Энгийн мөчийг эгэлгүй туршлага болгох гайхамшиг - Galaxy
Технологийн компаниудыг түүчээлэн жил бүрийн эхэнд хамгийн түрүүлж зохион байгуулагддаг Galaxy Unpacked арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар амжилттай болж өнгөрөв. Өнгөрсөн жил инновац гэдэг үгийг дэлхийд тамгалж байсан Самсунг Элекстроникс компани энэ жил экосистем гэдэг үгний учрыг утгаар нь ойлгууллаа.
Өмнөх жилийн арга хэмжээний тойм, шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг ЭНДЭЭС уншаарай. Харин одоо 2022 оны арга хэмжээг тоймлоё.
Samsung Galaxy S22, S22+, S22 Ultra гэсэн гурван төрлийн гар утас болон Galaxy Tab S8 таблетын шинэ загварыг албан ёсоор танилцууллаа. Шинэ утаснууд нь технологийн дэвшил, инновац, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон халаасанд багтах бичил роботууд болжээ. Энэ удаа шинэ бүтээгдэхүүний онцлогийг тоймлохын сацуу энэхүү арга хэмжээний утга учир, үндсэн философи, гол мессежийг та бүхэнд хүргэе гэж бодлоо.
Уламжлал ёсоор дэлхийн нээлтийн үгийг Самсунг Элекстроникс компанийн ерөнхийлөгч TM Ро хэлэв. Цар тахлын улмаас хүн төрөлхтөн том сорилтын дундуур явааг дурдаад, чухам энэ цаг үед хүн хоорондын харилцаа, үнэт зүйл, бие биенийхээ өмнө болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямар чухал болохыг онцлож байв. Улс орнууд бие биенээсээ улам бүр харилцан хамааралтай болж буй энэ цаг үед технологийн дэвшил яах аргагүй холыг ойртуулж, хоёрыг учруулж байгааг батлаад энэ дэвшлийг нийгмийн сайн сайхан, даян дэлхийн тулхтай хөгжил, байгаль орчныг хамгаалах үйлс, илүү сайхан ирээдүйг бүтээхэд чиглүүлэх учиртайг онцлов.
Технологи болон нийгмийн хөгжил арга, билэг мэт нэг зүйлийн хоёр салшгүй тал гэдгийг дурдаад залуучуудыг өөрсдийн ирээдүйгээ бүтээж, хариуцлага үүрэх ёстойг уриалав. Энэ уриалгын дагуу нээлттэй түншлэлийн хүрээнд салбар бүрийг холбосон экосистемээ улам өргөжүүлж, хүчирхэг болгоно гэж амлав. “Орон зайнаас үл хамааран хүн бүрийг хооронд нь холбоно” гэдэг уриатай Самсунг бид зөвхөн даяар бизнес хийдэггүй, харин дэлхий даяар инновацийг хөгжүүлдэг гэж өөрсдийгөө тодотгож, тивд болгонд ажиллаж буй 22 судалгаа, хөгжүүлэлтийн төв, 8 үйлдвэрлэлийн төвөө нэрлэж байв. Энэ бүх инновац ба экосистемийн нэгдэл таны ирээдүйг яг өмнө чинь нээж өгч байгаа шүү гэж мэдэгдлээ.
Circular Economy буюу Тойрог эдийн засаг гэдэг ойлголтыг утгаар нь ажил хэрэг болгож эхэлснээ хэллээ. Өнгөрсөн жил эхлүүлсэн “Эх дэлхийн төлөөх галактик” хөтөлбөрийнхөө хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг эхнээс нь амлаж аваад бизнесийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлт, хог хаядлыг дахин боловсруулалт, байгальд удаан шингэдэг материалын үйлдвэрлэлийг эрчтэй багасгах төслүүдийг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүнийхээ хэрэглээг уртасгаад зогсолгүй дахин боловсруулсан материалуудыг үйлдвэрлэлийн үндсэн орцоо болгож чаджээ. Жил бүр 12 сая тонн пластик хог далайд хаягддаг. 2022 онд Самсунг дангаараа нийт 50 тонн пластик хог, загасны хуванцар торыг далайгаас түүн цэвэрлэж, дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүнүүдээ хийгээд эхэлжээ. Тухайлбал, Galaxy S22 цувралын утаснууд нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж буй анхны ухаалаг утасны нэг болж байна. Шинэ бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн 20%-ийг далайн хог хаягдал ашиглан үйлдвэрлэж, утасны дотоод эд анги, товчлуур болоод чанга яригч зэрэгтээ дахин боловсруулсан хуванцрыг ашиглан үйлдвэрлэжээ. Galaxy Unpacked 2022 арга хэмжээгээр танилцуулж буй бүх шинэ бүтээгдэхүүний сав баглаа, боодлыг дахин боловсруулсан материалаар хийсэн шүү гэж бардам хэлж байв. Цаашид зөвхөн гар утас биш зөөврийн компьютер, таблет, чихэвч зэрэг бусад бүтээгдэхүүнээ хийхдээ дээрх хаягдал болон дахин боловсруулсан материалуудыг ашигладаг болж, байгальд ээлтэй материалын үйлдвэрлэлд тэргүүлнэ гэдгээ амлалаа.
