В.Ганзориг: 2020 он эдийн засаг, бизнесийн хувьд хүнд жил болж байна. Сонгуулийн мөчлөгөөс гадна коронавирус сөргөөр нөлөөлж байна. Та бүхэн оны төгсгөлд Монголын эдийн засаг, бизнесийн орчинг хэрхэн төсөөлж байна вэ?

О.Амартүвшин: МҮХАҮТ нэг сараас эхлэн коронавирустай холбоотой бизнесийн орчны судалгаа, үнэлгээ, уулзалт зэрэг олон ажлыг зохион байгууллаа. Нөхцөл байдал хүндэрвэл хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдлийг бид хоёр сард мэдээлж, гол нэрийн хүнсний бараа импортлогчид болон үндэсний үйлдвэрлэгч 20 гаруй компанитай уулзалт хийсэн. Тухайн үед бид Хятад хилээ хаасан нөхцөлд хүнсний хангамжийг хэрхэн удирдах, төр яаж оролцох ёстой зэргээр зөвхөн Хятадтай холбоотой асуудлыг ярилцаж байв. Боловсруулсан саналаа УИХ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлж арга хэмжээ авсан. Гэтэл үүний дараахан вирусын тархалт зөвхөн Хятад биш бүс нутаг, дэлхийн асуудал болж хувирсан. Үүний дараа компаниуд ба бизнесийн нөлөөллийн судалгааг хийсэн. Энэ судалгааг гурван сард УИХ, байнгын хорооны дарга нар, Монголбанкинд мөн танилцуулахын сацуу таван багц нийт 21 саналыг хүргүүлээд байна. 

Одоогоор Засгийн газар, Монголбанкны зүгээс мөнгөний бодлого талаас нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ тухай бүрэн мэдээлэл арилжааны банкуудад очоогүй байна гэдэг бухимдал нийгэмд үүсчихлээ. Бусад улсын жишээг харж байхад төрийн бодлого нь нэгдмэл байдлаар гарч байна. Харин манайд гарсан төрийн шийдвэр нь албажиж арилжааны банкуудад очоогүйгээс болж харилцагчийн төвшинд гомдол үүссэн. Иймээс асуудлыг багцаар нь харж шийдвэр гаргах шаардлагатай байна. Танхим ажилгүйдэл, ноолуур, эрүүл мэнд зэрэг таван багц судалгааг хийж УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн боловч хямралтай холбоотой асуудлыг багцаар нь шийдсэн зүйл одоогоор алга. 

McKinsey судалгааны институт коронавирустай холбоотой есөн янзын таамаглал гаргаж гурван сард танилцуулсан. Өөдрөг хувилбараар энэ оны эхний хагасын сүүлээр Хятад, оны сүүлээр АНУ, 2021 оны Европын эдийн засаг сэргэхээр тооцоолсон. Гутранги төсөөллөөр энэ сэргэлт 2022, 2023 он руу шилжинэ. Коронавирустай холбоотой эдийн засгийн нөхцөл байдлыг таамаглах боломжгүй болчихоод байна. Иймээс дэлхийн улс орнууд яаралтай арга хэмжээнүүдийг авч, холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулж, дайны үеийн эдийн засгийн удирдлага руу шилжиж байна. АНУ 2.1 ихнаяд ам.долларыг эдийн засагтаа оруулахын сацуу олон хуулиндаа өөрчлөлт орууллаа. Хямралтай холбоотой саналаа бид төрийн байгууллагуудад уламжлах үед хуулиар хориотой, хуулиар энэ арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг хариуг өгдөг. Энэ асуудлаар бизнесийн холбоод хэд хэдэн удаа уулзаж, холбогдох хуулиудыг нь урьдчилаад өргөн барих тухай хэлэлцсэн. 

Засгийн газар мэдэгдэл хийж, НДШ, хүн ам ба аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ноолууртай холбоотой авах арга хэмжээгээ зарласан. Энэ шийдвэрийн нөлөөллийг бид судалсан. Анхаарах, зайлшгүй ярилцах зүйлс энд байна аа. Энэ шийдвэр гол байгаа онож чадаагүй. Шулуухан хэлэхэд сонгууль зориулсан шийдвэр болсон. НДШ-ийн санал нь цөөн хэдхэн хүнийг хамрахаар байна. Ихэнх аж ахуйн нэгжүүд ажлын байраа хэдийнэ цомхотгосон. Бид 1500 компанийн дунд судалгаа хийхэд 33% нь хэдийнэ цомхотгол хийсэн төдийгүй нэмж ажлын байраа цомхотгоход бэлэн байсан. Хямралын үеэр эхэлж эмзэг бүлэг, дараа нь эмзэг бүлэг рүү шилжиж орох эрсдэлтэй бүлэг рүүгээ бодлого, үйл ажиллагаагаа хандуулах ёстой. Ийм үе шаттай арга хэмжээ авахын оронд хоёр туйл дээр нь асуудлыг зангидаж, дундын буюу ЖДБ, хөнгөн үйлдвэрийн салбар, бичил бизнесүүдийг тэр чигт нь ажилгүйдэл рүү түлхэхэд бэлэн болгосон. 

Бид ноолуурын салбарын иж бүрэн судалгаа хийсэн. Итали улс самнасан ноолуурын гол худалдан авагч. Өнөөдрийн байдлаар Итали ноолуур худалдан авч боловсруулах боломжгүй болсон. Өнгөрсөн онд үнэ нь огцом унасан ноолуур бэлтгэгчдэд одоо хөнгөлөлттэй зээл өгөөд тогтмол үнээр ноолуурыг нь худалдаж авах гэж байгаа бол энэ нь ноолуурын салбарыг дампууруулах эрсдэл рүү түлхэнэ. Иймээс аливаа шийдвэрийг судалгаа, нотолгоон дээр үндэслэн, эхлэл төгсгөлтэй, системээр нь харж гаргах шаардлагатай байна. Эс бөгөөс төрийн гарч байгаа шийдвэрүүд үр дүнгүй байх болно. Асуудлаа тойроод төр, хувийн хэвшлийнхэн сайн ярилцахгүй бол нөхцөл байдал асар хүнд байна шүү гэдгийг хэлмээр байна. 

