-Дэд сайдуудаа солих эсэх нь Ерөнхий сайдын чадамжийн сорил-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн одоогоор хийж эхэлсэн ажил, гаргасан шийдвэрүүдийг олон нийт алга ташин хүлээн авч байна. Гэхдээ түүнийг мэдээллээр хангаж байгаа эх сурвалжууд нь одоо ажиллаж байгаа дэд сайдууд, агентлаг, газруудын холбогдох албаны хүмүүс байгаа. Тэд төрд ажиллаж байгаагаа ухамсарласандаа төрийн ажлыг тасалдуулахгүй байгаа болохоос огцорчих вий гэсэндээ ажилладаггүй юм. Гэвч өнөөдрөөс дахиад л “Дэд сайдуудыг солих нь” гэсэн мэдээллээр донсолгох боллоо. Ерөнхий сайдыг “хүчээр” хүлээн зөвшөөрсөндөө бус хэлсэн шигээ ажиллаж чадаж байгаад нь олон нийт оноо өгөөд, улам илүү зарчимтай байж үр дүнд хүрэхийг хүлээж буй. 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо буюу 2017 оны есдүгээр сарын 29-ний Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Халаа сэлгээ хийж төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хээл хахууль авч ажилд орсон байж болзошгүй, төрийн ажлыг цалгардуулдаг, ёс зүйгүй хүмүүсийн толгойг илээд байхгүй. Монголын төлөө зүтгэж чадах зүрх, сэтгэлтэй хүн бидэнд хэрэгтэй байна.Өмнөх Засгийн газрын бүтцийг хэвээр нь байлгана, харин давхар дээлийн асуудлын талаар бүлгийн хуралдаанд өөрийн тодорхой байр суурийг хэлж, одоогийн хууль эрх зүйн хүрээнд барина гэсэн бодолтой байгаа” гэсэн байдаг. 

Түүний энэ үг төрд ажиллаж байгаа хэчнээн хүнд тогтвортой байдал, ажлаа амар тайван үргэлжлүүлж зорилгодоо хүрэх итгэлийг нь хадгалж үлдсэнийг үгийн эзэн өөрөө сайн мэдэх учиртай. Мөн Дэд сайдуудын тухайд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр “Би бас дэд сайд нарыг буруу гэж үздэггүй хүн. Ажил хийж байгаа хүнд бол ажил хийж чаддаг хүнд тухайн ажил нь асар их байгаа. Яамдын ажил. Нэг сайд нь гадаад дотоод явна. Хөдөө орон нутагт явна. Томилолтоор явна. Хүн юм болохоор өвчин зовлон тохиолдоно. Орлох хүн байдаггүй. Засгийн газрын хуралдаандаа ирэх хүн байдаггүй. Хөдөө ажлаар явах хүн байдаггүй. Ажил цалгарддаг” хэмээн байр сууриа илэрхийлсэн удаатай. Ерөнхий сайд болсных нь дараах энэ үг “У.Хүрэлсүх хэнийг төрийн ажилд зөв ашиглах, ажиллуулахаа мэддэг удирдагч улстөрч юм” гэсэн дүгнэлтэд хөтөлсөн. 

Гэтэл яагаад өнөөдөр дэд сайдуудыг солих тухай ярих болов. Энэ чинь л жинхэнэ “60 тэрбумын хөдөлгөөн” өрнүүлэхээр акц болж мэдэх юм биш үү. Өөрийнх нь тодорхойлсончлон дэд сайдууд дунд “төрийн ажлыг цалгардуулдаг, ёс зүйгүй хүмүүс” байв уу. Эсвэл тэднийг “Монголын төлөө зүтгэж чадах зүрх, сэтгэлгүй” гэдгийг олж тогтоов уу гэсэн маргаан үүсэхүйц байгаа биз. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин байр сууриа илэрхийлж, тогтвортой байдлыг буй болгох, донсолгох шалтгаан байгаа бол түүнийгээ ил гаргах хэрэгтэй болоод байна. 

Үнэн хэрэгтээ одоо ажиллаж байгаа сайдуудын тань, цаашлаад Ерөнхий сайд Таныхамгийн гол түшиг тулгуур чинь Дэд сайдууд юм. Сайдаасаа дутахааргүй ажиллаж, таны харьяалагддаг, зүтгэж ирсэн намын чинь хэлээр бол “орлогч сайд” байж чадсан тэр хүмүүсийг орвонгоор нь ч, оочин цоочин ч халах үндэслэл бий гэж үү. 