Үүнийг нь батлах мэт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Achim Steiner энэхүү арга хэмжээний хүндэт зочноор уригдсан байв. Хүн төрөлхтөн сүүлийн 30 гаруй жилд анх удаа цар тахал болон түүнээс үүдэлтэй ийм том сорилттой тулж буйг онцлоод энэ хүнд үед хамгийн эрхэмлэн хамгаалах зүйл бол хүний хөгжил байх ёстойг онцлов. Энэ хөгжлийг хангах үндсэн хөдөлгүүр технологи гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу дэлхийн 1.8 тэрбум залуус руу хандаж гол мессежээ шидэв. Учир нь уур амьсгалын өөрчлөлт, улс хоорондын зөрчилдөөн, дангааршил, эдийн засгийн тогтворгүй байдал, цар тахалд хамгийн их нэрвэгдэж буй нийгмийн бүлэг нь залуучууд ажээ. Гэсэн хэдий ч залуус өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хангалттай гаргаж чадахгүй, бодлого боловсруулж буй хүмүүст нөлөөлж чадахгүй хэвээр байна. Ийм учраас Generation 17 төслийг эхлүүлж тогтвортой хөгжлийн зорилт тус бүрийн нүүр царай, шийдэл, ирээдүй, итгэл болсон 17 залуус дэлхийн өнцөг булан бүрээс сонгон шалгаруулснаа олон нийтэд зарлав. Эдгээр залуус боловсрол, хүртээмжтэй нийгэм, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, цар тахлын хүндрэлийг амжилттай давж, тэгш бас шударга нийгмийн бүтээх үйлст түүчээлэн бусдад үлгэр жишээ үзүүлэхийн тулд НҮБ болон Самсунгтай түншлэх нь ээ. Энэ дунд монгол залуу орсон болоосой гэж ямар их хүсэв ээ.
Энэ арга хэмжээний дараагийн хүндтэй зочин бол YouTube компанийн бизнес эрхэлсэн захирал Robert Kyncl байлаа. Технологийн дэвшлийг ашиглан дэлхийн хүн болгон өөрсдийгөө илэрхийлэх, үзэл бодлоо бусадтай хуваалцах, дэлхийтэй танилцах эрх чөлөөг видео контентоор дамжуулан олгох зорилго дээр Самсунг Электроникстой нилээд зузаан түншилж буйгаа тайлбарлав. Хамгийн сонирхолтой нь “YouTube-ийн контентийг үзэх хамгийн тохиромжтой бөгөөд шилдэг төхөөрөмж бол Самсунг шүү” гээд дэлхийн нээлт дээр шууд зарлав. S22 загварын утсаар видео бичлэг хийн YouTube-д оруулан бусадтай хуваалцах, Google Duo ашиглан маш хялбар байдлаар контентоо дотны хүмүүст үзүүлэх цоо шинэ боломжийг бий болгосноо мэдэгдэв. Түүнчлэн YouTube болон Samsung-ийн нээлттэй түншлэлийн хүрээнд Samsung-ийн хэрэглэгчдийн YouTube-ийн Premium (Youtube компанийн бодлогоос хамаарч зарим улсад энэ үйлчилгээ идэвхжихгүй байх боломжтойг анхаарна уу) буюу зар сурталчилгаагүй, татаж аваад оффлайн горимд үзэж, сонсох боломжтой хувилбарыг үнэгүй ашиглах хугацааг уртасгаж буйгаа зарлалаа. Энэ түншлэл бол хөдөлгөөнт видео контентын цоо шинэ эриний дөнгөж эхлэл гэж хэлэхээ бас мартсангүй.