Б.Бямбасайхан: Нөхцөл байдал маш хүнд байна. Дэлхийн эдийн засаг сэхээнд байна гэж судлаачид дүгнэж байна. Иймээс уламжлалт буюу өмнө нь хэрэглэдэг байсан эдийн засгийн аргууд өнөөдөр ажиллахгүй нь ээ. Өөрөөр хэлбэл, сэхээнд байгаа хүнийг ханиадны эмээр эмчлэх боломжгүй. МҮХАҮТ судалгаануудыг тогтмол сайн хийж байна. Статистикийн мэдээ хоцорч гардаг бол бид ажлын байр, бизнес, цомхотголын талаар бодит цагийн мэдээлэлтэй байгаа. Энэ судалгаан дээр үндэслэн саналаа бид хамтарч гарган Засгийн газарт танилцуулаад явж байна. 

Гадаадын хөрөнгө оруулалт тэг дээр очих нь. Энэ нь зөвхөн Монголд биш бүх улсуудад адилхан тулгарч буй бизнес, эдийн засгийн сорилт боллоо. Монголд хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүд гаднаас бараа, материалаа татаж авч чадахгүй, хил хааснаас болж мэргэжилтүүд нь ирж чадахгүй болсноос төслүүдийн хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Улам хүнд нөхцөл байдал бидний хүлээж байна. Иймээс хоёр, гурван сарын дараах асуудал чухал ч гэсэн дунд, урт хугацааны дараах бизнесийн нөлөөг тооцсон шийдвэр хэрэгтэй. Бизнесийн нөхцөл байдал гурван сарын дараа улам хүндрэнэ. Учир нь дэлхийн эдийн засгийн өсөлт хасах утга руу орж, доошоо хэр үргэлжлэн унахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Ийм ойлгомжгүй, хүнд нөхцөлд бид ажиллаж байна. Энэ нөхцөлд бизнесийн байгууллагууд яах аргагүй төр рүүгээ хандахаас өөр аргагүй. Иймээс төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь өнөөдөр хамгийн чухал асуудал болсон. 

Х.Алтай: Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал магадгүй дэлхийн хоёрдугаар дайнаас хойших эдийн засгийн хамгийн хүнд үзэгдэл болж байна. Монгол Улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг. Коронавирусаас болж манай нүүрсний экспорт тасалдаж, зэсийн үнэ уналаа. Улсын төсөвлөсөн орлого тасарч, экспорт зогсож байгаа үед оны эцэст манай эдийн засагт маш хүндээр нөлөөлөх нь дамжиггүй. Хөл хориотой холбоотой байгууллагууд сул зогсолт хийж байна. Ажилчиддаа цалинтай, цалингүй чөлөө өгөхөөс гадна цомхотгол хийгээд эхэлсэн. Улмаар иргэд орлогогүй боллоо. 

Оны сүүл гэхэд ам.долларын ханш ямар болох нь тодорхойгүй байна. Иймээс энэ хямралд бэлдэх том төлөвлөгөө яаралтай хэрэгтэй байна. Энэ хямрал хөрөнгийн зах зээлд нөлөөгөө үзүүлээд эхэлсэн. Монголын хөрөнгийн бирж дээр хийгдэх гэж байсан хоёр ч IPO тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Түүнчлэн манай хөрөнгийн биржийн индекс даруй 10 гаруй хувиар уначихлаа. Энэ мэт сөрөг нөлөө нэлээд байна. 

А.Билгүүн: Би хоёр зүйл тодотгож хэлмээр байна. Манай экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр огцом унаад эхэлсэн. Коронавирусын тархалттай холбоотой манай төдийгүй Хятадын экспортын бүтээгдэхүүнийг авдаг улс орнуудыг хэрэглээ сулрах эрсдэл үүссэн. Эсрэгээрээ, хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн чиглэлд хэрэглэгддэг эрдэс бүтээгдэхүүнийн үнийг унагаж, оронд нь хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглагддаг алт, мөнгө, зарим нэг газрын ховор элемент зэрэг үнэт металын үнэ чангарах төлөвтэй байна. Үүнийг манай бодлого боловсруулагчид хөрөнгө оруулалтын орчноо сэргээх төлөвлөгөөндөө бодож оруулж байгаа гэдэгт найдаж байна. Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн бүх улс, компаниуд богино хугацааны өр төлбөр, төлбөрийн чадвараа хэрхэн сайжруулах, яаж тогтвортой барих вэ гэдэг толгойны өвчинтэй тулсан. Хөрөнгө оруулалт бараг тэг цэг дээрээ хүрчихлээ. Монголын эдийн засгийн тогтвортой өсөлт урт хугацааны гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг. Дунд хугацаанд энэ үзүүлэлт найдвар муутай болчихлоо. 

В.Ганзориг: Засгийн газрын тэргүүн эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгж, иргэдийг дэмжихэд 5.1 их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдлээ. Энэ дээр та бүхэн байр сууриа илэрхийлнэ үү.

