буюу өөрсдийн бодлоор уралддаг. Зүй нь мэдлэгээрээ уралдах ёстой юм. Ялангуяа орчин цагт сошиал медиаг маш зөв ашиглах ёстой. Ардчилсан нийгэмд сошиал медиа зөвшилцөл, шударга, нээлттэй нийгмийн талбар байх ёстой. Иймээс сошиал медиагийн Influencers буюу олон дагагчидтай хүмүүсийн үүрэг хариуцлага өндөр байх ёстойг сануулж байв.
Эцэст нь хөгжиж буй улсуудад төр нь авилгатай орооцолдож хулгай хийчих гээд, бизнесменүүд нь мөнгө ашгийн төлөө хар амиа бодчих гээд байдаг зовлон бий. Ёс зүй, нийгмийн хариуцлагын ерөндөг бол олон нийтийн боловсрол, нийгмийг соён гэгээрүүлэх ажил шүү гээд дахин дахин хэлсэн.
Тэгэхээр хэдүүлээ боловсрол хэрэггүй гэж ярьж, бичээд дэмий юм байна шүү:)
АНЭУ, Дубай хот, 2018
зочин
zochin