Нэгэн зорилго дор нэгдэж чадвал та бид хамтдаа дэлхийг өөрчлөх хүчтэй. Эх дэлхийгээ хамгаалах үүрэг зөвхөн хэн нэгэнд тохогдох учиргүй. Энэ бол хүн бүрийн хариуцлага. Бага гэж гололгүй өөрсдийн хувь нэмрээ хүн бүр нийгэмдээ тогтвортой оруулж байж эерэг өөрчлөлтийг бүтээнэ. Энэ сонголтыг өгөх зорилгоор Galaxy брэнд оршин тогтнодог юм. Таны өдөр тутмын амьдралд хязгааргүй боломжийг нээж өгч, бусадтай утга учиртай холбоос үүсгэхэд тань бид туслана аа гээд дараах шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Galaxy S22, S22+
Galaxy S22 болон S22+ утаснууд нь хүчирхэг динамик камер, зураг боловсруулалтын ухаалаг дэвшилтэт системийг гайхуулав. Орчин цагийн хүмүүс өөрсдийгөө ажил, амьдрал дээр илэрхийлэхдээ зураг, хүний нүдэнд шууд чиглэх контент ашигладаг болсон. Зах зээлийн энэ онцлог хэрэгцээг хангах зорилгоор шинэ бүтээгдэхүүнээ урлажээ. Galaxy S22, S22+ утсанд суурилуулсан камер нь өмнөх загваруудаасаа 23% том мэдрэгчтэй бөгөөд Adaptive Pixel технологийг ашиглан шөнийн гэрэл зургийг дараагийн түвшинд гаргах 50 мп (мега пиксел)-ийн үндсэн дуран, 10 мп-ийн теле дуран болон 12 мп-ийн хэт өргөн гурвалсан дурантай. Мөн түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан зураг боловсруулах технологи нь хөрөг зургийн функц нь зургийн үндсэн хэсгийн суурь хэсгээс маш сайн тодотгож өгнө. Энэ ухаалаг камераар шөнийн түнэр харанхуйг эзэмдэж, гэрлийн хуулийг эвдэх болно гэж нээлтэнд дээрээ онцоллоо. Эдгээр дэвшлүүд утасны үндсэн болон сельфи хийдэг урд камернуудад оржээ.
Galaxy S22, S22+ утаснууд нь 4nm процессор суурилуулсан анхны Galaxy ухаалаг утас бөгөөд ажлын хэрэгцээнд зориулсан видео дамжуулалт, интернэт ашиглалт болоод апп хооронд шилжих шилжилтийг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системээр дамжуулан хамгийн их ашигладаг апп-ийг тодорхойлж хүчин чадлын хуваарилалтыг боловсронгуй байдлаар тооцоолдог хурд, хүчний төгс хослол болжээ. Galaxy S22 нь бүхэл өдрийн турш цэнэгээ бүрэн барих чадалтай батарейтэйн дээр 25В-ийн шуурхай цэнэглэгчийг дэмждэг бөгөөд Galaxy S22+ нь 45В-ийн супер цэнэглэгч дэмжих тул цахилгааныг ч цагийг ч хэмнэх ажээ.
Galaxy S22, S22+ утасны 120Hz-ийн Dynamic AMOLED дэлгэц нь кино, телевизийн шоу болоод тоглоомыг чанарын өндөр түвшинд дамжуулахаар бүтээгджээ. Galaxy S22 утас нь 6.1 инч, Galaxy S22+ утас нь 6.6 инч, Galaxy S22 Ultra утас нь 6.8 инчийн дэлгэцтэй бөгөөд хоёул Vision Booster ухаалаг технологиор дамжуулан дэлгэцийн гэрлийг автоматаар тохируулж, хурц нарны гэрлийн шууд тусгал дор ямар ч асуудалгүй дэлгэцтэйгээ ажиллах боломжтой. S22, S22+ загварууд нь Google компанийн Google Duo-г суулгасан учир та найз нөхөдтэйгөө өөрийн зургийн санг нэг мөчид хуваалцахаас гадна Samsung Notes апп-ийг ч алсын зайнаас хамтдаа хэрэглэх боломжтой. Түүчлэн чамин тансаг загвар, дөрвөн өнгөний сонголтоос гадна байгаль орчинд ээлтэй материалыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаагаараа онцлог болжээ.