О.Амартүвшин: Нийт долоон арга хэмжээ хэрэгжүүлэхээ зарласан. Дээр хэлсэнчлэн НДШ-ийн хөтөлбөр нийтийг хамарч чадахгүй. Бидний судалгаанд хамрагдсан байгууллагууд буюу хямралд өртсөн компаниуд хэдийнэ ажлын байраа цомхотгосон. Эрчим хүч, мэдээллийн технологи, хүнс зэрэг салбаруудад энэ хөтөлбөр тус дэм болох нь дамжиггүй. Нийт 700 мянга гаруй НДШ төлөгч байдаг гээд тооцвол энэ хөтөлбөр дээр ярих зүйл нэлээд бий. Ноолуурын 300 тэрбум төгрөг хэрэгжихэд хэцүү. Малчдын гар дээр л очиж таарна. Яг ноолуурын компаниудад бодит дэмжлэг болж чадах эсэх дээр асуудалтай. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унахад дотоодын үнэд өөрчлөлт орох ёстой. Салбарыг дэмжиж буй санаачилга нь сайхан боловч үр дүн багатай болох вий гэж санаа зовж байна. Үүний оронд өнөөдөр хориглосон байгаа махны экспортоо Улаан сайд цуцлах хэрэгтэй. Ингэвэл бараг 300 сая ам.долларын орлого орж ирэх боломжтой. Дулааны аргаар боловсруулсан 13 мянган тонн мах, лаазалсан бүтээгдэхүүн Хятад, Орос руу экспортлоход бэлэн байна. Валют олж болох бүх боломжуудыг төрөөс дэмжмээр байна. 

Одоо газар тариалангийн улирал эхэлж байна. Саяны хөтөлбөрөөр энэ салбарыг дэмжих бодлого зарласан бол маш сайн байх байлаа. Хүмүүс хүнсээ нөөцөлж, экспортод гаргах бүтээгдэхүүнээ хязгаарлаад эхэлсэн. Хятад цагаан будаагаа нөөцөлж буйтай холбоотойгоор Вьетнам цагаан будааны экспортоо зогсоолоо. Дэлхийн улсууд хямрал үргэлжлэх хугацааг хамгийн багадаа нэг жил, цаашилбал 18 сар гэж тооцоолж байна. Бидний судалгаагаар манай гол нэрийн эм тасалдах эрсдэл үүссэн. Улс орнууд эмийн экспортоо зогсоогоод эхэлсэн. Тулаад байгаа асуудлаа иж бүрнээр нь харахгүй, шүд сугалах байдлаар аргацаасан шийдвэр гаргах нь үүсэн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Хямралд өртсөн, асуудалд орсон аж ахуйн нэгжүүдээ онилж байгаад арга хэмжээ авсангүй. 

5.1 ихнаяд төгрөгийн хөтөлбөр үнэхээр их маргаан дагуулж байна. Энэ бол манай төсвийн орлогын бараг 50 хувь. ЖДҮ, бичил бизнесийн ажлын байрыг дэмжсэн зээл хангалттай гаргахгүй, банкинд эх үүсвэр олгохгүй бол асуудал улам хүндэрнэ. Өнөөдөр 26 мянган зээлдэгчийн 2.5 ихнаяд төгрөгийн зээл асуудалтай болсныг Монголбанк мэдээллээ. Энэ мөнгийг дахин санхүүжилт хийх, зээлийн хүүг нь төр хариуцах замаар шийдэхээс өөр аргагүй. Энэ мэт саналуудаа бид багцаар нь Засгийн газарт хүргүүлсэн байсан. Гурван сарын дараа үүсэх хүндрэлийг өнөөдөр зөөлөн байдлаар шийдэх боломж уг нь байгаа. 

Б.Бямбасайхан: Төр бодлогоо танилцууллаа. Энэ бодлого амьдрал дээр яаж хэрэгжих вэ гэдэг дээр маш олон асуултыг компаниуд тавьж байна. Жишээ нь, том ба жижиг компанийн ялгааг хэрхэн тодорхойлох, аж ахуйн нэгжээс гадна төрийн бус байгууллагууд энэ хөтөлбөрт ажил олгогчийн хувиар орох ёстой эсэх гэх мэт. Дээр хэлсэнчлэн сэхээнд байгаа хүнийг ханиадны эмээр эмчлэхгүй. Төр засаг албан ёсны статистик мэдээллүүд дээр тулгуурлан шийдвэрээ гаргадаг. Гэхдээ энэ төрлийн мэдээ байнга хоцролттой гардаг. Эдийн засгийн нөхцөл байдал коронавирусын тархалттай адил өдөр бүр өөрчлөгдөн муудаж байна. Хоцрогдолтой мэдээлэл дээр суурилсан шийдвэр өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил болно. 

2020 оны дэлхийн эдийн засгийн төсөөлөл, эрэлт ба нийлүүлэлтийн тооцоолол дээр суурилан эдийн засгийн өсөлтийг тооцоолж байгаад Монгол Улсын төсөв ба мөнгөний бодлого батлагдсан байх учиртай. Тэр тооцооллууд одоо бүгд өөрчлөгдсөн. Энэ бүх өөрчлөлтийг дахин тооцож байж төсөв, мөнгөний бодлогоо уялдуулахгүй бол болохгүй нь ээ. Хөгжингүй орнууд шиг хөрөнгө, мөнгөний эх үүсвэр сайтай байсан бол нэг хэрэг. Гэтэл бидний нөхцөл байдал, эх үүсвэр хязгаарлагдмал хэвээрээ байгаа. Компаниуд бүсээ чангалж, хэмнэлт гаргахыг хичээж байхад Засгийн газар ч гэсэн адил нөхцлөөр ажиллах ёстой. Ингэж чөлөөлсөн эх үүсвэрээ шаардлагатай байгаа хувийн хэвшил руу оруулах хэрэгтэй. Ингэж чадвал хүндрэлийг арай хөнгөн давах нэг арга болно. Энэ мэтээр бодлогуудаа уялдуулах хэрэгтэй байна. Төр тэвчиж болох зардлуудаа нэн тэргүүнд танах ёстой. 

