“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 13-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид TTJVCO нэртэй, Монголд бүртгэлтэй хятад эзэнтэй компанийг Тавантолгойн ордын Зүүн цанхийн олборлолт дээр орж монгол ажилчдыг 33 сарын хугацаатай ажиллуулах гэрээ хийлээ гэж эсэргүүцэж хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж олныг цочирдуулж байсан билээ. 

Тавантолгой ордын Зүүн Цанхи дээр өнөөх алдарт TTJVCO нь одоо болтол ажиллаж байна. TTJVCO-ийн гэрээг 2015 онд гэрээлсэн хятад компанийн асуудал тухайн үедээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Батбилэгийг албан тушаалаас нь буулгаснаар дуулиан намдаж байсан. 

Тухайн компани одоо хүртэл ажлаа таван жилийн турш үргэлжлүүлжээ. Энэ удаагийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ажилчдын шаардлага нь “Тавантолгой Майнинг” компани байгуулж хятад компанид Зүүн Цанхийг өгөх гэлээ, тиймээс “Тавантолгой Майнинг” компанийг татан буулга гэсэн байна. Гэтэл өнөөх хятад компани нь 2015 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан ажиллаж уг гэрээ нь “Тавантолгой Майнинг” компанид шилжиж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Тавантолгой Майнинг” компани шинээр хятад компанитай гэрээ байгуулаагүй юм.

Үнэхээр хятад компанийг хөөх нь уурхайн ажилчдын зорилго байсан бол өмнө нь дуугарч байхгүй яав? Өдий таван жил ажилласны дараа одоо улстөржүүлдэг нь сонгуультай холбоотой юу?

Хэрэв алдаа гарсан гэж үзэж байгаа бол хятад компанийг хөөхийн тулд гэрээг цуцлах шаардлагатай болж, “Тавантолгой Майнинг” компанийг татан буулгаад ЭТТ-д буцаад гэрээ нь шилжээд ажиллаад явахаас цаашгүй мухардалд орох юм. Тиймээс энэ асуудалд хариуцлага тооцох ёстой бол TTJVCO-той гэрээгээ сунгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрөө уг гэрээнийхээ учрыг олох шаардлагатай. 

Гэтэл хятад компанийн гэрээг сунгасан Б.Ганхуяг руу дайрахгүй, IPO-г зогсоох шалтаг болгож байгаа нь бүр ч сонирхолтой. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалтын орлогын 65 хувийг бүрдүүлсэн Зүүн Цанхийн лиценз, дарга нарын хувааж авдаг борлуулалтын гэрээгээр олдог авлигын хэлбэртэй ашиг хонжоо л энэ “дажин”-ы шалтгаан бололтой юм. “Тавантолгой Майнинг” компани IPO гаргаад олон улсын хяналт дор шилэн данстай бүх үйл ажиллагаа нь ил тод болохоос хамгийн ихээр айж байгаа хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр эрх мэдэлтэй байгаа хүмүүс юм. 

IPO гаргаснаар угаах үйлдвэр, шаардлагатай дэд бүтэц баригдаж коксжих нүүрсний үнэ цэн өснө. Дагаад Монголд орж ирэх татвар, ажлын байр нэмэгдэнэ. Түүхийгээр сонгон шалгаруулалт зарласан болж дэлхийн зах зээл дээр тогтсон үнэ ханшаас хамааралгүй зардаг нь бүрэн зогсоно. Дураараа үнэ тогтоож, хэн нэгэн эрх мэдэлтэн хожиж халааслах боломж хумигдаж стандартын дагуу болно. Энэ тохиолдолд “Страто” л манайх угаах үйлдвэртэй гэх бус улсаараа хожиж эхлэх юм. Энэ ч бас улстөржилтийн нэг шалтгаан нь байгааг бид харлаа.

Халагдсан хүмүүсийн тухайд Б.Ганхуягийн TTJVCO-д өгсөн албан бичгийн хариуд мэдэгдсэнээр бол тухайн ажилчид удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэсэн тайлбар өгчээ. TTJVCO-ийн халагдсан ажилчид гэдгийн хувьд 2015 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлж авсан ажилчид байдаг. Нэг ёсондоо TTJVCO-ийн техник, тоног төхөөрөмж дээр ЭТТ компанийн ажилчид шилжин ажилласан хэрэг. 

Эцэст нь хэлэхэд Төрийн нууцад хамааралтай, ҮАБЗ-ийн зөвлөмжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ҮЭ-ийн жагсаалыг удирдаж буй хүмүүсийн гарт орсон, түүнийгээ фэйсбүүкт live хийх үеэрээ олон нийтэд дэлгэж үзүүлж байгаа нь тэдний ар талд хэр хэмжээний эрх мэдэлтэй улстөрчид мэдээллээр хангаж улстөржүүлэн турхирч байгаа нь ч ноцтой биш гэж үү?