Нэр зааж хэлээч гэвэл юуны өмнө Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн төлөв төвшин байдлаар ажлаа арван хуруу шигээ мэдэж танилцуулж байгааг, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн олон нийтэд ил тод, эрч хүчтэй, зоригтойгоор олон чухал асуудлыг шийдэж үр дүнтэй ажилласныг, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн олон нийтэд төдийлөн ил гарч харагдаагүй ч салбараа сайн мэддэг, асуудлыг шийдэхдээ хурдтай ажиллаж хувийн хэвшлийнхний цагийг хайрлаж ажилладаг, хүнд сурталд “аллергитай” шигээ танил тал төрийн ажилд огт хамаагүйг харуулж чадсаныг тухайн салбар бүр нь бахархалтайгаар харж гар нийлж ажиллалаа. Одоо энэ нэгдлийг тасчиж хаях нь хэнд хэрэгтэй гэж. 

Ерөнхий сайд байх амаргүй. Түүнийг дэмжсэн хүн бүхэн “хариутай бол бариутай” гэгчээр ямар нэг хүлээлттэй, гуйлттай байгаа. Тэр нь боломж, бас дахин боломж. Үүний цаана эрх мэдэл, албан тушаал, магадгүй ашиг сонирхол... Өнөөдөр шинээр томилогдсон зарим сайд өмнөхийнхөө ажлыг үргэлжлүүлнэ гэж тамга гардаад, маргаашаас нь харь гаригаас ирсэн мэт “яаж энэ салбарын алдааг засч авна даа” гэцгээж байна. Угтаа Хэрэг эрхлэх газарт нь буюу Засгийн газрын “гал тогоонд” ажиллаж байснаа маргааш нь Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэгийн Засгийнгазрын харуулсан тэр дүр зургийг өнөөдөр харж болохоор. Гэвч сонгуульд нэг нам гээд ордог. Ярихдаа нэг улсын эрх ашгийн төлөө гэж жүжиглэдэг. Тийм бол яагаад дэргэд нь байхдаа алдааг хэлэхгүй, дэвтэртээ тэмдэглэж байгаад оронд нь ажиллахаараа ярьдаг хэрэг вэ. Нам дотроо үйлдвэрлэж байгаа энэ алдаа чинь төрийн алдаа, төрийн хямралд хүргээд байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. 

Өмнөх Ерөнхий сайд нь, түүний танхимынхан гүн хүндэтгэлтэйгээр ажлаа өгөхдөө, үүнээс цааш тогтвортой ажиллаасай гэж хүссэн. Гэтэл хэвийн ажлаа хийж байгаа хүмүүсийг хог шиг үлдэн хөөх хэрэггүй л болов уу. Энэ бол өнөөдрийн Ерөнхий сайдыг хүрээлж буй таатай уур амьсгал, их хүлээлтийг таягдан хаяж, товчхондоо суудал солих, сэлгэхийн тулд л Засгийн газрыг сольж тоглосон мэт харагдуулах болно. “Дайсандаа ч хүлээн зөвшөөрөгдөж чаддаг хүнийг лидер” гэдгийн адил хэнтэй ч хамтарч ажиллаж, удирдлага дорх хүмүүсээ өөрийнхөө аяар дуулуулж чаддаг тийм удирдагч байж чадах эсэхийг Ерөнхий сайдаас харъя гэвэл Дэд сайдуудыг солих эсэхийг нь харъя. Сольсон тохиолдолд тэрбээр хийх ажлынхаа түшиг тулгуурыг, суух суудлынхаа хөлийг хөрөөдлөө гэсэн үг. Харин дэд сайдуудаа ашиглан хэвээр ажиллуулж, тэдний нуруунд ачааны ихийг үүрүүлж чадвал олон нийтийн дуу хоолойг мэдэрч чаддаг, хүн солихын тулд биш ажлын арга барил солихын тулд өөрчлөлт хийжээ гэж харагдана. 

Ерөнхий сайд Таныг “Танхимын гишүүдээ давхар дээлтэй байлгана” гээд тунхаглахад бүгд хүндэтгэлтэйгээр хүлээж авахын сацуу зарчим тань ойлгомжтой болж хэн ч би л ганцаараа сайдаар үлдчихье гэж тэнэгтээгүй. “Дэд сайдууд хэвээрээ” гэдэг чинь яг л ийм маягаар ойлгомжтой зарчим байлаа. Хүндэтгэж хүлээж авлаа. Харин зарчмаасаа эргэж буцах эсэхээ одоо л дахин тодотгохгүй бол тойрон хүрээлэгч “хар муур” дундаас Таныг жинхэнээр нь олж харахад хэцүү болох нь. 

“Харанхуй өрөөнд хар муур хайх хэцүү. Хар муур тэр харанхуй өрөөнд огт байгаагүй бол олоход бүр ч хэцүү” гэдэг байх аа. Нам чинь танд итгэж өнөөгийн өндөрлөгт хүргэсэн гэдэгтэй та маргахгүй байх. Алдаж оноход чинь эрх хүү шигээ толгойг чинь илсээр хүн шиг хүн, улстөрч шиг улстөрч болгожээ. Харин танд итгэсэн залууст яаж хандахыг одоо л харъя.