Х.Алтай: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт цагаа олсон алхам гэж би бодож байна. Гэхдээ нөгөө талдаа зах зээлд мөнгө оруулах хэрэгтэй. Бусад орны засгийн газар зээл батлах даалтаас гадна иргэдийн гар дээр шууд бэлэн мөнгө тарааж байна. Монголын хувьд ийм боломж нь хязгаарлагдмал ч гэсэн хөрөнгийн зах зээлээ ашиглавал тодорхой хэмжээний арга хэмжээг авах боломжтой. Тухайлбал, Эрдэнэс Таван Толгой компанийн ногдол ашгийг тавдугаар сарын нэгнээс эхлэн тараах шийдвэр гарсан. Энэ нь 200 орчим тэрбум төгрөг иргэдийн гар дээр очно гэсэн үг. 1072 ширхэг хувьцааг 2012 онд Монгол Улсын бүх иргэнд тараасан. Энэ хувьцаа өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй. Энэ хямралын үеэр 1072 хувьцааны тодорхой хувийг нь амь оруулж, Хөрөнгийн бирж дээр арилжаалах эрхийг нь нээж өгвөл иргэд хувьцаагаа борлуулах замаар тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг нэмж гар дээрээ авах боломжтой болно. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 933 төгрөг байгаа. Зах зээлийн үнэ нэрлэсэн үнээсээ унавал компани нь өөрөө хувьцаагаа халааслах замаар хувьцааны үнээ тогтвортой байлгах боломжтой гэж үзэж байна. 

Би яагаад үүнийг онцолж яриад байна вэ гэвэл энэ хямралын үеэр эдийн засагт мөнгө оруулах шаардлагатай. Иргэдээр дамжуулан үйлчилгээ, худалдааны салбарт мөнгө оруулах хэрэгтэй болсон. Эрдэнэс Таван Толгойн ногдол ашгийг тараахаас өмнө эсвэл тараахтай зэрэгцүүлэн 1072 хувьцааг амь оруулж чадвал уг компани өөрөө сонгодог утгаараа хувьцаат компани болохоос гадна хувьцааны үнэ зүй зохистой тогтох бололцоотой болох юм. 

А.Билгүүн: Зэсийн үнэ унаж байна, нүүрс хангалттай хэмжээний экспортоо хийж чадахгүй байна. Өнгөт металын салбар үндсэндээ зогслоо. Компаниудын зах зээлийн үнэлгээ уурхайн өртгөөс нь доошоо ороод уначихлаа. Сая Засгийн газраас зарласан эдийн засгийг дэмжих хөтөлбөрт уул уурхайн салбарыг онцгойлсон зорилтот зүйл заалт байсангүй. НДШ-тай холбоотой заалт тухайн компанид учирч буй санхүүгийн дарамтыг арилгах хэдий ч урт хугацааны нөлөөг тооцвол эрдэс баялгийн үнэ унасан байгаа энэ үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлбэл уул уурхайн салбарын ажлын байрыг хадгалахад бодит түлхэц болно. Уул уурхайн салбар 50 мянган хүнийг ажлын байраар хангаж, 50 мянган гэр бүлийг шууд тэтгэдэг. Товчхондоо, одоогийн байдлаар манай салбарт үзүүлж буй дэмжлэг гэх зүйл төр засгийн зүгээс байхгүй байна.

В.Ганзориг: Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой улсын төсөвт тодотгол хийх шаардлага бодитой үүссэн үү?

О.Амартүвшин: Тодотгол зайлшгүй хийгдэж таарна. Бид өнгөрсөн онд 36 сая тонн нүүрс экспортолсон. 2020 онд 42 сая тонныг гаргана гэж төсөвлөсөн. Энэ орлого тасалдана. Зэсийн үнэ унасан тул энэ орлого ч бас тасрана. Аж ахуйн нэгжийн татвар, НДШ төлөлт тасалдана. Энэ оны эхний хоёр сарын статистикаар НӨАТ болон бусад татвар хураамжийн орлого 25%-иар буурсан байна. Орлого ингэж их тасалдаж байгаа тул төсвийн тодотгол хийх нь зайлшгүй. Оны өмнөхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжээ нэмсэн. Энд дахиад зөрүү үүсч таарна. 

Төсвийн бодлого, хөрөнгө оруулалт, ажлын байраар дамжуулан иргэдийг орлоготой байлгах бодлого зөв. Үүнийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ дунд үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардлууд байна. Энэ зардлуудыг танаж, суларсан эх үүсвэрээр нь ажлын байрыг дэмжсэн хөнгөлөлттэй зээл болгох шаардлагатай. Мөнгө, төсвийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ ингээд дэмжээд өгвөл эдийн засгийн хямрал, эрсдлийг хүндрэлтэй багатай давах боломжтой гэдэг саналыг бид удаа дараа гаргаад байгаа. Төсвийг хүссэн хүсээгүй тодотгоно. Өөр арга байхгүй. Энэ Засгийн газар тодотгодоггүй юм гэхэд сонгуулийн дараа шинэ Засгийн газар заавал тодотгоно. Онош тодорхой байхад арга хэмжээ авч чадахгүй бол хүндэрсний дараа эдийн засагтаа мянга мөнгө цутгаад нэмэргүй шүү. 

Дөрвөн сараас Монголын улирлын шинж чанартай ажлууд эхэлдэг. Тухайлбал, газар тариалан, уул уурхай, зам, барилга гэх мэт. Гэтэл одоо эдгээр бизнесүүд эхлэхээргүй дүр зурагтай болчихлоо. Сул зогсолтын улмаас олон хүн ажилгүй, орлогогүй болж байна. АНУ-ын дундаж аж ахуйн нэгж 27 хоногийн санхүүгийн нөөцтэй байна. Манай аж ахуйн нэгжүүд үүнээс бага хоногийн нөөцтэй байгаа. Засгийн газар бодит нөхцөл байдалтай нүүр тулж, шийдэмгий арга хэмжээнүүдийг авмаар байна.