Galaxy S22 Ultra
Хамгийн шилдэг хоёр ухаалаг утасны нэгдэл болсон Galaxy S22 Ultra загвар нь мэргэжлийн камер болоод супер хүчин чадалтай процессор, маш олон шинэчлэлийг багтаасан, одоогоороо Samsung компанийн энэ цаг үеийн хамгийн шилдэг бүтээл болж чаджээ. Samsung компанийн гар утасны бизнес хариуцсан ерөнхийлөгч ноён ТМ Ро “Galaxy S22 Ultra утас нь Note загварын бүхий л функцуудыг S цувралын давуу талуудтай нэгтэн гар утасны дахин давтагдашгүй хэрэглээг бий болгож, цаашид ухаалаг утасны стандарт ямар байх ёстойг тодорхойлсон дэвшилтэт шинэчлэлүүдийн үр дүн юм” гэж зарлав. Galaxy S22 Ultra утсанд Galaxy Note загварын бүхий л хэрэглээг шингээж өгснөөр өндөр бүтээмж, хурд хүч болоод бүтээлч чанарыг нэмэгдүүлэхээс гадна өөр дээрээ суусан S Pen-тэй болжээ. Хиймэл оюун ухаанаар цэнэглэгдсэн S Pen таныг Microsoft, Outlook дээрх ажлыг тань мэдэгдэхүйц хөнгөвчилнө. Гил хараас гадна гил цагаан өнгө нэмэгдсэн нь энэ загварын хувьд маш сонирхолтой байлаа.
Galaxy S22 Ultra утасны урд болон арын камер нь мөн адил шөнийн гэрэл зургийг хамгийн өндөр түвшинд авах чадвартайн дээр Samsung-ийн хамгийн том буюу 2.4um pixel мэдрэгчтэй. Nightography гэдэг цоо шинэ функц орж ирсэн байна. Нэмэлтээр Galaxy S22 Ultra загварт суурилуулсан Super Clear Glass дуран нь хэрэглэгчдэд маш тунгалаг шөнийн видео бичлэг хийхэд тусална. Мөн түүнчлэн видео Auto Framing-ийн тусламжтайгаар камер нь хэдэн ч хүний царайг нэгэн зэрэг таньж ижил фокустай зураг дарах давуу талтайн дээр алсын зураглалыг 100 дахин татаж ойртуулах боломжтой. Өмнөх загвараасаа дүрс тогтворжуулах чадвар 58% нэмэгдсэн нь ямар ч хүнд, хөдөлгөөнтэй нөхцөлд зураг, видеог асуудалгүй авах боломжтой болжээ. Сонирхогчийн түвшний хэрэглэгч ч мэргэжлийн хэмжээнд гэрэл зураг авах бүх боломжийг Galaxy S22 Ultra утас олгоно. Galaxy S22, S22+ болон Galaxy S22 Ultra утаснууд нь бүгд Expert RAW апп-ийг хэрэглэх боломжтой бөгөөд үүгээр дамжуулан авсан зургаа DSLR түвшинд хүссэн хэмжээндээ засварлах боломжийг бүтээлч хэрэглэгчдэдээ олгож байна.
Ухаалаг гар утас өндөр хүчин чадалтай болох тусмаа илүү их эрчим хүч зарцуулдаг. Энэ хэрээр утсанд халалт үүсч хэрэглэгчийг тухгүй байдалд оруулдаг байв. Дулаан дамжуулах ухаалаг технологи, шилдэг инновацийг нэвтрүүлснээр Galaxy S22 цувралын утаснууд энэ асуудлыг шийдсэн гэдгийг дэлхийд зарлав. Galaxy S22 Ultra утас нь мөн адил 4nm процессортойн дээр Wi-Fi 6E (Wi-Fi 6-аас хоёр дахин хурдан) технологиор дамжуулан хурдны хязгааргүй орчинг өөрийн хэрэглэж буй апп, тоглоом, видео зэрэгт мэдрэх боломжтой. Galaxy S22 Ultra нь 45В-ийн супер цэнэглэгч дэмждэг учир аравхан минут цэнэглээд 50 минутын видео үзэх боломжийг олгоно.
Galaxy Tab S8
Ультра хүч чадлыг шингээсэн цоо шинэ таблет танилцуулагдав. 14.6 инчийн хэмжээтэй, 120Hz-ийн Super AMOLED дэлгэц ямар ч төрлийн графикийг тунгалаг, тод ялгаж харуулахаас гадна дэлгэцийн хуруу мэдрэх чадвар дараагийн түвшинд гарчээ. Инженер, дизайнерүүдийн гайхамшиг болсон энэхүү бүтээгдэхүүн 6.3 мм хүрээтэй дэлхийн хамгийн нимгэн таблет болж байна. Том дэлгэцийн давуу тал бол олон төрлийн апп хооронд шилжин ажиллах, нэгэн зэрэг олон үйлдлийг дэлгэц дээрээ өөртөө тааруулан хэмжээг нь тохируулан хийхэд оршино. Түүнчлэн энэхүү таблет дээр өндөр хүчин чадал шаарддаг, хурц тод дүрстэй видео тоглоом тоглоход дуу, дүрсний гайхамшигийг утгаар нь мэдрүүлэх аж.
