Тэтгэврийн зээл тэглэнэ гэж амлаад, уриалаад, хууль санаачлаад сүйд. Зөв, буруу гэж хэдэн хөгшдийнхөө нүүрийг ашиглан, зовлонгоор нь цэцэрхэж хэд хонолоо. Зарим нь улс төрийн хувьд зөв, эдийн засгийн хувьд буруу л гэнэ. Ийм зүйл хорвоо дээр байдаг эсэхийг мэдэхгүй.

Энэ Улсын тусгаар тогтнолын төлөө санаа зовж байгаа нэг улс төрч байна уу, Женкоо! гээд чанга орилмоор санагдаж байна. 

Зээл тэглэх нь эдийн засагт ийм ийм хор нөлөөтэй гэж ярьсан эдийн засагчийг “хөгшдөө хайрладаггүй, амьдрал мэдэхгүй, нийгмийн хог шаар” гэж харааж байна. Улс төрийн сонгуульд оролцох гээд хэдэн хөгшдөөсөө санал гуйх ирмэг дээр буй гайгүй чамбай улс төрч эмэгтэй хүртэл зарчмаас шал ондоо юм яриад зогсож байна. Өр тэглэх, таалагдах уралдаан өрнөж байна. 

Том том луйварчдыг өршөөдөг байж, хэдэн хөгшдөөсөө мөнгө харамлалаа гэнэ. Буруу зүйлийг буруутай харьцуулж, их буруугаар бага бурууг зөвтгөх уралдаан болж байна. 

Эцэг, эхээ өр тавиулж, үйл тамыг нь цайлгаж, нус нулимстай нь хольж байгаа залуучууд ижий, ааваа асарч чадахгүй нь гэдгээ хэнээс ч ичихгүй илчил. Ээж, аавыгаа ятгаж байгаад өөртөө хэрэглээний зээл авахуулсан тохиолдол ба жинхнээсээ хоол ундгүй, эм тариагүй болоод арга ядсан нөхцөл, байдлаас болж авсан тэтгэврийн зээл хэдэн зуун хувь илүү байгаа нь хувиршгүй үнэн.

Тэтгэврээрээ амьдарч чадахгүй, зээлээ төлж чадахгүй байгаа хөгшдөө ахмадын асрамжийн газар олныг байгуулж тэнд нь байрлуулья, Ерөнхийлөгчөө, улс төрчдөө тэгж уриал. 800 тэрбум төгрөгөөр Батсүмбэрийнх шиг хэдэн зуун асрамжийн газар барина даа. Хэдэн зууг биш, хэдхэнийг ядаж нэмээд барьчих сэтгэл алга уу, сонгуульчидаа.

Тэтгэврийн зээл тэглээд, дуусна. Маргааш нь дахиад залуус ижий, ааваа банк руу зээлэнд явуулна. Өрх бүрт хэцүү байгааг ойлгож байна, гэхдээ улсын тусгаар тогтнол чухал. Яах гэж биднийг цэцэрлэг, сургуулиас эхэлж багш, ээж, аав нар эх орон, тусгаар тогтнолын төлөө дуу, шүлэг цээжлүүлсэн юм. Яах гэж өвөг дээдэс амь, цус, нулимсаа барсан юм. 

Нэг муу гар утас худалдаж авах гэж эрхэлж буй ачийн тэнэглэлийн төлөө юу? Нэг машин авчихья ааваа гэж хадмаараа зээл авахуулж буй хүргэний төлөө юу? Цагаан сараар хүнээс дутахгүй гэж ууцанд мөнгө зарж буй нэрэлхүү өвгөний төлөө юу?

Хөгшдөд халамж үзүүлэлгүй яахав. Гэхдээ зээл тэглэж биш. 

2021-2024 онд 14 орчим тэрбум ам.долларыг бид гадаад улсуудад төлнө гэнэ. Зөвхөн төрөөс бондын 2,9 тэрбум ам.долларын өр төлнө гэж байна. Ирэх жилүүдэд бид бүсээ чангална, бодит үнэн. Иргэдээ тайвшруулж хэрэггүй. Үнэн бодит байдлаа хэл. Тэр сангийн сайд Ч. Хүрэлбаатар хаачив, сонгууль болох гэж байна гээд намаа бодоод дуугүй байж болохгүй, ярь хэл.

Энэ сонгогдож буй гишүүдийн түрийвч, орлого жил бүрээр түнтийнэ. Монголын хамгийн баян хүмүүс буюу манай улс төрчид хувийнхаа мөнгөнөөс тэр өрийг төлөхгүй. Та бид төлнө.

Өрөнд орсон улсууд газар нутгаа урт хугацаагаар түрээслэх буюу бүрмөсөн өгсөөр байна. Хэнд вэ, хэнд гээч, нэг л улсад, та өөрөө мэдэж байгаа. (Чингисийн сургаал энэ тэр гэхээ байя).

Бидний өрийг аль нэг улс худалдаж аваад, улсын Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг маань алдагдуулах болно. Угаасаа ч алдагдаад эхэлчихлээ. Юун алсын хараа. 

Тусгаар тогтнол, улсын эдийн засгийн хөгжил хоёр шууд хамааралтай. 

Сонгууль яах вэ? болоод өнгөрнө.

Цаана чинь хүний эрхээс илүү үнэтэй Тусгаар тогтнол маань улам бүр алдагдаж байна. Чингис, Монгол, энэ тэр гэж дэмий бид “цэцэрхдэггүй”, түүхээрээ худал бахархдаггүй байлтай. Бусад улсад улс нь өрөнд орохоор ээмэг, бөгжөө тайлаад улсдаа өгч байна гээд ярьдаг. Манайд эсрэгээрээ өдөр ирэх бүр улсаа яаж өрөнд оруулах вэ? гэдэг уралдаан өрнөсөөр.

Өглөө бүр босоод валютын ханшийг харж бай. Өчигдрөөс өнөөдөр монгол төгрөгний ханш 2 төгрөгөөр унасан бол Улсын тусгаар тогтнол төдий чинээ суларч байна. 2012 онд ам.доллар 1400 төгрөг байсан бол одоо 2700 руу явж байна. Өнгөрсөн хоёр сонгуулиар буюу 8 жилд бид улсын Тусгаар тогтнолоо 1300 төгрөгөөр буюу 90 гаран хувь сулруулсан байна. Энгийнээр ингэж ойлгоё. АН ч, МАН ч, МАХН ч төрийг барьж байсан. Наймхан жилд 100 хувиар төгрөгний ханш суларч байна. Энэ найман жилийг иргэд бид сонгуулиа өгч бүтээлцсэн. Үр дүн биш, үр дагавар нь энэ.

Дахиад хэлье, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрх ашгийн эрэмбэ Тусгаар тогтнол хамгийн түрүүнд, дараа нь хүний эрх гэж бий шүү. 

Тусгаар тогтнолын төлөө ганц үг гавхийчих улс төрч алга уу. Сонгуулиа бодоод бөөрөнхий дээрээ бөөрөнхийлсөөр байх уу? Намбатай байя гээд хичээсэн ч энэ хэд ёстой “п...даа”-гаа хэлтэл Тусгаар тогтнол руу маань нулимж чадаж байна. 

Одоо боль! 

2020.01.06


Хуульч Болдбаатарын Гүнбилэг.

#Уухай хөдөлгөөний гишүүн.