Б.Бямбасайхан: Ажилгүй болсон хүний татварыг чөлөөлөх, дампуурсан компанийн НӨАТ-ыг хөнгөлөх нь утгагүй. Ийм нөхцөл байдалд оруулахгүйгээр хэрхэн хүндрэлийг давах вэ гэдэг нь чухал асуудал. Энэ хүндрэл хэр удаан үргэлжлэхийг нь мэдэхгүй учраас хаа сайгүй бүгдээрээ сандраад байна. Төсөв хийхдээ тухайн үеийн нөхцөл байдал, таамаглал, тооцоо, төлөвлөгөө дээр суурилсан хийсэн байж таарна. Энэ тоо, тооцоолол өөрчлөгдсөн нөхцөлд төсвийн тодотгол зайлшгүй хийгдэж таарна. Санхүүгийн тусламж шаардлагатай байгаа компаниуд дээрээ төвлөрөн ажиллах, эдгээр бизнесийн салбартай холбогдуулж төсөв, мөнгөний бодлогоо уялдуулахгүй бол ердийн үед хэрэглэгддэг хууль эрх зүйн орчин, эдийн засгийн бодлогын хэрэгслүүд ажиллахгүй байна. 

Дайны үеийн нөхцөл байдалтай адилтган зарим улс орнууд энэ хүндрэлийг тодорхойлж байна шүү дээ. Эдгээр улсууд эдийн засгийн онол, улс төрийн чиг баримжаагаа орхиод түүхэнд хэрэгжүүлж байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч байна. Зарим улсууд шууд мөнгө хэвлэн тарааж эхэллээ. Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр болж байна. Ийм нөхцөлд хүн бүр, компани болгон санхүүгийн хариуцлагатай байж гэмээнэ хүндрэлийг хамтдаа давах болно. 

А.Билгүүн: Манай төсвийн зардал дотор асар их хэмжээний мөнгийг хэмнэж болохоор байна. Тухайлбал, суманд хөшөө босгох, шинэ соёлын төв барих гэх мэт цаашдаа ямар ч эдийн засгийн үр өгөөжгүй зүйлс мөнгө зарцуулдаг. Үүний оронд Дарханы замыг засах хятад инженерүүдийг оруулаад ирсэн бол олон монгол иргэд ажилтай, орлоготой золгох байлаа. Энэ мэт шийдвэр гаргах цаг үетэй манай шийдвэр гаргагчид, бизнесийн салбарынхан тулж ирлээ. 

Дэлхийн улс орнууд стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний экспортондоо хяналт тавьж, зогсоож, нөөцөлж эхэлж байна гэдэг нь эдийн засгаараа улс орнууд, бүс нутаг хоорондоо өрсөлдөж эхэлсэн гэсэн үг. Монгол Улс энэ өрсөлдөөнд яаж орох, бидний стратегийн бүтээгдэхүүн, нөөц боломж юу вэ гэдгээ судлан тогтоож, эдгээр салбаруудтайгаа тулж ажиллах хэрэгтэй байна. Олон улсын валютууд үнэ цэнээ алдаж эхэлж байна. Зөрөөд үнэт металын үнэ өсөөд эхэллээ. Уул уурхайн үндэсний ассоциацийн хувьд алтны салбарыг тодотгож байгаа. Алтны нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн өрсөлдөх чадвараа Монгол Улс хадгалах боломжтой.

Х.Алтай: Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг дэлхий даяараа мэдэхгүй байна. Их Британийн засгийн газар дор хаяж 6 сар гэж тооцож байгаа бол АНУ хоёр ихнаяд ам.доллар буюу түүхэнд байгаагүй их мөнгийг эдийн засагтаа орууллаа. Монгол Улсын хувьд эдийн засгийн ач холбогдол бүхий гол салбар, төслүүдээ тодорхойлж төвлөрч ажиллах хэрэгтэй болов уу. Үнэт металын нөөцөө өсгөхөөс гадна ямар аргаар, ямар төслүүдээ хөдөлгөж валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтойг тодорхойлох онцгой байдлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй. 

В.Ганзориг: Энэ цаг үед та бүхэн төр ба хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн холбоодын хамтын ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

О.Амартүвшин: Бид олон удаа санал хүргүүлж, уулзалтууд зохион байгуулж байна. УИХ-тай маш сайн хамтран ажиллаж байгаа. Монголбанк асуудлыг түргэн шуурхай шийдэх дээр анхаарч ажиллаж байна. Ийм нөхцөлд улстөржихгүйгээр, намууд нь зөвшилцөлд хүрч хамтран ажиллаж байгаа нь бусад улс орнуудын жишээнээс харагдаж байна. Хамтарч ажиллаж байж гэмээнэ асуудлыг шийдэх боломжтой гэдэг ойлголт руу дэлхий явж байна. Бизнесийн холбоод нэгдэлд хүрсэн. Бид хоорондоо тогтмол мэдээлэл солилцож, асуудлаа сайн ойлголцож байгаа. Улс төрийн намуудыг хямралтай холбоотойгоор үндэсний зөвшилцөлд хүрээч ээ гэж хэлмээр байна. 

Засгийн газар өнөөдрийг хүртэл бидэнтэй нээлтэй байдлаар хамтран ажиллаж чадахгүй байна. Саналаа удаа дараа хүргүүлж, 10 гаруй бизнесийн холбоод, ТББ-ууд уулзах хүсэлтээ өгсөн ч ямар нэгэн хариу байхгүй. Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшинд бид санаа, санаачилгуудаа хүргүүлсэн. Энэ нөхцөлд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх гол институци бол Засгийн газар. 5.1 ихнаяд төгрөгийн эх үүсвэрийг гаднаас зээлэх байх. Энэ босгосон мөнгийг зөв зүйлд зарцуулах, байгаа зөв онохын тулд төр ба хувийн хэвшил, улс төрийн намууд зайлшгүй хамтран ажиллах ёстой. Тоо худлаа ярьдаггүй. Иймээс бүгдээрээ хамтран ажиллая, нэгдэе гэж дахиад уриалж байна. 

Б.Бямбасайхан: Бизнесийн салбар нэг сая хүнийг ажлын байрыг хангадаг. Энэ нэг сая хүнийг төлөөлдөг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн бизнесийн холбоод хамтран судалгаа хийж, санал шийдлээ Засгийн газарт хүргүүлсэн. Энэ бол бодитой саналууд. Компани, аж ахуйн нэгжүүд бүх зовлон, жаргалыг газар дээр нь амсаж мэдэрдэг. Энэ саналуудыг анхааралтай судалж арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал ирээдүйд улам хүндэрнэ. 