Таблетийн урд, хойд ультра өргөн линзтэй камераар бүх төрлийн видео дуудлагыг ямар ч олон хүнтэй цуг байсан нэг дэлгэцэнд элбэг багтаан, хиймэл оюун ухаанд холбогдсон гурван замтай микрофоноор дуу, дүрсний чанарын өндөр түвшинд хийх боломжийг бүрдүүлж өгчээ. Google компанитай хийж буй нээлттэй түншлэлийн хүрээнд Google Duo, YouTube, Samsung Notes, Google Maps-ийг утгаар нь энэхүү таблет дээр ашиглах боломжтой болжээ.
S Pen үзэгний дижитал ба аналог хэрэглээгүйгээр энэхүү таблетийг төсөөлөхийн аргагүй. Galaxy Tab S7 загвартай харьцуулахад үзэгний хурд, мэдрэг чанар даруй 30%-аар нэмэгдэн сайжирсан байна. Үүнтэй зэрэгцэн Samsung Notes, Microsoft OneNote, PowerPoint, Outlook-ийн хоорондын интеграц улам төгөлдөршиж, өдгөө Samsung Notes нь Google Play дээр 1 тэрбумаас дээш тоогоор татагдсан Самсунгийн супер төрөлх апп болоод байна. Энэ хэрээр хэрэглэгчдийн ажлын бүтээмж хэд дахин өсч буй билээ. Ялангуяа уран бүтээлч, дизайнер, зураачдад зориулан Clip Studio Paint-тэй эхлүүлсэн нээлттэй түншлэлээ улам өргөжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь таблет зургийн цаас, S Pen тэдний бийр, үзэг нь болох ажээ. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд таблетийн хавтас болж хамгаалнгаа давхар кийбоард болон хувирдаг BookCover keyboard шинэ чимэг яах аргагүй болж байна. Үүнтэй байхад суурин болон зөөврийн компьютерийг хэрэглээг бүрэн орлох ажээ.
Хамгийн өндөр нууцлал ба Нээлттэй түншлэл:
Galaxy S22 цувралын бүх утсанд суурилуулсан Samsung-ийн хүчирхэг Knox Vault нууцлалын платформ нь таны нууц үг, блокчэйн түлхүүр болоод бусад чухал мэдээллүүдийг чинь санах ой болоод процессорын түвшинд утасны үйлдлийн системээс ангид давхар хамгаалах юм. Мөн түүнчлэн One UI-ийн нууцлалын хяналтыг ашиглан та хувийн мэдээллийг тань ашиглах эрхийг аль апп-д хэрхэн өгөхөө өөрөө хялбархан шийдэж, нууцлалаа хянах боломжтой.
Galaxy S22 цувралын утаснуудад ARM micro architecture зэрэг хэдэн хэдэн нууцлал, аюулгүйн ажиллагааны горим суулгагдсан бөгөөд тэдгээр нь таны болзошгүй цахим халдлагаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм. Нэмэлтээр Galaxy S22 цувралын утаснуудад Samsung Wallet суулгасан бөгөөд үүгээр дамжуулан та цахим төлбөр тооцоо, албаны үнэмлэх, аяллын бичиг баримт, тэр байтугай крипто хөрөнгө зэрэг чухал мэдээллээ хадгалах боломжтой.
Google компанитай хийж буй нээлттэй түншлэлийн хүрээнд Самсунг цоо шинэ соёл, стандарт, хэрэглээ, туршлага, хамтын ажиллагааг зөвхөн технологи биш банк санхүү, тээвэр, ложистик, төлбөр тооцоо, энтертайнмент, хэвлэл мэдээлэл, сошиал медиа, эрүүл мэнд, боловсрол, дуу хөгжим, урлаг, аялал жуулчлал, харилцаа холбоо, бизнесийн салбарт бий болгож байна. Тухайлбал, Microsoft, Instagram, Snapchat, TikTok, YouTube, Google Duo, Google Maps, Adidas, Strava-ийн жишээг дурдаж болно. Энэ бүх хамтын ажиллагаа эрхэм зорилго бол даян дэлхийн тогтвортой хөгжил, тэр дундаа хүний хөгжилд чиглэсэн бөгөөд та бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудад технологиор дамжуулан эрх чөлөө, эрч хүч, өөрсдийн экосистемээ бүтээх үүрэг бас энгийн мөчийг эгэлгүй туршлага болгох гайхамшигт боломжийг өгч буй явдал ажээ.
Samsung Galaxy Unpacked 2022 дэлхий нээлтийн шууд дамжуулалтыг доорх холбоос дээр дарж бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй!