Энэ 7 хоногт
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн "Дархан элит" компанийн үйлдвэр, тариалангийн талбайтай танилцав. Эднийх нийт 470 гаруй га талбайд элит үрийн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд жилд улаанбуудайн 3-4 сортыг тариалж туршдаг аж. Жил бүр 350-500 тонн элит үр авч, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлдэг байна.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Сайн үрээр сайн ургац авах учир үрийн шинэчлэл хийж байгаа. Энэ жил 60 мянган тонн үр шаардлагатайгаас 10 хувийг нь ОХУ-аас авч байна. Дотооддоо үрээ үйлдвэрлээд, сайн үрээр хангах бодлого барьж байгаа" гэв.
Тус хүрээлэн 200 гаруй сорт гаргаснаас улаанбуудайн 21 сортын үр нутагшуулсан бөгөөд нийт буудайн 30 хувьд ашиглаж байгаа аж. Төмсний 13 сорт нутагшуулсан нь нийт тариалалтын 50-90 хувьд тариалагдаж байна. Шинэ сортуудын үрийг үйлдвэрлэх зорилгоор цэвэр элит үр, супeр элит үр гарган ажиллаж байгаа ба хүрээлэнгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа нийлүүлэх боломжтой аж. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд 1337 га, үүний 162 га усалгаатай талбайд элит үрүүдийг тариалж байгаа юм байна.
Бэлчээрийн даац хэтэрч, хөрсийг их хэмжээгээр доройтуулдаг рапсын оронд тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулах шаардлага үүсч байгааг хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хэлж байв. Мөн ган болон байгалийн үзэгдлийн эсрэг авах арга хэмжээг судлах судлаачид шаардлагатай байгаа гэв.
Энэ үeэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь газар тариалангийн бүсийг тогтоох тухай байлаа. Тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарлах ажээ.
Сэлэнгэ аймгийн малын тоо гурав дахин өсчээ. Дархан-Уул аймагт 310 мянган мал, 2500 малчин айл өрх бий. Ийм нөхцөлд газар тариалангийн салбараа хөгжүүлэх, хамгаалах зохицуулалт шаардлагатайг орон нутгийн удирдлагууд хэлж байв.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх, "Засгийн газрын барьж буй гурван гол бодлогын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангах. Хүнсээ дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргахыг зорьж байгаа. Нeфть, эрчим хүч, хүнсээр хангаж чадвал суурь үнэ хөдлөхгүй. Тэгвэл бусад салбар дагаад хөгжинө. Шинжлэх ухаанд тулгуурласан хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэж, шийдвэртэй, оновчтой ажил хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас газар дээр нь ажиллаж байна" гэлээ.
Тариалангийн бүс нутгийг тогтооход нутгийн малчин иргэдтэй сайтар ойлголцож, зөв зохион байгуулалт хийх шаардлагатайг Ерөнхий сайд онцолж байсан юм. Эрчимжсэн МАА, бэлчээрийн МАА эрхлэгчдэд зохих зохион байгуулалтыг хийж, төрийн бодлогоор зохицуулан Газар тариалангийн бүс нутгаа тогтоовол энэ салбарыг зөв гольдролд нь оруулж, Монгол Улс улаан буудай, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад хүнсээ экспортлох үндэс суурь болно гэдгийг тодотгов. Мөн ХАА-н салбарын бодлого зохион байгуулалтыг эргэн харж, ХААИС-ийг газар тариалангийн бүс нутагт салбарлуулах шаардлагатай гэлээ. Эдгээр ажлыг хугацаа алдахгүй шуурхайлахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайдад үүрэг болголоо.