Х.Алтай: Бид саяхан хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд болох Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, бусад байгууллагуудтайгаа хамтран уриалга гаргасан. Энэ уриалгаар асуудлуудаа тодорхойлохоос гадна шийдлүүд гарган, үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжтойг дурдсан. Тухайлбал, хямралын үед хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх, 1072 хувьцааг амь оруулах, Эрдэнэт Таван Толгой компанийг эдийн засгийн бодитой эргэлтэд оруулах гэх мэт. Одоо бид холбогдох байгууллагууд хариуг нь хүлээж байгаа.

А.Билгүүн: Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээн дотор Уул уурхай ассоциациас авсан санал, зөвлөмж байхгүй. Компани хоорондын мэдээллийн шугамаар ажиллаж байх шиг байна. Зээлийн хүүтэй холбоотой маргаан гарч, энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, банкууд дээр асуудал гарсан. Дараагийн хөтөлбөр нь зарлагдлаа. Дахиад л хэрхэн хэрэгжих нь тодорхой бус. Эндээс юу гэж уриалмаар байна гэхээр Засгийн газар, бодлого боловсруулагчид маань аливаа хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийг идэвхтэй оролцуулаач, гарц гаргалгаагаа цугтаа бодож баймаар байна гэж хэлмээр байна. 

В.Ганзориг: Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гадны банк Монгол Улсад орж ирэх ёстой, ёсгүй гэдэг маргаан сошиал медиа дээр сүүлийн өдрүүдэд идэвхтэй явж байна. Энэ тал дээр та бүхний байр суурийг мэдмээр байна.

О.Амартүвшин: Улс төрийн хувьд тогтворгүй, өндөр эрсдэлтэй улсад гадны банк, хөрөнгө оруулагч орж ирээд амжилттай ажиллах нь юу л бол. Манай инфляци 6.5%, төгрөгийн ханш гээд бодвол ямар ч банк орж ирсэн бай маш бага хүүтэй зээл өгөх боломжгүй. Мэдээж өрсөлдөөн сайжран, зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, том төслүүдэд дэм болно. Энэ бол хэрэгтэй, үүнийг бид ойлгож байгаа. Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдал, хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал. Гадны банк орж ирэх эсэх нь энэ олон асуудлын зөвхөн нэг нь. Хөгжлийн банк уг нь 20 тэрбум төгрөгөөс дээш төслүүдийг санхүүжүүлэх ёстой. Эх үүсвэр нь хангалттай байхаас гадна ийм хэмжээний төслүүдийг сонирхож хийдэг компаниуд нь цөөн байна. Гадны банк байх ёстой гэдэг дээр бид ямагт тийм гэж хэлж байгаа. Гэхдээ асуудлыг олон талаас нь харах ёстой. 

Б.Бямбасайхан: Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгт, манай зах зээлийн багтаамжийн тухай. Таван литрийн сав руу 10 литр ус асгахад юу болдог билээ гэдгийг бид бодох ёстой. Хоёрт, бодит хямралтай тэмцэхийн оронд өөр сэдэв руу хадуурч улстөржин талцаж цаг алдах хэрэгггүй. 

А.Билгүүн: Гадны банк орж ирэхэд миний харж байгаагаар нэг давуу тал үүснэ. Олон улсын санхүүгийн зах зээл асар хатуу хяналттай болчихлоо. Монгол Улс саарал жагсаалтанд байгаа. Саарал жагсаалтад байгаа шалтгаан нь бид дотроо гүйлгээгээ бүрэн хянаж, харилцагч нараа таньж чадахгүйтэй холбоотой. Үндэстэн дамнасан банкууд нээлттэй, хяналттай, бас хариуцлагатай ажилладаг. Ийм жишиг стандарт Монголд ороод ирвэл манай банк, санхүүгийн салбарт эерэгээр нөлөөлнө.

Х.Алтай: Харилцагчийн хувьд хамгийн чухал зүйл бол хямд өртөгтэй мөнгө байдаг. Гэхдээ өмнө хэлсэнчлэн Монголын эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн ханш ийм байхад гадны банк орж ирээд хямд өртөгтэй санхүүжилт олгож чадах уу гэдэг асуулт байгаа. Одоо байгаа зээлийн хүүгээс бага хүүтэй эх үүсвэр бий болох нь л манай бизнесүүдэд хэрэгтэй. 

Ч.Ганхуяг: Сая нийгмийг нэг хэсэг бужигнуулсан зүйл бол банкны реформтой холбоотой асуудал байлаа. Энэ талаар би цуврал нийтлэл бичих болно. Гадны банк гэхээр бид оруулж ирэхгүй, тэд орж ирэх гээд байгаа мэт ташаа ойлголтууд яваад байна. Ийм дохиог нийгэмд өгч болохгүй. Шаардлага хангасан банк мөнгөө байршуулаад Монголд орж ирэх бүх нөхцөл бүрдсэн байгаа. Асуудлын гогцоо нь Хятадын төрийн өмчит банкинд байгаа юм. Тэд хүсэлт гаргасан байгаа. Энэ бол эдийн засаг гэхээс илүү улс төрийн асуудал. Хятадын хямд мөнгө орж ирээд хэнийг дэмжих вэ? Хятадтай хамтарсан, тэдний эрх ашигт нийцсэн төслүүд нь санхүүжилт аваад, яваандаа эдгээр бизнесүүд Монголын бизнесменүүдтэй өрсөлддөг болох нь буруу гэдэг байр суурийг илэрхийлж байна. Өөр улсын төрийн бодлого манай явбал бид араа даах уу гэдэг асуудал байгаа юм. 

Гадны мөнгө орж ирсэн ч төгрөгөөр зээл олгоно. Төв банкны бодлого энд үйлчилнэ. Бодлогын хүү 10 хувь, инфляци 8-10 хувийн хэлбэлзэлтэй нөхцөлд яаж хямд төгрөгийн зээл өгөх юм бол? Яг адил суурь нөхцөл үйлчилж байхад гадны банк яагаад бидэнд жилийн 3 эсвэл 4 хувийн хүүтэй зээл өгнө гээд байгааг ойлгохгүй байгаа юм. Бид мэдээж хямд мөнгө оруулж ирэхийн төлөө байгаа. Үүний төлөө насаараа ажиллаж байна. Нөгөө талдаа 1072 хувьцаа амь орвол гадаад, дотоодын том, жижиг хувьцаа эзэмшигчид орж ирэн, Монголын хөрөнгийн зах зээл хэд дахин томроно. Хямралын үед Хөрөнгийн бирж гүйлгээний шимтгэлээ тэглээд, хувийн хэвшил нь энэ зардлыг даагаад цаашаа явбал зүгээр. 

В.Ганзориг: Монголын хөрөнгийн бирж бүрэн эрхийнхээ хүрээнд он дуусталх хугацаанд бүх шимтгэлээ тэглэх боломжтой юу?

Х.Алтай: Хөрөнгийн зах зээлийн онцлог, бүтцийн тухай хэлмээр байна. Олон улсын хөрөнгийн биржүүд групп байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь, арилжаа хариуцсан клиринг, мэдээллийн технологийн компаниуд нь нэг группт харъяалагддаг. Биржийн гол орлого нь клиринг, мэдээлэл борлуулсан, шимтгэлийн орлогууд байдаг. Монголын хөрөнгийн биржийн бүтэц өөр байдаг. Шимтгэл буулгах тухай Ганхуяг захирлын хэлсэнтэй би санал нэг байна. Монголын хөрөнгийн зах зээл дээр шимтгэл өндөр байгаа нь үнэн. Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа дэд бүтцийн байгууллагууд бүгд төрийн өмчит компаниуд. Үүнээс үүдээд давхардал, нүсэр бүтэц үүссэн. 

Манай байгууллагын зүгээс хувь нийлүүлэгч болох Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагууддаа хандан уриалга гаргасан. Хямралын үед хөрөнгийн зах зээлийн өртгийг бууруулах хэрэгтэй. Данхар бүтцээ багасгаад, бусад шимтгэл хураамжуудыг байхгүй болгох замаар өртөг буулгах зайлшгүй шаардлага байгаа. Эрдэнэс Таван Толгойн хувьд олон улсын IPO-г хүлээхгүйгээр иргэдэд олгосон хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг дахин хэлмээр байна. 

Ч.Ганхуяг: Үүнээс гадна миний хүсээд байгаа зүйл хувийн тэтгэвэрийн санг ажиллуулах цаг нь болсон. Нийгмийн даатгалын санд хуримтлагдаж байгаа мөнгө Монголын хөрөнгийн бирж руу орох ёстой. Ийм удирдлагыг зөв цагт нь хийж чадвал хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сэргээх төдийгүй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ашигтай байдал руу ч шилжүүлэх боломжтой. Улаанбаатар хотын худалдааны танхимын гаргасан зарим саналууд Ерөнхий сайдын мэдэгдэлд багтсан. Үүнд бизнесүүд талархалтай хандаж байгаа. Одоо бизнесүүд том, жижиггүй, салбар хамаагүй нэг талдаа гарч байгаад Танхимын хуулиа батлуулж авах хэрэгтэй. Сонгууль дөхөж буй энэ үед улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хувийн хэвшил бид дуу хоолойгоо заавал оруулах ёстой. Улстөрчид эхнээсээ болох, болохгүй юмнууд амлаад эхэллээ. Бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгаа унагахгүй байх мөрийн хөтөлбөр намууд дэвшүүлэх ёстой. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа бизнесийн холбоодын саналыг авч, хувийн хэвшлийн шүүлтүүрээр оруулаач ээ гэж тэднээс хүсч байгаа. 

В.Ганзориг: Танхимын хуулийн явцын талаар мэдээлэл өгнө үү Амартүвшин ерөнхийлөгч өө!

О.Амартүвшин: Өнгөрсөн оны сүүлээр бид хуулийн гол санаагаа босгоод авсан. Хуулийн фирм хөлслөөд дэлхийн бусад улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хууль ямар байдаг, манай нөхцөл байдал хэр байна, хаана алдаа, зөрүү гарч буйг харьцуулаад, хуулийн төслөө бэлэн болгосон. Хаврын чуулганаар оруулахаар ярьж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас болж хойшлох магадлалтай боллоо. Хуулийн төслийг МҮХАҮТ-ын цахим хуудас дээр нийтэд ил байршуулсан. Та бүхэн татаж аваад, уншаад саналаа өгч болно. 

Энд бизнесийн холбоодын удирдлагууд сууж байна. Гэвч асуудлыг төртэй ярих бидний төвшин хангалтгүй. Саналаа боловсруулаад төр засагт өгөхөөр эд нар нэг ТББ гэдэг үүднээс ханддаг. Олон удаа ингэж ярьж байгаа. Монголд өнөөдөр 17 мянган ТББ байна. Үүнээс 8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид эдгээр байгууллагын нэг нь. Бусад орны Худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд гишүүнчлэл нь албан ёсны, бодлого нь төрд шууд хүрдэг, бас нөлөөлдөг. Энэ олон компаниуд татвар төлдөг. Тэр утгаараа ядаж улсын төсөвт хяналт тавих ёстой. Танхим төсвийн тухай хуульд улаан хуудас өгвөл тэр хуулийг хэлэлцдэггүй, ногоон хуудас өгвөл шууд цаашаа явдаг, шар хуудас өгвөл төр, хувийн хэвшил хэлэлцээр хийдэг, харилцан бие биенээ хянадаг систем гадны улсад үйлчилдэг. 

Өнөөдөр Монголд хувийн хэвшлийн нэгдмэл байдал гэдэг зүйл алга болжээ. Тиймээс мэргэжлийн танхим байгуулах тухай цоо шинэ саналыг дэвшүүлж байгаа юм. Тухайлбал, уур уурхай, барилга, эрүүл мэнд, боловсрол, хөрөнгийн зах зээлийн танхим гэх мэт. Эдгээр танхимууд тухайн салбарынхаа бодлогыг хэрэгжүүлдэг, үнэлгээ хийдэг, зөвлөгөө өгдөг, сургалт зохион байгуулдаг байх. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын чиг үүргүүдийг мэргэжлийн танхимууд руу шилжүүлнэ гэсэн үг. Улсын байгууллагын хандлага эрс өөр байдаг. Тэд бизнесийг зогсоох, үйл ажиллагааг хорих замаар асуудлыг шийдэх гэж оролддог. Хямралын энэ үед наад бүтээгдэхүүнээ зар, үнийг нь хямдруул гэж торгож байна. Мэргэжлийн танхим энэ харилцаагаа удирдах ёстой. Мэргэжлийн танхимуудын удирдах зөвлөл нь МҮХАҮТ-ын их хурлыг бүрдүүлж, мэргэжлийн танхимуудын ерөнхийлөгчид нь МҮХАҮТ-ын удирдах зөвлөлд шууд ордог байх бүтцийг бий болгох юм. Энэ бол бидний санал. Үүн дээр бүх мэргэжлийн холбоод саналаа өгөөд улам сайжруулах хэрэгтэй. Танхимын хууль энэ сайжруулалтыг хийх угтвар нөхцөл юм. 

Үүсээд байгаа асуудлыг бид хамтдаа байж гэмээнэ даван туулна. Эдийн засгийн хямрал, бизнесийн хүндрэлтэй байдал бол хувийн хэвшлийн асуудал. Гол оролцогчоо үлдээгээд, бидний өмнөөс асуудлыг шийдэх боломжгүй. Төр, хувийн хэвшил хамтраад асуудлаа шийдэцгээе гэж уриалмаар байна. 

Ч.Ганхуяг: Сонгуулийн уур амьсгал халаад эхэллээ. Улстөрчид хийдгээ хийх гэж оролдоно. Цалин хөлс, үнэгүй байр сууц өгнө гээд цуварч байна. Энэ нөхцөлд мэргэжлийн холбоод бид нэгдсэн байр суурьтай байж, зохион байгуулалтад орж, ажил олгогч, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, улс орны гол асуудлууд дээр байр сууриа дорвитой илэрхийлж байх ёстой. Намуудын мөрийн хөтөлбөрүүд дээр албан ёсны шүүмжүүдийг өрнүүлж, баялаг бүтээгчдийн төлж буй татварын мөнгийг үр дүнтэй, ашигтай зарцуулах хяналтыг тавих ёстой. Улс төрийн намуудын дэвшүүлж буй хөтөлбөрийн цаад эдийн засгийн үндэслэл, тооцоог нь харахгүй бол инфляци, төгрөгийн ханш, эдийн засгийн суурь өгөгдлийг нэлээд бужигнуулна шүү. Иймээс бизнесийн холбоод бид хойшоо сууж ажиглах биш идэвхтэй ажиллах зайлшгүй шаардлага байна. Энэ бол улс орны язгуур эрх ашигтай холбоотой асуудал тул хэрэгтэй гэвэл ажлын хэсэг байгуулж бизнесүүд манлайлах ёстой. 

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлыг эхлүүлэх цаг болсон. Улстөрчид нь яриад, хувийн хэвшил дуугүй суугаад байж болохгүй. Бид ард иргэддээ үнэн, худлыг ялгаж салгахад туслах үүрэгтэй. Дараагийн дөрвөн жил бизнесийг хазаарлаж байгаа дүрэм журам, төрийн албан хаагчийг байхгүй болгохын төлөө ажиллая. Энэ бол бидний гишүүдийнхээ өмнө гүйцэтгэх ёстой үүрэг.

Б.Бямбасайхан: Монгол компаниуд олон хүнд бэрхшээлийг даван туулж байна. Түүхэнд ийм нөхцөл байдал үүсч байгаагүй учраас бид маш хариуцлагатай байх шаардлагатай боллоо. Иргэд үүргээ сайн ухамсарлаж байна. Компаниуд маань нэг ч хүнээ ажлаас нь халахгүй, цалин орлогоор нь тасалдуулахгүй байх зорилгыг тавиад бүсээ чангалаад явж байна. Эдгээр хувийн хэвшлээ дэмжиж байж л бид хүнд байдлыг давна. Иргэн нь эрүүл, компани нь дампуурахгүй байх ёстой. Урин цаг ирж байна. Бизнесийн идэвхи сэргэдэг энэ үед бид цаашдаа олон арга хэмжээг авах болно. Өвчинд нэрвэгдсэн хүмүүс маань хурдан эдгээрэй, компаниуд маань ажилчдаа битгий халаарай гэж уриалмаар байна. 

Х.Алтай: Амаргүй цаг үе ирлээ. Энэ үе хэр удаан үргэжлэхийг бид таашгүй. Ийм нөхцөлд хамгийн чухал зүйл бол харилцан ойлголцол, координаци байдаг. Сайн ойлголцож чадвал хямрал нөгөө талдаа боломжуудыг нээдэг. Иймээс улсаараа, нийт ард түмнээрээ харилцан ойлголцож ажиллая гэж уриалмаар байна. 

А.Билгүүн: Монголын голлох бизнесийн холбоодын тэргүүнүүдтэй ингэж санал бодлоо солилцох нь сайхан байна. Цаашдаа Монголын бүхий л салбарын бизнесийн холбоод, ТББ-ууд хамтран ажиллах нь маш чухал гэдэг дүгнэлтийг хэлмээр байна. Ингэж чадвал бид Засгийн газарт хамтран нөлөөлж, ямар ч том бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулах боломжтой гэж харж байна. 

В.Ганзориг: Үнэтэй цагаа гаргаж, санал бодлоо хуваалцсан та бүхэнд баярлалаа!

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.